2010–2019
Бидний Сайн Хоньчин
2017 оны 4-р сар


Бидний Сайн Хоньчин

Бидний Сайн Хоньчин Есүс Христ өвчтэй хоньдынхоо эдгэрч байгааг хараад баясдаг.

Нүгэлтнүүдэд Тэнгэрлэг Эцэг өгөөмөр нинжин сэтгэл үзүүлдгийг бид ухаарахдаа Түүний мөн чанараас цухасхан олж харан, нүглийг болоод нүгэл үйлддэг хүмүүсийг ялгаатай авч үздэгт нь талархдаг. Ийнхүү цухас харах нь “Түүний зан чанар, төгс байдал, шинж чанаруудыг илүү зөв ойлгоход”1 бидэнд тусалдаг бөгөөд Түүнд болон Түүний Хүү Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх үндэс суурь болдог. Бидний төгс бус байдалд Аврагч нинжин сэтгэлээр ханддаг нь биднийг Түүнд ойртуулдаг төдийгүй бидний наманчлах болон Түүнийг дуурайх байнгын хичээл зүтгэлийг урамшуулан дэмждэг билээ. Бид Түүнтэй илүү адил болох явцдаа бусдын гадаад төрх, зан аашийг үл харгалзан, тэдэнд Түүний адилаар ханддаг болдог.

Францын зохиолч Виктор Гюгогийн Шоовдор хүмүүс романы гол үндэс2 нь хүний гадаад төрх байдлыг хувь хүнээс нь салгаж авч үзэх үзлийн нөлөө юм. Уг зохиолын эхэнд өгүүлэгч нь Дигнегийн бишоп Биенвэнү Мириелийг танилцуулдаг бөгөөд уг бишопт тулгарсан бэрхшээлийн талаар өгүүлдэг. Бурханыг үгүйсгэгч, Францын хувьсгалд үйлдсэн үйл хэргээсээ болж нийгэмдээ ад үзэгдсэн нэгэн хүн дээр тэр очих ёстой юу?3

Өгүүлэгч уг бишоп тэр хүний төлөө жигшил зэвүүцлийг хэдийнээ мэдэрч байсныг дурддаг. Тэгээд өгүүлэгч “Хонины арьсан дээрх яр нь хоньчны жигшил зэвүүцлийг хүргэх нь зохистой юу?” гэсэн энгийн асуултыг тавьдаг.4 Өгүүлэгч бишопт хариулахдаа “Үгүй” гэсэн тодорхой хариултыг өгч, дараа нь “Ямар айхтар нүгэлтэй хонь вэ!” хэмээн хошигносон байдаг.5

Энэ хэсэгт Гюго уг хүний “ёс бус байдлыг” хонины арьсны өвчинтэй зүйрлэсэн бөгөөд уг бишопыг өвчтэй хониноосоо холддоггүй хоньчинтой зүйрлэсэн. Бишоп өрөвч хүн бөгөөд уг зохиолд хожим нь өөр нэг хүнд буюу уг зохиолын гол баатар болох нэр төрөө алдсан, гэмт хэрэгтэн байсан Жан Вальжанд ийм өрөвч сэтгэлээр ханддаг. Бишопын нигүүлсэл болон өрөвч сэтгэл Жан Вальжанд амьдралын замаа өөрчлөх хүслийг төрүүлдэг.

Бурхан судруудад нүглийг өвчинтэй зүйрлэдэг болохоор “Есүс Христ бидний зүйрлэсэн өвчин буюу нүгэлтэй тулгарах үедээ хэрхэн ханддаг вэ?” гэж асуух нь үндэслэлтэй юм. Аврагч “нүглийг өчүүхэн төдий ч хүлцсэн янзаар хүлээн зөвшөөрч чадах нь үгүй”6 гэж хэлсэн атлаа төгс бус бидэн рүү хэрхэн жигшин зэвүүцэхгүй харж чаддаг вэ?

Хариулт нь энгийн бөгөөд тодорхой юм. Сайн Хоньчны хувьд7 Есүс Христ Өөрийн хонины өвчнийг эмчилгээ, асаргаа, хайр халамж хэрэгтэй нөхцөл байдал гэж үздэг. Энэ хоньчин нь бидний сайн Хоньчин бөгөөд хоньчин өвчтэй хоньдынхоо эдгэрч байгааг хараад баясдаг.

Аврагч Өөрөө “хоньчин мэт сүргээ хариулж,”8 “гээгдсэнийг хайж, тараагдсаныг буцааж, гэмтсэнийг боох бөгөөд өвчтэйг нь тэнхрүүлэх болно”9 хэмээн урьдаас хэлсэн байдаг. Урвагч израильчуудыг нүгэлт “шарх, сорви, өмхий яранд”10 баригдсан гэж дүрсэлсэн байсан ч Аврагч урамшуулан, сургамжилж мөн эдгээхээ амласан.11

Аврагчийн мөнх бус амьдрал дахь номлол үнэхээр хайр, нинжин сэтгэл, өрөвч байдлаар дүрслэгддэг. Тэрээр нүгэлтнүүдийг харж зайлсхийгээд, Галилын болоод Иудагийн тоостой замаар дуртай дургүй алхаж байсан юм биш. Тэр тэднээс жигшиж зэвүүцсэн байдлаар холдоогүй. Үгүй, Тэр харин тэдэнтэй хамт хооллосон.12 Тэр тусалж, адисалж, өргөн дэмжиж, сэнхрүүлэн зааж мөн айдас цөхрөлийг итгэл найдвар, баяр хөөрөөр орлуулсан. Тэр жинхэнэ хоньчин тул бидэнд дэмжлэг тусламж, итгэл найдвар өгөхөөр биднийг эрж хайн олдог билээ.13 Түүний нинжин сэтгэл, хайрыг ойлгох нь Түүнд итгэх итгэлээ хэрэгжүүлж, наманчилж, эдгэрэхэд тусалдаг.

Иоханы сайн мэдээнд Аврагч нүгэлтэнд хэрхэн ойлгох сэтгэлээр хандсаны үр нөлөөний тухай цэдэглэсэн байдаг. Хуулийн багш нар болон фарисайчууд завхайрч байгаад баригдсан нэгэн эмэгтэйг Аврагч дээр авчрав. Буруутгагчид Мосегийн хуулийн дагуу уг эмэгтэй рүү чулуу шидэх ёстой гэж санал болгосон. Тэдний зогсоо зайгүй асуултын хариуд Есүс эцэст нь тэдэнд “Та нарын дундаас нүгэлгүй хүн нь эхлээд энэ эмэгтэй рүү чулуу шид” гэж хэлжээ.

Буруушаагчид явж, “мөн ганц Есүс л үлджээ. Өнөөх эмэгтэй тэндээ зогссоор байв.

Есүс … тэр эмэгтэйд—Эмэгтэй, тэд хаана байна? Чамайг хэн ч шийтгэсэнгүй юу? гэсэнд

Тэр, Эзэн, хэн ч шийтгэсэнгүй гэв. Есүс, Би чамайг шийтгэхгүй. Яв. Үүнээс хойш дахин нүгэл бүү үйлд гэлээ.”14

Есүс садар самууныг зөвтгөөгүй нь лавтай. Гэхдээ Тэрээр уг эмэгтэйг ч бас буруутгаагүй. Тэрээр эмэгтэйд амьдралаа өөрчлөхийг зөвлөсөн. Уг эмэгтэй Түүний нинжин сэтгэл, нигүүлслийн ачаар өөрчлөгдөх хүсэлтэй болжээ. Иосеф Смитийн Библийн орчуулгад тэр эмэгтэйн ямархуу шавь байсан талаар “Мөн уг эмэгтэй тэр цагаас эхлэн Бурханыг алдаршуулан мөн түүний нэрэнд итгэв” хэмээн өгүүлдэг.15

Бурхан бусдыг ойлгодог болохоор бид Түүнийг нүгэлд хүлээцтэй ханддаг, нүглийг зөвшөөрдөг хэмээн буруугаар бодож болохгүй. Тэр тэгдэггүй. Аврагч биднийг нүглээс аврахаар ирсэн бөгөөд хамгийн чухал нь Тэрээр биднийг нүгэлдээ байхад маань аврахгүй.16 Асууж байцаах чадвар сайтай Зиезром нэгэнтээ “[Ирж буй Мессиа] нүгэлдээ буй өөрийн хүмүүсийг аврах уу?” гэж Амюлекээс асуун, урхидахыг оролддог. “Мөн Амюлек хариулж мөн түүнд хэлэв: Би танд хэлнэ, тэр тэгэхгүй, учир нь өөрийн үгийг үгүйсгэх нь түүнд боломжгүй бөлгөө. … Тэрээр нүгэлдээ буй тэднийг аварч чадахгүй” хэмээн хэлдэг.17 Бид нүглээсээ аврагдахын тулд “наманчлалын нөхцлүүдийг” дагах ёстой ба энэ нь бодгалиудыг маань аврах Аврагчийн хүчийг чөлөөтэй болгоно хэмээн Амюлек бодит үнэнийг ярьсан.18

Аврагчийн нинжин сэтгэл, хайр, нигүүлсэл биднийг Түүн рүү татдаг.19 Түүний Цагаатгалаар дамжуулан бид нүгэлт байдалдаа сэтгэл амар байхаа больдог.20 Бурхан Өөрт нь юу зөв бөгөөд хүлээн зөвшөөрөхүйц байдгийг мөн юу буруу, нүгэлт байдгийг тодорхой харуулдаг. Энэ нь Тэрээр өөрийн гэсэн бодолгүй, дуулгавартай дагалдагчидтай байхыг хүсдэггүй учраас юм. Үгүй ээ, Тэнгэрлэг Эцэг маань Өөрийн хүүхдүүдийг хүслээрээ, зориуд Өөртэй нь адил болохыг сонгоосой21 мөн Өөрийнхөө эдэлдэг тийм амьдралд тэнцээсэй хэмээн хүсдэг.22 Тийн үйлдэх явцдаа Түүний хүүхдүүд тэнгэрлэг хувь заяандаа хүрч, Түүнд байгаа бүхний өв залгамжлагчид болдог билээ.23 Энэхүү шалтгааны улмаас Сүмийн удирдагчид Бурханы зарлиг, сургаалыг Түүний хүслийн эсрэг амар хялбар болгож эсвэл бусдын таашаалд хүргэхээр өөрчилж болохгүй.

Гэсэн хэдий ч, бидний Есүс Христийг дагах насан туршийн амьдралын замналд нүгэл үйлддэг хүмүүст хандсан Түүний сайхан сэтгэлийн жишээ тод томруун сургамж болдог юм. Нүгэлтэй бид бусдад Аврагчийн адил нинжин сэтгэл, хайраар хандах ёстой. Бид бас тусалж, адисалж, өргөн дэмжиж, сэнхрүүлэн зааж мөн айдас цөхрөлийг найдвар, баяр хөөрөөр орлуулах үүрэгтэй.

Бузар гэж бодон бусдаас жигшиж, өөрсдөөс нь илүү нүгэлтэй хэмээн бусдыг шүүсэн хүмүүсийг Аврагч зэмлэдэг байсан.24 Энэ бол “Өөрсдийгөө зөвт хэмээн өөрсдөдөө итгээд, бусдыг басамжлагч” тэдэнд хандан Аврагчийн заасан сургамж юм. Тэрээр

“Хоёр хүн залбирахаар сүмд оржээ. Нэг нь фарисай, нөгөө нь татвар хураагч байж гэнэ.

Фарисай хүн зогсоод өөртөө хандан “Бурхан, Тандаа би талархъя. Юу гэвэл би бусад хүмүүс шиг зальхай, шударга бус, завхай бишээ. Тэр байтугай энэ татвар хураагч шиг ч биш билээ.

Би долоо хоногт хоёр удаа мацаг барьж, олсон бүгдийнхээ аравны нэгийг өргөдөг” гэж залбирав.

Харин татвар хураагч нь зайдуу зогсоод, тэнгэр өөд харж ч зүрхлэлгүй, харин цээжээ дэлсэн байж, “Бурхан минь, нүгэлт намайг өршөөгөөч” гэв.

Тэгээд Есүс “Би та нарт хэлье, [фарисай] нь биш, харин [татвар хураагч] энэ хүн зөвтгөгдөн гэртээ харив. Учир нь өөрийгөө өргөмжилдөг аливаа хүн номхруулагдаж, өөрийгөө даруу байлгагч нь өргөмжлөгдөнө”25 гэсэн сургаалт зүйрлэл айлджээ.

Нүгэлтнийг буруушаадаг, өөрийгөө зөвтгөгч хүнээс наманчлагч нүгэлтэн нь Бурханд илүү ойртдог хэмээх бидэнд зориулсан энэхүү захиас тодорхой билээ.

Өөрийгөө зөвтгөн, бусдыг шүүдэг хүний зан чанар Алмагийн өдрүүдэд ч байсан. Хүмүүс “сүмийг илүү бүрэн дүүрнээр байгуулж [эхлээд] … сүмийн хүмүүс бардам сэхүүн болж эхлэв … сүмийн хүмүүс өөрсдийн нүдэн дэх бардамналдаа хөөрцөглөж, … тэд бие биенээ тохуурхах болов, мөн тэдний хүсэл мөн тааллын дагуу сүсэглээгүй тэднийг хавчиж эхэлсэн.”26

“Эдүгээ сүмийн хүмүүсийн дунд, сүмд харьяалагдсан нэг ч хүн сүмд харьяалагдаагүй тэдний эсрэг босч мөн хавчин гадуурхаж болохгүй, мөн тэдний өөрсдийнх нь дунд ч хавчлага байх ёсгүй” хэмээн энэ хавчлагыг тухайлан хориглосон байсан.27 Энэ удирдах зарчим хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд ч гэсэн ижил билээ. Бид Сүмд эсвэл Сүмийн гадуур хэнийг ч хавчсанаар буруутгагдаж болохгүй.

Ямар нэг шалтгаанаар хавчигдаж байсан хүмүүс тэгш бус байдал болон гадуурхал ямар байдгийг мэддэг. 1960-аад оны үед Европт амьдарч байсан өсвөр насны хүүхдийн хувьд би америк хүн байснаасаа болж бас Сүмийн гишүүн байснаасаа болж хавчигдан, дээрэлхүүлж байхдаа үүнийг олонтоо мэдэрч билээ. Сургуулийн маань зарим хүүхэд намайг Америкийн Нэгдсэн Улсын буруу гадаад бодлогын хариуцлагыг хүлээх ёстой мэтээр үздэг байв. Манай шашин тэдний улс оронд хүлээн зөвшөөрөгдсөн шашнаас өөр байсан учраас шашныг маань миний амьдарч байсан улс орнуудыг доромжилж байгаа хэрэг гэж үздэг байсан. Хожим нь, дэлхий даяар өөр өөр улс орнуудад би арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлээс болоод хавчигдаж байгаа буруу байдлыг зэрвэсхэн харж байсан юм.

Хавчлага хэн нэгнийг доромжлох, дээрэлхэх, дарамтлах, албадан гаргах, ганцаардуулах эсвэл үзэн ядах зэрэг олон янз байдлаар илэрч болно. Өөр үзэл бодолтой хүмүүс рүү муу муухай дуу хоолой өргөх гадуурхлын эсрэг бид баттай зогсох ёстой. Нэг талаас, гадуурхал нь хүсэл бодлоо илэрхийлэх тэгш эрх чөлөөг өгөх хүсэлгүй байгаа байдлаас үүсдэг.28 Бүх хүн, шашин шүтдэг хүмүүс ч гэсэн өөрсдийн үзэл бодлыг олон нийтэд илэрхийлэх эрхтэй. Гэхдээ тэдгээр үзэл бодлоо илэрхийлсэн хүнд үзэн ядаж хандах эрх хэнд ч байхгүй.

Манай гишүүдийг үзэн ядаж, гадуурхан хандаж байсан олон баримт байдгийг Сүмийн түүх харуулдаг. Бидэнд хэрхэн хандаж байсан шиг бид бусдад хандах нь хэчнээн егөөдөм гунигтай гээч. Аврагч “Тиймээс та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүссэнээрээ л өөрсдөө ч тийнхүү ханд” хэмээн заасан.29 Бид бусдаас хүндэтгэл хүсэхийн тулд өөрсдөө хүндэтгэл үзүүлэх ёстой. Түүнээс гадна, бидний жинхэнэ хөрвүүлэг “даруу байдал, зүрх сэтгэлийн хүлцэнгүй чанарыг” авчирдаг ба энэ нь “Ариун Сүнсийг” урьж, биднийг “төгс хайраар”,30 бусдын төлөөх “чин сэтгэлийн хайраар”31 дүүргэдэг.

Бидний Сайн Хоньчин хувиршгүй бөгөөд энэ дэлхий дээр байхдаа нүгэл, нүгэлтнүүдийн талаар ямар бодолтой байсан, одоо ч тэр хэвээрээ байгаа. Биднийг нүгэл үйлддэг гээд Тэр биднийг жигшдэггүй ч үе үе “Ямар айхтар нүгэлтэй хонь вэ!” гэж боддог байж таарна. Тэр бидэнд маш их хайртай болохоор бидэнд наманчлан, цэвэршиж, тэгснээр Түүн дээр болон Тэнгэрлэг Эцэг дээрээ очих замыг бэлтгэж өгсөн юм.32 Тийн үйлдсэнээрээ Есүс Христ бидэнд дагаж болох жишээг, бүх хүнийг хүндэлж мөн хэнийг ч үзэн ядахгүй байх жишээг үзүүлсэн.

Түүний дагалдагчийн хувьд бүгдээрээ Түүний хайрыг бүрэн дүүрэн харуулж, нэг нэгнээ ил тод, бүрэн дүүрэн хайрласнаараа хэн ч ганцаардсан, орхигдсон, итгэл найдвараа алдсан сэтгэгдлийг мэдрэхгүй байг. Есүс Христ бол бидний Сайн Хоньчин бөгөөд биднийг хайрлаж, бидэнд санаа тавьдаг гэдгийг би гэрчилж байна. Тэр биднийг мэддэг мөн Өөрийн хоньдын төлөө амьдралаа өгсөн.33 Тэр бидний төлөө амьдардаг бөгөөд биднээс Өөрийг нь мэдээсэй мөн Өөрт нь итгэх итгэлээ хөгжүүлээсэй хэмээн хүсдэг. Би Түүнд хайртай мөн Түүнд их талархдаг. Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. Lectures on Faith (1985), 38.

  2. Виктор Гюгогийн (1802-1885) Шоовдор хүмүүс романд гэр бүлээ тэжээхээр талх хулгайлан, ноцтой бус гэмт хэрэг үйлдсэн Жан Вальжаны түүхийг өгүүлдэг. 5 жил шоронд байхаар яллагдсан Вальжан дөрвөн удаа оргохоор завдаж, бүтэлгүйтсэний улмаас 19 жилийг хүнд хөдөлмөр хийж өнгөрөөдөг. Тэр шоронгоос суллагдахдаа догшин ширүүн, уур омогтой хүн болж гардаг.

    Гэмт хэрэг үйлдсэн түүхээсээ болоод Вальжан ажил, хоол хүнс, амьдрах байр ч олж чаддаггүй. Ядарч туйлдан, гутарсан түүнд эцэст нь бишоп Дигне байрлах байр олж өгч, найрсаг, нинжин сэтгэлээр ханддаг. Нэгэн шөнө Вальжан горьдлого тасран цөхөрсөндөө бишопын хоолны мөнгөн хэрэгслийг хулгайлаад зугтжээ.

    Вальжан баригдаад, бишопт хүргэгддэг. Вальжаны бодож байснаас эсрэг зүйл болж, бишоп өөрөө Вальжанд мөнгөн хоолны хэрэгслийг өгсөн гэж цагдаад хэлсэн бөгөөд Вальжаныг бас лааны хоёр мөнгөн тавиурыг авчих гэж шахав. (Гюго, Шоовдор хүмүүс [1987], 2-р дэвтэр, 10—12-р бүлгийг үзнэ үү.)

  3. Гюго, Шоовдор хүмүүс [1987], 1-р дэвтэр, 10-р бүлгийг үзнэ үү.

  4. Өгүүлэгч Toutefois, la gale de la brebis doit-elle faire reculer le pasteur? Хэмээн асуудаг. (Гюго, Шоовдор хүмүүс, 1-р дэвтэр, 10-р бүлэг, 67-р хуудсыг үзнэ үү.) Gale мал эмнэлгийн хэлээр бол паразитаар үүсгэгддэг, үс унах, загатнаж? Бижрүү үүсдэг арьсны өвчний нэг төрөд юм (англиар “mange”). Энэ өгүүлбэрийг англи хэл дээр олон янзаар орчуулсан байдаг.

  5. Өгүүлэгчийн Mais quelle brebis! хэмээн хэлсэн хошигнол. Үүнийг “Ямар айхтар харь хонь вэ” гэж орчуулсан тохиолдол олон байдаг.

  6. Сургаал ба Гэрээ 1:31.

  7. Иохан 10:11, 14; Алма 5:38; Сургаал ба Гэрээ 50:44-ийг үзнэ үү.

  8. Исаиа 40:11.

  9. Езекиел 34:16.

  10. Исаиа 1:6.

  11. Исаиа 1:18-ыг үзнэ үү.

  12. Лук 15:1–2-ыг үзнэ үү.

  13. Матай 18:11-ийг үзнэ үү.

  14. Иохан 8:3–11-ийг үзнэ үү.

  15. Иосеф Смитийн Орчуулга, Иохан 8:11 ( Иохан 8:11, зүүлт тайлбар).

  16. Д.Тодд Кристоффэрсон, “Миний хайр дотор бай,” эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 37–41-ийг үзнэ үү.

  17. Aлма 11:34, 37.

  18. Хиламан 5:10–11-ийг үзнэ үү.

  19. 3Нифай 27:14–15-ыг үзнэ үү.

  20. Аврагч “Хууль зөрчигч, мөн хуулийг мөрддөггүй атлаа өөрөө өөртөө хууль бий болгохыг эрэлхийлдэг, мөн нүгэлд байхыг хүсдэг, мөн бүхэлдээ нүгэлд байдаг тэр нь хуулиар ч, мөн нигүүлслээр ч, шударга ёсоор ч, мөн шүүлтээр ч ариусгагдаж чадах нь үгүй. Тиймийн тул, тэд бузар хэвээр үлдэх ёстой” хэмээн орчин үед тодорхойлсон байдаг (Сургаал ба Гэрээ 88:35).

  21. 2Нифай 2:26–27-г үзнэ үү.

  22. Сургаал ба Гэрээ 14:7; 132:19–20, 24, 55-ыг үзнэ үү.

  23. Ром 8:16–17; Сургаал ба Гэрээ 84:38-ыг үзнэ үү.

  24. Матай 23:13-ыг үзнэ үү.

  25. Лук 18:9–14.

  26. Aлма 4:4, 6, 8.

  27. Aлма 1:21.

  28. Oxford English Dictionary, “bigotry” бa ”intolerance” гэдгийг үзнэ үү.

  29. Maтай 7:12.

  30. Mоронай 8:26.

  31. 1 Петр 1:22.

  32. Итгэлийн Тунхаг 1:3-ыг үзнэ үү.

  33. Иохан 10:11–15-ыг үзнэ үү.