2010–2019
Бурхан Тэргүүтэн ба авралын төлөвлөгөө
2017 оны 4-р сар


Бурхан Тэргүүтэн ба авралын төлөвлөгөө

Бидэнд Бурхан Тэргүүтэн, Тэдэнтэй харилцах харилцааны тухай үнэн байгаа учраас бидэнд хамгийн сайн газрын зураг ба мөнх бус аяллын турш туслах баталгаа бий.

I.

Бидний итгэлийн тунхгийн нэгдүгээрт “Бурхан, Мөнхийн Эцэг, мөн Түүний Хүү Есүс Христ мөн Ариун Сүнсэнд бид итгэдэг” гэсэн байдаг. Бид бусад Христийн шашинтантай адил Эцэг, Хүү, Ариун Сүнсэнд итгэдэг боловч Тэр гурвын талаарх итгэдэг зүйл маань бусдын итгэл үнэмшлээс өөр байдаг. Бид Христийн шашинтнуудын Ариун гурвалын сургаал гэж нэрлэдэг зүйлд итгэдэггүй. Анхны үзэгдлээр Иосеф Смит хоёр тусдаа хүнийг харсан бөгөөд Бурхан, Бурхан Тэргүүтэний талаар тухайн үед давамгайлж байсан итгэл үнэмшил үнэн биш гэдгийг тодруулж өгсөн юм.

Бурхан бол үл ойлгом, тайлагдашгүй гэдэг итгэл үнэмшлийн эсрэг тал нь Бурханы мөн чанарын тухай болон Түүнтэй харилцах бидний харилцааны тухай үнэнүүд нь ойлгож болох зүйл төдийгүй бидний сургаалд буй бүх зүйлийн гол түлхүүр болдог явдал юм. Есүсийн агуу зуучлагч залбирал Библид цэдэглэгдсэн байдаг бөгөөд Тэрээр энэ залбиралдаа “Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн” (Иохан 17:3) гэж тунхагласан.

Зураг
Ариун Библи

Бурханыг болон Түүний ажлыг ойлгож мэдэх оролдлого мөнх бус амьдралын өмнө эхэлсэн бөгөөд энд ч төгсгөл болохгүй. Бошиглогч Иосеф Смит “Гэвч та [өргөмжлөлийн бүх зарчмыг] мэдэхээсээ өмнө хөшигний цаад талд гарчихсан бол үүнд ихээхэн цаг хугацаа шаардагдана”1 хэмээн заажээ. Бид мөнх бус байдлын өмнөх сүнсний дэлхийд олж авсан мэдлэгтээ тулгуурлан цааш суралцсаар байдаг. Тийм ч учраас бошиглогч Исаиа Библийн цэдэглэснээр Бурханы мөн чанар, хүүхдүүдтэйгээ харилцах харилцааг израильчуудад заах гэж оролдохдоо

“Тэгвэл та нар Бурханыг хэнтэй адилтгах юм бэ? Та нар Түүнийг ямар дүртэй зүйрлэх вэ? …

Та нар мэдэхгүй гэж үү? Та нар сонсоогүй гэж үү? Эхнээсээ та нарт үүнийг зарлаагүй гэж үү? Дэлхийн сууриас та нар ойлгоогүй юу?” (Исаиа 40:18, 21) хэмээн тунхаглажээ.

Бурхан Тэргүүтэний гурван гишүүн тус бүр салангид биес гэдгийг бид мэддэг. Бид үүнийг “Эцэг хүмүүнийхтэй адил мэдрэгдэх мах хийгээд ясан биетэй болой; Хүү ч бас адил бөлгөө; харин Ариун Сүнс бол мах хийгээд ясан биегүй харин Сүнсэн хүн буюу. Ийм бус байх аваас, Ариун Сүнс бидэн дотор оршиж чадах нь үгүй бөлгөө” (С ба Г 130:22) хэмээх бошиглогч Иосеф Смитийн удирдамжаас мэдэж авдаг.

Бурхан Тэргүүтэн дотор Бурхан Эцэгийн эзлэх хамгийн дээд байр суурийн талаар мөн гишүүн тус бүрийн гүйцэтгэдэг үүргийн талаар бошиглогч Иосеф Смит ийн тайлбарлажээ:

Зураг
Бошиглогч Иосеф Смит

“Тэнгэр нээгдэхийг харсан хүн бүгд хүч, эрх мэдлийн түлхүүрүүдийг атгасан гурван хүн тэнгэрт байдаг бөгөөд нэг нь бүгдийн дээр тэргүүлдгийг мэддэг билээ.

… Энэ гурван хүний … нэгдэхийг Бүтээгч, Бурхан; хоёр дахийг Гэтэлгэгч, Бурхан; гурав дахийг Бурхан, Гэрч буюу Гэрчлэгч гэж нэрлэдэг.

Тэргүүн буюу Ерөнхийлөгчийн хувьд тэргүүлэх нь Эцэгийн эрх мэдэл, Зууч байх нь Есүсийн, Тайтгаруулагч буюу Гэрч байх нь Ариун Сүнсний үүрэг буюу эрх мэдэл юм.”2

II. Төлөвлөгөө

Бид Бурхан Тэргүүтэний гишүүдтэй ямар харилцаатайгаа авралын төлөвлөгөөний талаар илчлэгдсэн зүйлүүдээс ойлгодог.

Бид хаанаас ирсэн бэ? Яагаад бид энд байгаа вэ? Бид хаашаа явж байна вэ? гэх мэт асуултуудад “авралын төлөвлөгөө,” “аз жаргалын агуу төлөвлөгөө,” “гэтэлгэлийн төлөвлөгөө” (Алма 42:5, 8, 11) гэж судруудын нэрлэдэг зүйл хариулт өгдөг. Есүс Христийн сайн мэдээ бол авралын төлөвлөгөөний гол цөм мөн.

Мөнх бус байдлын өмнө Бурханы сүнсэн хүүхдүүд бид мөнх амьдралыг олж авахыг хүссэн бөгөөд бие махбод дахь мөнх бус туршлагагүйгээр чадах чинээгээрээ өсөж хөгжсөн байв. Тэнгэрлэг Эцэг маань тэр боломжийг олгохын тулд энэ дэлхийн бүтээлтэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж, мөнх бус төрөлтөөс өмнөх амьдралын маань дурсамжийг мартуулж, зарлигуудыг сахих, мөнх бус амьдралын бусад бэрхшээлийг амсаж өсөж хөгжих тийм газрыг бүтээсэн билээ. Гэсэн хэдий ч бид анхны эцэг, эхийнхээ уналтаас болж, мөнх бус амьдралын турш Бурханы дэргэдээс тусгаарлагдах замаар сүнслэг үхлийг амсаж, нүгэлд өртөн, бие махбодын хувьд үхэх болсон юм. Эцэгийн төлөвлөгөө тэр бүх саадыг урьдчилан тооцоолсон бөгөөд тэдгээрийг даван туулах арга замаар хангасан байдаг.

III. Бурхан Тэргүүтэн

Бид Бурханы агуу төлөвлөгөөний зорилгыг мэдэх учраас одоо Бурхан Тэргүүтэний гурван гишүүний энэ төлөвлөгөөнд гүйцэтгэх үүргийг ярилцах болно.

Библи дэх сургаалаас эхэлье. Төлөөлөгч Паул коринтчуудад хандан бичсэн хоёр дахь захидлынхаа төгсгөлд Бурхан Тэргүүтэн болох Эцэг, Хүү, Ариун Сүнсний тухай “Эзэн Есүс Христийн нигүүлсэл, Бурханы хайр, Ариун Сүнсний нөхөрлөл [3] та бүгдтэй хамт байх болтугай” (2 Коринт 13:14) хэмээн санаандгүй шахам байдлаар дурдсан байдаг.

Библийн энэ судар Бурхан Тэргүүтэнийг төлөөлдөг бөгөөд Бурхан Эцэгийн хайр, Есүс Христийн нигүүлсэнгүй мөн аврах хүчтэй номлол, Ариун Сүнсний нөхөрлөлийн талаар өгүүлдэг.

Бурхан Эцэг

Бүх зүйл Бурхан Эцэгээс эхэлдэг. Хэдийгээр бид Түүний тухай ихийг мэдэхгүй боловч мэддэг зүйлүүд маань Түүний эрхэм дээд байр суурь, Түүнтэй харилцах бидний харилцаа, авралын төлөвлөгөө, бүтээлт болон дараа нь болсон бүх зүйлд Түүний гүйцэтгэсэн удирдах үүргийг ойлгоход шийдвэрлэх ач холбогдолтой.

Ахлагч Брүс Р.Макконки нас барахаасаө өмнөхөн: “Ертөнц дахинаа Цорын ганц амьд Бурхан байдаг. Тэр бол Эцэг, Хүчирхэг Елохим, Эрхмийн Дээд, орчлон ертөнцийн Бүтээгч ба Захирагч юм”4 хэмээн бичжээ. Тэр бол Есүс Христийн болон бид бүгдийн Бурхан, Эцэг юм. Ерөнхийлөгч Дэвид О.Маккэй “Есүс Христийн заасан анхны чухал үнэн бол Бурхан Эцэг, тэнгэр ба газрын Эзэн бүх зүйлийг захирдаг гэсэн үнэн байсан”5 хэмээн заасан.

Бурхан Эцэгийн мөн чанарын талаар мэддэг зүйлийн ихэнхийг нь бид Түүний Төрсөн Ганц Хүү Есүс Христийн тохинуулал, сургаалаас сурч авдаг. Ахлагч Жэффри Р.Холландын зааснаар Есүсийн тохинууллын хамгийн чухал зорилгуудын нэг нь мөнх бус хүмүүст “Бурхан Мөнхийн Эцэг маань ямар хүн болохыг илчилж … Өөрийн Эцэг, бидний Тэнгэр дэх Эцэгийн мөн чанарыг бидний ойлголтод ойр дөхөм болгож мөн илчлэх”6 явдал байсан. Есүс Эцэгийнхээ “мөн чанарын бодит илэрхийлэл” (Еврей 1:3) байсан гэж Библид бичигдсэн байдаг төлөөлөгчийн гэрч нь Есүсийн “Намайг харсан хүн Эцэгийг харсан” (Иохан 14:9) хэмээх сургаалыг илүү тодорхой болгодог.

Бурхан Эцэг бол бидний сүнсний Эцэг. Бид Түүний хүүхдүүд. Тэр бидэнд хайртай бөгөөд Түүний хийдэг бүхэн бидний мөнхийн сайн сайхны төлөө байдаг. Тэр авралын төлөвлөгөөний зохиогч бөгөөд эл төлөвлөгөө нь Түүний хүч чадлаар хүүхдүүдийг нь алдар сууд аваачих зорилгоо хэрэгжүүлдэг.

Хүү

Мөнх бус хүмүүст хамгийн илэрхий байдаг Бурхан Тэргүүтэний гишүүн бол Есүс Христ. 1909 онд Тэргүүн Зөвлөлөөс гаргасан сургаалын тайлбар бүхий нэг мэдэгдэлд Түүнийг “Бурханы бүх хөвгүүний ууган нь, сүнсэнд төрсөн Ууган, махан биед төрсөн Ганц хүү”7 хэмээн тунхагласан байдаг. Бүхнээс агуу Хүү нь Эцэгийн төлөвлөгөөг хэрэгжүүлж, тоо томшгүй олон дэлхийг бүтээх Эцэгийн хүчийг ашиглаж (Moсе 1:33-ыг үзнэ үү) мөн Амилалтаараа Бурханы хүүхдүүдийг үхлээс, Цагаатгалаараа нүглээс аврахаар Эцэгээр сонгогдсон билээ. Энэ “зүйрлэшгүй золиослол” бол “бүх хүн төрөлхтний түүхэн дэх гол үйл явдал” гэж дуудагдах нь зүй ёсны хэрэг мөн.8

Зураг
Их Эзэн Есүс Христ

Бурхан Эцэг Хүүгээ Өөрийн биеэр танилцуулсан онцгой, ариун нандин тохиолдлуудад “Энэ бол миний Хайртай Хүү: Түүнийг сонс” (Maрк 9:7; Лук 9:35; мөн 3 Нифай 11:7; Иосеф Смит—Түүх 1:17-г үзнэ үү) хэмээн тунхаглажээ. Тиймдээ ч Есүс Христ Иехова, Израилийн Эзэн Бурханы хувиар бошиглогчдод хандан мөн тэднээр дамжуулан ярьдаг.9 Тийм учраас Есүс амилсныхаа дараа нифайчуудад үзэгдэхдээ Өөрийгөө “бүх дэлхийн Бурхан” (3 Нифай 11:14) хэмээн танилцуулсан юм. Мөн Есүс Мормоны Номын бошиглогчдод болон хожмын үеийн гэгээнтнүүдэд “Эцэг ба Хүүгийн” хувиар ярьдаг. Энэ хэргэм зэргийг 100 жилийн өмнө Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн гаргасан сүнслэг урам бүхий сургаалын тайлбарт тайлбарласан байдаг.10

Ариун Сүнс

Ариун Сүнс бол Бурхан Тэргүүтэний гуравдагч гишүүн бөгөөд Түүнийг Ариун Сүнс, Их Эзэний Сүнс, Тайтгаруулагч гэж нэрлэдэг. Тэр бол хувийн илчлэлтийн зуучлагчийн үүрэгтэй Бурхан Тэргүүтэний гишүүн юм. Сүнсэн хүний хувьд (С ба Г 130:22-ыг үзнэ үү) Тэр бидний дотор оршиж, Эцэг, Хүүг дэлхий дээрх Бурханы хүүхдүүдтэй холбох амин чухал үүргийг гүйцэтгэж чадна. Олон сударт Түүний номлол бол Эцэг, Хүүг гэрчлэх явдал хэмээн заадаг (Иохан 15:26; 3 Нифай 28:11; С ба Г 42:17-г үзнэ үү). Аврагч Ариун сүнс та нарт бүх зүйлийг заах бөгөөд Миний та нарт хэлсэн бүгдийг сануулах болно (Иохан 14:26;16:13-г үзнэ үү) хэмээн амласан. Иймд Ариун Сүнс бидэнд үнэн худлыг ялгахад тусалж, чухал шийдвэр гаргахад биднийг удирдан чиглүүлж мөн мөнх бус амьдралын бэрхшээлүүдийг даван туулахад тусалдаг.11 Бид Түүгээр дамжуулан ариусгагддаг буюу нүглээс цэвэршдэг (2 Нифай 31:17; 3 Нифай 27:20; Moронай 6:4-ийг үзнэ үү).

IV.

Бурхан Тэргүүтэн болон авралын төлөвлөгөөний талаар тэнгэрлэгээр илчлэгдсэн энэ сургаалыг ойлгох нь өнөөдрийн бэрхшээлүүдийг даван туулахад бидэнд хэрхэн тусалдаг вэ?

Бидэнд Бурхан Тэргүүтэн, Тэдэнтэй харилцах харилцаа, амьдралын зорилго, мөнхийн хувь тавилангийн маань мөн чанарын тухай үнэн байгаа учраас бидэнд хамгийн сайн газрын зураг ба мөнх бус аяллын турш туслах баталгаа бий. Бид хэнийг, яагаад шүтэн биширдгээ мэднэ. Бид хэн гэдгээ мөн хэн болж чадахаа мэднэ (С ба Г 93:19-ийг үзнэ үү). Үүнийг хэн боломжтой болгосныг мөн Бурханы авралын төлөвлөгөөгөөр ирдэг хамгийн эрхэм адислалыг авахын тулд юу хийх ёстойгоо бид мэддэг. Бид энэ бүгдийг яаж мэддэг вэ? Бид Бурханы бошиглогчдодоо болон бидний хүн нэг бүрд өгдөг илчлэлтүүдийн ачаар мэддэг.

Төлөөлөгч Паулын дүрсэлсэн “Христийн дүүрэн байдлын чанарын хэмжээнд” (Eфес 4:13) хүрэх нь мэдлэгтэй болохоос илүү ихийг шаарддаг. Сайн мэдээнд үнэмших нь хангалтгүй бөгөөд бид үүгээр хөрвүүлэгдэх хэмжээнд үйлдэж, бодох ёстой. Бидэнд ямар нэг зүйлийг мэддэг болохыг заадаг дэлхийн сургалтын байгууллагуудтай адилгүй нь Есүс Христийн сайн мэдээ биднийг ямар нэг зүйл болоход урьдагт оршино.

Зураг
Ерөнхийлөгч ТомасС.Монсон

Ерөнхийлөгч Томас С.Монсон өнгөрсөн Ерөнхий чуулган дээр

“Бидний Аврагч, Есүс Христ [авралын] төлөвлөгөөний зайлшгүй нэгэн чухал хэсэг билээ. Түүний цагаатгагч золиослолгүйгээр хүн бүр төөрөлдсөн хэвээрээ үлдэх байсан. Зүгээр л Түүнд болон Түүний номлолд итгэх нь хангалтгүй юм. Бид хөдөлмөрлөж, суралцаж, эрэлхийлж мөн залбирч, наманчилж, өсөж хөгжих хэрэгтэй. Бид Бурханы хуулиудыг мэдэж, тэдгээрийн дагуу амьдрах хэрэгтэй. Бид Түүний авралын ёслолуудыг хүлээн авах хэрэгтэй. Бид эдгээрийг хийснээр л жинхэнэ, мөнхийн аз жаргалыг олж авах болно. …

Би бодгалийнхаа бүхий л эрч хүчээр мөн даруу байдлын гүнд бидэнд зориулсан Эцэгийн төлөвлөгөө болох энэхүү агуу бэлгийн талаар гэрчилж байна. Энэ нь энэ дэлхийд болон ирэх дэлхийд амар амгалан, аз жаргалд хүргэх цорын ганц төгс зам юм”12 хэмээн ерөнхийлөгч Монсон тунхагласан.

Би хайртай бошиглогч, ерөнхийлөгчийнхөө үгс дээр гэрчлэлээ нэммээр байна. Биднийг хайрладаг Тэнгэрлэг Эцэг бидэнд бий гэдгийг би гэрчилж байна. Биднийг удирддаг Ариун Сүнс бидэнд бий. Энэ бүгдийг боломжтой болгосон бидний Аврагч Есүс Христийн тухай би Есүс Христийн нэрээр гэрчилж байна.

Эшлэлүүд

  1. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 303.

  2. Сургаалууд: Иосеф Смит, 50.

  3. This was a common meaning of communion when that word was chosen by the King James translators (The Oxford Universal Dictionary, 3rd ed., revised 1955, 352-ыг үзнэ үү).

  4. Брүс Р.Mакконки, A New Witness for the Articles of Faith (1985), 51.

  5. Давид О.Маккэй, Conference Report, 1935 оны 10-р сар, 100.

  6. Жэффри Р.Холланд, “The Grandeur of God,” Liahona, 2003 оны 11-р сар, 70.

  7. Тэргүүн Зөвлөл, “The Origin of Man,” Ensign, 2002 оны 2-р сар, 26, 29.

  8. Жишээлбэл, Рассэлл М.Нэлсон, “Есүс Христийн хүчийг амьдралдаа татан авах нь,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 40; “The Living Christ: The Testimony of the Apostles,” Liahona, 2000 оны 4-р сар, 2-ыг үзнэ үү.

  9. Жозеф Фийлдинг Смит, Doctrines of Salvation, боть. Брүс Р.Макконки (1954), 1:27-г үзнэ үү.

  10. Тэргүүн Зөвлөл ба Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга, “The Father and the Son,” Ensign, 2002 оны 4-р сар, 13–18-ыг үзнэ үү.

  11. Робэрт Д.Хэйлс, “Ариун Сүнс,” , 92–94-ийг үзнэ үү.

  12. Томас С.Монсон, “Аз жаргалд хүргэх төгс зам,” , 80–81.