2010–2019
Итгэлийн суурь
2017 оны 4-р сар


Итгэлийн суурь

Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлийн сууриа хүчирхэгжүүлэхийн тулд шаардлагатай золиослол гаргаж, даруу байхад би та бүхнийг уриалж байна.

Ерөнхий чуулган гайхамшигтай болж байна. Бид үнэхээр сэнхрүүлэгдлээ. Хэрэв Ерөнхий чуулганы хамгийн чухал нэг зорилгыг тодорхойл гэвэл энэ нь Бурхан Эцэгт болон бидний Аврагч Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх явдал мөн.

Би өнөөдөр тэрхүү итгэлийн үндэс суурийн талаар ярих болно.

Хувь хүний үндэс суурь олон үнэ цэнтэй ажил мэргэжлийн адил ихэвчлэн бага багаар—нэг үе, нэг туршлага, нэг сорилт, нэг уналт, нэг амжилт гэх мэтээр алгуурхан тавигддаг. Бие махбодын хувьд хамгийн нандин туршлага бол балчир хүүхдийн хөлд орохыг нь харах билээ. Үүнийг харахад гайхалтай байдаг. Шийдэмгий байдал, баяр баясгалан, гайхсан мөн чадлаа даа гэсэн олон мэдрэмжийг бяцхан царайнаас нь харах үнэхээр сайхан.

Манай гэр бүлд үүнтэй төстэй нэгэн үйл явдал болж өнгөрснийг би санаж байна. Бага хүү маань ойролцоогоор дөрвөн настай байхдаа гэртээ орж ирээд, бахархалтай нь аргагүй: “Би бүгдийг хийж чаддаг болсон. Би үдэж, унаж бас татаж чадна” гэж хэлж билээ. Хүү маань үдээсээ үдэж, гурван дугуйт том дугуйгаа унаж бас хүрэмнийхээ цахилгааныг татаж чадна гэж хэлж байгааг нь бид ойлгосон л доо. Бид инээлдсэн ч эдгээр нь түүний хувьд том амжилт байсныг ухааран ойлгоцгоосон. Тэр өөрийгөө мундаг том хүн болсон гэж бодож байлаа.

Бие махбод, оюун ухааны болон сүнслэг байдлын өсөлт хөгжил олон талаараа адилхан байдаг. Бие махбодын хөгжлийг олж харахад амархан. Бид хөлд орохоос эхлэн өдөр өдрөөр, жил жилээр өссөөр, бие махбодоороо бүрэн хөгждөг. Хүн бүр харилцан адилгүй өсч хөгждөг.

Харин бид спортын эсвэл урлагийн сайхан үзүүлбэр үзээд тухайн хүнийг үнэхээр авьяастай юм байна гэж хэлдэг. Энэ нь ч ихэвчлэн үнэн байдаг. Гэвч үзүүлбэр нь олон жил бэлтгэл сургуулилт, дасгал хийсний үндсэн дээр л бий болдог. Олонд танигдсан зохиолч Малколм Гладвелл үүнийг 10,000 цагийн дүрэм гэж нэрлэсэн байдаг. Спорт болон хөгжмийн үзүүлбэрт бэлтгэх, эрдэм шинжилгээний ажлын дадлага туршлагатай болох, мэргэжлийн ур чадвар эзэмших, анагаах ухаан болон хууль, эрх зүйгээр мэргэшихэд ийм хэмжээний дасгал сургуулилт хийх шаардлагатай гэдгийг судлаачид тогтоосон. Тэдний нэг нь “аливаа зүйлд дэлхийд танигдсан мэргэжлийн түвшинд хүрэхийн тулд арван мянган цагийн дасгал сургуулилт хийсэн байх шаардлагатай”1 гэж хэлсэн байна.

Ихэнх хүн бие бялдар, оюун ухааны хүчин чадлынхаа оргилд хүрэхийн тулд ийм хэмжээний бэлтгэл сургуулилт хийх зайлшгүй шаардлагатай гэдэгтэй санал нийлдэг.

Харамсалтай нь, материаллаг зүйлсэд илүү их ач холбогдол өгч буй энэ дэлхийд Христтэй адил болж, бат бөх итгэлийн үндэс суурийг тавихад шаардагдах сүнслэг хөгжлийг чухалчлан үзэхээ больжээ. Бид зөвхөн ер бусын сүнслэг ойлголтыг авах цаг мөчийг л онцлон авч үздэг. Энэ нь Ариун Сүнс бидний зүрх сэтгэл, оюун ухаанд онцгой сүнслэг ойлголтыг гэрчилсэн гэдгийг олж мэдсэн эрхэм нандин цаг мөчүүд билээ. Бид эдгээр үйл явдалд баярладаг бөгөөд ач холбогдлыг нь хэзээ ч бууруулж болохгүй. Гэвч бат бөх итгэлтэй болж, Сүнсний байнгын нөхөрлөлийг авахын тулд хувь хүн бие бялдар, оюун ухааны хүчин чадлаа хөгжүүлэхээр дасгал сургуулилт хийдгийн адил шашин шүтлэгээ хатуу чанга мөрдөх хэрэгтэй. Бид зарим талаараа бяцхан хүүхдийн анхны алхамтай адил санагдаж болох эдгээр туршлага дээр сууриа тавих ёстой. Бид үүнийг чин сэтгэлээсээ ариун ёслолын цуглаандаа оролцон, судраас судалж, залбирч, дуудлагадаа үйлчилснээр хийдэг. Саяхан арван гурван хүүхдийн эцэг асан нэгэн хүний нас барсан тухай мэдээн дээр түүнийг “өдөр бүр залбирч, судраас суралцахдаа хичээнгүй нэгэн байсан нь хүүхдүүдэд нь гүн гүнзгий нөлөөлж, тэдэнд Их Эзэн Есүс Христэд итгэх хөдөлшгүй бат бөх суурьтай болоход нь тусалсан” 2 гэж дурджээ.

Арван таван настай байхад минь тохиолдсон нэгэн үйл явдал миний хувьд уг суурь маань болсон юм. Итгэлтэй ээж минь миний амьдралд итгэлийн суурийг тавьж өгөхийн тулд ихээхэн хичээл зүтгэл гаргадаг байлаа. Би ариун ёслолын цуглаан, Хүүхдийн хэсэг, дараа нь Залуу эрэгтэйчүүдийн ангид болон семинарт хамрагддаг байв. Мөн Мормоны Номыг уншиж, үргэлж хувиараа залбирдаг байсан. Хайрт ах минь номлол хийх талаар бодож эхэлсэн яг тэр үед гэр бүлийн маань хувьд чухал үйл явдал болж өнгөрсөн юм. Сайн эцэг ч, Сүмийн идэвх султай гишүүн байсан аав маань ахаас номлолд үйлчлэхийн оронд үргэлжлүүлэн боловсрол эзэмшихийг хүсэж байлаа. Энэ нь хэрүүл маргаан гарах шалтгаан болов.

Надаас таван насаар ахмад ах минь гэр бүлийнхэнтэйгээ гайхалтай яриа өрнүүлсэн бөгөөд бид номлолд гарах эсэх шийдвэр нь гурван асуудал дээр тулгуурлаж байгааг олж тогтсон. Тэдгээр нь: (1) Есүс Христ бурханлаг нэгэн байсан уу? (2) Мормоны Ном үнэн үү? (3) Иосеф Смит Сэргээлтийн бошиглогч байсан уу?

Тэр шөнө би чин сэтгэлээсээ залбирахад Сүнс надад энэхүү гурван зүйл үнэн гэдгийг гэрчилсэн юм. Түүнээс гадна амьдралынхаа турш гаргах бараг бүх шийдвэр маань энэ гурван асуултын хариулт дээр суурилах юм байна гэдгийг ч би бас ухаарсан. Ялангуяа Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл нэн чухал болохыг би ойлгож авсан юм. Эргэн харахад, тэр орой надад сүнслэг баталгааг хүлээн авах суурийг ээж минь тавьж өгсөн гэдгийг би ойлгосон. Аль хэдийн гэрчлэлтэй болсон байсан ах маань номлолд гарахаар шийдэж, эцэст нь аавын дэмжлэгийг ч хүлээн авсан юм.

Шаардлагатай үед сүнслэг удирдамж Их Эзэний цаг хугацаанд, Түүний хүслийн дагуу ирдэг.3 Мормоны Ном: Есүс Христийн бас нэгэн гэрээ бол үүний нэг тод жишээ юм. Саяхан би Мормоны Номын анхны хэвлэгдсэн хувийг үзсэн. Иосеф Смит 23 настайдаа орчуулгыг нь хийж дууссан юм. Бид орчуулгын явц мөн ямар зэмсгүүд ашигласан талаар зарим зүйлийг мэднэ. 1830 оны анхны хэвлэлд Иосеф товч өмнөх үг оруулсан бөгөөд уг номыг “Бурханы бэлэг болон хүчээр” орчуулагдсан 4 хэмээн энгийн, ойлгомжтой байдлаар тунхагласан байдаг. Харин үүнд Урим ба Туммим болон үзмэрч чулуунууд гэх мэт орчуулгад тусалдаг хэрэгслүүдийг ашиглаагүй гэж үү? Тэдгээр нь зайлшгүй хэрэглэх ёстой зүйл байсан уу эсвэл Иосефт шууд илчлэлт хүлээн авах чадалтай болох хүртлээ итгэлээ хөгжүүлэхэд нь туслах дасгалжих хэрэгсэл байсан уу?5

Зураг
1830 оны Мормоны Номын хавтас
Зураг
1830 оны Мормоны Номын удиртгал хэсэг

Биеийн болон оюун ухааны чадавхыг хөгжүүлэхэд дасгал хийдгийн адил сүнслэг зүйлд ч гэсэн дадлагажиж, тууштай хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Бошиглогч Иосефыг ялтсуудыг хүлээн авахад бэлдэхийн тулд Моронай түүн дээр яг адилхан захиасыг дөрвөн удаа ирж өгсөн гэдгийг бүү март. Долоо хоног бүр ариун ёслолын цуглаанд оролцох нь бидний сүнслэг байдалд хэрхэн нөлөөлдөг болохыг бид бүрэн дүүрэн ухаардаггүй гэдэгт би итгэдэг. Судруудыг хааяа нэг уншихын оронд үргэлж тунгаан бодох нь бидний өнгөц төдийхөн ойлголтыг ер бусын, амьдралыг өөрчлөх чадалтай бат бөх итгэлээр сольдог.

Итгэл бол хүч чадлын зарчим юм. Үүнийг би дараах жишээгээр тайлбарлая. Намайг залуу номлогч байхад номлолын мундаг ерөнхийлөгч6 маань судрын Лук 8 дээр гардаг түүхийг тайлбарлаж өгсөн юм. Энэ нь 12 жилийн турш цусны өвчнөөр зовж, байсан бүхнээ эмч домчид барсан ч эдгэрч чадаагүй нэгэн эмэгтэйн түүх байв. Өнөөдрийг хүртэл энэ түүх миний хамгийн дуртай судруудын нэг байсаар байна.

Тэр эмэгтэй Аврагчийн хувцасны хормойд хүрч л чадвал эдгэрнэ гэж итгэж байсныг та нар санаж байгаа байх. Эмэгтэй ч хувцсанд нь хүрч, тэр дороо л эдгэрсэн. Аврагч шавь нартайгаа явж байгаад “Хэн надад хүрэв?” хэмээн асуусан.

Петр “хамт явж байсан бүх хүн Таныг бүчин, шахаж байна шүү дээ” гэж хэлжээ.

“Харин Есүс—Хэн нэг нь Надад хүрсэн. Учир нь Надаас хүч гарахыг Би мэдэрсэн гэжээ.”

Хүч хэмээх үгийн үндсийг “хүч чадал” гэж тайлбарлаж болно. Испани болон португаль хэл дээр үүнийг “хүч чадал” гэж орчуулдаг. Ямар ч байсан Аврагч тэр эмэгтэйг хараагүй бөгөөд түүний хэрэгцээн дээр анхаарлаа хандуулаагүй байсан. Гэвч тэр эмэгтэйн итгэл агуу байсан учраас хувцасных нь хормойд хүрснээр Бурханы Хүүгийн эдгээх хүчийг авч чадсан билээ.

Аврагч түүнд: “Охин минь, итгэл чинь чамайг эрүүл болголоо. Амар тайван яв даа”7 хэмээн хэлсэн.

Би энэ түүхийн талаар насанд хүрсэн амьдралынхаа турш тунгаан бодож ирсэн. Бидний Есүс Христийн нэрээр хайрт Тэнгэр дэх Эцэгтээ хандан өргөсөн залбирал, гуйлтууд амьдралд маань төсөөлөхийн аргагүй олон адислалыг авчирдаг болохыг би ухаарсан. Энэхүү эмэгтэйн харуулсны адил итгэл буюу итгэлийн суурь нь бидний чин сэтгэлийн хүсэл байх ёстой.

Гэвч сүнслэг гэрчлэл хүлээн авч, итгэлийн суурьтай болсон ч гэлээ энэ нь цаашид сорилт бэрхшээл бидэнд тулгарахгүй гэсэн үг биш юм. Түүнчлэн сайн мэдээнд хөрвөгдөхөд бүх асуудал маань шийдвэрлэгдэнэ гэсэн үг биш.

Сүмийн эхэн үеийн түүхэнд мөн Сургаал ба Гэрээнд бичигдсэн илчлэлтүүдэд хэрхэн итгэлийн суурийг тавьснаар хүн бүрд тохиолддог асуудал, саад бэрхшээлүүдийг шийдвэрлэж байсан тухай олон сайн жишээ тэмдэглэгдсэн байдаг.

Көртландын ариун сүмийг барьж босгосон нь Сүмийн хувьд чухал суурь нь болсон. Үүнийг даган сүнслэг үйл явдлууд болж, сургаалын илчлэлтүүд өгөгдөж, Сүмийг үргэлжлүүлэн зохион байгуулахад шаардлагатай нэн чухал түлхүүрүүд сэргээгдсэн юм. Эртний төлөөлөгчдөд Пентекостын өдөр тохиолдсоны адил гайхамшигт сүнслэг үйл явдлууд Көртландын Ариун сүмийг онцгойлон адисалсны дараа олон гишүүнд тохиолдсон юм.8 Гэвч энэ нь бидний амьдралд тохиолддогийн адил сорилт бэрхшээл тэднийг урагшлах явцад тохиолдохгүй гэсэн үг биш байлаа. Эхэн үеийн энэ гишүүд өөрсдийгөө 1837 оны цочмог хямрал буюу Америкийн Нэгдсэн Улсын санхүүгийн хямралд өртөнө гэж төсөөлөө ч үгүй явсан.9

Санхүүгийн хямралтай холбоотой ийм нэгэн саад бэрхшээл Сэргээлтийн агуу удирдагчдын нэг ахлагч Парлей П.Праттад тохиолдсон юм. Тэр анхны Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн байсан. 1837 оны эхээр хайрт эхнэр Тэнкфул нь анхны хүүхдээ төрүүлээд нас баржээ. Парлей, Тэнкфул хоёр гэрлээд бараг 10 жил болсон бөгөөд түүний үхэл Парлейд маш хүндээр туссан байна.

Хэдэн сарын дараа ахлагч Пратт Сүмийн түүхэн дэх хамгийн хүнд үеийн нэгтэй нүүр тулсан юм. Улсад нүүрлэсэн хямрал, газартай холбоотой маргаан, Иосеф Смитийн болон Сүмийн бусад гишүүний байгуулсан санхүүгийн байгууллагын хүндрэл гэх мэт орон нутгийн хэмжээний санхүүгийн асуудал Көртландад зөрчилдөөн, маргаан үүсгэжээ. Сүмийн удирдагчид тэр бүр амьдралдаа санхүүгийн ухаалаг шийдвэр гаргаад байсангүй. Парлей санхүүгийн хувьд маш их хохирол амсаж, хэсэг хугацаанд бошиглогч Иосефт таагүй ханддаг болсон аж.10 Тэрээр Иосефыг хурцаар шүүмжилсэн захидал бичиж, индрээс түүнийг эсэргүүцэж байгаагаа хэлсэн байна. Гэсэн ч Парлей Мормоны Ном, Сургаал ба Гэрээнд итгэсэн хэвээр гэдгээ хэлж байсан юм.11

Ахлагч Пратт эхнэрээ мөн газар, гэр орноо алдсан. Парлей Иосефт хэлэлгүйгээр Миссури руу явсан байна. Миссури орох замдаа тэрээр Көртланд руу буцаж явсан төлөөлөгч Томас Б.Марш, Давид Паттентай санамсаргүй тааралдав. Тэд Чуулгад эв нэгдлийг сэргээх нь юу юунаас илүү хэрэгтэй байгааг хэлээд, Парлейг хамт буцахыг ятгажээ. Хэн ч Иосеф Смит болон түүний гэр бүлээс илүү ихийг алдаагүй гэдгийг тэр ухаарсан юм.

Парлей бошиглогчийг олж очоод, мэгшин уйлж, буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрчээ. Эхнэр Тэнкфул нь өнгөрснөөс хойш хэдэн сарын турш Парлей “хар манан дунд” явж, айдаст автан, сэтгэлээр унасан байлаа.12 Эсэргүүцэл, уруу таталттай нүүр тулах нь ямар хэцүү болохыг Иосеф өөрийн биеэр мэдэх тул Парлейг “тэр дор нь уучилж”, түүний төлөө залбирч мөн түүнийг адисалжээ.13 Парлей болон итгэлтэй үлдсэн бусад хүн Көртландын сорилтын үр дүнд адислагдсан юм. Тэдний мэргэн ухаан тэлж, илүү уужим сэтгэлтэй, ариун журамтай болцгоожээ. Энэ туршлага итгэлийнх нь суурь болсон юм.

Зовлон бэрхшээлийг Их Эзэн таагүй хандаж байна эсвэл адислалаа эргүүлэн авч байна гэж үзэж болохгүй. Бүх зүйл эсрэг тэсрэг байдаг нь биднийг мөнхийн селестиел хувьд заяанд маань бэлддэг цэвэршүүлэх галын нэг хэсэг юм.14 Бошиглогч Иосефыг Либерти шоронд хоригдож байхад Их Эзэний үгс зовлон бэрхшээл, гүтгэлэг гэх мэт төрөл бүрийн сорилтыг дурдаад эцэст нь:

“Хэрэв тамын эрүү чиний араас амаа томоор ангайлгах аваас, эдгээр бүх зүйл чамд туршлага суулгах болно, мөн чиний сайн сайхны төлөө байх болно гэдгийг чи мэдэгтүн, хүү минь.

Хүний Хүү тэд бүгдэд доош бууж ирсэн юм. Чи түүнээс илүү агуу гэж үү?”15 хэмээн хэлсэн юм.

Түүнчлэн Их Эзэн Иосеф Смитэд өгсөн энэ заавартаа түүний өдрүүдийн тоог мэдэх бөгөөд цөөн байх нь үгүй хэмээн тодорхой тайлбарласан. Их Эзэн “хүний хийж чадах юмнаас бүү эмээ, учир нь Бурхан чамтай үүрд мөн мөнхөд хамт байх болно”16 хэмээн төгсгөлд нь хэлжээ.

Тэгвэл юуг итгэлээс ирдэг адислалууд гэх вэ? Итгэл юуг хийж гүйцэлдүүлдэг вэ? Хариулт нь нэлээд урт жагсаалт болно. Тэдгээр нь:

Бид Христэд итгэдэг учраас бидний нүгэл өршөөгдөх боломжтой.17

Итгэсэн хүн бүр Ариун Сүнстэй харилцах боломжтой.18

Христийн нэрэнд итгэснээр аврал ирдэг.19

Бид Христэд итгэх итгэлийнхээ дагуу хүчийг хүлээн авдаг.20

Итгэлийнхээ дагуу өөрсдийн өмсгөлийг Христийн цусаар угаагаагүй хэн боловч Их Эзэний амралтад орох нь үгүй.21

Залбирлууд итгэлийн дагуу хариулагддаг.22

Хүмүүний дунд итгэл үгүй бол Бурхан тэдний дунд ямар ч гайхамшгийг үйлдэж эс чадах буюу.23

Эцэст нь хэлэхэд Есүс Христэд итгэх итгэл нь бидний мөнхийн аврал, өргөмжлөлийн нэн чухал суурь билээ. Хиламан хөвгүүддээ заасанчлан, “Бурханы Хүү, Христ болох, бидний Гэтэлгэгчийн хадан дээр та нар сууриа тавих ёстойг санагтун; … хүмүүн нь үүний дээр баривал унах аргагүй суурь болох хадны учир болой.” 24

Энэхүү чуулганаар дамжуулан итгэлийн суурь хүчирхэгжиж байгаад би талархаж байна. Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлийн сууриа хүчирхэгжүүлэхийн тулд шаардлагатай золиослол гаргаж, даруу байхад би та бүхнийг уриалж байна. Би Түүний талаар өөрийн баттай гэрчлэлийг үлдээж байна, Есүс Христийн нэрээр амен.

Эшлэлүүд

  1. Малколм Гладвелл, Outliers: The Story of Success (2008), 40-ийг үзнэ үү. Тэр мэдрэл судлаач Даниел Левитины үгийг эш татав.

  2. Брайнт Хинкли Вадсвөртийн нас барсан талаарх мэдээ, Deseret News, 2017 оны 1-р сарын 15, legacy.com/obituaries/deseretnews.

  3. 2 Нифай 28:30-ийг үзнэ үү. Бид ямар нэг асуудлын талаарх бүх мэдээллийг эсвэл үүнтэй холбоотой бүх зарчмыг нэг дор хүлээн авдаггүй. Тэдгээр нь шаардлагатай үед, шат шатаар, дүрэм дүрмээр өгөгддөг.

  4. 1830 онд хэвлэгдсэн Мормоны Номон дээр Иосеф Смит, “Би Бурханы бэлэг ба хүчээр орчуулсан гэдгээ та бүхэнд мэдэгдэж байна” хэмээн бичсэн байдаг (Мормоны Номын удиртгалыг үзнэ үү [1830]). Мормоны Номын дараа дараагийн хэвлэлүүдэд: “Ялтсуудыг Иосеф Смитэд өгсөн бөгөөд тэр Бурханы бэлэг хийгээд хүчээр орчуулсан бөлгөө” гэсэн ижил утгатай мэдэгдэлийг оруулсан байна (introduction to the Book of Mormon [2013]-ийг үзнэ үү).

  5. Оорсон Пратт Иосеф Смитийг Шинэ Гэрээг орчуулж байхад нь олон удаа хамт байсан бөгөөд энэ ажилд зэмсгүүдийг ашиглахгүй байгааг нь хараад гайхжээ. “Иосеф түүний бодлыг уншсан юм шиг дээш хараад, илчлэлтийн Сүнсэнд туршлагагүй байхад Их Эзэн өөрт нь Урим ба Туммимыг өгсөн хэмээн тайлбарласан аж. Харин одоо тэрээр Сүнс хэрхэн ажилладгийг маш сайн ойлгосон учраас түүнд зэмсгийн тусламж хэрэггүй болсон байв” (“Two Days’ Meeting at Brigham City, June 27 and 28, 1874,” Millennial Star, 1874 оны 8-р сарын 11, 499; мөн Бага Ричард Э.Төөрлий, Робин С. Жэнсэн ба Марк Ашхөрст-Макгий, “Joseph the Seer,” Liahona, 2015 оны 10-р сар, 10–17-г үзнэ үү).

  6. Номлолын ерөнхийлөгч нь ерөнхий эрх мэдэлтэн асан ахлагч Марион Д.Хэнкс байсан байна.

  7. Лук 8:43–48-ыг үзнэ үү.

  8. Үйлс 2-ыг үзнэ үү.

  9. Мозая 2:36–37, Хэнри Б.Айринг, “Spiritual Preparedness: Start Early and Be Steady,” Liahona, 2005 оны 11-р сар: “Тиймээс, амьдрал дахь агуу сорилт бол амьдралын зовлон бэрхшээлийн шуурган дунд Бурханы зарлигуудыг анхааралтай сонсож, дуулгавартай дагаж байна уу гэдгийг харах явдал мөн. Амьдралын зовлон бэрхшээлийн шуургыг тэвчин туулах нь гол зүйл биш, харин тэдгээрийг улангасан догширох үед зөв сонголт хийх явдал юм. Амьдралын эмгэнэл нь энэ сорилтод унах ба тэгснээр тэнгэр дэх гэртээ алдар сууд эргэн очиж чадахгүйд хүрэх явдал юм.”

  10. Тэррил Л.Гивэнс ба Маттью Ж.Грөү, Parley P. Pratt: The Apostle Paul of Mormonism (2011), 91–98; Удиртгал болон 5-р хэсгийн удиртгал, The Joseph Smith Papers, Documents, Volume 5: October 1835–January 1838, хянасан Брэнт М. Рожэрс ба бусад хүн (2017), xxviii–xxxi, 285–293-ыг үзнэ үү.

  11. The Joseph Smith Papers, Documents, Volume 5: October 1835–January 1838 дээрх “Праттаас Иосеф Смитэд илгээсэн захидал, 1837 оны 5-р сарын 23”, 386–391-ийг үзнэ үү.

  12. Histories of the Twelve, 1856–1858, 1861 дээрх “History of John Taylor by Himself,” 15, Сүмийн түүхийн сан; Гивэнс ба Грөу, Parley P. Pratt, 101–102-ыг үзнэ үү.

  13. The Autobiography of Parley P. Pratt, хянасан Бага Парли П. Пратт (1874), 183–211-ийг үзнэ үү.

  14. 2Нифай 2:11-ийг үзнэ үү.

  15. Сургаал ба Гэрээ 122:7-8.

  16. Сургаал ба Гэрээ 122:9.

  17. Инос 1:5-8-ыг үзнэ үү.

  18. Жером 1:4-ийг үзнэ үү.

  19. Моронай 7:26, 38-ыг үзнэ үү.

  20. Алма 14:26-г үзнэ үү.

  21. 3Нифай 27:19-ийг үзнэ үү.

  22. Моронай 7:26-г үзнэ үү.

  23. Ифер 12:12-ыг үзнэ үү.

  24. Хиламан 5:12.