2010–2019
Итгэлтэй эмэгтэйчүүд
2017 оны 4-р сар


Итгэлтэй эмэгтэйчүүд

Итгэлтэй эмэгтэй Аврагч Есүс Христэд төвлөрдөг, Түүний цагаатгах золиослолын амлалтаар дамжуулан найдвар тээж байдаг шавь юм.

Хайрт эгч нар минь, бид та нарт маш их хайртай бөгөөд Тэргүүн Зөвлөлийн уриалга болон #Намайгхарьхүнбайтал үйлчлэлд өгөөмрөөр, урам зоригтой оролцсонд тань гүнээ талархаж байна. Үргэлжлүүлэн залбирч, Сүнсний шивнээг сонсон, хүлээж авсан сүнслэг өдөөлтийнхөө дагуу үйлдээрэй.

Орон нутагт эсвэл өөр улсад аялж явахад минь хүмүүс надаас “Та намайг санаж байна уу?” гэж асуух нь тийм ч хачирхалтай тохиолдол биш байдаг. Би үнэхээр төгс биш болохоор хүмүүсийн нэрийг ихэнхдээ санадаггүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Гэсэн ч би Тэнгэрлэг Эцэгийн хайртай охид, хөвгүүдтэй уулзахдаа Түүний надад мэдрүүлсэн жинхэнэ хайрыг санадаг.

Саяхан надад шоронд байгаа хайр татам хэдэн эмэгтэйтэй уулзах боломж тохиосон юм. Тэдэнтэй сэтгэл хөдлөм салах ёс хийж байхад нэгэн эмэгтэй надад “Бөртон эгч ээ, биднийг битгий мартаарай” гэлээ. Намайг та бүхэнтэй бодлоо хуваалцаж байхад мартагдахыг хүсээгүй тэр эмэгтэй болон тэнд байсан бусад эмэгтэй өөрсдийг нь мартаагүй гэдгийг мэдэрнэ гэж би найдаж байна.

Аврагчийн үед амьдарч байсан итгэлтэй эмэгтэйчүүд Аврагч Есүс Христэд төвлөрдөг байсан

Манай бүх насны эгч нар бид бүхний эрмэлздэг итгэлтэй шавийн загварыг харуулсан. “Шинэ Гэрээнд Есүс Христэд болон [Түүний Цагаатгалд] итгэх итгэлээ хөгжүүлсэн, Түүний сургаалуудыг судалж, тэдгээрийн дагуу амьдарсан, Түүний үйлчлэл, гайхамшгуудыг болон сүр жавхланг гэрчилсэн нэрийг нь мэдэх болон үл мэдэх [итгэлтэй] эмэгтэйчүүдийн тухай түүхүүд гардаг. Эдгээр эмэгтэй авралын ажлын чухал гэрч, үлгэр жишээ шавь нар болсон.”1

Зураг
Итгэлтэй эмэгтэйчүүд

Лукийн номонд гардаг дараах түүхүүдийг авч үзье. Эхнийх нь Аврагчийн тохинууллын үеийн түүх юм.

“… Удалгүй Есүс нэг хот, суурингаас нөгөөд хүрч, Бурханы хаанчлалыг тунхаглаж, дэлгэрүүлж байв. Арван хоёр нь Түүнтэй хамт байлаа.

Мөн итгэлтэй эмэгтэйчүүд болох… Магдалын эмэгтэй гэгддэг Мариа, … Иоанна, мөн Сузанна болон өөр олон хүмүүс байж өөрсдийнхөө өмч хөрөнгөөр тус нэмэр болж байлаа.”2

Дараагийнх нь Түүний амилалтын үед болсон түүх.

“Харин итгэлтэй эмэгтэйчүүд … өглөө эрт булш уруу очоод,

… Түүний цогцсыг олсонгүй. Тэгээд буцаж ирээд, Түүнийг амьд гэж хэлсэн тэнгэр элч нарын үзэгдлийг харснаа бидэнд ярив.”3

Би эдгээр түүхийн хэсгийг өмнө нь олон удаа уншихдаа “итгэлтэй эмэгтэйчүүд” гэснийг зүгээр л анзаарахгүй өнгөрөөчихдөг байсан ч саяхнаас эдгээр үгэнд анхаарлаа хандуулж эхэлсэн юм. Эдгээр хэсгийн талаар илүү анхааралтай эргэцүүлэн бодохдоо, энэ эмэгтэйчүүд итгэлтэй гэж дуудагдахаас аргагүй юм байна гэдгийг ойлгосон. Итгэлтэй эмэгтэйчүүд гэдэг нь “итгэл дүүрэн,” “эерэг бодолтой,” “бат итгэлтэй,” “тууштай,” “эргэлзээгүй,” “баттай,” “найдвартай” гэсэн утгатай.4

Би эдгээр хүчирхэг тодорхойлолтын талаар тунгаан бодохдоо, Шинэ Гэрээнд гардаг Аврагчийн талаар эерэг, итгэл төгс, тууштай, баттай гэрчлэлээ хуваалцсан хоёр итгэлтэй эмэгтэйг санасан. Хэдийгээр тэд бидний л адил төгс биш ч тэдний гэрчлэл сүнслэг нөлөөтэй.

Аврагчийн талаар мэдсэн зүйлсээ ирж, үз хэмээн бусдыг урьсан, худаг дээрх нэр нь дурдагдаагүй эмэгтэйг санаж байна уу? Тэрээр “Тэр Христ биш үү?” хэмээн асуулт хэлбэрээр итгэлтэй гэрчлэлээ хуваалцсан.5 Түүний гэрчлэл болон урилга үнэхээр хүчтэй байсан бөгөөд “олон хүн Есүст итгэсэн.”6

Зураг
Марта Аврагчийн тухай гэрчлэлээ хуваалцаж байна.

Ах Лазарыгаа нас барсны дараа Их Эзэний хайртай шавь, найз болох Марта “Эзэн, Та энд байсан бол миний ах үхэхгүй байх байсан” хэмээн сэтгэл нь ихэд өвдөн хэлсэн. Тэрээр үргэлжлүүлэн “Тийм боловч одоо Та Бурханаас юу ч гуйсан, Бурхан Танд өгнө гэдгийг би мэдэж байна” хэмээн итгэлтэйгээр хэлснийг эргэцүүлэн бодоорой. Тэр “Та бол Бурханы Хүү болох Христ, ертөнцөд ирэх Нэгэн мөн гэдэгт би итгэсэн” 7 гэж гэрчилсэн байдаг.

Бид энэ эгч нараас итгэлтэй эмэгтэйчүүд Аврагч Есүс Христэд төвлөрдөг, Түүний цагаатгах золиослолын амлалтаар дамжуулан найдвар тээж байдаг шавь нар юм гэдгийг сурч болно.

Сэргээлтийн үеийн гэрээгээ сахидаг итгэлтэй эмэгтэйчүүд ба золиослол хийх хүсэлтэй байх нь

Эрт үед итгэлтэй эмэгтэйчүүд Есүсийн сургаалыг гэрчилж мөн түүний дагуу амьдарч байхдаа золиослол хийдэг байсан. Сэргээлтийн эхэн үеийн итгэлтэй эмэгтэйчүүд ч мөн адил үйлдэж байсан. Друсилла Хендрикс болон түүний гэр бүл шинэхэн хөрвөгчид байхдаа Миссуригийн Клей гүнлэг дэх гэгээнтнүүд дээр ирсэн хавчлага мөрдлөг дунд зовж байв. Нөхөр нь Крүүкт голын тулааны үеэр бие нь мэдээгүй болсон бөгөөд Друсилла нөхрөө асарч сувилахаас гадна гэр бүлээ тэжээх үүрэгтэй болсон юм.

“Гэр бүл нь ямар ч хүнсгүй болсон хүндхэн цаг үед ‘Тэвчээртэй хүлээ, учир нь Их Эзэн та нарыг хангах болно’ гэж хэлэх нэгэн дуу хоолойг тэрээр сонссон.

Хүү нь Мормон батальонд сайн дураараа элсэхээр болсонд эхэндээ Друсилла дургүйцэж, Тэнгэрлэг Эцэгт хандан залбирахдаа ‘Чи хамгийн дээд алдар сууг авахыг хүсэхгүй байна уу?’ гэсэн дуу хоолойг сонсох хүртлээ тэвчин, сэтгэл дотроо тэмцэлдэн байв. Мэдээж хэрэг тэр ‘Хүсэж байна’ хэмээн хариулсан бөгөөд уг дуу хоолой түүнд ‘Хамгийн агуу золиослолыг хийхгүйгээр хэрхэн үүнийг хүлээж авах вэ?’ гэжээ.” 8

Бид энэхүү итгэлтэй эмэгтэйгээс гэрээнүүдээ сахихад золиослол хийх хүсэл шаардагдана гэдгийг суралцдаг.

Өнөө үеийн итгэлтэй эмэгтэйчүүд ба Аврагчийн ирэлтийг ёслон тэмдэглэхээ санаж, үүнд бэлтгэх нь

Би Аврагчийн үеийн болон Сэргээлтийн эхэн үеийн итгэлтэй эмэгтэйчүүдийн талаар дурдлаа. Харин та нар өнөө үеийн итгэлтэй эмэгтэйчүүдийн үзүүлж буй шавийн үлгэр жишээ, гэрчлэлийн талаар юу гэж бодож байна вэ?

Зураг
Бөртон эгч Ази дахь эмэгтэйчүүдтэй хамт

Би Азид томилолтоор явж байхдаа уулзсан олон итгэлтэй эмэгтэйгээс сүнслэг нөлөөг мэдэрсэн. Ялангуяа Энэтхэг, Малайз, Индонезийн гэр бүлээсээ ганцаараа Сүмийн гишүүн хүмүүс гэртээ сургаалын дагуу амьдрахаар хичээж, ихэнхдээ улс орныхоо болон гэр бүлийнхээ соёл уламжлалтай зөрчилддөг сургаалаар амьдрах гэж асар их золиослол гаргаж байгаа нь надад гайхалтай сэтгэгдэл төрүүлсэн юм. Хонконг, Тайваний олон үеэрээ Сүмийн гишүүн байгаа итгэлтэй эмэгтэйчүүд Аврагчид төвлөрч, гэрээнүүдээ сахихын тулд золиослол хийх хүсэлтэй байснаар үргэлжлүүлэн гэр бүл, Сүмийн гишүүд, эргэн тойрныхоо хүмүүсийн амьдралыг адисалсаар байна. Тэдэнтэй адил итгэлтэй эмэгтэйчүүд Сүм даяар бий.

Зураг
Бөртон эгч Ази дахь эмэгтэйчүүдтэй хамт

Хэдэн арван жил миний амьдралыг адисалж байгаа бас нэгэн итгэлтэй эмэгтэй сүүлийн 15 жилийн турш булчин сулрах өвчин буюу биеийг сульдуулдаг, давшингуй явцтай маш хүнд өвчинтэй тэмцэж байна. Тэргэнцэр хүрч очих газраар хөдөлгөөн нь хязгаарлагддаг ч гэсэн тэр талархалтай байж, “Чадна, чадна жагсаалт”-аа хөтлөхийг хичээдэг. Энэ жагсаалтад түүний хийж чадах зүйлс багтдаг бөгөөд тэр үүнийгээ би амьсгалж чадна, би залгиж чадна, би залбирч чадна, би Аврагчийнхаа хайрыг мэдэрч чадна гэх мэтээр үргэлжлүүлэн хөтөлсөөр байдаг. Тэр бараг өдөр бүр гэр бүл, найзууддаа Христэд төвлөрсөн итгэлтэй гэрчлэлээ хуваалцдаг.

Би саяхан Жэннигийн түүхийг сонссон. Тэр буцаж ирсэн номлогч бөгөөд түүнийг номлолдоо үйлчилж байх үед эцэг эх нь салсан аж. Гэртээ харих талаар бодох нь “түүнийг хэчнээн их айлгаж байсныг” тэр ярьж билээ. Тэр Итали дахь номлолоо дуусгаад Нэгдсэн Улс руу гэртээ харих замдаа номлолын гэрээр ороод гарчээ. Номлолын ерөнхийлөгчийн эхнэр болох итгэлтэй эмэгтэй үсийг нь самнаж өгч хайраа үзүүлсэн юм.

Хэдэн жилийн дараа Жэнни тойргийнхоо Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр дуудагдахад гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, Есүс Христийн шавь Тэрри хэмээх итгэлтэй эмэгтэй түүний амьдралыг адисалсан байна. Тэр үед Жэнни докторын дипломын ажлаа бичиж байсан аж. Тэрри зөвхөн удирдагчийн хувиар Жэннид үйлчлээд зогсоогүй, 10 цагийн турш Жэннитэй хамт эмнэлэгт байж, цусны хавдартай гэсэн цочирдом онош сонсох үед ч дэргэд нь байв. Тэрри түүнийг эмнэлэгт эргэн очиж, эмчид үзүүлэхээр явахад нь машинаараа хүргэж өгдөг байжээ. Жэнни “Би хэд хэдэн удаа түүний машин дотор бөөлжсөн байх” хэмээн нуулгүй хэлж байсан.

Тэрээр өвчнөө үл харгалзан тойргийн Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр итгэлтэй үйлчилсээр байсан юм. Тэр маш хүнд хэцүү нөхцөл байдалд байхдаа ч утсаар ярьж, мессеж, э-мэйл бичиж, эгч нарыг өөртэй нь ирж уулзахыг урьж байлаа. Эгч нарыгаа алсаас хайрлан, хүмүүст ил захидал, зурвас илгээдэг байв. Тойргоос нь тойргийн түүхийн архивт хадгалах ерөнхийлөгчийн зөвлөлийн зураг хүсэхэд тэр энэ зургийг явуулжээ. Жэнни өөрөө итгэлтэй эмэгтэй учир хүмүүсийг бусдын төдийгүй өөрийнхөө ачаанаас хөнгөлөлцөхөд уриалдаг.

Зураг
Тойргийн Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл малгай өмссөн байгаа нь

Жэнни итгэлтэй эмэгтэйн хувиар “Бид энд бусдыг аврахын зэрэгцээ өөрсдийгөө аврахаар ирсэн. Тэрхүү аврал нь Есүс Христтэй хамтарснаар, Түүний ач ивээл, Цагаатгал, Сүм дэх эмэгтэйчүүдийг хайрлах хайрыг ойлгосноор ирдэг. Энэ нь хэн нэгний үсийг самнаж өгөх, найдвар, ач ивээлийн захиастай сүнслэг, тодорхой, илчлэлт бүхий захидал бичих зэрэг энгийн зүйлсээр тохиодог”9 хэмээн гэрчилсэн.

Эгч нар аа, бид сэтгэлээр унасан, эргэлзээтэй, урам хугарсан, нүгэлтэй, харууссан эсвэл цөхөрсөн үедээ худаг дээрх итгэлтэй эмэгтэйн адил “Тэр Христ биш үү?” хэмээн гэрчлэлээ хуваалцан, бусдыг ийнхүү үйлдэхэд уриалж, амийн уснаас хүртэх Их Эзэний урилгыг хүлээн авах байх гэж би найдаж байна.

Яг л Мартагийн ахыг нас барахад түүнд амьдрал шударга бус санагдсан шиг бид ганцаардал, үргүйдэл, хайртай хүмүүсээ алдах, гэрлэлт, гэр бүлтэй болох боломжоо алдах, гэр бүл салах, дааж давшгүй сэтгэлийн дарамт, бие махбодын юм уу сэтгэцийн өвчин, тэвчишгүй бэрх сэтгэл хямрал, сэтгэл санааны тайван бус байдал, донтолт, санхүүгийн хямрал эсвэл байж болох олон төрлийн харуусал гунигтай туршлагаасаа болж амьдрал шударга бус санагдах үед Мартаг санаж, түүн шиг “Тийм боловч … Та бол Бурханы Хүү болох Христ … мөн гэдэгт би итгэсэн” хэмээн итгэл төгс гэрчлэлээ хуваалцаасай гэж би хүсэж байна.

Зураг
Загалмайн дэргэд зогсож буй эмэгтэйчүүд

Бидний хайртай Аврагчийг загалмай дээр зовж шаналан байхад нь орхиж явахаас татгалзан, хэдэн цагийн дараа Түүний алдар суут амилалтын анхны итгэлтэй гэрч болох завшаан тохиосон олон итгэлтэй эмэгтэйг санаарай. Залбирч, судраас суралцахдаа Түүнд илүү ойрхон байцгаая. Ариун ёслолын үеэр Түүний цагаатгах золиослолын ариун бэлгэ тэмдгээс долоо хоног тутам хүртэн, бусдад тусламж хэрэгтэй үед үйлчилж, гэрээгээ сахин, Түүнд ойртоцгооё. Тэгснээр бид Түүнийг дахин ирэхэд алдар суут ирэлтийг нь ёслон тэмдэглэх Есүс Христийн шавь итгэлтэй эмэгтэйчүүдийн нэг хэсэг байх болно.

Зураг
Аврагч Хоёр дахь ирэлтээр

Эгч нар аа, би Тэнгэрлэг Эцэг Эх болон бидний Аврагч Есүс Христийг мөн Түүний хязгааргүй Цагаатгалыг та бүхнийхээ өмнөөс гэрчилж байна. Бошиглогч Иосеф Смит Сэргээлтийн бошиглогч байхаар урьдчилан томилогдсон гэдгийг би мэднэ. Би Мормоны Ном үнэн бөгөөд Бурханы хүчээр орчуулагдсан гэдгийг мэднэ. Бид өнөө үед амьд бошиглогчоор адислагдсан. Энэхүү бошиглогч бол ерөнхийлөгч Томас С.Монсон юм. Эдгээр үнэний тухайд би итгэлтэй байна! Есүс Христийн ариун нэрээр, амен.

Тайлбар: 2017 оны 4-р сарын 1-нд Бөртон эгч Халамжийн Нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчөөс чөлөөлөгдсөн.