2010–2019
Бидний гэрэл үндэстнүүдийн хувьд жишиг байж болохын тулд
2017 оны 4-р сар


Бидний гэрэл үндэстнүүдийн хувьд жишиг байж болохын тулд

Аврагчийн сайн мэдээ болон Түүний сэргээгдсэн Сүм өөрсдийн гэрлийг үндэстнүүдийн хувьд агуу жишгийн нэгээхэн хэсэг байлгах олон боломжийг бидэнд олгодог.

Олон жилийн өмнө би семинарын багшаар үйлчилж байхдаа хамт ажиллагсдын маань нэг нь “Хэрэв та нар Аврагчийн үед амьдарч байсан бол яагаад Түүний шавь нарын нэг болж Түүнийг дагах байсан гэж бодож байна вэ?” гэдэг асуултыг эргэцүүлэн бодохыг суралцагчдаасаа хүсэхийг нь сонсож байсан юм. Өнөө үед Аврагчийг дагаж, Түүний шавь байхыг хичээдэг хүмүүс тэр үед ч мөн адил үйлдэх байсан гэсэн дүгнэлтэд тэд хүрчээ.

Түүнээс хойш би тэр асуултыг болон тэдний дүгнэлтийн талаар эргэцүүлэн бодож, Аврагчийг уулан дээрх номлолдоо Өөрийн биеэр

“Та нар бол дэлхийн гэрэл мөн. Уулан дээрх хот нуугдаж үл чадна.

Хүмүүс дэнлүү асаагаад савны доор тавьдаггүй, харин дэнлүүний суурин дээр тавьдаг. Тэр нь гэрт байгаа бүгдэд гэрлээ тусгадаг билээ.

Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, Тэнгэр дэх Эцэгийг тань алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг” (Maтай 5:14) гэж хэлэхийг нь сонсоход надад ямар санагдах байсан бол хэмээн байнга гайхширдаг.

Та нар Аврагчийн дуу хоолойг сонсоод юу мэдрэх байсан гэж төсөөлж байна вэ? Чухамдаа, бид ингэж төсөөөлөх ч шаарлагагүй юм. Бид Их Эзэний дуу хоолойг үйлчлэгчдийнх нь дуу хоолойг сонсохдоо байнга сонсдог бөгөөд тэдний дуу хоолой яг адил билээ.

1838 онд Их Эзэн бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Уулан дээрх номлолд өгсөн захиастай адил зүйлийг тунхагласан.

“Учир нь эцсийн өдрүүдэд миний сүм ийн, бүр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм хэмээн нэрлэгдэх ёстой.

Үнэнээр би та бүгдэд хэлж байна: Та нарын гэрэл үндэстнүүдийн хувьд жишиг байж болохын тулд босч мөн урагш тэмүүл”(С ба Г 115:4–5).

Бидний цаг үе ер бусын гайхамшигтай бөгөөд бүр бошиглогч Исаиад өгөгдсөн үзэгдэлд гардаг юм. Тэрээр Есүс Христийн Сүмийн сэргээлтийн энэ өдрийг болон үүний зорилгын талаар харж, бошиглохдоо “Тэр үндэстнүүдийн төлөө тугийг өргөн, газрын дөрвөн зүгээс Израилийн цөлөгдсөн хүмүүс, Иудагийн бутрагсдыг цуглуулна” (Исаиа 11:12) гэж хэлсэн байдаг.

Сударт гардаг туг буюу жишиг нь хүмүүс нэгэн зорилгын төлөө цугларахдаа тойрон цуглардаг туг далбаа юм. Эрт дээр үед, жишиг нь тулалдаанд цэргүүдийн цугларах газрыг илэрхийлдэг байв. Бэлгэ тэмдгээр яривал, Мормоны Ном, Есүс Христийн сэргээгдсэн Сүм нь бүх үндэстнүүдийн жишиг юм. (Guide to the Scriptures, “Ensign,” scriptures.lds.org-ийг үзнэ үү.)

Ямар ч эргэлзээгүйгээр, эдгээр хожмын өдрийн агуу жишгүүдийн нэг бол “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах” (Мосе 1:39) Тэнгэрлэг Эцэгийн агуу ажил, төлөвлөгөө тасралтгүй тунхаглагдаж байдаг энэхүү гайхамшигт Ерөнхий чуулган билээ.

Ерөнхий чуулганыг тогтмол зохион байгуулах нь хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд бид “Бурханы илчилсэн бүгдэд, эдүгээ түүний илчилж буй бүгдэд бид итгэдэг, мөн Бурханы хаант улсад хамаарах олон агуу хийгээд чухал зүйлийг Тэрээр цаашид илчлэх болно гэдэгт итгэдэг” (Итгэлийн тунхаг 1:9) гэсэн үнэнийг гэрчлэх агуу гэрчлэлүүдийг өгдөг.

Тэгвэл Их Эзэн ерөнхийлөгч Томас С.Монсоноор дамжуулан өөрсдийнхөө гэрлийг үндэстнүүдийн хувьд жишиг болгож болохын тулд юуг үргэлжлүүлэн хийх ёстой гэж илчилсэн бэ? Сионыг байгуулж, Израилийг цуглуулах энэ гайхалтай цаг үед ямар зүйлсийг хийх ёстой вэ?

Их Эзэн сургаалыг бидэнд “алхам алхмаар, шат шатаар энд бяцхан мөн тэнд бяцханыг” (2 Нифай 28:30) өгөх болно хэмээн хэлсэн. Их Эзэн Өөрийн тааллаа бидэнд “шат шатаар, дүрэм дүрмээр, энд бяцхан мөн тэнд бяцханыг” үргэлж илчилсээр ирсэн тул бид энгийн бөгөөд давтагддаг мөн чанартай жижиг зүйлсэд эргэлзэх ёсгүй бөгөөд Их Эзэн “миний дүрмүүдийг анхааран сонсох, мөн миний зааварт чих тавих тэд адислагдсан болой, учир нь тэд мэргэн ухаанд суралцах болно; өөрөөр хэлбэл хүлээн авах түүнд би илүүг өгөх болно” (2 Нифай 28:30) хэмээн айлдсан билээ.

“Шат шатаар, дүрэм дүрмээр, энд бяцхан мөн тэнд бяцхан” суралцсанаар мөн удирдагчдынхаа зөвлөгөөг сонссоноор бид Их Эзэний зарлигласны дагуу бусдад гэрлээсээ өгөх боломжтой байхын тулд дэнлүүндээ тостой байх болно гэдгийг би гэрчилж байна.

Бид бусдад гэрэл, туг нь байхын тулд олон зүйл хийж чадах ч бидэнд босож мөн гэрэлтэх боломж олгох гурван зүйлийн тухай би цохон тэмдэглэмээр байна. Эдгээр нь хүндэтгэлийн өдрийг сахих, энэ дэлхийд болон Сүнсний дэлхийд авралын ажлыг яаравчлуулах, Аврагчийн арга барилаар заах явдал юм.

Бидний ярьж буй гэрэл Сүм дээр болон гэр орондоо хүндэтгэлийн өдрийг сахих шүтлэг бишрэлээс ирдэг. Энэ нь өөрсдийгөө дэлхийгээс толбогүй байлгаснаар өсөн нэмэгдэж, Түүний ариун өдөрт ариун ёслолуудаа өргөн, Бүхний Дээдэд бүхнээ зориулснаар ирдэг гэрэл бөгөөд эдгээр бүх зүйл түүний Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгах боломжтой болгодог. Энэ нь ерөнхийлөгч Хэнри Б.Айринг өнгөрсөн аравдугаар сарын ерөнхий чуулган дээр “Хамгийн агуу, хүлээж авна гэдэгтээ итгэлтэй байж болох адислал бол ариун ёслолыг хүртэж байхдаа өршөөгдсөн гэдгээ мэдрэх явдал юм. Түүнчлэн бид хязгааргүй золиослол хийж, нүглээс цэвэршигдэх боломжийг олгосон Аврагчаа хайрлах хайр, талархах талархал маань өсөн нэмэгдэж байгааг мэдэрнэ” (“Хүндэтгэлийн өдөр талархалтай байх, 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 94) гэж хэлсэн тэрхүү өршөөлийн мэдрэмжтэйгээр гэртээ харихад уг гэрэл өсөн нэмэгдэж, нүдэнд ил харагдахуйц болдог билээ.

Бид хүндэтгэлийн өдрийг ариунаар сахиж, ариун ёслолоос хүртсэнээр цэвэршигдэх төдийгүй бидний гэрэл илүү тод болдог.

Өвөг дээдсийнхээ нэрсийг хайж олж, тэдний нэрийг ариун сүм рүү аваачин, гэр бүлдээ болон бусдад тийн үйлдэхийг заахад цагаа зориулснаар гэрэл маань өсдөг.

Бидний энэ дэлхийд болон Сүнсний дэлхийд буй гэгээнтнүүдэд зориулдаг энэхүү ариун сүмийн болон гэр бүлийн түүхийн ажил нь Их Эзэний ариун сүмүүд урагшилсаар байгаа учраас урьд урьдынхаасаа илүү урагшилж байгаа билээ. Одоо ариун сүмүүдэд өөрсдийн гэр бүлийн нэрсийг авчирсан гэр бүлүүдэд зориулсан тусгай хуваарьтай болсон. Эхнэр бид хоёр хүүхдүүд, ач зээ нартайгаа хамт ариун сүмд үйлчилдэг болсноор энэ нь гайхалтай сайхан туршлага болсон юм.

Бид нэрсийг хайж олж, ариун сүм рүү аваачин, бусдад хэрхэн тийн үйлдэхийг зааснаар хамтдаа туг буюу жишиг болж гэрэлтэх болно.

Аврагчийн заасны адил зааж сурах нь босож гэрэлтэх нэг арга зам юм. Аврагчийн арга барилаар хэрхэн заахад суралцаж буй хүн бүртэй хамт би баярлаж байна. Би заах шинэ гарын авлагаас уншмаар байна. “Сайн мэдээний багш бүрийн буюу эцэг эх, албан ёсоор дуудагдсан багш, гэрийн болон айлчлагч багш, Христийн дагалдагч бүрийн зорилго бол Бурханы хүүхдүүдэд Аврагчид итгэх итгэлээ хөгжүүлэн, Түүнтэй илүү адилхан болоход туслах … сайн мэдээний цэвэр сургаалыг Сүнсээр заах явдал юм” (Аврагчийн арга барилаар заах нь [2016]).

Яг одоо мянга мянган итгэлтэй багш нар Аврагчийн арга барилаар хэрхэн заахад суралцсанаар үлгэр жишээ болж байна. Энэ нөхцөлд “Аврагчийн адил амьдрах нь Түүнтэй адил заах түлхүүр” (Аврагчийн арга барилаар заах нь, 4) учраас суралцагчдад Христийн сургаалын жишгүүдийг мэдүүлэхэд багшийн зөвлөлийн шинэ хурал босож мөн гэрэлтэх нэг арга зам болж байна.

Бид Түүний арга барилаар зааж, суралцсанаар Түүнтэй илүү адил болж, бидний гэрэл илүү тод гэрэлтэн, нуугдаж чадахааргүй болох ба Аврагчийн гэрлийг хайж буй тэдгээрт жишиг болох болно.

Хайрт ах, эгч нар минь ээ, бид гэрлээ нуух хэрэггүй бөгөөд нуух ч ёсгүй. Аврагч биднийг гэрлээ уулан дээрх хот эсвэл дэнлүүний суурин дээрх гэрэл мэт гэрэлтүүлэхийг зарлигласан. Ингэснээрээ бид Тэнгэр дэх Эцэгээ алдаршуулах болно. Аврагчийн сайн мэдээ болон Түүний сэргээгдсэн Сүм өөрсдийн гэрлийг үндэстнүүдийн хувьд агуу жишгийн нэгээхэн хэсэг байлгах олон боломжийг бидэнд олгодог.

Есүс Христ бол бидний тусгах ёстой гэрэл мөн гэдгийг би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.