2010–2019
Нинжин сэтгэл, энэрэл, хайр
2017 оны 4-р сар


Нинжин сэтгэл, энэрэл, хайр

Ах нар аа, амьдралдаа дүн шинжилгээ хийж, нинжин сэтгэл, хайр, энэрлийг үзүүлснээр Аврагчийн үлгэр жишээг дагах шийдвэр гаргацгаая.

Хайрт ах нар аа, миний хувьд Бурханы итгэлтэй санваартнуудын дэлхий даяарх цугларалтад та бүхэнд хандан үг хэлэх гэж байгаа нь нэр төрийн хэрэг билээ. Энэ орой би өмнө нь хэлж байсан сэдвээрээ үг хэлэх гэж байна.

Бошиглогч Моронай Аврагчийн чухал зан чанаруудын нэг буюу Түүний шавь нарын үлгэрлэн дуурайвал зохих зан чанарыг дүрслэн хэлсэн. Тэрээр:

“Хэрэв хүмүүн хүлцэнгүй даруу мөн зүрх сэтгэлдээ номхон, мөн Ариун Сүнсний хүчээр Есүс бол Христ гэдгийг хүлээн зөвшөөрдөг аваас, түүнд энэрэл байх нь гарцаагүй; учир нь түүнд энэрэл үгүй бол тэр хэн ч биш билээ; иймийн тул түүнд энэрэл байх нь гарцаагүй.

Мөн энэрэл бол удаан тэсвэрлэдэг, мөн сайхан сэтгэлтэй, мөн атаархаж жөтөөрхөх нь үгүй, мөн онгирч хөөрдөггүй, өөрийнхийгөө эрэлхийлдэггүй, амар өдөөн хатгагддаггүй.

Иймийн тул, хайрт ах дүүс минь, хэрэв та нарт энэрэл үгүй бол, та нар хэн ч биш, учир нь энэрэл хэзээ ч дуусдаггүй; иймийн тул, бүхнээс илүү агуу тэрхүү энэрлээс зууран барь, учир нь бүх зүйл дуусах ёстой---

Гэвч энэрэл бол Христийн цэвэр хайр, мөн энэ нь үүрд үл цөхрөх ажгуу; мөн эцсийн өдөр үүнийг эзэмшиж байгаа хэнд боловч, түүнд сайн байх болно.”1

Ах нар аа, хэрэв бид бусдад эелдэг ханддаггүй бол Бурханы санваарыг хүндлэхгүй байна гэсэн үг юм.

Миний хайрт найз, хамтран зүтгэгч Жозеф Б.Вөртлин үнэхээр нинжин сэтгэлтэй хүн байсан. Тэр:

“Нинжин сэтгэл нь селестиел амьдралын үндсэн зарчим билээ. Нинжин сэтгэл бол Христийнхтэй адил зан чанартай хүний бусдад ханддаг хандлага юм. Нинжин сэтгэл нь ажил, сургууль, сүм, ялангуяа гэр орон дахь бидний үг, үйлдэлд шингэсэн байх ёстой.

Есүс, бидний Аврагч өөрөө нинжин сэтгэл, өрөвч нигүүлсэнгүй байдлын агуу жишээ байсан” гэж хэлсэн.2

Судрууд нинжин сэтгэл, энэрэл, хайрын зарчмын дагуу амьдарснаар санваарыг зөв шударгаар эзэмшдэг гэж бидэнд заадаг. Сургаал ба Гэрээнээс бид:

Хүч буюу нөлөө нь санваарын ариун журмаар төдийгүй гагцхүү сэнхрүүллээр, эелдэг зөөлөн хийгээд номхон дөлгөөнөөр, чин сэтгэлийн хайраар тэтгэгдэж чадах буюу байх ёстой ажгуу;

Нинжин сэтгэл, мөн цэвэр мэдлэгээр энэ нь зусардалтгүйгээр мөн заль мэхгүйгээр оюун санааг агуу ихээр өргөжүүлэн тэлдэг буюу”3 хэмээн уншдаг.

Ах нар аа, амьдралдаа дүн шинжилгээ хийж, нинжин сэтгэл, хайр, энэрлийг үзүүлснээр Аврагчийн үлгэр жишээг дагах шийдвэр гаргацгаая. Ийн үйлдсэнээр бид тэнгэрлэг гэр рүүгээ эргэн очих энэхүү бэрх аялалдаа өөрсдийнхөө төлөө болон гэр бүл, хамт аялагчдынхаа төлөө тэнгэрийн хүчийг дуудах илүү их боломжтой байх болно. Ийнхүү би Их Эзэн Есүс Христийн нэрээр залбирч байна, амен.