2010–2019
Ариун Сүнс биднийг хөтлөг
2017 оны 4-р сар


Ариун Сүнс биднийг хөтлөг

Тэнгэрлэг үүргийнхээ дагуу Ариун Сүнс биднийг Их Эзэний гэрэлд алхахад нөлөөлдөг төдийгүй гэрчилж, зааж, сануулдаг.

Ах эгч нар аа, би та нартай л адил Их Эзэнийг ажлаа ерөнхийлөгч Томас С.Монсоноор дамжуулан яаравчлуулж байгааг энэ өглөөний захиасаас сонслоо. “Бидний эрхэм бошиглогч”1 ерөнхийлөгч Монсон танд бид хайртай бөгөөд таныг дэмжиж, таны төлөө үргэлж залбирдаг.

Бид энэ амралтын өдрүүдэд Сүнс юүлэн асгарахыг мэдэрлээ. Та нар энэ сайхан танхимд юм уу гэртээ эсвэл дэлхийн аль нэгэн хэсэгт байх цуглааны байранд цуглараад сонсохын аль алинаас үл хамааран Их Эзэний Сүнсийг мэдрэх боломжтой. Уг Сүнс энэ чуулганы үеэр зааж сургасан зүйлс үнэн болохыг таны зүрх сэтгэл, оюун ухаанд баталдаг.

Бидний сайн мэдэх нэгэн дууллын үгсийг авч үзье.

Ариун Сүнс биднийг хөтлөөд;

Бидэнд үнэнийг сургана.

Бидэнд Христийг гэрчилнэ,

Тэнгэр дэх гэрт маань хүргэнэ.2

Бид хожмын үеийн бошиглолоос Бурхан Тэргүүтэн нь Тэнгэр дэх Эцэг, Түүний Төрсөн Ганц Хүү Есүс Христ, Ариун Сүнс гэсэн гурван өөр, салангид биесээс бүрддэг гэдгийг мэднэ. Бид бас “Эцэг хүмүүнийхтэй адил мэдрэгдэх мах хийгээд ясан биетэй болой; Хүү ч бас адил бөлгөө; харин Ариун Сүнс бол мах хийгээд ясан биегүй харин Сүнсэн хүн буюу. Ийм бус байх аваас, Ариун Сүнс бидэн дотор оршиж чадах нь үгүй бөлгөө”3 гэдгийг мэднэ.

Миний өнөөдрийн захиас Ариун Сүнс бидний амьдралд ямар чухал болох тал дээр төвлөрнө. Тэнгэр дэх Эцэг маань биднийг мөнх бус оршихуйд саад бэрхшээл, зовлон зүдгүүр, үймээн самуунтай нүүр тулна гэдгийг мэдэж байсан. Бас эргэлзээ, урам хугарал, уруу таталт, сул дорой байдалтай тэмцэнэ гэдгийг ч мэдэж байсан. Тэрээр мөнх бус байдалд хүч чадал, тэнгэрлэг удирдамж өгөхийн тулд бидэнд Ариун Сүнсийг өгсөн билээ.

Ариун Сүнс биднийг Их Эзэнтэй холбодог. Тэнгэрлэг үүргийнхээ дагуу Тэр биднийг Их Эзэний гэрэлд алхахад нөлөөлдөг төдийгүй гэрчилж, зааж, сануулдаг. Бид өөрсдийн амьдралд Ариун Сүнсний нөлөөг таньж сурах ариун нандин үүрэг хүлээсэн.

Их Эзэний: “Үнэнээр, үнэнээр, би чамд хэлнэ, оюуныг чинь гэгээрүүлж, сүнсийг чинь баяраар дүүргэх Сүнснээсээ би чамтай хуваалцах болно”4 гэсэн амлалтыг бүү март. Би энэ амлалтад дуртай. Бодгалийг маань дүүргэх баяр баясгалан бидэнд өдөр тутмын амьдралаа мөнхийн талаас нь харахад тусалдаг. Энэ баяр баясгалан нь зовж зүдрэн, сэтгэлээр унах үед амар амгаланг авчирдаг юм. Энэ нь тайвшруулж, зоригжуулж, сайн мэдээний үнэнийг нээж, бидний Их Эзэний төлөөх мөн Бурханы бүх хүүхдээ гэсэн хайрыг өсгөн нэмэгдүүлдэг. Хэдийгээр ийм адислалын хэрэгцээ их байгаа ч дэлхийнхэн олон талаараа тэдгээрийг мартаж, хөсөр хаясан.

Бид долоо хоног бүр ариун ёслолоос хүртэхдээ Их Эзэн Есүс Христийг болон Түүний цагаатгагч золиослолыг “үргэлж түүнийг сана[на]” хэмээн гэрээ хийдэг. Бид энэхүү гэрээг хүндэтгэн сахих юм бол “түүний Сүнсийг үргэлж [өөрсөдтэйгөө] хамт бай[лгана]”5 хэмээн амласан.

Бид үүнийг хэрхэн хийх вэ?

Нэгдүгээрт, бид Сүнстэй байхын тулд зохистой байхыг хичээх ёстой.

Ариун Сүнс “Их Эзэн Бурханаа өдрөөс өдөрт дурсан санахдаа хичээнгүй”6 хүмүүсийг дагалддаг. Их Эзэн бидэнд “илүү сайн зорилгын төлөө дэлхийн зүйлүүдийг хойш тавих”7 ёстой, учир нь “Их Эзэний Сүнс ариун бус дугануудад үл орши[но]”8 хэмээн зөвлөсөн. Бид үргэлж Бурханы зарлигуудыг дагахыг хичээн, судраас судалж, залбирч, ариун сүмд орж, итгэлийн арван гуравдугаар тунхагт бичсэнчлэн “шударга, үнэнч, ариун явдалтай, нинжин сэтгэлтэй, ач буянтай бай[ж] мөн бүх хүмүүст сайн сайхныг үйлдэ[ж]” амьдрах ёстой.

Хоёрдугаарт, бид Сүнсийг хүлээн авах хүсэлтэй байх ёстой.

Их Эзэн “Тийм ээ, болгоогтун, чамд ирж мөн зүрх сэтгэлд чинь орших Ариун Сүнсээр оюунд чинь мөн зүрх сэтгэлд чинь би чамд ярих болно”9 хэмээн амласан. Би үүнийг Нью Жэрсигийн Скотч Плэйнсд залуу номлогч байхдаа ойлгож эхэлсэн. Нэгэн шатам халуун өглөө хамтрагч бид хоёрт Ариун сүмийн талбайгаас мэдээллийг нь ирүүлсэн нэгэн хүн дээр оч гэсэн мэдрэмж төрсөн юм. Бид Элвүүд Шаффэрын гэрийн хаалгыг тогшив. Хатагтай Шаффэр биднийг хүлээж авсангүй.

Түүнийг хаалгаа хаах үед надад урьд өмнө болон түүнээс хойш хэзээ ч хийгээгүй нэгэн зүйлийг хий гэсэн мэдрэмж төрөв. Би хөлөө хаалганд нь хавчуулаад, “Бидний захиасыг сонсохыг хүсэж байгаа өөр хэн нэгэн хүн байна уу?” гэж асуулаа. Түүний 16 настай охин Марти сонирхож, өмнөх өдөр нь удирдамж авахаар чин сэтгэлээсээ залбирсан байжээ. Марти бидэнтэй уулзаж, удалгүй ээж нь ч ярианд оролцов. Тэд хоёулаа Сүмд нэгдсэн юм.

Зураг
Ахлагч Расбанд номлогч байхдаа

Марти баптисм хүртсэнээр гэр бүлийнхнийг нь оролцуулаад нийт 136 хүн баптисм хүртэж, сайн мэдээний гэрээнд орсон билээ. Би тэр долоодугаар сарын аагим халуун өдөр Сүнсийг сонсож, хөлөө хаалганд нь хавчуулсандаа хэчнээн их баярладаг гээч! Өнөөдөр Марти хайрт гэр бүлийнхээ зарим гишүүнтэй хамт энд байгаа.

Гуравдугаарт, бид Сүнсийг ирэхэд таньдаг байх ёстой.

Өөрийн туршлагад үндэслэн хэлэхэд, Сүнс бидэнтэй ихэвчлэн мэдрэмжээр харилцдаг. Та үүнийг “таныг өдөөдөг” танил, ойлгомжтой үгсээс мэдэрдэг. Нифайчууд өөрсдийнх нь төлөө Их Эзэний залбирахыг сонсоод, хэрхэн хүлээн авсан талаар бодож үзээрэй. “Мөн цугласан олон сонссон мөн гэрчилдэг билээ; мөн тэдний зүрх сэтгэл нээлттэй байж мөн тэд түүний залбирсан үгсийг зүрх сэтгэлдээ ойлгосон болой.”10 Тэд Түүний залбирлын үгсийг зүрх сэтгэлдээ мэдэрсэн байлаа. Ариун Сүнсний дуу хоолой намуухан, зөөлөн байдаг.

Хуучин Гэрээн дээр Елиа Баалын пристүүдтэй тэмцэлддэг. Пристүүд Баалын “дуу хоолойг” аянга болон буун ирж, тахилыг нь галаар шатаахыг хүлээж байжээ. Харин дуу ч, гал ч гарсангүй.11

Дараа нь Елиа залбирсан аж. “Асар их хүчтэй салхи ЭЗЭНий өмнөх уулсыг цуулж, хаднуудыг хэсэглэн буталж байсан боловч тэр салхин дотор ЭЗЭН байсангүй. Салхи өнгөрөн одсоны дараа газар хөдөлсөн боловч тэр газар хөдлөлтийн дотор ч ЭЗЭН байсангүй.

Газар хөдлөлтийн дараа гал гарсан боловч ЭЗЭН гал дотор байсангүй. Харин гал гарсны дараа намуун хүнгэнэх дуу гарлаа.”12

Та тэр дуу хоолойг мэдэх үү?

Ерөнхийлөгч Монсон бидэнд “Бид амьдрал гээч аяллынхаа явцад Сүнсний хэлийг сурах болтугай”13 хэмээн заасан. Сүнс бидэнтэй бидний “мэдрэх” үгээр ярьдаг. Эдгээр мэдрэмж ямар нэгэн зүйлийг хэл, хий мөн тодорхой байдлаар хариу үйлд хэмээн зөөлөн нудардаг. Хэрэв бид шүтэн бишрэхдээ хайнга, хэнэггүй байж, дэлхийн зүйлд татагдах юм бол мэдрэх чадвар маань буурсан байхыг олж мэднэ. Нифай Лемен, Лемүел хоёрт “Та нар түүний дуу хоолойг цагаас цагт сонссон; мөн тэрээр намуухан зөөлөн дуугаар та нарт ярьсан, гэвч та нар мэдрэхээс өнгөрсөн, иймээс та нар түүний үгсийг мэдэрч чадсангүй”14 хэмээн хэлжээ.

Өнгөрсөн долоодугаар сард би Латин Америкт ажлаар очив. Бид 10 хоногт багтаан Колумб, Перу, Эквадорт айлчлах шахуу хуваарьтай байлаа. Том газар хөдлөлтөөр олон зуун хүн амиа алдаж, хэдэн арван мянган хүн бэртэж гэмтэн, Эквадорын Портовиехо, Манта хотууд дахь барилга байшин, суурин газрууд сүйрчээ. Надад тэр хотуудын гишүүд дээр очих ажлыг хуваарьтаа нэмж оруулах нь зүйтэй гэсэн мэдрэмж төрөв. Зам эвдэрч сүйдсэн байсан учраас очиж чадах эсэхээ ч сайн мэдэхгүй байлаа. Үнэндээ, бидэнд тийшээ очих боломжгүй гэж хэлж байсан ч өнөөх мэдрэмжийг мэдэрсээр л байсан бөгөөд бид ч адислагдаж, хоёр хотод хоёуланд нь очих боломж олдсон юм.

Цаг бага байсан учраас яаруу давчуу зохион байгуулсан цуглаанд орон нутгийн цөөхөн санваарын удирдагч л оролцоно гэж би бодож байлаа. Харин гадасны төвүүдэд очиход цуглааны байрууд индрээс эхлээд арын хана хүртэл битүү хүнтэй байхыг би олж харсан юм. Тэнд байсан хүмүүсийн зарим нь бусдыг өөрсөдтэйгөө нэгдэн, шүтэн бишрэхэд болон амьдралдаа Сүнсийг урихад урамшуулдаг, бүс нутагтаа үнэнийг баримтлагч, Сүмээс чанга зууран барьсан анхдагчид байлаа. Нүүрний эгнээнд суусан гишүүд хайртай хүмүүсээ болон хөршүүдээ газар хөдлөлтөд алдсан хүмүүс байв. Хүрэлцэн ирсэн бүх хүнд адислал өг гэсэн сүнслэг мэдрэмж надад төрж, төлөөлөгч болсныхоо дараах хамгийн анхны адислалаа өгч билээ. Хэдийгээр би өрөөний нүүрэн талд зогсож байсан ч миний гар тэдний хүн нэг бүрийн толгой дээр байгаа юм шиг мэдрэгдэж, Их Эзэний үгс надаас ундран гарсан юм.

Зураг
Ахлагч Расбанд, Расбанд эгч хоёр Өмнөд Америкт

Үйл явдал үүгээр дуусаагүй. Надад Есүс Христ Америк тив дэх хүмүүс дээр очихдоо: “Мөн тэрээр тэдний бяцхан хүүхдүүдийг нэг нэгээр нь авч, мөн тэднийг адислав, мөн тэдний төлөө Эцэгт хандан залбирав”15 гэсний адил хий гэсэн мэдрэмж төрөв. Бид Эквадорт Эцэгийнхээ ажлыг хийж байсан ба харин тэд Түүний хүүхдүүд байсан юм.

Дөрөвдүгээрт, бид хамгийн эхэнд мэдэрснийхээ дагуу үйлдэх хэрэгтэй.

Нифайн “Мөн би хийвэл зохих зүйлүүдийг урьдаас мэдэхгүй байсны учир бибээр Сүнсэнд хөтлөгдөн байлаа. Гэсэн хэдий ч би урагшлан явав”16 гэсэн үгсийг санацгаана уу.

Бид ч гэсэн үүний адил хийх ёстой. Бид эхлээд сүнслэг мэдрэмжиндээ итгэх ёстой. Заримдаа бид сүнсний нөлөө юү эсвэл бидний өөрийн бодол уу гэж эргэцүүлэн боддог. Гэхдээ төрж буй мэдрэмж тань юу болохыг таамаглах гэж хоёр дахь, гурав дахь удаагаа оролдох нь Сүнсийг үгүйсгэн, тэнгэрлэг зөвлөгөөнд нь эргэлзэж буй хэрэг. Бүх хүнд ийм зүйл тохиолдож байсан байх. Бошиглогч Иосеф Смит хэрэв та эхлээд төрсөн сүнслэг мэдрэмжээ сонсох юм бол арваас есөд нь зөв байна”17 гэж заажээ.

Харин одоо нэг зүйлийг анхааруулъя. Ариун Сүнсийг сонссон учраас ёслолын буудлага буудна гэж бүү бод. Та “намуухан, зөөлөн дуу хоолойн” хийх ажлын талаар ярьж байгаагаа бүү март.

Би Нью-Йорк хотод номлолын ерөнхийлөгч хийж байхдаа хэдэн номлогчтойгоо хамт Боронкс дахь зоогийн газарт сууж байв. Бидний хажууд нэгэн залуу гэр бүл ирж суулаа. Тэд сайн мэдээг хүлээн авахад бэлэн хүмүүс гэж харагдаж байв. Би хамт ярьж суусан номлогчдоо ажиглан суух зуураа тэр гэр бүлийг хоолоо идэж дуусаад, хаалгаар гарч одохыг харав. Тэгээд би “Ахлагчид аа, өнөөдөр энд сургамж авахуйц зүйл болж өнгөрлөө. Та нар тэр сайхан гэр бүлийг зоогийн газарт орж ирэхийг харсан. Бид юу хийж болох байсан бэ?” гэж асуусан юм.

Нэг ахлагч “Би босоод, тэдэн рүү дөхөж очоод ярья гэж бодсон. Надад тийм мэдрэмж төрсөн боловч би дагаагүй” гэж хурдхан хэлэв.

Би: “Ахлагчид аа, бид үргэлж эхлээд төрсөн мэдрэмжээ дагах ёстой. Чамд төрсөн тэр мэдрэмж Ариун Сүнс байсан юм шүү дээ!” гэж хэлсэн юм.

Эхлээд төрсөн мэдрэмж бол тэнгэрээс ирсэн цэвэр сүнсний өдөөлт байдаг. Тэдгээрийг бидэнд баталж, гэрчлэх үед бид юу болохыг нь таньж, ямар ч үед зүгээр өнгөрөөж болохгүй. Ихэвчлэн Сүнс л бидэнд, ялангуяа гэр бүлийнхэн, найз нөхөд гээд тусламж хэрэгтэй нэгэнд туслах мэдрэмжийг төрүүлдэг. “Бүх зүйлийг нэвт мөн цоо хатган шивнэдэг …намуухан аниргүй дуу хоолой ийн хэл[ж],”18 бидэнд сайн мэдээг зааж, Сэргээлт, Есүс Христийн талаарх гэрчлэлээ хуваалцан, Бурханы эрхэм хүүхдүүдийг аврах боломжийг зааж өгдөг.

Та үүнийг “эхний хариулагч” байна гэж бод. Ихэнх газарт эмгэнэлт үйл явдал, гэнэтийн аюул осол, байгалийн гамшиг болох үеэр гал унтраагчид, цагдаагийнхан мөн эмч нар л дохиогоо анивчуулсаар хамгийн түрүүнд ирдэг. Би тэдэнд ямар их талархаж явдгаа энэ завшааныг ашиглан илэрхийлье. Их Эзэний арга зам дээрхийн адил ил тод биш ч яг адилхан яаралтай хариу шаарддаг. Их Эзэн хүүхдүүдийнхээ хэрэгцээ шаардлагыг мөн хэн тэдэнд туслахад бэлэн байгааг мэднэ. Хэрэв бид өглөө залбирахдаа Их Эзэнд бэлэн гэдгээ хэлэх юм бол Тэр биднийг хариул хэмээн дуудна. Хэрэв биднийг хариулах юм бол Тэр биднийг ахин дахин дуудаж, бид ерөнхийлөгч Монсоны хэлснээр “Их Эзэний зараалаар”19 хийж байгаа гэдгээ мэдэх болно. Бид дээрээс ирэх тусламжийг авчирдаг сүнслэг эхний хариулагч нь болох болно.

Хэрэв бид өөрт ирдэг сүнслэг мэдрэмжиндээ анхаарлаа хандуулбал илчлэлтийн сүнсэнд өсөн хөгжиж, Сүнсээр хөтлөгдсөн бодол санаа, удирдамжийг улам их хүлээн авна. Их Эзэн “Сайныг үйлдэхэд хөтөлдөг тэр Сүнсэнд итгэлээ тавигтун”20 хэмээн хэлсэн.

Бид Их Эзэний “зоригтой бай, учир нь би та нарыг удирдах болно”21 гэх урилгыг чухалчлан авч үзээсэй. Тэрээр биднийг Ариун Сүнсээр удирддаг. Бид Сүнстэй ойр байж, эхний төрсөн мэдрэмжээ Бурханаас ирсэн гэдгийг мэдэж, тэдгээрийн дагуу хурдан үйлддэг байх болтугай. Би Ариун Сүнсний хүч биднийг удирдаж, хамгаалж, үргэлж бидэнтэй хамт байна хэмээх гэрчлэлийг Есүс Христийн нэрээр хуваалцаж байна, амен.