2010–2019
Эзэнд итгэж, бүү хазай.
2017 оны 4-р сар


Эзэнд итгэ, бүү хазай.

Бид Аврагчийг таньж мэдсэнээр Түүнд амьдралаа төвлөрүүлж чадах бөгөөд Тэр бидний замыг шулуун болгох болно.

Азид аялж байхад минь нэг сайхан эмэгтэй ирж, намайг тэврээд “Та энэ сайн мэдээ үнэн гэдэгт үнэхээр итгэдэг үү?” гэж асуусан. Хүндэт эгч ээ, би энэ нь үнэн гэдгийг мэднэ. Би Их Эзэнд итгэдэг.

Сургаалт Үгс 3:5–6-гаас бид

“Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ.

Өөрийн бүх замаараа Түүнийг таньж мэд. Тэрээр чиний замыг шулуун болгоно” хэмээх зөвлөмжийг уншдаг билээ.

Энэхүү судар нь хоёр зөвлөгөө, анхааруулга, алдар суут амлалтыг агуулдаг. Хоёр зөвлөгөө нь “Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ” мөн “Өөрийн бүх замаараа Түүнийг таньж мэд” хэмээх хэсэг юм. “Өөрийн ойлголтод бүү түшиглэ” гэсэн нь анхааруулах хэсэг бөгөөд харин алдар суут амлалт нь “Тэр чиний замыг шулуун болгоно” гэсэн хэсэг юм.

Эхлээд анхааруулга хэсгийн талаар ярилцъя. Энэхүү дүрслэл нь биднийг олон зүйлийг тунгаан бодоход хүргэж байна. “Бүү түшиглэ” буюу “Өөрийн ойлголтод бүү түшиглэ” хэмээх үгсэд анхааруулга агуулагдаж байна. Англи хэлэнд lean гэдэг үг нь биеэрээ налах эсвэл нэг тал руугаа хазайх гэсэн утгатай. Бид бие махбодоороо аль нэг тал руу налахдаа төвөөсөө хэлтийж, тэнцвэрээ алдан, хазайдаг. Харин бид сүнслэг байдлын хувьд өөрсдийн ойлголтод түшиглэх үедээ Аврагчаасаа холдон хазайдаг. Бид хазайсан үедээ төвлөрөөгүй, тэнцвэргүй, Христэд чиглээгүй байдаг.

Эгч нар аа, бид дэлхийн өмнөх амьдралдаа Аврагчтай хамт зогсож байсан гэдгийг санаарай. Бид Түүнд итгэж найдсан. Бид Тэнгэрлэг Эцэгийн танилцуулсан аз жаргалын төлөвлөгөөг дэмжин, урам зориг, баяр талархлын дуу хоолойг өргөсөн. Бид хазайгаагүй. Бид гэрчлэлийнхээ төлөө тэмцэж, “Бурханы армитай нэгдсэн бөгөөд тэрхүү арми нь ялсан билээ”1 Энэхүү сайн, муугийн хоорондох тэмцэл дэлхий рүү шилжсэн. Бид дахин нэг удаа Их Эзэнд найдаж, гэрч болон зогсох ариун нандин үүрэг хүлээсэн юм.

Хүн бүр “Би хэрхэн төвлөрч, өөрийн ойлголтод түшиглэхгүй байх вэ?” гэдэг асуултыг өөрсдөдөө тавих ёстой. Би дэлхийн дуу хоолойг давж чадахааргүй үедээ Аврагчийн дуу хоолойг хэрхэн таньж, дагах вэ? Би Аврагчид итгэх итгэлээ хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Би Аврагчийн тухай мэдлэгээ болон Түүнд итгэх итгэлээ нэмэгдүүлэх гурван арга замыг санал болгомоор байна. Эдгээр зарчим шинэ биш ч үндсэн зарчмууд гэдгийг та ойлгоно. Эдгээрийг Хүүхдийн хэсэгт байнга дуулж, Залуу эмэгтэйчүүдийн ангид хэлдэг бөгөөд эдгээр нь Халамжийн нийгэмлэгийн олон асуултад хариулдаг. Тэдгээр нь хазайдаггүй, төвлөрдөг зарчмууд билээ.

Нэгдүгээрт, “Христийн үгс бидний хийвэл зохих бүх зүйлийг бидэнд хэлж болохын тулд Христийн үгэн дээр найрлавал”2 бид Их Эзэнийг мэдэж, Түүнд итгэх болно.

Хэдэн сарын өмнө бид гэр бүлээрээ судар уншиж байлаа. Хоёр настай ач хүү маань миний өвөр дээр сууж байсан юм. Би хүүгийн маань гэр бүл айлчилж ирсэнд эмээ хүний хувьд их баяртай байв.

Судар судалж дуусахад би судраа хаалаа. Унтах цаг удахгүй болохыг ач хүү минь мэдэж байв. Тэр сэргэлэн цэнхэр нүдээрээ над руу хараад, “Дахиад судар уншъя, эмээ” хэмээн мөнхийн үнэнийг хэлсэн юм.

Зураг
Кордон эгчийн ач хүү

Тууштай сайн аав болох хүү маань надад хандан “Ээж, битгий зөвшөөрөөрэй. Наадах чинь унтахгүйн тулд тэгж байгаа юм” гэж анхааруулав.

Тэгсэн ч ач хүү минь дахиад судар уншъя гэж байхад уншилгүй яахав. Судраас ахин дахин унших нь бидний оюуныг гэгээрүүлж, сүнсийг тэтгэн, асуултуудад хариулж, Их Эзэнд итгэх итгэлийг маань нэмэгдүүлэн, амьдралаа Түүнд төвлөрүүлэхэд тусалдаг. “Та нар тэдгээрийг ашиглаж болохын тулд та нар тэдгээрийг хичээнгүйлэн судлахыг санаасай хэмээнэ би.”3

Хоёрдугаарт, бид залбирлаар дамжуулан Их Эзэнийг таньж мэдэн, Түүнд итгэж болно. Бурханд хандан залбирах нь үнэхээр агуу адислал юм. “Зүрхнийхээ бүхий л эрч хүчээр Эцэгт хандан залбирагтун.”4

Надад залбирлын талаар нэгэн нандин дурсамж байдаг юм. Би их сургуулийнхаа зуны амралтаар Техас мужид ажил хийхээр болсон бөгөөд хуучин машинаараа Айдахогоос Техас руу хэдэн зуун километр газар явах хэрэгтэй байлаа. Би энэ хуучин машинаа Верн гэж дотночлон нэрлэдэг юм. Би Вернийхээ дээвэрт нь тултал юм ачаад, шинэхэн адал явдалтай учрахад бэлэн боллоо.

Хаалгаар гарахынхаа өмнө ээжийгээ тэврэхэд, тэр “Явахаас чинь өмнө хамтдаа залбиръя” гэв.

Бид өвдөг сөгдөн, ээж минь залбирч эхлэв. Тэр Тэнгэрлэг Эцэгээс миний аюулгүй байдлын төлөө тусламж хүслээ. Агааржуулагчгүй машиныг маань үүргээ сайн гүйцэтгэхийн төлөө залбирав. Мөн зуны турш тэнгэр элчүүд надтай хамт байхын төлөө удаан гэгч нь залбирлаа.

Тэрхүү залбирлаас ирсэн амар амгалан надад Их Эзэнд итгэн найдаж, өөрийн ойлголтод түшиглэхгүй байх урам зоригийг өгсөн юм. Тэр зуны турш олон шийдвэр гаргахад маань Их Эзэн замыг зааж өгсөн.

Бид залбирлаар дамжуулан Тэнгэрлэг Эцэгт хандах дадал хэвшилтэй болсноор Аврагчийг таньж мэдэн, Түүнд итгэж найдах болно. Бидний хүсэл Түүнийхтэй илүү адилхан болно. Хэрэв бид итгэлээр асуух аваас Бурханы аль хэдийн өгөхөөр бэлтгэсэн адислалуудыг өөрсдөдөө болон бусдад баталгаатай болгоно.5

Гуравдугаарт, бид бусдад үйлчлэх үедээ Их Эзэнд итгэн найдаж, Түүнийг таньж мэддэг. Би аймшигтай, аминд халтай өвчтэй байхдаа үйлчлэлийн зарчмыг ойлгож авсан Эми Раитын зөвшөөрлөөр дараах түүхийг хуваалцаж байна. Эми бичихдээ

“Би 2015 оны 10-р сарын 29-нд хавдартай гэдгээ мэдсэн. Энэ хавдрыг давж гарах магадлал 17%-тай байв. Эдгэх боломж бараг л байхгүй. Би амьдрахын төлөө зүтгэнэ гэдгээ мэдэж байсан. Би зөвхөн өөрийнхөө төлөө биш, хамгийн гол нь гэр бүлийнхээ төлөө хамаг бүхнээ зориулахад бэлэн байв. 12-р сараас химийн эмчилгээ хийлгэж эхлэв. Хавдрын эсрэг эмүүд нь олон янзын сөрөг нөлөөтэй гэдгийг мэдэж байсан ч маш хүндээр өвчилсөн мөртлөө амьд явах нь боломжтой зүйл гэдгийг мэдээгүй байсан.

Нэгэн удаа би химийн эмчилгээ бол хүний эрхийг зөрчиж байгаа хэрэг гэж үзээд, нөхөртөө дахиж хийлгэж чадахгүй гэдгээ хэлсэн юм. Болилоо, дахиж эмнэлэг рүү явахгүй гэж би хэлсэн. Миний ухаалаг хань тэвчээртэйгээр сонсоод, ‘За, тэгвэл хоёулаа үйлчилж туслах хүн олъё’ гэсэн” гэжээ.

Юу гэнэ ээ? Эхнэр нь хорт хавдартай, дахиад нэг л удаа дотор муухайрах юм уу ганцхан хормын өвдөлтийг тэвчиж чадахгүй гэдгийг ойлгоогүй л байгаа юм байх даа?

Эми үргэлжлүүлэн “Миний өвчин улам хүндэрч, би арай чүү амьсгалж байгаа амьд хүний хувьд сард ганц хоёрхон өдөр л гайгүй байдаг байв. Тэр өдрүүдэд бид гэр бүлээрээ үйлчлэл хийх арга зам хайдаг байлаа” гэжээ.

Нэг өдөр Эмигийн гэр бүл эмнэлэг дээр бусад өвчтөний сэтгэлийг засаж, өвчнийг нь хөнгөлөх зүйлсээр дүүргэсэн уут тараажээ. Эми унтаж чадахгүй үедээ хэн нэгнийг баярлуулах арга зам бодож олдог байв. Зарим нь том зүйлс байсан ч ихэнхдээ урам зориг хайрласан хайрын зурвас бичих, мессеж илгээх зэрэг жижиг зүйлс байсан. Хэтэрхий их өвдөлтөөсөө болоод унтаж чадахгүй байсан шөнөдөө тэр iPad-аа аваад орондоо хэвтэн, нас барсан өвөг дээдсийнхээ төлөө хийгдэх ёстой ёслолуудыг хайхад өвчин нь гайхамшигтайгаар намжиж, тэсвэрлэх боломжтой болдог байжээ.

Эми “Үйлчлэл миний амийг аварсан. Эцсийн үр дүнд би эргэн тойронд байгаа хүмүүсийнхээ зовлон шаналлыг багасгахыг хичээх үедээ олж харсан аз жаргалаасаа урагш тэмүүлэх эрч хүчийг олж авсан. Би үйлчлэлийн төслөө асар их баярлаж хөөрөн, догдолж хүлээдэг болсон. Одоог хүртэл энэ нь маш сонин зүйл мэт санагддаг. Халзан, химийн хор шингэсэн, амьдрахын төлөө тэмцэж байгаа хүн ‘одоо бол би өөрийгөө л бодох үе’ гэж бодох нь зүй ёсны хэрэг гэж та бодож байгаа байх. Гэвч би өөрийгөө, өвчин зовлонгоо бодох үед дэлхий гүн харанхуй, гутрал гунигтай газар болж хувирч байсан. Харин бусдад анхаарлаа төвлөрүүлэх үед гэрэл, найдвар, эрч хүч, урам зориг, баяр баясал бүхий газар болж байсан. Энэ нь Есүс Христийн Цагаатгалын дэмжих, эдгээх, боломж олгох хүчний ачаар боломжтой болдог гэдгийг би мэднэ” гэж гэрчилжээ.

Эми Их Эзэнийг таньж мэдсэнээр Түүнд итгэж найдсан. Хэрвээ тэр өөрийн ойлголтод өчүүхэн төдий түшиглэсэн бол бусдад үйлчлэх тухай санааг эсэргүүцэх байсан. Үйлчлэл түүнд өвчин зовлонгоо тэвчиж, “Та нар бусдадаа үйлчилж байгаа нь та нар зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа”6 хэрэг юм хэмээх судрын дагуу амьдрах боломжийг олгосон.

Есүс Христ ертөнцийг ялсан. Түүний ачаар, Түүний хязгааргүй Цагаатгалын ачаар бид бүгдээрээ бүх зүйл сайхан болно гэдгийг мэддэг учраас итгэж найдах агуу том шалтгаантай.

Эгч нар аа, бид бүгд Эзэнд итгэж, хазайхгүй байж чадна. Бид Аврагчийг таньж мэдсэнээр Түүнд амьдралаа төвлөрүүлж чадах бөгөөд Тэр бидний замыг шулуун болгох болно.

Есүс Христийг “Би энд байна, намайг илгээгтүн” хэмээн хэлэх үед дэргэд нь зогсох боломжийг бидэнд өгсөн тэрхүү итгэл найдварыг энд үзүүлэхээр бид дэлхий дээр байна.7

Зураг
Христ ба Бүтээлт

Хүндэт эгч нар минь, ерөнхийлөгч Томас С.Монсон “бидэнд амлагдсан адислал хязгааргүй. Бидний аж төрж буй нийгмийн орчин бохирдож, хүнд сорилтууд бидний амьдралд тохиолдлоо ч гэсэн Сайн мэдээний тухай бидний мэдлэг, Тэнгэрлэг Эцэгээ болон Аврагчаа хайрлах бидний хайр биднийг тайтгаруулж, дэмжих … болно.… Энэ дэлхийд биднийг ялах юу ч байхгүй”8 хэмээн гэрчилсэн.

Би хайртай бошиглогчийнхоо үгс дээр гэрчлэлээ нэммээр байна. Хэрэв бид Тэнгэрлэг Эцэгтээ болон Аврагчдаа итгэн, өөрсдийн ойлголтод тулгуурлахгүй байх аваас Тэд бидний замыг шулуутгаж, нигүүлслийн мутраа сунгах болно. Есүс Христийн ариун нэрээр, амен.

Тэмдэглэл: 2017 оны 4-р сарын 1-нд Кордон эгч Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөхөөс чөлөөлөгдөж, нэгдүгээр зөвлөхөөр дуудагдсан.