2010–2019
Тэнгэрлэг Эцэгийн маань алдар суут төлөвлөгөө
2017 оны 4-р сар


Тэнгэрлэг Эцэгийн маань алдар суут төлөвлөгөө

Бурханы ариун төлөвлөгөөний ачаар бид төрөх, үхэх хоёр нь үнэндээ Тэнгэрлэг Эцэгтэйгээ хамт амьдрах мөнх амьдралд хүргэх аяллын маань ердөө л шавгууд гэдгийг олж мэддэг.

Эмч болохоор дадлага хийж эхлэх үед маань надад нэгэн залуу эхэд анхны хүүхдээ төрүүлэхэд нь туслах завшаан тохиосон юм. Тэр эх тайван, анхаарал нь төвлөрсөн мөн аз жаргалтай байлаа. Хүүхдийг төрөнгүүт би дөнгөж төрсөн эрхэм нандин нялх үрийг нь ээжид нь өгөв. Аз жаргалын нулимс хацрыг нь даган урсаж байв. Тэрээр шинэхэн мэндэлсэн хүүхдээ гар дээрээ аваад, зулайнаас хөлийн хуруу хүртэл нь үзэж шалгалаа. Тэр хүүхдээ энгэртээ наан, гагцхүү эх хүнд л байдаг тийм хайраар хайрлаж байв. Түүнтэй хамт тэр өрөөнд байх нь надад олдсон онцгой эрх байлаа.

Бидний хүн нэг бүрийн амьдралын эхлэл ийм л байсан. Гэхдээ зөвхөн төрөлт үнэхээр бидний эхлэл байсан гэж үү? Дэлхийнхэн төрөх, үхэх хоёрыг амьдралын эхлэл, төгсгөл гэж үздэг. Гэхдээ Бурханы ариун төлөвлөгөөний ачаар бид төрөх, үхэх хоёр нь үнэндээ Тэнгэрлэг Эцэгтэйгээ хамт амьдрах мөнх амьдралд хүргэх аяллын маань ердөө л шавгууд гэдгийг олж мэддэг.1 Тэдгээр нь Эцэгийн маань төлөвлөгөөний чухал хэсэг бөгөөд мөнх бус амьдрал, тэнгэр хоёр огтлолцдог ариун нандин цаг мөч юм. Өнөөдөр би олон жилийн турш эмнэлэгт ажилласан туршлага болон Сүмийн үйлчлэлээрээ дамжуулан төрөх, үхэхийг ажигласнаасаа сурсан зүйлээ эргэн харж, Эцэгийнхээ алдар суут төлөвлөгөөг гэрчлэхийг хүсэж байна.

Бид төрөхөөсөө өмнө өөрсдийн сүнсний Эцэг, Бурхантай хамт амьдарч байсан. Энэ дэлхий дээр бид бүгдээрээ Түүний гэр бүлд ах, эгч, дүүс2 бөгөөд бидний хүн нэг бүр Түүнд эрхэм билээ. Бид энэ мөнх бус амьдралаар амьдрахынхаа өмнө Түүнтэй хамт олон зуун жилийн туршид суралцан, сонголт хийж, бэлтгэж амьдарч байсан.

Тэнгэрлэг Эцэг биднийг хайрладаг учраас Өөрийн өгч чадах хамгийн агуу бэлэг болох мөнх амьдралын бэлгийг хүлээн аваасай хэмээн хүсэж байдаг.3 Тэрээр уг бэлгээ зүгээр өгөөгүй, харин бид Түүнийг болон Түүний замыг сонгосноор бэлгийг нь хүлээн авах байв. Үүний тулд бид Түүний оршихуйг орхин явж, итгэх, өсөж хөгжих, өөрчлөгдөх гайхамшигтай бөгөөд хүнд аяллыг эхлүүлэх хэрэгтэй болсон. Эцэгийн бидэнд бэлдсэн аяллыг авралын буюу аз жаргалын төлөвлөгөө хэмээн нэрлэдэг.4

Мөнх бус амьдралын өмнөх дэлхийн агуу зөвлөгөөн дээр Эцэг маань төлөвлөгөөнийхөө тухай бидэнд хэлсэн.5 Бид төлөвлөгөөг нь ойлгоод, баярлалдан уухайлж, маш аз жаргалтай байсан бөгөөд “өглөөний одод хамтдаа дуулж байв”.6

Тэр төлөвлөгөө нь мөнх амьдралын тулгуур гэх гурван агуу тулгуур дээр тогтдог.7

Эхний тулгуур бол мөнх бус аяллаа хийх газар буюу дэлхийн Бүтээлт юм.8

Хоёр дахь тулгуур бол бидний анхны эцэг эх болох Адам, Ева хоёрын Уналт юм. Уналтын ачаар бидэнд зарим гайхамшигт зүйл өгөгджээ. Бид төрөх, бие махбод хүлээн авах боломжтой болсон.9 Би ээждээ намайг болон ах дүү нарыг минь энэ дэлхийд авчирч, Бурханы тухай бидэнд заасных нь төлөө үүрд талархах болно.

Бурхан бидэнд ёс суртахууны сонгох эрх буюу өөрөө сонгож, үйлдэх чадвар хийгээд эрхийг бас өгсөн.10 Мөн сайн сонголт хийхэд туслахын тулд Тэнгэрлэг Эцэг бидэнд зарлигуудыг өгсөн. Бид өдөр бүр Бурханы зарлигуудыг дагаснаар Түүнд хайртай гэдгээ харуулдаг бөгөөд Тэрээр бидний амьдралыг адисалдаг.11

Биднийг үргэлж сайн сонголт хийхгүй гэдгийг, өөрөөр хэлбэл, нүгэл үйлдэнэ гэдгийг Тэнгэрлэг Эцэг мэдэж байсан учраас бидэнд гурав дахь тулгуур болох Аврагч Есүс Христийг болон Түүний Цагаатгалыг өгсөн. Христ өвдөж, зовж шаналснаар бие махбодын үхэл, гэм нүглийн аль алиных нь төлөөсийг төлсөн.12 Тэр: “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм”13 хэмээн заажээ.

Есүс Христ үргэлж Тэнгэрлэг Эцэгийнхээ зарлигуудыг сахиж, төгс амьдралаар амьдарсан. Тэрээр Палестины замаар явж, мөнх амьдралын үнэнийг заан, өвчтэй нэгнийг анагааж, сохор нэгнийг хараатай болгон, үхсэн нэгнийг амилуулж байсан.14 Тэрээр “сайныг үйлдэж явсан”15 бөгөөд бүх хүнийг Өөрийнхөө жишээг дагахад урьсан билээ.”16

Тэрээр мөнх бус амьдралынхаа төгсгөлд өвдөг сөгдөн, залбирч:

“Эцэг минь, хэрэв Та хүсэж байгаа бол энэ аягыг Надаас зайлуулаач. Гэвч Миний хүсэл бус, харин Таны хүсэл биелэгдэг.…” гэв.

“Тэр зовж, шаналж байсан тул маш шаргуу залбирч байлаа. Түүний хөлс нь цусны дусал мэт газарт дусалж байв.”17

Христ бошиглогч Иосеф Смитэд:

“Учрыг болгоогтун, хэрэв тэд наманчлах аваас, тэд зовохгүй байж болохын тулд Бурхан, бибээр бүхний төлөө эдгээр зүйлүүдийг амссан билээ;

Гэвч хэрэв тэд үл наманчлах аваас, бүр миний адилаар тэд зовох ёстой;

Бүр бүхнээс хамгийн агуу Бурхан … өвдөхийн улмаас дагжин чичрэх, мөн сүв бүрээс цус шүүрэх, мөн бие хийгээд сүнс аль алиныг нь зовоход хүргэсэн”18 хэмээн хэлснээр Өөрийн зовлон шаналлын хэр хэмжээг бидэнд илүү сайн ойлгуулсан юм.

Гетсеманийн цэцэрлэгт Тэрээр бидний гэм нүгэл, өвчин зовлон, өвдөлт шаналал, сул дорой байдлын төлөөсийг төлж эхэлсэн.19 Түүнийг энэ бүхнийг хийсний ачаар хэрэв бид Түүнтэй хамт алхахыг сонговол сул дорой байхдаа хэзээ ч ганцаар байхгүй. “Түүнийг баривчилж, гүтгэлгээр яллаж, цугларагсдын бахыг ханган шийтгэж, Түүнд Калварийн загалмай дээр үхэх ял оноосон юм.” Загалмай дээр “Тэрээр бүх л хүн төрөлхтний нүглийг цагаатгахын төлөө амиа өгсөн. Энэ бол дэлхий дээр амьдрах бүх хүнд зориулсан Түүний бэлэг билээ”.20

Тэрээр:

“Болгоогтун, би бол дэлхийд ирэх болно хэмээн бошиглогчдын гэрчилсэн тэр Есүс Христ.

Би бол дэлхийн гэрэл ба амь; мөн би Эцэгийн надад өгсөн гашуун аяганаас ууж, дэлхийнхний нүглүүдийг өөр дээрээ авснаар Эцэгийг алдаршуулсан билээ”21 хэмээн хэлжээ.

Тэгээд долоо хоногийн эхний өдөр22 Тэрээр дахин хэзээ ч үхэхгүйгээр, төгс бие махбодтойгоор булшнаас амилан босжээ. Тэр амилсан учраас бид ч бас амилуулагдана.

Христ үнэхээр булшнаас амилсан гэдгийг би гэрчилж байна. Гэхдээ булшнаас амилж босохын тулд Тэрээр эхлээд үхэх шаардлагатай байсан. Бид ч мөн ингэх ёстой.

Амьдралд минь ирсэн өөр нэгэн агуу адислал бол хүмүүсийг энэ хорвоог орхин явах үед орных нь дэргэд сууж байхдаа тэнгэртэй ойрхон байгаагаа мэдэрч байсан явдал юм. Олон жилийн өмнө өглөө эрт би нэгэн хорт хавдраар өвдсөн итгэлтэй хожмын үеийн гэгээнтэн бэлэвсэн эмэгтэйн хэвтэж байсан эмнэлгийн өрөө рүү орсон юм. Хоёр охин нь түүнтэй хамт сууж байв. Түүний орны дэргэд дөхөж очоод, дөнгөж саяхан нас барж, дахин зовж шаналахааргүй болсныг даруй ойлгож билээ.

Яг тэр мөчид өрөө амар амгалангаар дүүрсэн байв. Охид гунигтай байсан ч зүрх сэтгэл нь итгэлээр дүүрэн байлаа. Тэд ээжийгээ яваагүй, харин гэртээ буцсан гэдгийг мэдэж байв.23 Туйлын их гашуудаж, цаг хугацаа зогссон мэт болж, амьдрал шударга бус санагдах үед ч гэсэн бид Аврагч маань ч мөн адил зовж шаналсан тул Түүнээс тайвшралыг олж авч чадна.24 Миний хувьд тэр өрөөнд байх нь надад олдсон онцгой эрх байлаа.

Биднийг үхэхэд бидний сүнс бие махбодыг маань орхин, бид аяллынхаа дараагийн шат болох сүнсний дэлхий рүү явдаг. Сүнсний дэлхий бол суралцах, наманчлах, уучлах, өөрчлөгдөх газар25 бөгөөд тэнд бид амилуулалтыг хүлээдэг.26

Ирээдүйд нэгэн сайхан өдөр, хэзээ ч юм төрж байсан хүн бүр булшнаас амилна. Бидний сүнс, бие махбод төгс хэлбэрээр дахин нэгдэх болно. Хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй, ёс бусчууд хийгээд зөв шударгыг үйлдэгсэд гээд бүх хүн амилах бөгөөд “бүх зүйл төгс хэлбэрээрээ сэргээгдэх болно.”27

Бид амилуулагдсаныхаа дараа Аврагчаар шүүлгэснээр хамгийн дээд адислалыг хүртэнэ. Тэрээр:

“Тиймийн тул тэд өөрсдийн үйлүүдийн дагуу шүүгдэж болохын тулд Эцэгийн хүчний дагуу би бүх хүмүүнийг өөртөө татах болно.

Мөнхүү улиран тохиох дор, наманчилж мөн миний нэрэнд баптисм хүртэх хэн боловч дүүргэгдэх болно; мөн хэрэв тэр эцсээ хүртэл тэвчих аваас, болгоогтун, би дэлхийг шүүхээр зогсох тэр өдөр Эцэгийнхээ өмнө би түүний гэмгүйг үнэлэх болно” 28 хэмээн айлдсан.

Тэгээд Христээр болон Түүний Цагаатгалаар дамжуулан итгэл, наманчлал, баптисм, Ариун Сүнсийг хүлээн авах, эцсээ хүртэл тэвчих29 зэргээр Түүнийг дагахаар сонгосон бүх хүн аяллынхаа төгсгөлд хүрч, “мөнх амьдралыг өвлөн авах тэнгэрлэг хувь заяагаа” хүлээн авна.30 Тэд Түүнтэй хамт үүрд амьдрахаар Эцэгийнхээ оршихуйд эргэн очих болно. Бид ийнхүү зөвийг сонгох болтугай.

Бидний амьдралд төрөх, үхэхийн хооронд тохиолддог зүйлээс гадна өөр олон зүйл тохиолддог. Би та бүхнийг ирээд, Христийг дага 31 хэмээн урьж байна.

Би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн бүх гишүүнд хандан, “Христэд ирэгтүн, мөн түүгээр төгөлдөржигтүн, мөн бурханлиг бусаас татгалзагтун,… [мөн] Христийн цусны урсалтаар [та нар] ариусгагдсан … ариун, толбогүй [болтугай]” 32 хэмээн уриалж байна.

Би энэ Сүмийн гишүүн хараахан болоогүй хүмүүсийг ирээд, Мормоны Номыг уншиж, номлогчдыг сонсоорой хэмээн урьж байна. Ирээд, итгэлтэй бол. Нүглээ наманчил. Ирээд, баптисм хүрт. Ариун Сүнсийг хүлээн ав. Ирээд, аз жаргалтай бөгөөд Христийг бүрэн дагаж амьдар. Та нар Түүн рүү ирж, зарлигуудыг нь дагаснаар ихэнхдээ хэцүү бэрх байдаг ч мөнх бус оршихуйд амар амгаланг болон зорилгыг мөн ирэх амьдралд мөнх амьдралыг олж авна гэдгийг амлаж байна.33

Энэ үнэнийг мэдэрсэн ч ямар нэг шалтгаанаар төөрөн одсон хүмүүст хандан хэлэхэд, би та нарыг буцаж ирнэ үү хэмээн урьж байна. Өнөөдөр эргээд ир. Бидний Эцэг болон Есүс Христ та нарт хайртай. Христэд та нарын асуултад хариулах, зовлон шаналал, уй гашууг эдгээх мөн гэм нүглийг тань өршөөх хүч байгаа гэдгийг би гэрчилж байна. Би үүнийг үнэн гэдгийг мөн энэ бүх зүйл үнэн гэдгийг мэднэ. Христ амьд! Энэ Сүм Түүний Сүм. Есүс Христийн ариун нэрээр, амен.