2010–2019
Сэрэмжлүүлгийн дуу хоолой
2017 оны 4-р сар


Сэрэмжлүүлгийн дуу хоолой

Хэдийгээр сэрэмжлүүлэх нь бошиглогчдын үүрэг гэж үзэж болох ч бусад хүн ч ийнхүү сэрэмжлүүлэх үүрэгтэй.

Бошиглогч Езекиел Лихай гэр бүлийнхэнтэйгээ хамт Иерусалимыг орхин явахаас хорин жилийн өмнө мэндэлжээ. Езекиел МЭӨ 597 онд, 25 насандаа Небухаднезарын Вавилон руу олзлогдон илгээгдсэн олон хүний нэг нь байсан бөгөөд бидний мэдэж байгаагаар үлдсэн амьдралаа тэнд өнгөрүүлсэн байна.1 Тэр Аароны санваарын удмын хүн байсан ба 30 насандаа бошиглогч болжээ.2

Езекиелийг томилохдоо Иехова түүнийг харуултай зүйрлэсэн байдаг.

“Улс дээр нь илд ирж байхыг [харуул] хармагц бүрээ үлээж, ардуудад сэрэмжлүүлэг өг;

Тэгээд хэн нэгэн нь бүрээний дууг сонссон боловч сэрэмжлүүлгийг эс авбал, илд ирж түүнийг аваад явбал түүний цус өөрийнх нь толгой дээр байх болно.”3

Нөгөөтэйгүүр, “хэрвээ харуул нь илд ирж буйг хараад бүрээ үлээлгүй, ард түмэнд сэрэмжлүүлэг өгөөгүй бол илд ирж, тэдний дотроос хэн нэгийг авбал … түүний цусыг Би харуулын гараас нэхэх болно.”4

Дараа нь Иехова Езекиелтэй шууд ярихдаа, “Хүний хүү чиний хувьд гэвэл, Би чамайг Израилийн гэрийн төлөө харуул болгон томилсон. Тиймээс чи Миний амнаас гарах үгийг сонсоод, Надаас өгөх сэрэмжлүүлгийг тэдэнд өгөх болно”5 хэмээн тунхаглажээ. Уг сэрэмжлүүлэг нь нүглээс татгалзах талаар байсан юм.

“Би хорон муу хүнд, Хорон муу хүн ээ, чи заавал үхэх болно хэмээн айлдах үед чи тэр хорон муу хүнд өөрийнх нь замаас эргэхийг сануулан хэлэхгүй бол тэр хорон муу хүн өөрийн хууль бус үйлсийн дотор үхэх боловч, харин түүний цусыг Би чиний гараас нэхэх болно.

Харин хэрвээ чи өөрийн талаас тэр хорон муу хүнд замаасаа эргэхийг сэрэмжлүүлсэн боловч тэрээр замаасаа эргэхгүй бол тэр өөрийн хууль бус үйлсийн дотор үхэх болно. Гэвч чи өөрийн амийг аварсан билээ.

Гэвч Би хорон муу хүнд “Чи заавал үхэх болно” хэмээн айлдахад, тэрээр өөрийн нүглээс буцаж, шударга ёс, зөвт үйлсийг үйлдвэл; …

Түүний үйлдсэн нүглийн нэг нь ч түүний эсрэг дурсагдахгүй. Тэрээр шударга ёс болон зөвийг үйлдсэн. Тэр заавал амьдрах болно.”6

Сонирхолтой нь, энэ сэрэмжлүүлэг зөв шударга хүмүүст ч бас хамаатай юм. “Би зөвт хүнд түүнийг заавал амьдарна гэж айлдсан боловч тэрээр өөрийн зөвт байдалд хэт найдсаар хууль бусыг үйлдвээс түүний зөв үйлсийн нэг нь ч дурсагдахгүй. Харин түүний үйлдсэн яг тийм хууль бус үйлдэл дотор тэр үхэх болно.”7

Бурхан Өөрийн хүүхдүүдээс дараах зүйлийг хийхийг хүсэж, Езекиелд ийнхүү хэлсэн: “Тэдэнд өгүүл. Би Өөрийн амьд буйгаар тангараглая гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. Би хорон муу хүний үхэлд огтхон ч баярлахгүй. Харин хорон муу хүн замаасаа эргэж, амьдрахад Би баярлах болно. Өөрийн муу замаасаа буцагтун, буцагтун! Тэгвэл та нар юунд үхэх вэ, Израилийн гэр ээ?”8

Бидний Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёр “ёс бус явдал хэзээ ч аз жаргал байгаагүй [бөгөөд ирээдүйд ч байх нь үгүй]”9 гэдгийг сайн мэдэх тул биднийг зэмлэн буруушаахын оронд аз жаргалтай байлгахыг эрэлхийлэн, наманчлаасай гэж хүсдэг. Тиймээс Езекиел болон түүний өмнөх ба дараах бошиглогч бүр Бурханы үгийг зүрх сэтгэлийнхээ угаас ярихдаа бүгдэд бодгалийн дайсан болох Сатанаас татгалзан, “бүх хүмүүний агуу их Зуучаар дамжуулан, эрх чөлөө болон мөнх амьдралыг сонгох[ыг]”10 сэрэмжлүүлсээр ирсэн.

Хэдийгээр сэрэмжлүүлэх нь бошиглогчдын үүрэг гэж үзэж болох ч бусад хүн ч ийнхүү сэрэмжлүүлэх үүрэгтэй. Үнэндээ, “сэрэмжлүүлэгдсэн хүн болгон хөршөө сэрэмжлүүлэх нь хэрэгтэй болой.”11 Бид энэ болон мөнх амьдралд маш чухал аз жаргалын агуу төлөвлөгөөний талаар болон уг төлөвлөгөөг амьдралд хэрэгжүүлдэг зарлигуудын талаар мэдлэгийг хүлээн авсан тул тэрхүү мэдлэгээ хуваалцах хүсэлтэй байх хэрэгтэй. Хэрэв бид “Сэрэмжлүүлэх ёстой тэр хөрш маань хэн бэ?” гэж асуух юм бол хариултаа “Нэгэн хүн Иерусалимаас Иерихо орохоор явж байжээ. Тэр хүн дээрэмчдийн дунд орчихож [гэх мэтчилэн]”12 эхэлдэг нэгэн сургаалт зүйрлэлээс олж болно.

Сайхан сэтгэлт самари хүний тухай сургаалт зүйрлэлийг үүнтэй холбон авч үзэх нь “хэн миний хөрш вэ?” гэх асуултын хариулт нь “Чи өөрийн Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадал, бүх оюун ухаанаараа хайрла. Мөн хөршөө өөрийн адил хайрла”13 хэмээх хоёр агуу зарлигтай холбоотой гэдгийг бидэнд сануулдаг. Сэрэмжлүүлгийн дуу хоолой өргөх болсон сэдэл нь хайраас буюу Бурхан болон хөршөө хайрлах хайраас үүдэлтэй. Сэрэмжлүүлнэ гэдэг нь анхаарал халамж тавьж байгаа хэрэг. Их Эзэн үүнийг “эвтэй зөөлөн хийгээд номхон дөлгөөн байдалд”14 мөн “сэнхрүүллээр, тэсвэр тэвчээрээр, эелдэг зөөлөн хийгээд номхон дөлгөөнөөр, чин сэтгэлийн хайраар”15 хийх ёстой хэмээн зааварласан. Энэ нь гал руу гараа хийх гэж байгаа хүүхдийг сэрэмжлүүлдэг шиг яаралтай байж болно. Мөн тодорхой бөгөөд заримдаа хатуу чанга байх ёстой. Заримдаа “Сүнсээр хөдөлгөгдсөн үед”16 сэрэмжлүүлэг нь шүүмжлэл хэлбэрээр ирж болох ч үргэлж хайр дээр үндэслэгдсэн байдаг. Жишээ нь, номлогчдын үйлчлэл, золиослолыг өдөөдөг хайр нь үүний нэг гэрч юм.

Гагцхүү хайр л эцэг эхчүүдийг өөрсдийн хамгийн ойр дотно “хөрш” болох хүүхдүүдээ сэрэмжлүүлэхэд хүргэдэг. Энэ нь сайн мэдээний үнэнийг зааж сурган, гэрчилнэ гэсэн үг. Мөн энэ нь хүүхдүүддээ итгэл, наманчлал, баптисм, Ариун Сүнсний бэлэг17 хэмээх Христийн сургаалыг заана гэсэн үг. Их Эзэн эцэг эхчүүдэд “хүүхдүүдээ гэрэл ба үнэнд хүмүүжүүлэхийг би та нарт зарлигласан”18 хэмээн сануулдаг.

Эцэг эхийн анхааруулж сэрэмжлүүлэх үүрэг хариуцлагын нэгэн чухал хэсэг бол хүүхдүүддээ гэм нүглийн ёс суртахууны сөрөг үр дагаврыг заахаас гадна зарлигуудад дуулгавартай байхын баяр баясгаланг тайлбарлах явдал юм. Иносыг Бурханыг эрэлхийлэн, нүглийнхээ ангижралыг хүлээн авч, хөрвөгдөхөд юу хүргэсэн талаар хэлсэн үгийг нь санагтун.

“Болгоогтун, би ан агнахаар ойд очив; мөн мөнх амьдрал, бас гэгээнтнүүдийн баяслын талаар эцгийнхээ ярьж байхыг олонтоо сонссон тэр үгс, зүрх сэтгэлд минь гүнзгий шингэсэн байв.

Мөн намайг Бий Болгогчийн өмнө сөхөрсөн би, мөн хүчит залбирлаар мөн бодгалийнхаа төлөө гуйлтаар түүнээс гуйсан.”19

Есүс хүмүүсийг юунаас ч илүү хайрлаж, тэдэнд болон тэдний аз жаргалд санаа тавьдаг учраас хэзээ ч сэрэмжлүүлэхээс татгалзаж байгаагүй. Тохинуулахын зэрэгцээ “Есүс —Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал ойрхон байна гэж тунхаглаж эх[элсэн.”20 Бүх зам тэнгэрт хүргэдэггүй гэдгийг Тэр мэддэг тул:

“Нарийн хаалгаар ор. Учир нь сүйрэл уруу татан оруулдаг хаалга нь өргөн, зам нь уужим юм. Олон хүн түүгээр тийшээ ордог.

Амь уруу хөтөлдөг хаалга нь жижиг, зам нь нарийн юм. Цөөхөн хүн түүнийг олдог”21 хэмээн зарлигласан.

Тэр нүгэлтнүүдтэй цагийг хамт өнгөрөөж, ”Би зөвт хүнийг бус, харин нүгэлтнүүдийг гэмшилд дуудахаар ирсэн”22 хэмээн хэлсэн.

Хуулийн багш нар, фарисайчууд, садукайчуудын хувьд Есүс тэдний хоёр нүүр гаргаж байгааг нь эрс шийдэмгий шүүмжилжээ. Түүний сэрэмжлүүлэг, зарлигууд нь тодорхой байсан. “Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар гаа, гоньд, зирааны аравны нэгийг өгдөг атлаа хуулийн чухал нөхцлүүд болох шударга ёс, өршөөл, итгэлтэй байдлыг орхигдуулдаг. Чухамдаа бусдыг нь ч орхилгүй, эдгээрийг биелүүлэх ёстой байсан.”23 Эцсийн эцэст Аврагч багш нар, фарисайчуудыг ч гэсэн аврахын тулд зовж, амиа өгсөн учраас хэн ч Түүнийг тэднийг хайрлаагүй гэж буруутгахгүй нь лавтай. Гэхдээ Тэр тэднийг хайрласан учраас тодорхой байдлаар засаж залруулахгүйгээр нүгэлд нь үлдээж чадаагүй. Нэгэн ажиглагч: “Хайр нь хор хөнөөл учруулж болзошгүй зүйлийг хүмүүст сэрэмжлүүлэхийг шаарддаг учраас Есүс дагалдагчдадаа Өөрийн адил хүн бүрийг хүлээн авахын зэрэгцээ нүглийн талаар тэдэнд зааж сургахыг заасан”24 хэмээн тэмдэглэжээ.

Заримдаа анхааруулж сэрэмжлүүлсэн хүнийг шүүмжилж буруушааж байна гэж үл тоомсорлодог. Хачирхалтай нь, үнэн бол харьцангуй ойлголт бөгөөд ёс суртахууны жишиг нь хувь хүний сонголт гэж үздэг яг тэр хүмүүс “зөв бодож сэтгэх” өнөөгийн хэм хэмжээг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийг ихэвчлэн хамгийн хатуу ширүүн шүүмжилдэг. Нэгэн зохиолч үүнийг “шившигт нийгэм” гэж нэрлэсэн байна.

“Буруугаа хүлээдэг нийгэмд дотоод сэтгэлд тань юу мэдрэгдэж байгаагаар та сайн эсвэл муу гэдгээ мэднэ. Шившигт нийгэмд та сайн эсвэл муу гэдгээ эргэн тойрныхон тань таны талаар юу ярьж байгаагаар мөн таныг хүндэлж байна уу эсвэл гадуурхаж байна уу гэдгээр мэддэг. [Мөн дээрх нийгэмд] ёс журамтай амьдрал зөв буруу дээр биш харин хүлээн зөвшөөрөгдөх, эс хүлээн зөвшөөрөгдөх гэдэг дээр суурилсан байдаг.

“… Хүлээн зөвшөөрөгдөх, эс хүлээн зөвшөөрөгдөх гэдэг дээр суурилсан ёс суртахууны тогтолцоотой нийгэмд хүмүүс өөртөө үргэлж итгэлгүй байна. Тэнд тогтсон жишиг гэж байхгүй, зөвхөн хүмүүсийн хувьсан өөрчлөгдөх үзэл бодол л оршдог. Уг нийгэм нь хэт мэдрэмтгий, дэмий юманд санаа зовдог, ёс суртахууны үймээнд үргэлж орж байдаг учраас бүгдэд олныг дагах нь зүйтэй хэмээн бодогддог юм. 

“Буруугаа хүлээдэг нийгэм нь хатуу дэг журамтай байж болох ч ядаж нүглийг үзэн ядлаа ядлаа гэхэд нүгэлтнийг хайрласаар байх боломжтой. Орчин үеийн шившигт нийгэмд бусдыг хүлээн зөвшөөрч, хүлээцтэй байдлыг эрхэмлэдэг мэт боловч санал нийлэхгүй байгаа, бусдаас өөр хүмүүст ер бусын харгис хандах нь бий.25

Үүний эсрэг зүйл нь шударга ёс, ариун журмын бат бөх, тогтвортой суурь болох “бидний Гэтэлгэгчийн хад”26 юм. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээрх хэсэг бүлэг хүний урьдчилан таамаглахын аргагүй дүрэм журам, уур хилэнд барьцаалагдахын оронд хувь тавилангаа өөрөө сонгох боломжтой Бурханы үл хувирах хуулинд захирагдах нь хэчнээн сайхан гээч! “Давалгаанд энд тэнд шидэгдэн, аливаа номлолын салхинд туугдсанаас”27 үнэнийг мэдэх нь ямар агуу вэ! Түүнчлэн зөв, буруу гэж байхгүй хэмээн дүр эсгэн, нүгэл, харуусалдаа живж байснаас наманчлан, сайн мэдээний жишигт хүрэх нь юутай сайхан бэ!

Их Эзэн: “Эдгээр эцсийн өдрүүдэд миний сонгосон шавь нарын минь амаар, сэрэмжлүүлгийн дуу хоолой бүх хүмүүст хүрэх болно”28 хэмээн тунхагласан. Харуул, шавийн хувьд бид энэхүү “илүү давуу зам[д]”29 төвийг сахигчийн үүднээс хандаж болохгүй. Бид Езекиелийн адил илд ирж буйг хараад “бүрээ үлээлгүй”30 байж чадахгүй. Энэ нь биднийг хөршийнхөө хаалгыг балбаж эсвэл нийтийн талбай дээр зогсоод, “Наманчил!” хэмээн хэл гэж байгаа юм биш. Үнэндээ, сайн бодох юм бол хүмүүсийн сэтгэлийн гүнд байдаг, хүсэн хүлээж буй тэр зүйл бидний сэргээгдсэн сайн мэдээнд байдаг. Тиймээс, сэрэмжлүүлгийн дуу хоолой нь ихэвчлэн эелдэг байхын зэрэгцээ Дуулал дээрх шүлэгт тэмдэглэснээр “баяртай”31 байдаг.

Deseret News сонины эрхлэгч Хал Боид үг дуугүй байхын хор уршгийн талаарх нэгэн жишээг дурджээ. Хэдийгээр гэрлэлт нь Америкийн нийгэм дэх ихэс дээдсийн “оюун ухааны маргааны” сэдэв хэвээр байгаа ч тэд үүнийг амьдралдаа хэрэгжүүлэх талаар маргаад байдаггүй болохыг цохон тэмдэглэсэн. “‘Ихэс дээдэс гэрлэж, гэр бүл салалгүй үр хүүхдүүддээ тогтвортой гэр бүлийн бүхий л үр өгөөжийг хүртээхийг хүсдэг.’ … Асуудал нь [тэд]өөрсдийн дагаж хэрэгжүүлдэг зүйлээ номлодоггүйд оршиж байгаа юм.” Тэд ёс суртахууны манлайлал нь хэрэгтэй байгаа хүмүүст өөрсдийн үзэл бодлыг “тулгахыг” хүсдэггүй. Магадгүй “боловсролтой, бат бөх гэр бүлтэй хүмүүс төвийг сахигч байхаа больж, гэрлэлт болон эцэг эх байх тал дээр өөрийн амьдралд хэрэгжүүлдэг зүйлээ номлож, америкчууддаа туслах цаг нь болсон бололтой.”32

Ялангуяа Өөрийнх нь үйл хэргийг ирээдүйд амжилттай хэрэгжүүлнэ хэмээн Их Эзэний итгэн найдаж буй өсвөр үеийнхэн, залуучууд та бүхэн сайн мэдээний сургаал, Сүмийн жишгүүдийг олны өмнө болон ганцаараа байхдаа ч гэсэн дагаж, хамгаална гэдэгт бид итгэдэг. Үнэнийг хүлээн авах хүмүүсийг харанхүй бүдүүлэг байдлаасаа болж бүдчиж, унахад бүү хүргэ. Таагүй байдалд орж, дургүйцэлтэй тулгарч, зовж зүдэрнэ гэсэн айдас, хүлээцтэй байдал гэх мэт худал хуурмаг ойлголтын эрхшээлд бүү авт. Аврагчийн:

“Надаас болж та нарыг хүмүүс доромжилж, хавчиж, хуурамчаар та нарын эсрэг зүсэн бүрийн хорон мууг ярихад та нар ерөөлтэй еэ!

“Тэнгэр дэх шагнал тань агуу учир баярлацгаа, мөн баяр хөөртэй байцгаа. Учир нь та нараас өмнө байсан эш үзүүлэгчдийг тэд ийнхүү хавчсан юм”33 хэмээх амлалтыг санагтун.

Эцэст нь, бид бүгдээрээ хийсэн сонголт, амьдарсан амьдралынхаа дагуу Бурханы өмнө хариуцлага хүлээх болно. Аврагч: “Би загалмай дээр өргөгдөж болохын тулд, би загалмай дээр өргөгдсөний дараа, би бүх хүмүүнийг өөртөө татаж болохын тулд, би хүмүүнээр өргөгдсөний адилаар хүмүүн миний өмнө зогсож, өөрсдийн үйлүүдээр тэд сайн эсвэл хилэнцэт байх эсэхээрээ шүүгдэхээр Эцэгээр өргөгдөхийн тулд Эцэг минь намайг илгээсэн бөлгөө”34 хэмээн тунхагласан.

Би энэхүү Их Эзэний төгс мөн чанарыг хүлээн зөвшөөрөхийн сацуу Алмагийн үгээр

“Мөн эдүгээ, ах [эгч] дүүс минь, зүрхнийхээ угаас, тийм ээ, бүр өвдөлтийг мэдрэх агуу зовнилоор, мөн нүглүүдээсээ салаасай, мөн наманчлалынхаа өдрийг бүү хойшлуулаасай хэмээн хүснэ би;

Харин та нар Их Эзэний өмнө өөрсдийгөө даруусган, түүний ариун нэрийг дуудаж, мөн та нар өөрсдийн үүрч чадахаас илүүгээр уруу таталтанд автагдахгүйн тулд үргэлж сэрэмжилж мөн залбираасай, тэгснээр Ариун Сүнсээр удирдуулан …;

Их Эзэнд итгэх итгэлтэй байгаасай; та нар мөнх амьдралыг хүлээн авах болно гэсэн найдварыг агуулаасай; та нар эцсийн өдөр өргөгдөн мөн түүний амралтад орж болохын тул зүрх сэтгэлдээ Бурханы хайрыг үргэлж тээгээсэй”35 хэмээн та бүхнээс хүсэж байна.

Бид бүгдээрээ Давидтай хамт Их Эзэнд “Би Таны зөв шударга байдлыг зүрхэндээ нууцлаагүй. би Таны итгэлтэй байдал хийгээд Таны авралын талаар тунхагласан. Би таны хайр энэрэл хийгээд Таны үнэнийг агуу их цуглаанаас нуугаагүй. Эзэн, Та Өөрийн өршөөлийг надаас бүү зайлуулаач” хэмээн хэлэх болтугай.36 Есүс Христийн ариун нэрээр, амен.