2010–2019
Бурханы гэр бүлийг цуглуулах нь
2017 оны 4-р сар


Бурханы гэр бүлийг цуглуулах нь

Бурхан Эцэг хүүхдүүдээ гэртээ гэр бүлээрээ, алдар суутай эргэн ирээсэй хэмээн хүсдэг.

Хайрт ах, эгч нар аа! Би Ерөнхий чуулганы энэ хуралдааныг эхлэхэд та бүхэнтэй хамт байх боломжтой байгаадаа баярлаж байна. Би та бүхнийг тавтай морилно уу хэмээн чин сэтгэлээсээ урьж байна.

Ерөнхий чуулган хожмын үеийн гэгээнтнүүдийн цугларч уулздаг цаг мөч байсаар ирсэн. Бид нэг газар өөрийн биеэр хүрэлцэн ирж цуглах боломжгүй болоод удаж байгаа ч Их Эзэн та бүхнийг хаана ч байсан бай, Ерөнхий чуулганы адислалаас хүргэх арга замыг хангаж өгсөн. Ерөнхий чуулганы энэ том төвд гэгээнтнүүд цугларч байгааг харахад гайхалтай байдаг бөгөөд бид чуулганыг үзэж, сонсохоор дэлхийн өнцөг булан бүрд бидэнтэй хамт цугларсан сая сая хүнийг индэр дээрээс оюуныхаа мэлмийгээр харж байдаг билээ. Та нарын дунд олон хүн гэр бүлийнхэнтэйгээ, зарим нь найз нөхөд, Сүмийн гишүүдтэйгээ хүрэлцэн ирсэн байна.

Миний дуу хоолойг хаана, ямар арга замаар сонсож байгаагаас үл хамааран, та бүхэн бидэнтэй хамт биеэрээ биш ч сүнсээрээ хамт байгааг бид мэдэрч байгаа гэдгийг бүү мартаарай. Та бүхнийг бидэнтэй нэгдмэл гэдгээ мөн итгэгчдийг Есүс Христийн нэрэн доор цугларах болгонд ирдэг сүнсний хүчийг мэдрэх байх хэмээн бид найдаж байна.

Би өнөөдөр та бүхэндээ өөр нэгэн цугларалтын талаар ярих хэрэгтэй гэдгээ мэдэрлээ. Үүнийг Ерөнхий чуулганы адил зургаан сар тутамд нэг удаа хийгээд байдаггүй. Харин энэ нь Сүмийн Сэргээлтийн эхний өдрүүдээс эхлэн тасралтгүй явагдсаар ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд шаргуу явагдаж байгаа. Би Бурханы гэр бүлийн цугларалтын тухай ярьж байна.

Энэ цугларалтыг тайлбарлахын тул биднийг төрөхөөс өмнөх буюу Библид “эхэнд” (Эхлэл 1:1) хэмээн нэрлэсэн цаг үеэс эхлэх нь зүйтэй байх. Тэр үед бид Тэнгэрлэг Эцэгтэйгээ хамт Түүний сүнсэн хүүхдийн хувиар амьдарч байсан. Энэ нь дэлхий дээр амьдарч байсан бүх хүний хувьд үнэн юм.

“Ах,” “эгч” гэсэн нэр нь бидний хувьд зүгээр нэг найзархаг мэндчилгээ, хайр энэрлээ илэрхийлсэн үг хэллэг биш. Энэ нь Бурхан бол үнэхээр хүн төрөлхтний Эцэг бөгөөд бидний хүн нэг бүр Түүний мөнхийн гэр бүлийн хэсэг хэмээх мөнхийн үнэнийг илэрхийлдэг. Тэр биднийг төгс Эцэгийн хувиар хайрладаг тул өсөж хөгжин, сайжирсаар Өөртэйгөө адилхан болоосой хэмээн хүсдэг. Тэр бидэнд гэр бүлээрээ дэлхийд ирэн мөн Өөр дээр нь эргэн очиж, Өөртэйгөө адил амьдрахад бэлдэх туршлага олж авах төлөвлөгөөг бэлдсэн.

Есүс Христийн биднийг нүглээс болон үхлээс аврахын тулд Өөрийгөө золиосолно хэмээн өгсөн амлалт уг төлөвлөгөөний төвд байв. Энэ төлөвлөгөөгөөр бидний хийх зүйл бол сайн мэдээний хууль, ёслолд дуулгавартай байснаар Аврагчийн золиослолыг хүлээн авах явдал юм. Та бид бүгдээрээ энэ төлөвлөгөөг хүлээн зөвшөөрсөн. Үнэндээ, Эцэгийнхээ оршихуйг орхин, тэр ч бүү хэл Түүнтэй хамт байхад болж өнгөрсөн зүйлийг мартсан байх ёстой ч бид үүнд баярласан.

Гэхдээ биднийг энд огт хоосон илгээгээгүй. Бидний хүн нэг бүрд “Христийн гэрэл” хэмээн нэрлэгддэг Бурханы гэрлээс таслан өгсөн бөгөөд энэ нь бидэнд сайн муу, зөв бурууг ялган танихад тусалдаг. Тиймээс Эцэгийн төлөвлөгөөний талаарх бага эсвэл бүр ямар ч мэдлэггүй хүмүүс ч гэсэн зарим үйлдлийг зөв шударга, ёс зүйтэй гэж үздэг байхад заримыг нь буруу гэдгийг мэдэрдэг.

Хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлж байхад маань бидний зөв, бурууг ялган таних мэдрэмж маш хурц болдог юм шиг санагддаг. Бараг бүх эцэг эхэд үр хүүхдүүддээ ёс суртахууны үнэт чанарыг зааж сургах гэсэн төрөлхийн хүсэл сууж өгсөн байдаг. Харин энэ нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний гайхамшгийн нэг хэсэг юм. Тэрээр хүүхдүүдээ тэнгэрт орших мөнхийн гэр бүлийн загварын дагуу дэлхий дээр ирээсэй хэмээн хүсдэг. Гэр бүл нь мөнхийн хаанчлалын үндсэн нэгж учраас Тэрээр үүнийг дэлхий дээр ч мөн адил үндсэн нэгж болгохыг зорьсон. Дэлхий дээрх гэр бүлүүд төгс биш ч энэ нь тэнгэрт мэдэрч байсан хайртай нь хамгийн ойр дөхөж очих эцэг эхийн хайраар Бурханы хүүхдүүдийг дэлхийд утган авах хамгийн сайхан боломжийг өгдөг. Түүнээс гадна гэр бүл нь Бурханы оршихуйд эргэн очиход хөтлөх ёс суртахууны үнэт зүйлс, үнэн зарчмуудыг хадгалж, уламжлуулан үлдээх хамгийн сайн арга зам юм.

Энэ амьдралдаа Бурханы хүүхдүүдээс цөөн хэд нь л Түүний төлөвлөгөөний талаар төгс ойлголттой болохын зэрэгцээ амьдрал дээр Аврагчийн цагаатгагч хүчийг бүрэн ажиллагаанд оруулдаг санваарын ёслолыг хүлээн авч, гэрээнд орох боломжтой байдаг. Хамгийн сайн эцэг эхтэй, өөрт байх гэрлийн дагуу итгэлтэй амьдардаг хүмүүс хэзээ ч Есүс Христийн мөн Түүний Цагаатгалын талаар сонсож, Түүний нэрээр баптисм хүртэх урилга авахгүй байж болно. Дэлхийн түүхэнд тоолж баршгүй олон ах эгч ийнхүү амьдарсан нь үнэн билээ.

Зарим нь үүнийг шударга бус гэж үздэг байж магадгүй. Тэр ч бүү хэл тэд үүнийг авралд зориулсан төлөвлөгөө, тодорхой шаардлага гэж байхгүй гэдгийн нотолгоо хэмээн үзэн, биднийг хайрладаг шударга Бурхан Өөрийн хүүхдүүдийн өчүүхэн хэсэгт зориулан төлөвлөгөө боловсруулан гаргахгүй хэмээн боддог байж магадгүй. Харин зарим нь Бурхан аль хүүхдээ аварч, алинд нь сайн мэдээнээс сонсох боломж олгохоо урьдаас тодорхойлсон бөгөөд сайн мэдээг огт сонсож байгаагүй хүмүүс ердөө л “сонгогдоогүй” байх гэсэн дүгнэлт хийдэг байж болох юм.

Гэхдээ та бид Бурханы төлөвлөгөө үүнээс хамаагүй энэрэнгүй гэдгийг бошиглогч Иосеф Смитээр сэргээгдсэн үнэнээр дамжуулан мэднэ. Тэнгэрлэг Эцэг маань гэр бүлийнхнийгээ бүрэн цуглуулж, адислахыг тэсэн ядан хүлээж байгаа. Хэдийгээр бүгд цугларах сонголтыг хийхгүй гэдгийг Тэр мэдэж байгаа ч энэ төлөвлөгөө хүүхэд бүрд урилгыг нь хүлээн авах эсвэл татгалзах боломжийг олгодог. Харин гэр бүл уг төлөвлөгөөний төвд байдаг.

Хэдэн зууны өмнө бошиглогч Малахи ирээдүйд Бурхан Елиаг илгээн, “эцгүүдийн зүрх сэтгэлийг хүүхдүүд уруу нь, мөн хүүхдүүдийнхийг эцгүүд уруу нь эргүүл[нэ]” (Малахи 4:6) хэмээн хэлсэн.

Энэ бошиглол маш чухал учраас Аврагч амилсныхаа дараа Америкт ирэхдээ үүнийг эш татсан ( 3 Нифай 25:5–6-г үзнэ үү). Мөн тэнгэр элч Моронай бошиглогч Иосеф Смит дээр ирэхдээ Элиа, зүрх сэтгэл, эцгүүд, үр хүүхдүүд зэргийн талаарх бошиглолыг эш татсан байдаг ( Иосеф Смит—Түүх 1:36–39-ийг үзнэ үү).

Өнөөдөр 4-р сарын 1. Өнөөдрөөс хоёр хоногийн дараа буюу 4-р сарын 3-нд Малахигийн бошиглол биелсний 181 жилийн ой тохионо. Тэр өдөр Элиа ирж, бошиглогч Иосеф Смитэд гэр бүлийг мөнхөд лацдан холбох санваарын хүчийг өгчээ ( С ба Г 110:13–16-г үзнэ үү).

Тэр цагаас хойш гэр бүлийн түүхээ судлах сонирхол эрс өссөн. Хүмүүс өвөг дээдэс рүүгээ зүгээр сонирхсондоо биш харин чин сэтгэлээсээ татагдах болсон. Энэ сонирхлыг дэмжих угийн бичгийн номын сан, холбоо, техник технологи дэлхийн өнцөг буланд бүрд нэвтэрч байна. Интернэтийн хүч харилцаа холбоог сайжруулсан нь гэр бүлүүдэд хамтдаа гэр бүлийн түүхээ судлах ажлыг урьд хожид байгаагүй хурдан, нарийн нягт хийх боломж олгосон.

Яагаад энэ бүхэн тохиож байна вэ? Өөр тохирох нэр байхгүй учраас бид үүнийг “Элиагийн сүнс” хэмээн нэрлэдэг. Бид бас үүнийг бошиглолын биелэл ч гэж нэрлэдэг. Би Элиа үнэхээр ирсэн гэдгийг гэрчилье. Хүүхдүүдийн буюу та бидний зүрх сэтгэл эцгүүд, өвөг дээдэс рүүгээ эргэсэн. Өвөг дээдсээ хайрлах хайр тань уг бошиглол биелcний нэгээхэн хэсэг юм. Үүнийг таны хувь хүний сэтгэлийн угт гүн суулгаж өгсөн байдаг. Гэхдээ энэ нь удамшиж ирсэн ДНК-аас илүү зүйл юм.

Жишээлбэл: гэр бүлийн түүхээ илүү сайн мэдэх гэсэн сүнсний өдөөлтийг дагаснаар холын хамаатан тань тантай адил царай төрхтэй эсвэл ижил ном сонирхдог эсвэл дуулах авьяастай болохыг олж мэдэж болох юм. Энэ нь сонирхолтой бас сургамжтай байж болно. Гэхдээ та судалгаагаа энэ хүргээд зогсоовол ямар нэгэн юм дутагдаж байгааг мэдэрнэ. Яагаад гэвэл, Бурханы гэр бүлийг цуглуулж, нэгтгэх ажил нь зүгээр нэг халуун дулаан мэдрэмж авахаас илүү зүйлийг биднээс шаарддаг. Үүнийг хийхийн тулд санваарын ёслолуудаас гадна ариун нандин гэрээнд орох шаардлагатай.

Олон өвөг дээдэс тань эдгээр ёслолоос хүртээгүй ч Бурханы авралаар та хүртсэн билээ. Харин та өвөг дээдсээ хайрлаж, тэдэнд татагдахыг мөн танд тэднийгээ олоход шаардагдах техник технологи өгөгдөнө гэдгийг Бурхан бас л мэдэж байсан. Түүнээс гадна ёслолууд хийгддэг ариун сүмүүдэд орох боломж түүхэнд урьд өмнө хэзээ ч байгаагүй их олдох цаг үед амьдарна гэдгийг тань ч гэсэн Тэр мэдэж байв. Тэр ч бүү хэл өвөг дээдсийнхээ өмнөөс энэ ажлыг нь хийнэ гэдэгт танд итгэж болно гэдгийг Тэр бас мэдэж байсан.

Мэдээж, бидэнд анхаарлаа хандуулах, цаг зав шаардах олон яаралтай, чухал үүрэгт ажил бий. Бурханы биднээр хийлгэхийг хүссэн зарим ажил хүч чадлаас маань хэтэрсэн гэж бодох үе бид бүгдэд тохиолдож байсан. Аз болж Бурхан бидний хүн нэг бүрд гэр бүлийн түүх гэх мэт бүх үйлчлэлээсээ итгэл, сэтгэл ханамж олж авах боломжийг олгодог. Бид Аврагч “өөрийн зарлигийг [биднээр] гүйцэлдүүлэх замыг [бидэнд] зэхэлгүйгээр” (1 Нифай 3:7) ямар ч зарлиг буулгадаггүй гэдэгт итгэснээр Түүний хүчийг олж авдаг.

Би үүнийг үнэн болохыг өөрийн туршлагаас мэднэ. Олон жилийн өмнө би их сургуулийн оюутан байхдаа дэлхийн хамгийн том компьютерын компаниудын нэгэнд ажилладаг залуутай уулзсан юм. Тухайн үед компьютер дөнгөж хөгжиж эхэлж байсан бөгөөд компани нь түүнийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд компьютер борлуул хэмээн явуулсан байлаа.

Миний олж мэдсэнээр тэр ямар ч шашин шүтлэггүй нэгэн байв. “Энэ сүмд ‘угийн бичиг’ хэмээн нэрлэсэн нэгэн ажлыг явуулж, нас барсан хүмүүсийн нэрсийг хайн, өвөг дээдсээ олохыг хичээдэг. Хүмүүс, ялангуяа эмэгтэйчүүд бичиг баримтын шүүгээнүүд бүхий эгнээнүүдийн дундуур явж, жижиг картуудаас мэдээлэл цуглуулж байх юм. Хэрэв би зөв санаж байвал, эмэгтэйчүүд нь илүү хурдан явахын тулд кэт өмсдөг байсан” гэж тэр хэлсэн юм. “Би тэдний хичээл зүтгэл гарган хийх гэж байгаа ажил ямар агуу болохыг хараад, компьютер бүтээгдэх болсон шалтгааныг олж мэдсэн” гэж тэр эрэгтэй хэлжээ.

Тэр зарим зүйлийг зөв ойлгосон. Компьютер нь ирээдүйд хийгдэх гэр бүлийн түүхийн ажлын чухал хэсэг байсан ч яг түүний зарж байсан компьютер биш байлаа. Сүмийн удирдагч сүнсээр өдөөгдөн, түүний компьютерыг худалдаж авахгүй байхаар шийдсэн юм. Сүм нь тухайн үед төсөөлөлд ч багтамгүй технологийг хүлээх хэрэгтэй болсон. Харин үүнээс хойш би олон жилийн туршид хамгийн шилдэг технологи ч гэсэн Сүмийн удирдагчийн тэр үед хүлээн авсантай адил тэнгэрээс ирэх илчлэлтийг орлохгүй гэдгийг ойлгож авсан. Энэ бол сүнслэг ажил бөгөөд үүнийг Их Эзэн Өөрийн Ариун Сүнсээр удирдан явуулдаг билээ.

Хэдхэн долоо хоногийн өмнө би хажуудаа нэг зөвлөгч суулгаад, бас өөр нэгэн туслагчтай утсаар ярин, гэр бүлийн түүх дээрээ ажиллаж байв. Өмнө минь байх компьютерын дэлгэцэн дээр миний мөнх бус хүч чадлаас давсан асуудал гарч ирэх нь тэр. Би технологийн гайхамшгаар надад илгээсэн, ариун сүмийн ёслолоо хүлээсэн байх магадлалтай хоёр хүний нэрийг олж харлаа. Гэвч тэдний нэр өөр байсан нь асуудал үүсгэсэн ч надад нэг хүн байж магадгүй гэсэн мэдрэмж төрсөн юм. Харин би аль нь зөв болохыг олж тогтоох хэрэг гарав.

Намайг зөвлөгч нараасаа асуухад, тэд “Та шийдэх хэрэгтэй” гэж хэлсэн юм. Тэд үнэнийг олж мэднэ гэдэгт минь бүрэн итгэж байлаа. Харин компьютерын хүч ба өгсөн мэдээлэл нь дэлгэцэн дээрх нэрсийг ширтэн, байгаа мэдээллээ шалгаж, өөр судалгаа хийж, чимээгүйхэн дотроо залбирч, үнэнийг олох адислалыг надад өгсөн байв. Би тэнгэрийн тусламжинд тулгуурлан асуудлыг шийдвэрлэх шаардлага гарч байсан өөр тохиолдлуудын адил залбирч байхдаа юу хийх ёстойгоо ямар ч эргэлзээгүй мэдэж байлаа.

Бурхан гэр бүлээ цуглуулах ажилдаа туслуулахаар өөр ямар гайхамшгийг бүтээхэд хүмүүсийг сүнсээр өдөөхийг бид мэдэхгүй. Гэхдээ ямар ч гайхамшиг бүтээгдсэн бай, тэднийг ашиглахын тулд Сүнс та бидний адил хүмүүс дээр ажиллаж байх хэрэгтэй. Үүнд бид гайхах хэрэггүй байх. Эцсийн эцэст тэд Бурханы хөвгүүд, охид шүү дээ. Тэр хүүхдүүдээ Өөртөө ирүүлэхийн тулд хэрэгтэй бүхий л сүнслэг өдөөлтийг өгнө.

Сүүлийн жилүүдэд Сүмийн өсвөр үеийнхэн Элиагийн сүнсийг сүнслэг арга замаар дагадаг болсон. Олон өсвөр үеийнхэн хязгаартай ашиглах ариун сүмийн эрхийн бичигтэй болж, үүнийгээ үргэлж ашигладаг болжээ. Ариун сүмийн баптисмын сангууд өмнөхөөсөө илүү завгүй болж, зарим нь ирж буй залуучуудын өсөн нэмэгдэж буй тоонд зохицуулан хуваариа өөрчлөх хэрэгтэй болсон.

Ховор ч гэсэн өсвөр үеийнхэнд өвөг дээдсийнхээ нэрсийг ариун сүмд авчрахыг зөвшөөрдөг байсан. Харин одоо энэ нь хэвийн үзэгдэл болж, залуучууд өвөг дээдсээ өөрсдөө хайж олох нь ихэсчээ.

Түүнээс гадна олон өсвөр үеийнхэн цаг заваа гэр бүлийн түүхийн судалгаа, ариун сүмийн ажилд зарцуулах нь авралын төлөвлөгөөний талаарх таны гэрчлэлийг гүнзгийрүүлдэг болохыг олж мэдсэн. Энэ нь тэдний амьдрал дахь Сүнсний нөлөөг нэмэгдүүлж, дайсны нөлөөг сулруулсан. Мөн гэр бүлдээ болон Их Эзэн Есүс Христэд илүү ойртоход нь тусалсан байна. Тэд бас энэ ажил нь зөвхөн нас барагсдыг биш харин бид бүгдийг авардаг болохыг мэдсэн ( С ба Г 128:18).

Өсвөр үеийнхэн энэ алсын харааг бахархмаар хүлээн авсан бөгөөд харин одоо тэдний эцэг эх хоцрохгүй дагах хэрэгтэй байна. Одоо өсвөр үеийнхний хийсэн ажлын үр дүнд олон хүн сүнсний дэлхийд баптисм хүртсэн бөгөөд тэд зөвхөн насан хүрэгчдийн энэ дэлхий дээрх ариун сүмд хийлгэж чадах ёслолуудаа хүлээж суугаа. Тэнгэрлэг Эцэгийн гэр бүлийг цуглуулах ажил нь зөвхөн залуучуудад эсвэл тэдний эмээ өвөө нарт зориулагдаагүй. Энэ нь хүн бүрд зориулагдсан. Бид бүгдээрээ цуглуулагдсан хүмүүс.

Энэ ажил нь төлөөлөгч Паулын Бурхан “тэнгэр дэх юмс болон газар дээрх бүх юмсыг Христ дотор нэгтгэх зорилго[той]” (Ефес 1:10) гэж хэлэхдээ “цагийн дүүрэн” гэж нэрлэсэн бидний цаг үед хийх ажил бөлгөө. Үүнийг Бурханы Цорын Ганц Хүү Есүс Христийн цагаатгагч ажлаар дамжуулан хийх боломжтой болсон. Түүний ач тусаар “алс хол байсан [гэр бүлийн гишүүд маань] эдүгээ Христ Есүс дотор Христийн цусаар ойр болов. Учир нь Тэр Өөрөө бидний энх тайван мөн. Тэр хоёр хэсгийг нэг болгож, хуваагдлын ханыг ба дайсагналыг Өөрийн махан бие дотор устгав” (Ефес 2:13–14). Та надтай л адил өвөг дээдсийнхээ зургийг харан, тэднийгээ хайрлах хайр тань нэмэгдэж байгааг ойлгож, мэдэрсэн. Та ариун сүмд байхдаа нэрийн хуудсан дээрх нэрнээс нь илүү тэр таныг мэддэг болон таны хайрыг мэдэрсэн гэдгийг нь өөрийн эрхгүй мэдэрч байсан.

Би Бурхан Эцэг хүүхдүүдээ гэртээ гэр бүлээрээ, алдар суутай эргэн ирээсэй хэмээн хүсдэг гэдгийг гэрчилж байна. Их Эзэн амьд. Тэр энэ ажлыг удирдан, адисалдаг бөгөөд биднийг ажиглаж, дээрээс харж байдаг. Тэр бас Эцэгийнх нь гэр бүлийг цуглуулахад үзүүлж буй таны үйлчлэлд талархдаг гэдгийг мөн та бүхнийг эрэлхийлж хайсан хэрэгтэй сүнслэг тусламжаа хүлээн авна гэдгийг би амлаж байна. Есүс Христийн ариун нэрээр, амен.