2010–2019
Эргэн тойрноо бус, дээшээ харагтун!
2017 оны 4-р сар


Эргэн тойрноо бус, дээшээ харагтун!

Бусдыг Христэд ирэхэд урих нь бидний зорилго бөгөөд бид Есүс Христ рүү харснаар энэ зорилгоо гүйцэлдүүлж чадна.

“Бусдыг Христэд ирэхэд урих нь”1 миний бас та бүгдийн зорилго юм. Бид Есүс Христ рүү харснаар энэхүү зорилгоо биелүүлж чадна.

Зураг
Ахлагч Чойгийн гэр бүл

Би 16 настайдаа эцэг эхтэйгээ хамт баптисм хүртсэн. Миний дүү Кьюн-Хван 14 настай байхдаа нагац ах Ёнг Жик Лигээр дамжуулан Сүмд нэгдэж, дараа нь биднийг сүмдээ урьсан юм. Манай гэр бүлийн 10 гишүүн бүгд өөр өөр сүмд харьяалагддаг байсан учраас бид үнэнийг олсондоо баяртай байлаа. Мөн бид баптисм хүртсэнийхээ дараа Есүс Христийн сайн мэдээнээс олж авсан аз жаргалаа хуваалцахыг хүсэж байв.

Зураг
Ахлагч Чойгийн аав бусад хүний хамт

Аав маань үнэнийг мэдэж авч, үүнийгээ бусадтай хуваалцахдаа биднээс ч илүү их догдолж байв. Тэр өдөр бүр хоёр цагийн турш судраас судлахын тулд өглөө эрт босдог байлаа. Аав маань бараг өдөр бүр ажлынхаа дараа гэр бүлийнхэн, найз нөхөд, хөршүүд дээрээ очихоор номлогчидтой хамт явдаг байсан. Биднийг баптисм хүртсэнээс хойш 7 сарын дараа манай гэр бүлийнхнээс болон хамаатнуудаас 23 хүн Сүмийн гишүүн болсон байв. Аавын минь гишүүн номлогчийн ажлаар дамжуулан дараа жил нь 130 хүн баптисм хүртэхийг харах гайхамшиг тохиож билээ.

Зураг
Номлолын ажлын эхлэл
Зураг
Өргөжүүлэн тэлсэн номлолын ажил

Аавд маань гэр бүлийн түүх ч бас чухал байсан бөгөөд тэр өвөг дээдсийнхээ найман үеийн түүхийг бичиж дуусгасан. Тэр цагаас хойш 14 настай дүүгийн минь эхлүүлсэн манай гэр бүлийн хөрвөлтийн үр жимс зөвхөн амьд хүмүүсийн төдийгүй нас барагсдын дунд тоймшгүй олон арга замаар өсөн нэмэгдсэн юм. Аавын маань болон бусдын ажлаас улбаалан манай угийн бичиг одоо 32 үеэс бүрдэж, бид олон өвөг дээдсийнхээ төлөө ариун сүмийн ажил хийж байна. Өнөөдөр би өвөг дээдсээ үр удамтайгаа холбосноор ирдэг баяр баяслыг агуу ихээр мэдэрч байна.

Зураг
Өргөжүүлэн тэлсэн гэр бүлийн түүх

Хинкли Охайогийн Колумбус ариун сүмд үүнтэй адил зүйлийг тэмдэглэн хэлэхдээ

“Би ариун сүм дотор [өвөг эцэг, өвөө, аав нарынхаа] амьдралыг бодож суухдаа охиноо болон зээ, зээнцрүүдээ харсан. Би гэнэт эдгээр долоон үеийн дунд нь буюу дээшээ гурав, доошоо гурван үеийн дунд зогсож байгаагаа ухаарсан.

Энэ ариун нандин өргөөнд өвөг дээдсээсээ өв болгон хүлээн авсан бүхнээ дараагийн үеийнхэнд дамжуулан өгөх асар их үүрэг хариуцлагын мэдрэмж оюун санаанд минь орж ирсэн юм”2 гэжээ.

Зураг
Өвөг дээдэс, ирээдүй хойч үеийнхээ дунд

Бид бүгд мөнхийн гэр бүлийнхээ нэгэн хэсэг нь юм. Бид чухал өөрчлөлтүүд эерэг эсвэл сөрөг замаар гарч болохыг шийдвэрлэх үүрэгтэй. Ерөнхийлөгч Хинкли цааш үргэлжлүүлэн “Та үр удмынхаа гинжин хэлхээн дэх сул дорой холбоос болохыг өөртөө хэзээ ч бүү зөвшөөр3 хэмээн хэлсэн байдаг. Сайн мэдээнд итгэлтэй байснаар гэр бүл тань хүчирхэгжих болно. Бид мөнхийн гэр бүлийнхээ хүчирхэг холбоос нь болно гэдгээ хэрхэн баталж чадах вэ?

Би баптисм хүртсэнээсээ хойш хэдэн сарын дараа нэгэн өдөр сүм дээр зарим гишүүнийг бие биенээ шүүмжилж байхыг сонсоод, сэтгэлээр маш их унасан. Тэгээд гэртээ хариад, дахин сүмд явах хүсэлгүй байгаагаа аавдаа хэлсэн юм. Гишүүдийн бусдыг тэгж шүүхийг харах хэцүү байв. Аав үүнийг сонссоныхоо дараа сайн мэдээ сэргээгдсэн мөн төгс хэдий ч гишүүд бидний хэн нь ч төгс биш гэдгийг надад зааж билээ. “Эргэн тойрныхоо хүмүүсээс болж итгэлээ бүү алд. Харин Есүс Христтэй хүчирхэг харилцаа үүсгэ. Эргэн тойрноо бус, дээшээ хар” гэж тэр хатуу хэлсэн.

Есүс Христ рүү хар хэмээх аавын минь ухаалаг зөвлөгөө амьдралдаа сорилт бэрхшээлтэй тулгарах бүрд итгэлийг маань хүчирхэгжүүлдэг. Бид “Санаа бодол болгондоо над руу харагтун; бүү эргэлз, бүү ай”4 хэмээх Түүний үгсийг уншдаг шиг Христийн сургаалыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх ёстойг аав минь надад заасан.

Зураг
Вашингтоны Сиэтл ариун сүм дэх номлогчид

Намайг Вашингтоны Сиэтл Номлолыг тэргүүлж байх үед тэнд жилийн олон өдөр нь бороо ордог байлаа. Хэдий тийм ч номлогчид гадагшаа гарч, бороонд номлолын ажлаа хийх шаардлагатай байдаг байв. Би тэдэнд “Борооноор явж, тэнгэр өөд ширтэн, амаа ангайгаад, борооноос амс! Та нар дээш харах үедээ ямар ч айдасгүй, хэнд ч амаа нээх хүчтэй байх болно” хэмээн хэлдэг байсан. Энэ нь тэднийг номлолынхоо дараа ч гэсэн сорилт бэрхшээлтэй тулгарах үедээ дээш харахыг бэлгэдсэн сургамж болдог байв. Үүнийг харин бохирдолтой газарт бүү туршаарай.

Сиэтл номлолд үйлчилж байхад миний ууган хүү, төгөлдөр хуурч Санбийм над руу утасдаж, олон улсын тэмцээнд түрүүлсэн учраас Нью-Йоркийн Карнегийн танхимд тоглох эрхээр шагнуулсан тухай хэлсэн юм. Бид түүний өмнөөс маш их баярлаж байв. Гэвч тэр орой эхнэр маань талархлын залбирал хэлж байхдаа түүний тоглолтыг очиж үзэж чадахгүй гэдгээ ойлгож, Тэнгэрлэг Эцэгт хандан “Тэнгэрлэг Эцэг минь, бид Таны Санбиймд өгсөн адислалд талархаж байна. Гэхдээ би тэнд очиж чадахгүйдээ харамсаж байна. Хэрэв Та энэ адислалыг энэ номлолын өмнө эсвэл дараа нь өгсөн бол би очих байсан. Би гомдоллоогүй, гэхдээ л надад жаахан харамсалтай байна” хэмээн хэлж билээ.

Тэрээр залбирч дуусмагцаа. “Чамайг явах боломжгүй болохоор хүүд чинь ийм боломж олдсон юм. Чи үүнээс татгалзмаар байна уу?” гэсэн тодорхой дуу хоолойг сонсжээ.

Эхнэр маань маш их гайхсан. Тэр эцэг эх нь Их Эзэний хаант улсад итгэлтэй хөдөлмөрлөснөөр хүүхдүүд нь адислагддагийг мэддэг байсан ч энэ нь өөрийн үүргийг бүр ийм тодорхой байдлаар ойлгож авсан хамгийн анхны мөч нь байв. Тэр “Үгүй, үгүй, би явахгүй байх нь надад асуудал биш ээ. Түүнд энэ алдар хүндийг нь оногдуулна уу” хэмээн Түүнд шуудхан хариулсан.

Хүндэт ах, эгч нар аа, бид эргэн тойрноо дэлхийнхний нүдээр харах үедээ таагүй байдал, ялагдал, ачаа дарамт, ганцаардлыг эхлээд олж хардаг учраас Тэнгэрлэг Эцэгийнхээ хайрыг таньж мэдэхэд амаргүй байдаг. Өөр талаас нь авч үзэхэд, бид дээш харснаар төсөөлөхийн аргагүй олон адислалыг олж харж чадна. “Мөн бид ямар ч адислалыг Бурханаас авлаа гэхэд, энэ нь тулгуурлагдсан тэрхүү хуульд дуулгавартай байснаар буюу”5 хэмээн Их Эзэн илчилсэн байдаг. Бурханы үйлчлэлийг эхэлж байгаа бүх хүнд хандан хэлэхэд, та өөрийнхөө өмнөх болон хойч үеийнхний гайхалтай адислал хүртэх бат бөх холбоос нь болж өгч байгаа гэдгээ ойлго.

Би өнөөдөр гэр бүлийнхнээс маань олон нь гэрээний зам дээрээ үнэнч үлдсэнд баяртай байгаа ч заримыг нь бидэнтэй хамт байхгүй байгаагаар төсөөлөхөд гунигтай байна. Ахлагч M.Рассэлл Баллард “Хэрэв та идэвхгүй болж, сэргээгдсэн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг орхин явахыг хүсэж байгаа бол хаашаа явах вэ? Юу хийх вэ? Их Эзэний сонгосон удирдагчидтай хамт “цаашид явахгүй” байх шийдвэрийн үр дагавар нь Сүмийн гишүүдэд яг одоо харагдахгүй байгаа ч алсдаа үр нөлөөтэй байдаг”6 хэмээн хэлсэн. Ерөнхийлөгч Томас С.Монсон “Бид амархан буруу зүйлийг хийхийн оронд хэцүү ч гэсэн зөв зүйлсийг хийхээр сонгох болтугай”7 хэмээн биднийг урамшуулсан.

Есүс Христ рүү харахад хэзээ ч оройтохгүй. Түүний мутар үргэлж таны зүг сунгаастай байдаг. Бурханы мөнхийн гэр бүл болохоор Христийг дагах эсэх нь биднээс хамааралтай байдаг өвөг дээдэс, үр удам бидэнд байгаа билээ.

Намайг гадасны ерөнхийлөгчөөс чөлөөлөгдөх үед хөвгүүд маань илүү их цагийг надтай хамт өнгөрүүлэх болсондоо баяртай байв. Гэвч гурван долоо хоногийн дараа би Далын гишүүнээр дуудагдсан. Эхэндээ би тэднийг сэтгэлээр унасан байх гэж бодож байв. Харин отгон хүү маань “Аав аа, санаа зовох хэрэггүй ээ. Бид чинь мөнхийн гэр бүл шүү дээ” хэмээн даруухнаар хариулсан юм. Энэ ямар энгийн бөгөөд ойлгомжтой үнэн гээч! Би эхлээд энэ мөнх бус амьдралаа л харж байсан учраас бага зэрэг санаа зовж байсан бол хүү минь эргэн тойрноо бус харин Их Эзэний мөнх оршихуйг болон зорилгыг харсан учраас аз жаргалтай байсан.

Таны эцэг эх сайн мэдээг эсэргүүцэж байгаа үед, та Сүмийн жижигхэн нэгжийн гишүүн байх үед, түүнчлэн таны хань гишүүн биш мөн та гэрлэхийн тулд хамгийн сайнаараа хичээгээд ч ганц бие хэвээрээ байгаа үед, хүүхэд тань замаасаа төөрч одсон бол, та өрх толгойлсон эцэг эх бол мөн бие махбод, сэтгэл санаагаар зовж шаналж байгаа бол, аль эсвэл ямар нэг гамшигт өртсөн үед дээш харах нь үргэлж амар хялбар байдаггүй. Эдгээр хэцүү цаг үед ч итгэлээсээ зууран барь. Хүч чадал, тэнцвэртэй байдал, эдгээлтийн төлөө Христ рүү харагтун. Есүс Христийн Цагаатгалаар дамжин, “бүх зүйл [таны] сайн сайхны төлөө хамтдаа ажиллах болно.”8

Би Есүс Христ бол бидний Аврагч, Гэтэлгэгч хэмээх гэрчлэлээ үлдээе. Бид амьд бошиглогч, ерөнхийлөгч Томас .С Монсонг дагаснаар Есүс Христ рүү хардаг. Бид өдөр бүр залбирч, судраас судалж, долоо хоног бүр ариун ёслолоос чин сэтгэлээсээ хүртсэнээр Түүн рүү үргэлж дээш харах хүч чадлыг олж авдаг. Би энэ Сүмийн гишүүн байгаадаа болон мөнхийн гэр бүлийн нэг хэсэг байгаадаа баяртай байдаг. Би энэ агуу сайн мэдээг бусадтай хуваалцах дуртай. Бусдыг Христэд ирэхэд урих нь бидний зорилго бөгөөд бид Есүс Христ рүү харснаар энэ зорилгоо гүйцэлдүүлж чадна. Энэ бүгдийг би Есүс Христийн нэрээр даруухнаар гэрчилж байна, амен.