2010–2019
Бурхан дотор байж, цөмөрхийг сэргээн босгох нь
2017 оны 10-р сар


Бурхан дотор байж, цөмөрхийг сэргээн босгох нь

Христэд биднийг Эцэгээ болон нэг нэгнээ хайрлах харилцаанд оруулах хүч байдаг.

Бид Тэнгэрлэг Эцэгийн талаарх өөрсдийн мэдлэг, дуулгавартай байдлаа үргэлжлүүлэн гүнзгийрүүлэх хэрэгтэй. Бидний хоорондын харилцаа мөнхийн юм. Бид Түүний хайртай хүүхдүүд бөгөөд энэ байдал өөрчлөгдөхгүй. Энэ болон ирэх амьдралд бидэнд өгөхийг хүсдэг адислалуудаас хүртэхийн тулд бид Надад илүү ойрт хэмээх урилгыг нь хэрхэн чин сэтгэлээсээ хүлээн авч болох вэ?

Их Эзэн эртний израильчуудад болон бидэнд хандан, “Би чамайг үүрдийн хайраар хайрласан. Тийм учраас Би чамайг хайр энэрлээр татсан билээ”1 хэмээн айлдсан. Тэрээр Эцэгийг бидэнд хандан ярьж буй мэтээр “Чибээр надад, мөн би чамд орших болно. Тиймийн тулд надтай хамт алхагтун”2 хэмээн хэлсэн. Бид Түүний дотор нь байж, Түүнтэй алхалж явахуйц итгэж найддаг уу?

Бид энэ дэлхий дээр өсөж хөгжин, суралцахын тулд байгаа бөгөөд хамгийн их өсөж хөгжиж, суралцах зүйл Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ, бидний хоорондын гэрээт харилцаа холбооноос ирэх болно. Биднийг Тэдэнтэй үнэнч харилцаа холбоог үүсгэх үед бурханлаг мэдлэг, хайр, хүч, бусдад үйлчлэх чадавх ирдэг.

“Бид Бурханы Өөрийнхөө тухай илчилсэн бүхэнд суралцах үүрэгтэй.”3 Бурхан Эцэг Хүү Есүс Христдээ бидний өсөлт хөгжлийн төлөө энэ дэлхийг бүтээх заавар өгсөн. Тэнгэрлэг Эцэг бидний авралын төлөө зөв шударгын төлөөсийг төлүүлэхээр Хүүгээ өгч, Эцэгийн санваарын хүч, Хүүгийн үнэн Сүм шаардлагатай ёслолуудын хамт биднийг адислахын тулд сэргээгдсэн гэдгийг бид ойлгох ёстой. Та нар бидний баяр баясгалан, өсөлт хөгжлийн төлөө хийгдсэн эдгээр бэлтгэл ажил бүрээс гүн гүнзгий хайрыг мэдэрч байна уу? Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөний дагуу бол сайн мэдээний хууль, ёслолуудыг дагаж, мөнх амьдралыг олж авснаар Бурхантай адил болдог гэдгийг бид мэддэг байх хэрэгтэй.4 Энэ бол Тэнгэрлэг Эцэгийн бидэнд өгсөн жинхэнэ бөгөөд мөнхийн аз жаргал юм. Үүнээс өөр жинхэнэ бөгөөд мөнхийн аз жаргал гэж үгүй билээ.

Бид заримдаа аз жаргалын энэхүү замаас маань гаргадаг саад бэрхшээлтэй тулгардаг. Хэрэв зовлон зүдгүүр биднийг өвдөг сөгдөн суухад хүргэхийн оронд анхаарлыг маань сарниулбал бид Бурхантай харилцах итгэлийн холбоогоо алдаж мэднэ.

Дараах хоёр мөрт шүлэг нэн тэргүүнд тавигдах зүйлсээ шигшиж үзэхийг биднээс хүсэж байна. Үүнд:

Зарим зүйл чухал ч, зарим нь чухал биш.

Тэсэж үлддэг зүйл цөөн ч, ихэнх зүйл тэсэж үлддэггүй.5

Эгч нар аа, та нарын хувьд юу чухал вэ? Та нарын хувьд тэсэж үлддэг зүйл юу вэ? Эцэгийн үнэлдэг мөнхийн зүйлс бол бидний Түүнээс суралцах, өөрсдийгөө даруусгах, дэлхийн туршлагаараа дамжуулан Түүнд дуулгавартай байх байдлаа өсгөн нэмэгдүүлэх зэрэг юм. Тэрээр биднээс аминч байдлаа үйлчлэл болгож, харин айдсаа итгэл болгож өөрчлөөсэй хэмээн хүсдэг. Эдгээр мөнхийн зүйл нь биднийг жинхэнээсээ сорьдог.

Эцэг биднээс одоо буюу мөнх бус, хязгаарлагдмал байдалд байхдаа хайрлахад хамгийн хэцүү үедээ хайрлаж, үйлчлэхэд тохиромжгүй үедээ үйлчлэн, бусдыг уучилж чадахгүй хэмээн бодсон үедээ уучлахыг хүссэн. Яаж? Бид үүнийг хэрхэн хийх вэ? Бид Тэнгэрлэг Эцэгийн Хүүгийн нэрээр Түүний тусламжийг чин сэтгэлээсээ гуйж, аливаа зүйлийг өөрсдийн хүслийн дагуу бардамнаж хийхийн оронд Түүний арга замаар хийдэг.

Зураг
Усны домбо

Би ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсонийг доторх саваа цэвэрлэх тухай үг хэлэхэд нь бардам байгаагаа ухаарсан юм.6 Би өөрийгөө домбо гэж төсөөлөн бодсон. Домбонд байх бардамналын үлдэгдлээсээ би яаж салах байсан бэ? Өөрсдийгөө даруу байлгах, бусдыг хайрлах гэж хүчлэх нь худал хуурмаг, дэмий хоосон зүйл бөгөөд үр дүнд хүрдэггүй. Бидний гэм нүгэл, бардамнал бүхий л хайрын эх булаг болох Тэнгэрлэг Эцэг болон бидний хооронд цөмөрхий буюу зай үүсгэдэг.

Зөвхөн Аврагчийн Цагаатгал бидний гэм нүглийг цэвэрлэн, тэрхүү зай буюу цөмөрхийг битүүлэх боломжтой.

Бид Тэнгэрлэг Эцэгийнхээ хайр, удирдамжийн мутарт тэврүүлэхийг хүсдэг учраас Түүний хүслийг нэгдүгээрт тавьж, Христээс бидний домбо руу цэвэршүүлэгч усыг хийнэ үү хэмээн харууссан зүрх сэтгэлээр гуйдаг. Эхэндээ энэ нь дусал дуслаар хийгдэж болох ч биднийг эрэлхийлж, дуулгавартай байн, гуйх үед элбэг дэлбэг өгөгдөх болно. Энэхүү амийн ус биднийг дүүргэж эхлэх бөгөөд Түүний хайр амсар дүүрэн халихад бид бодгалийнхаа домбыг хазайлган, доторх зүйлсийг нь эдгэрч, итгэж найдахыг хүсдэг мөн хүний мөрөөсөл болсон хүмүүстэй хуваалцах боломжтой. Бидний доторх сав цэвэрших үед дэлхий дээрх харилцаа холбоо маань эдгэрч эхэлдэг.

Бурханы мөнхийн төлөвлөгөөнд бид зай гаргахын тулд хувийн хүсэл сонирхлоо золиослох шаардлагатай. Эцэгийнхээ өмнөөс ярьдаг Аврагч биднээс “Надад ойр байгтун, мөн би та нарт ойр байх болно”7 хэмээн хүсдэг. Эцэгт ойр болно гэдэг нь судраар дамжуулан Түүний үнэнийг судлах, бошиглолын зөвлөгөөг дагах, Түүний хүслийн дагуу илүү бүрэн гүйцэд хийхийг хичээнэ гэсэн үг юм.

Христэд биднийг Эцэгээ мөн нэг нэгнээ хайрлах харилцаанд оруулах хүч байдаг гэдгийг бид ойлгодог уу? Тэрээр харилцааны талаарх шаардлагатай ойлголтыг Ариун Сүнсний хүчээр бидэнд өгөх чадалтай.

Хүүхдийн хэсгийн нэгэн багш 11 настай хөвгүүдийн ангиасаа олж авсан хүчтэй туршлагаа надад ярьсан юм. Тэдний нэгийг би Жимми гэж нэрлэе. Тэрээр ангийнхантайгаа таардаггүй зожиг нэгэн байв. Нэгэн ням гарагт багшид хичээлээ заахын оронд Жиммид яагаад хайртай гэдгээ хэлэх хэрэгтэй юм байна гэсэн мэдрэмж төржээ. Тэрээр тэр залуу хөвгүүнд талархаж явдгаа мөн итгэдгээ илэрхийлсэн байна. Тэгээд багш ангийнхнаасаа Жиммид талархаж явдаг ямар нэгэн зүйлээсээ хэлэхийг хүсжээ. Ангийн хүүхдүүд нэг нэгээрээ түүний тэдэнд яагаад онцгой нэгэн байсан талаар хэлэхэд хүү толгойгоо унжуулан, хацрыг нь даган нулимс урсаж эхлэв. Багш болон тэдний ангийнхан Жиммигийн ганцаардсан зүрх сэтгэлд гүүр барьж өгсөн юм. Чин сэтгэлээсээ илэрхийлсэн энгийн хайрын үгс бусдад итгэл найдвар өгч, тэднийг үнэ цэнтэй болгодог. Үүнийг би “цөмөрхийг буюу завсрыг сэргээн босгох” гэж нэрлэж байгаа юм.

Магадгүй хайраар дүүрэн мөнх бус дэлхийн өмнөх оршихуй дахь бидний амьдрал энэ дэлхийд жинхэнэ бөгөөд үүрдийн хайрыг хүсэх суурийг тавьсан байх. Бид бусдыг хайрлаж, бусдаар хайрлуулахаар бүтээгдсэн бөгөөд хамгийн гүн гүнзгий хайр биднийг Бурхантай нэг байх үед ирдэг. Мормоны Ном биднийг “Христийн цагаатгалаар [Бурханд] нийцсэн бай[хад]”8 урьдаг.

Исаиа мацгийн хуулийн дагуу итгэлтэй амьдарснаар өөрсдийн хойч үеийнхэнд “цөмөрхийг сэргээн босгогч” нь болдог хүмүүсийн тухай ярьсан. Tэд “эрт цагт эвдэрсэн балгаснуудыг дахин сэргээ[нэ]”9 хэмээн Исаиагийн амласан хүмүүс юм. Үүний нэгэн адил Аврагч Тэнгэрлэг Эцэг, бидний хоорондын цөмөрхийг буюу зайг зассан. Тэрээр Өөрийн цагаатгагч золиослолоор дамжуулан бидэнд Бурханы агуу хайрын хүчнээс хүртээд, улмаар амьдралынхаа “балгаснуудыг” засах боломжтой болох арга замыг нээж өгдөг. Бидний хооронд үүссэн сэтгэлийн орон зайг эдгээхэд Бурханы хайрыг хүлээн авахаас гадна амин хувиа хичээдэг, аймхай зангаа дарах чадвар бидэнд хэрэгтэй.

Нэгэн мартагдашгүй орой би хамаатныхаа нэг хүнтэй улс төрийн талаар санал зөрөлдсөн юм. Тэр эмэгтэй миний тайлбарыг ширүүн байдлаар, хэсэг хэсэг болгон задалж авч үзээд, бурууг маань гэр бүлийн гишүүдэд сонсогдохоор нотолсон юм. Надад өөрийгөө тэнэг, юу ч мэддэггүй гэх мэдрэмж төрсөн бөгөөд тийм ч байсан байх. Тэр шөнө би өвдөг сөгдөн залбирахдаа Тэнгэрлэг Эцэгт хамаатнаа ямар хэцүү хүн болохыг яаран тайлбарлалаа. Би ч яриад л байв, яриад л байв. Намайг гомдоллохоо түр азнахад Ариун Сүнсэнд анхаарлыг минь татах боломж олдсон байх. Яагаад гэвэл би өөрийнхөө “Та надаас түүнийг хайрлаасай гэж хүсэж байгаа юм байна” гэж хэлэхийг сонсоод гайхав. Түүнийг хайрлах аа? Би ч үргэлжлүүлэн, “Би түүнийг яаж хайрлах вэ дээ? Тэр надад таалагддаг ч үгүй. Зүрх сэтгэл минь хатуурч, гомдож байна. Би хайрлаж чадахгүй” гэх маягаар залбирч байсан.

Харин дараа нь Сүнсний тусламжтайгаар надад нэгэн шинэ бодол төрөв. Энэ үед би “Гэхдээ Тэнгэрлэг Эцэг минь, та түүнд хайртай. Би түүнийг хайрлаж болохын тулд Та надад түүнийг хайрладаг хайраасаа надад өгөөч?” гэж хэлсэн юм. Миний хатуурсан сэтгэл зөөлөрч, зүрх сэтгэл минь өөрчлөгдөж, би тэр хүнийг өөрөөр харж эхэлсэн. Би Тэнгэрлэг Эцэгийн олж харсан түүний жинхэнэ үнэ цэнийг мэдэрч эхэлсэн. Исаиа “Эзэн Өөрийн ард түмний бэртэнгийг боож, яр шархыг нь эмчилнэ”10 хэмээн бичжээ.

Цагийн аясад бидний хоорондох зай завсар аяндаа багассан. Хэдийгээр тэр миний өөрчлөгдсөн зүрх сэтгэлийг хүлээн аваагүй ч гэсэн Тэнгэрлэг Эцэгээс тусламж гуйсан тохиолдолд Тэрээр бидэнд хайрлаж чадахгүй байх гэж боддог хүмүүсийг хүртэл хайрлахад тусална гэдгийг би ойлгосон. Аврагчийн Цагаатгал бол Тэнгэр дэх Эцэгээс ирэх энэрлийн тасралтгүй урсах урсгалын суваг юм. Бүхнийг энэрэх сэтгэлтэй байхын тулд бид энэхүү хайрыг хүлээн авч, хайран дотор байх сонголтыг хийх ёстой.

Бид зүрх сэтгэлээ Эцэгт болон Хүүд өгөх үед биднийг хүрээлэн байх нөхцөл байдал өөрчлөгддөггүй ч гэсэн өөрсдийн ертөнцийг өөрчилж чадна. Бид Тэнгэрлэг Эцэгт илүү ойртон, Христийн жинхэнэ шавь байх хичээл зүтгэлийг маань Тэрээр дуртайяа хүлээн авч байгааг мэдэрдэг. Бидний ялган таних чадвар, өөртөө болон Бурханд итгэх итгэл өсөн нэмэгддэг.

Мормон бидэнд энэхүү хайрын төлөө зүрхнийхээ бүхий л эрч хүчээр залбир, энэ нь Тэнгэрлэг Эцэгийн эх сурвалжаас ундран, бидний дээр цутгах болно11 хэмээн хэлсэн. Зөвхөн тэгж чадсан тохиолдолд бид газар дэлхий дээрх харилцаа холбоон дахь цөмөрхийг сэргээн засагчид болох боломжтой.

Эцэг маань биднийг төгсөшгүй их хайрладаг учраас алдар суу, баяр баясгалан руу биднийг эргүүлэн аваачих гэж хичээдэг. Тэрээр бидний хоорондох том завсар зайг сэргээн засахын тулд Өөрийн Төрсөн Цорын Ганц Хүү Есүс Христийг өгсөн. Тэнгэр дэх Эцэгтэй эргэн нийлэх нь үүрдийн хайрын болоод мөнхийн зорилгын амин чухал хэсэг юм. Бид үнэхээр юу чухал болохыг мэдэж, Түүний хайрладгийн адил хайрлан, Түүнтэй шиг болж өсөн хөгжихийн тулд яг одоо Түүнтэй харилцаа холбоо тогтоох ёстой. Тэнгэрлэг Эцэгтэй болон Аврагчтай тогтоосон итгэлийн харилцаа холбоо нь Тэдний болон бидний хувьд мөнхөд чухал байна гэдгийг би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.