2010–2019
Тэр та нарт юу гэж айлдана, түүнийг нь хий
2017 оны 4-р сар


Тэр та нарт юу гэж айлдана, түүнийг нь хий

Бид “Бурхан бидэнд юу гэж айлдана” түүнийг нь хийх шийдвэр гаргавал өдөр бүр гаргадаг зан авираа Бурханы хүсэлтэй чин сэтгэлээсээ нийцүүлэхээ амлаж байгаа хэрэг юм.

Аврагч анхны цэдэглэгдсэн гайхамшгаа Галилийн Канад болсон хуримын зоогийн үеэр үйлдсэн юм. Түүний эх Мариа болон шавь нар нь тэнд бас байсан. Энэхүү зоогийг амжилттай явуулахад Мариа ямар нэг үүрэгтэй байсан. Ёслолын үеэр дарс дууссан нь асуудал үүсгэв. Үүнд санаа зовсон Мариа Есүс дээр очжээ. Тэд хэсэгхэн ярилцсаны дараа Мариа үйлчлэгчдэд хандан,

“Тэр та нарт юу гэж айлдана, түүнийг нь хий гэв.

Тэнд … усны зургаан чулуун торх байсан агаад [Тэдгээрийг ундны ус хадгалахад бус, харин Мосегийн хуулийн ёслолын угаалгад ашигладаг байжээ.]

Есүс [үйлчлэгчдэд]—Торхнуудыг усаар дүүргэ гэж айлдсанд тэд торхнуудыг амсарт нь хүртэл дүүргэв.

Есүс—Одоо утгаад найрын ахлагчид аваачиж өг гэсэнд, тэд аваачиж өгөв.

Найрын ахлагч дарс болсон усыг амсаад,” зоогийн төгсгөлд яагаад хамгийн сайн дарсаа гаргаж ирсэнд гайхаж байгаагаа илэрхийлжээ.1

Энэ түүхэнд усыг дарс болгон хувиргасан үйл явдал Бурханы хүч чадлын илэрхийлэл буюу гайхамшиг байсан тул бид сайн санадаг. Энэ түүх чухал боловч Иоханы номонд илүү чухал захиас бий. Мариа “тээгч болж сонгогдсон мөн хонгорхон нэгэн”2 байсан бөгөөд Бурханы Хүүг төрүүлж, өсгөхөөр Бурханаар дуудагдсан байсан. Тэрээр Түүний талаар дэлхий дээрх хэнээс ч илүү мэддэг байсан төдийгүй Түүний гайхамшигт төрөлтийн талаар мэдэж байсан. Тэрээр Түүнийг нүгэлгүй бөгөөд “бусад хүн шиг ярьдаггүй, түүнд заах хүн байдаггүй байв. Учир нь түүнд аливаа хүн заах хэрэггүй байсан” 3гэдгийг мэдэж байлаа. Мариа асуудлуудыг шийдэх онцгой чадварыг нь мэддэг байсан бөгөөд хуримын зоогонд зориулан дарс өгөхийг хүссэн хувийн хүсэлтийг нь ч бас хариулахыг мэдэж байсан. Тэр Түүнд болон Түүний бурханлаг хүчинд ямар ч эргэлзээгүй итгэдэг болсон. Мариагийн үйлчлэгчдэд өгсөн “Тэр та нарт юу гэж айлдана, түүнийг нь хий” гэсэн удирдамжинд ямар нэг нөхцөл, шаардлага, хязгаар байгаагүй.

Тэнгэр элч Габриел Мариад үзэгдэх үед тэрээр залуу эмэгтэй байсан. Тэнгэр элч түүнд “Ивээгдэгч ээ, … Эзэн чамтай хамт байна” гэхэд нь тэр “энэ үгэнд ихэд цочиж, энэ нь юун мэндчилгээ байж болох талаар бодож цэгнэв.” Габриел түүнд айх хэрэггүй, авчирсан мэдээ нь сайн хэмээн хэлжээ. Тэрээр “чи хэвлийдээ үртэй болж … Хамгийн Дээдийн Хүү[г төрүүлнэ]. Тэр Иаковын гэрийг үүрд хаанч[илна]” гэсэнд,

Мариа тэнгэр элчид—“Би онгон атал энэ нь яаж бүтэх билээ?” гэхэд

Тэнгэр элч товчхон тайлбарлаж, “Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй гэж хэлэв.”

Мариа алив нарийн ширийнийг урьдчилан асуугаагүй бөгөөд амьдрал нь хэрхэн эргэх талаар олон асуулт байсан нь эргэлзээгүй ч Бурханы асуусан зүйлийг гүйцэтгэх болно хэмээн даруухнаар хариулсан юм. Тэр Түүнийг яагаад өөрөөс нь үүнийг хийхийг хүссэнийг мөн амьдрал нь хэрхэн өөрчлөгдөхийг асуулгүйгээр өөрийгөө зориулсан юм. Тэр ямар нэг нөхцөлгүйгээр мөн багахан мэдлэгтэй байсан ч Бурханы үгийг зөвшөөрсөн.4 Мариа Бурханд итгэх итгэл, найдварыг харуулан, “Эзэний шивэгчнийг харагтун. Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай”5 гэжээ.

Бид “Бурхан бидэнд юу гэж айлдана” түүнийг нь хийх шийдвэр гаргавал өдөр бүр гаргадаг зан авираа Бурханы хүсэлтэй чин сэтгэлээсээ нийцүүлэхээ амлаж байгаа хэрэг юм. Өдөр бүр судраас судлах, ойр ойрхон мацаг барих, чин сэтгэлээсээ залбирах зэрэг итгэлийн энгийн үйлдэл нь мөнх бус байдлын шалгуурыг давах сүнслэг чадавхыг маань өсгөдөг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр итгэлийн энгийн дадал хэвшил нь гайхамшигт үр дагавар руу хөтөлдөг. Энэ нь бидний итгэлийн үрийг амьдралын сайн сайхан руу хөтлөгч хүч болгодог. Сорилт бэрхшээлүүд ирэхэд Христэд суурилсан итгэл маань бидний бодгальд хүч өгдөг юм. Бурхан бидний сул талуудыг хүчирхэгжүүлж, баяр баяслыг гүнзгийрүүлэн, “бүхий л зүйл[ийг] эцэстээ [бид]ний сайн сайхны төлөө” байлгах болно6.

Хэдэн жилийн өмнө би тойргийн гишүүдтэйгээ зөвлөлдөхөд долоо хоног бүр нэлээн хэдэн цаг зарцуулж байсан нэгэн залуу бишоптой уулзсан юм. Тэрээр маш чухал зүйлийг ажигласан байв. Аз жаргалтай гэр бүлийг төвхнүүлэх, ажил төрөл, гэр бүл, Сүмийн үүрэг хариуцлагаа тэнцвэртэй байлгах, мэргэн ухааны үгтэй холбоотой бэрхшээл, ажилтай байх, порнографиас ангид байх, Сүмийн дүрэм журам эсвэл түүхийн аль нэг ойлгохгүй байгаа хэсэгтэй эвлэрэх зэрэг түүний тойргийн гишүүдэд тохиолдож байсан асуудлууд нь Сүм даяар тохиолддог нийтлэг асуудлууд байсан юм.

Түүний тойргийн гишүүддээ өгсөн зөвлөгөөний ихэнх нь ерөнхийлөгч Томас С.Монсоны зөвлөснөөр Мормоны Номыг өдөр бүр унших, аравны нэгээ төлөх, Сүмд идэвхтэй үйлчлэх зэрэг итгэлийн энгийн үйлдлүүдээ гүйцэтгэхэд чиглэсэн байсан. Гэхдээ гишүүд нь түүнд “Бид тантай санал нэгдэхгүй байна, бишопоо. Эдгээр нь бүгд сайн зүйл гэдгийг бүгд л мэддэг. Бид эдгээрийн талаар Сүмд байнга л ярьж байдаг. Гэхдээ та намайг сайн ойлгохгүй байх шиг байна. Эдгээрийг хийх нь миний асуудлуудад ямар хамаатай юм бэ?” хэмээн ихэвчлэн итгэл султай хариулт хэлдэг байв.

Эдгээр нь тавьж болох л асуултууд. “Өчүүхэн мөн энгийн”7 зүйлсийг алгасалгүй хийдэг, дуулгавартай байдлыг багахан зүйлээр харуулдаг хүмүүс цаг хугацаа өнгөрөхөд хийж байсан үйлдлүүдээсээ хавьгүй илүү итгэл, сүнслэг хүчийг олж авсан байдаг гэдгийг залуу бишоп бид хоёр мэдсэн юм. Эдгээр нь дуулгавартай байдлын үйлдлүүдтэй хамааралгүй мэт санагдаж болох юм. Өдөр бүр дуулгавартай байдлаа харуулан хийх энгийн үйлдлүүдийг бид бүгдэд тулгарч буй ярвигтай асуудлуудыг шийдвэрлэхтэй холбоход хэцүү санагдаж болно. Гэвч эдгээр нь хоорондоо холбоотой. Миний туршлагаар, амьдралын аливаа хүнд хэцүү асуудалд өөрсдийгөө бэлтгэх хамгийн сайн арга бол итгэлийн өдөр тутмын дадал буюу бяцхан үйлдлүүдийг хийж занших явдал юм. Итгэлийн бяцхан үйлдлүүд нь биднийг зовоож буй асуудлуудтай ямар ч холбоогүй эсвэл үр дүн авчрахгүй мэт санагдсан ч хийдэг бүх зүйлд маань адислал авчирдаг.

“Сирийн … цэргийн жанжин, нэр хүнд, хүч чадал, эрэлхэг зоригтой нэгэн” Нааманыг болон уяман өвчтэй хүнийг бодоод үзээрэй. Зарц нь түүнийг эдгээж чадах Израилийн бошиглогчийн талаар түүнд хэлэхэд, тэрээр зарц, цэргүүдээ мөн Израильд бэлэг сэлт цуглуулан Елишагийн гэрт очжээ. Елиша өөрөө бус, харин зарц нь Нааманд “Явж, Иордан [голд] долоон удаа угаа” хэмээн Их Эзэний тушаасныг дуулгав. Үнэхээр л энгийн зүйл. Агуу баатарт энэхүү үйлдэл ямар ч утгагүй, энгийн эсвэл нэр төрд нь зүй бус гэж санагдсан уу, уур нь хүрчээ. Хамгийн энгийнээр бодоход Нааман Елишагийн зааврыг ойлгоогүй тул “тэрээр эргэж, уурласаар буцав.”

Гэвч Нааманы зарц нар түүнд ойртож, хэрэв Елишаг түүнээс “агуу зүйлсийг” хийхийг хүссэн бол хийх байсан гэдгийг хэлэв. Энгийн зүйл хийхийг хүссэн болохоор хэдийгээр ойлгохгүй байгаа ч хийх нь зөв биш үү хэмээн тэд түүнийг ятгажээ. Нааман гаргасан үйлдлээ ухамсарлаад, эргэлзэж байсан байж болох ч дуулгавартайгаар “Иордан голд долоон удаа булха[ад]” гайхамшигтайгаар эдгэрчээ.8

Дуулгавартай байдлын шагнал заримдаа тэр даруй ирдэг боловч зөвхөн соригдсоны дараа ирэх нь ч бий. Агуу Үнэт Сувдаас бид Адамын тахил өргөх зарлигийг хичээнгүй дагаж байсныг уншдаг. Тэнгэр элч Адамаас яагаад тахил өргөж байгааг нь асуухад тэр “Их Эзэн зарлигласнаас өөрийг би мэдэх нь үгүй” гэж хариулсан байдаг. Тэнгэр элч Адамд түүний өргөл бол “Эцэгийн Төрсөн Ганцын золиослолтой төстэй” хэмээн тайлбарлаж өгчээ. Адам яагаад тахил өргөх ёстойгоо ойлгоогүй ч Их Эзэнийг дуулгавартай дагах амлалтаа “олон өдөр” сахисны дараа уг тайлбар ирсэн билээ.9

Бурхан биднийг сайн мэдээг гуйвшгүй дагаж, Түүний сүмд итгэлтэй байсны төлөө үргэлж адислах боловч үүнийг гүйцэлдүүлэх цагийн хуваариа бидэнд бараг мэдэгддэггүй. Тэрээр бидэнд бүхэл төлөвлөгөөг эхлээд үзүүлдэггүй. Тиймээс л бид Их Эзэнд итгэж, найдах, хэрэгтэй болдог.

Бурхан биднээс Өөрт нь найдаж, Өөрийг нь даган, тэвчээртэй хүлээхийг хүсдэг. Тэрээр биднийг “хараагүйн улмаас бүү арсалд” хэмээн ятгадаг. Тэрээр бидэнд тэнгэрээс хялбар хариулт, түр зуурын өөрчлөлтийг бүү хүлээ хэмээн анхааруулдаг. “Итгэлийн сорилт” хэчнээн хүнд, хэчнээн удаан үргэлжилсэн ч хэрэв бид тууштай зогсож чадвал аливаа зүйлийн учир олдох болно.10 Би энд “харанхуйгаар дагахыг”11 огт яриагүй бөгөөд эргэцүүлэн тунгааж, Их Эзэний төгс хайр, төгс цаг хугацаанд найдахыг хэлсэн.

Итгэлийн сорилт нь өдөр бүрийн итгэлийн энгийн үйлдлүүдийг үнэнчээр хийхийг үргэлж багтаах болно. Зөвхөн үүний дараа л Тэр бидний хүсэн хүлээсэн тэнгэрлэг хариултыг бидэнд өгөхөөр амладаг. Бид Түүний хүсэлтүүдийг хэзээ, яагаад, хэрхэн гэдгийг асуулгүй, гүйцэтгэж чадахаа харуулсан цагт л “итгэлийнхээ, мөн шаргуу байдлынхаа, мөн тэвчээрийнхээ, мөн тэсвэрийнхээ шагналыг … хадаж авах болно.”12 Жинхэнэ дуулгавартай байдал Бурханы зарлигуудыг ямар нэг нөхцөлгүй, үр дүнг харалгүй хүлээн авдаг.13

Бид зориуд санаатай эсвэл өөр ямар нэгэн байдлаар “хэнд үйлчлэхээ” өдөр бүр сонгож байдаг.14 Бид Их Эзэнд үйлчлэх шийдвэрээ өдөр бүрийн итгэлийн үйлдлүүдээ итгэлтэй хийн баталдаг. Их Эзэн бидний замыг заана хэмээн амласан15. Гэхдээ ийм боломжийг Түүнд олгохын тулд бид Түүнийг Өөрөө зам нь учраас замаа мэдэж байгаа гэдэгт найдан урагшлах хэрэгтэй.16 Бид өөрсдийн усны торхнуудыг амсарт нь хүртэл дүүргэх ёстой. Бид Их Эзэнд найдаж, Түүнийг дагах юм бол ус дарс болон хувирсан шиг бидний амьдрал ч өөрчлөгдөх болно. Бид өөрөөр яаж ч хүрч чадахааргүй тийм түвшинд хүрч чадна. Их Эзэнд итгэн, “Тэр та нарт юу гэж айлдана, түүнийг нь хий.” Есүс Христийн нэрээр, амен.