2010–2019
Ариун байдлын гоо үзэсгэлэн
2017 оны 4-р сар


Ариун байдлын гоо үзэсгэлэн

Тэнгэр дэх Эцэг маань Өөртэй нь адил ариун болоход шаардлагатай бүхнийг бидэнд бэлдэж өгсөн.

Би энэ хуралдаанд бэлтгэж байхдаа, уулзаж байсан хол ойрын олон итгэлтэй эгч нарт зүрх сэтгэлээ хандуулсан билээ. “Нэрд нь зохих яруу алдрыг Эзэнд өргөгтүн. Өргөлөө авчран Түүний өмнө ир. Ариун хувцастайгаар Эзэнд мөргөгтүн”1 хэмээх Давид хааны талархлын дууллын үгс тэднийг хамгийн оновчтой дүрсэлсэн гэж би үздэг.

Би зүрх сэтгэл нь бүхий л сайн сайханд төвлөрч, Аврагчтай адил болохыг хүсдэг эгч нараас ариун байдлын гоо үзэсгэлэнг олж хардаг. Тэд өдөр тутмын амьдарч буй байдлаараа Их Эзэнд бүхий л бодгаль, зүрх сэтгэл, хүч чадал, оюун ухаан, чадавхаа зориулж байдаг билээ.2 Ариун байдал бол зарлигуудыг дагаж, Бурхантай хийсэн гэрээнүүдээ хүндэтгэн сахихад гаргаж буй хичээл зүтгэл, чармайлт юм. Ариун байдал бол Ариун Сүнсийг зам заагчаа байлгах сонголтуудыг хийж,3 эгэл байдлаа орхин, Их Эзэн Христийн Цагаатгалаар дамжуулан гэгээнтэн болох явдал юм.4 “[Амьдралын маань] мөч бүр Их Эзэнд хандсан ариун байдал байх ёстой.”5

Тэнгэрийн Бурхан Израилийн хүүхдүүдэд: “Учир нь Би бол та нарын Бурхан Эзэн. Тиймээс өөрсдийгөө ариусгаж, ариун бай. Учир нь Би ариун билээ. Та нар … өөрсдийгөө бузарлаж болохгүй” хэмээн зарлиглажээ.6

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон: “Тэнгэрлэг Эцэг Бурхан маань бидэнд өндөр жишиг тавьдаг. … Тэр биднийг ‘селестиел алдар сууг тэсэн гарч’ (C ба Г 88:22), ‘Түүний дэргэд амьдарч’ (Mосе 6:57)7 болохын тулд ариун болгохыг зорьсон. Lectures on Faith (Итгэлийн талаарх лекц) номонд “Түүний төгс төгөлдөр, ариун байдлыг өөртөө агуулахгүйгээр хэн ч түүний алдар суугаас хүртэхгүй”8 гэсэн байдаг. Тэнгэр дэх Эцэг маань биднийг мэддэг. Тэр бидэнд хайртай бөгөөд Өөрийн адил ариун болоход шаардлагатай бүхнийг бидэнд бэлдэж өгсөн.

Бид Тэнгэрлэг Эцэгийн охид бөгөөд бидний хүн нэг бүр ариун байдлын бурханлаг өвийг хүлээн авсан. Тэнгэр дэх Эцэг маань “Болгоогтун, Бибээр Бурхан; Ариун Хүн нь миний нэр”9 хэмээн тунхагласан юм. Өмнөх амьдралдаа бид Эцэгээ хайрлаж, Түүнийг шүтэн биширч, Түүнтэй адил болохыг хүсэж байсан. Тэрээр эцэг хүний төгс хайраар бидэнд Өөрийн Ганц Хүү Есүс Христийг бидний Аврагч, Гэтэлгэгч болгохоор өгсөн билээ. Тэр бол Ариун Хүний Хүү.10 Түүний нэр нь “Ариун”,11 “Израилийн Ариун Нэгэн”12 юм.

Бидний ариун байх итгэл найдвар Христэд мөн Түүний нигүүлсэл, ач ивээлд төвлөрдөг. Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэн, бурханлаг бусаас өөрсдөө татгалзаж, чин сэтгэлээсээ наманчлах үед13 цэвэр ариун, толбогүй болох боломжтой. Бид нүглээсээ ангижрахын тулд усанд умбуулах баптисм хүртдэг. Биднийг зүрх сэтгэлээ нээж, Ариун Сүнсийг хүлээн авах үед бодгаль маань ариусдаг юм. Долоо хоног бүр бид ариун ёслолоос хүртдэг. Бид Түүний Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгаж болохын тулд зөв шударга байх чин хүсэлтэй байж, наманчлалын сүнсээр өөрсдөдөө Христийн нэрийг авч, Түүнийг дурсан санаж, зарлигуудыг нь дагахад бэлэн хэмээн гэрээлдэг. Бид Эцэг, Хүү, Ариун Сүнстэй нэг болохыг үргэлжлүүлэн хичээх явцдаа Тэдний бурханлаг зан чанараас хүртэгчид болдог.14

Гэрээгээ сахих нь ариун байдал юм

Биднийг Бурханы хувьд сайн сайхан, магтууштай бүх зүйлээс холдуулж болох олон сорилт, уруу таталт, бэрхшээл байдгийг бид мэднэ. Гэхдээ мөнх бус амьдрал дахь туршлагууд маань бидэнд ариун байдлыг сонгох боломж олгодог. Гэрээгээ сахихын тулд гаргадаг золиослолууд нь ихэнхдээ биднийг ариусган цэвэршүүлдэг юм.

Зураг
Гана улсын залуу эмэгтэй Еванжэлин

Гана улсын 13 настай Еванжэлин охины дүр төрхөөс би ариун байдлыг харж байсан. Тэр охин Биихайв ангийн ерөнхийлөгчийн дуудлагаа хичээнгүйлэн гүйцэтгэх замаар гэрээгээ сахидаг. Тэр идэвх султай найз залуу эмэгтэйчүүдийнхээ гэрт очиж, тэднийг сүмд явуулахыг аав, ээжээс нь гуйдаг гэдгээ даруухнаар тайлбарласан. Ням гарагт хүүхдүүд нь гэр орныхоо ажилд туслах хэрэгтэй байдаг учраас тэднийг явуулахад хэцүү байдаг гэж аав, ээж нь түүнд хэлдэг аж. Тийм болохоор Еванжэлин гэрт нь очиж, гэр орных нь ажилд тусалдаг бөгөөд түүний хичээж зүтгэсний ачаар найзуудыг нь сүмд очихыг зөвшөөрдөг байна.

Хэрвээ бид холбогдох гэрээнүүдийг сахих аваас ариун нандин санваарын ёслолууд нь биднийг өөрчлөн, ариусгаж, Их Эзэний дэргэд очиход бэлтгэдэг.15 Иймээс бид бас нэг нэгнийхээ ачаанаас үүрэлцэж, бие биенээ хүчирхэгжүүлдэг. Түүнчлэн бид ядуу, өлссөн, нүцгэн мөн өвчтэй нэгэнд сүнслэг болон материаллаг тусламж үзүүлэх үедээ нүглийнхээ ангижралыг хадгалж үлддэг.16 Мөн бид Хүндэтгэлийн өдрийг ариун байлгаж, Их Эзэний ариун өдөр зохистойгоор ариун ёслолыг хүлээн авахдаа өөрсдийгөө дэлхийгээс толбогүй байлгаж чаддаг.17

Бид гэр бүлээ адисалж, гэр орноо цэвэр ариун газар болгож чаддаг. Бид цэвэр ариун, дуусашгүй хайраар дүүргэгдэж болохын тулд хүслээ хянаж мөн18 бусдад нинжин сэтгэлээр, энэрэнгүй хандаж, Бурханы гэрч болон зогсдог. Ийнхүү бид нэг зүрх сэтгэл, нэг оюунтай байж, зөв шударга ёсонд хамтдаа оршин суудаг ариун бөгөөд Сионы хүмүүс болдог билээ.19 “Учир нь Сион гоо үзэсгэлэнд, мөн цэвэр ариун байдалдаа өсөн дэгжих ёстой.”20

Эгч нар аа, ариун сүмд ирж бай. Хэрэв бид Аврагчийг ирэх үед Түүнийг хүлээн авахад бэлтгэлтэй ариун хүмүүс болохыг хүсэж байвал өндийн, гоёмсог өмсгөлөө өмсөх ёстой.21 Бид “цэврээр хувцасла[хын], тийм ээ, бүр зөв шударгын орхимжтой бай[ж]”22 болохын тулд дэлхийнхний замыг шийдвэр төгс, нэр төртэй орхиж, гэрээнүүдээ сахих ёстой.

Ариун Сүнсийг зам заагчаа болгох нь ариун байдал юм

Ариун байдал бол Сүнсний бэлэг. Бид амьдралдаа Ариун Сүнсний ариусгагч хүчийг нэмэгдүүлэх зүйлс хийхийг сонгосноор энэ бэлгийг хүлээж авдаг.

Зураг
Мариа Аврагчийн үгсийг сонсов

Мартад Есүс Христийг гэртээ хүлээн аваад, чадлынхаа хэрээр үйлчилье гэсэн гүн хүсэл төржээ. Харин охин дүү Мариа нь “Эзэний хөлд суугаад” үгийг нь сонсохыг хүсэв. Марта үйлчлэх ажилд нь хэн ч туслахгүй байгаад түүртэн, “Эзэн, дүү минь үйлчлэх ажилд намайг ганцаар орхисныг Та анзаарахгүй байна уу?” гэж гомдолложээ.

Миний төсөөлж чадах хамгийн зөөлөн зэмлэх дараах үгс надад маш их таалагддаг. Төгс хайр, цаглашгүй энэрэнгүй сэтгэлээр Аврагч:

“Марта, Марта, чи мөн ч их зүйлд санаа тавьж зовох юм даа.

Үнэндээ ганцхан юм л хэрэгтэй билээ. Мариа өөрөөс нь зайлуулагдашгүй сайныгаа л сонгон авчээ гэв.23

Эгч нар аа, ариун байхын тулд бид Израилийн Ариун Нэгний хөлд сууж суран, ариун байдалд цаг зав гаргах ёстой. Бид утсаа, хэзээ ч дуусдаггүй хийх ажлын жагсаалтаа, дэлхийн санаа зовоосон асуудлаа хойш тавьдаг уу? Залбирч, судлан, Бурханы үгийг чих тавин сонссоноор Түүний цэвэршүүлэгч, эдгээгч хайр бидний бодгальд бий болдог. Түүний ариун, цэвэршүүлэгч Сүнсээр дүүргэгдэж болохын тулд ариун байхад цаг зав гаргацгаая. Бид Ариун Сүнсийг зам заагчаа болгосон цагт ариун байдлын гоо үзэсгэлэнд Аврагчийг хүлээн авахад бэлтгэгдсэн байх болно.24

Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан гэгээнтэн болох нь ариун байдал юм

Бенжамин хааны сүнсээр өдөөгдсөн үгсийн дагуу, Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан гэгээнтэн болдог хүмүүс Аврагчтай адил хүлцэнгүй, номхон, даруу, тэвчээртэй, хайраар дүүрэн байдаг.25 Тэр Есүс Христийн талаар: “засаглах тэр, байсан, мөн үүрд мөнхөөс үүрд мөнхөд байдаг тэр, Төгс Хүчит Их Эзэн хүмүүний үрсийн дунд тэнгэрээс бууж ирэх болно, мөн махбодийн асарт орших болно” хэмээн бошиглосон. Тэр өвчтэй, хазгар, дүлий, сохор хүмүүсийг адислахаар мөн үхэгсдийг амилуулахаар ирсэн билээ. Гэсэн хэдий ч Тэр “энэ нь үхэлд хүргэхээс бусдаар бол бүр хүмүүний тэвчиж чадахаас илүүг”26 тэвчсэн юм. Хэдийгээр аврал нь гагцхүү Түүгээр дамжин ирдэг ч, Тэр шоолуулж, зодуулж мөн цовдлуулсан. Гэвч Бурханы Хүү бид бүгдэд үхлийг ялан дийлэх боломж олгохын тулд булшнаас амилсан. Тэр л ганцаараа дэлхийнхнийг зөв шударга шүүхээр зогсоно. Тэр бид бүхнийг аварна. Тэр бол Израилийн Ариун Нэгэн юм. Есүс Христ бол ариун байдлын гоо үзэсгэлэн билээ.

Бенжамин хааны хүмүүс түүний үгсийг сонсоод, газарт сөхрөн унацгаасан ба Бурханы ач ивээл, алдар суугийн өмнө тэдний даруу байдал, хүндэтгэл бишрэл тийм агуу байв. Тэд өөрсдийн хилэнцэт байдлыг олж харжээ. Бид Их Эзэн Христийн ач ивээл, нигүүлсэлд бүрэн тулгуурладаг гэдгээ харж чаддаг билүү? Материаллаг болоод сүнслэг бэлэг бүр Христээр дамжин ирдэг гэдгийг бид ойлгодог уу? Эцэгийн мөнхийн төлөвлөгөөний дагуу, энэ дэлхий дэх амар амгалан, мөнх амьдралын алдар суу зөвхөн Түүний ариун Хүүгээр дамжин биднийх болдог гэдгийг бид санадаг уу?

Бид Бенжамин хааны хүмүүстэй дуу хоолойгоо нэгтгэн, “Ай нигүүлсэж хайрла, мөн бид нүглүүддээ өршөөлийг хүлээж авч болохын тулд мөн зүрх сэтгэл маань ариуссан байж болохын тулд Христийн цагаатгагч цусыг нөлөөлүүлээч; учир нь бид Есүс Христэд, тэнгэр ба газар, мөн бүх зүйлийг бүтээсэн Бурханы Хүүд итгэдэг”27 гэж хашгирах болтугай.

Хэрэв бид Израилийн Ариун Нэгэн дээр ирэх аваас баяр хөөрөөр дүүрч, нүглийнхээ ангижрал, ухамсрын амар амгаланг хүлээн авах боломж олгохоор Түүний Сүнс бидэн дээр ирнэ гэдгийг би гэрчилж байна.

Тэнгэрлэг Эцэг бидний хүн нэг бүрд цэвэр ариун болох чадавхыг өгсөн юм. Бид гэрээнүүдээ сахиж, Ариун Сүнсийг удирдамжаа болгохын тулд чадах бүхнээ хийх болтугай. Бид үхэшгүй байдал, мөнх амьдралыг хүлээн авч мөн Бурхан Эцэгтээ нэрэнд нь зохих яруу алдрыг өргөж болохын тулд Есүс Христэд итгэх итгэлтэй байж Түүний цагаатгалаар дамжин гэгээнтэн болдог. Ариун байдлын гоо үзэсгэлэнд Их Эзэнийг шүтэн биширж болохын тулд бидний амьдрал ариун нандин өргөл болох болтугай. Есүс Христийн ариун нэрээр, амен.