2010–2019
Тусдаа хэдий ч нэгдмэл
2017 оны 10-р сар


Тусдаа хэдий ч нэгдмэл

Хэдийгээр бидний үзэл бодол өөр байж болох ч Сүмд Их Эзэн биднийг нэг байгаасай хэмээн хүсдэг.

1994 оны 6-р сард би хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд үндэснийхээ шигшээ багийн тоглолтыг зурагтаар үзэхээр ажлаас гэр рүүгээ сэтгэл догдлон машинаа жолоодон явж байлаа. Хөдлөөд удаагүй байхдаа би нэгэн эрийг тэргэнцрээ манай Бразилийн төрийн далбаагаар чимэглэчихсэн, явган хүний замаар хурдан гэгч явж буйг холоос харав. Түүнийг ч бас тоглолтыг үзэхээр гэр рүүгээ явж буйг би мэдсэн.

Зам хөндлөн зөрж, бидний харц хэдхэн секунд тулгарах үед надад түүнтэй нэгдмэл болсон мэт тийм хүчтэй мэдрэмж төрж билээ. Бид өөр өөр зүг рүү явж, бие биенээ ч танихгүй бас нийгмийн болон бие махбодын хувьд өөр өөр нөхцөл байдалд байгаа нь илт байсан ч яг тэр мөчид хөл бөмбөгт дуртай байдал, эх орноо хайрлах хайр маань биднийг нэгтгэсэн мэт мэдрэмж төрсөн юм. Би тэр залууг тэр өдрөөс хойш дахиж хараагүй ч өнөөдөр, хэдэн арван жилийн дараа ч гэсэн надад тэр харц харагдаж, хүчтэй холбоог нь мэдэрдэг. Энэ бүхний эцэст бид уг тоглолтод ялж, тэр жилийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн.

Хэдийгээр бидний үзэл бодол өөр байж болох ч Сүмд Их Эзэн биднийг нэг байгаасай гэж хүсдэг. Тэрбээр Сургаал ба Гэрээнд “Нэг байгтун; мөн хэрэв та нар нэг байхгүй аваас та нар минийх биш болой”1 хэмээн хэлсэн.

Бид хамтдаа шүтэн бишрэхээр цуглааны байр руу орохдоо арьс өнгө, нийгмийн байр суурь, улс төрийн үзэл бодол, эрдмийн болон мэргэжлийн амжилт зэрэг ялгаагаа ардаа орхин, оронд нь нийтлэг сүнслэг зорилгуудад төвлөрөх хэрэгтэй. Бид хамтдаа дуулал дуулж, ариун ёслолын үеэр нэг ижил гэрээг тунгаан боддог бөгөөд хэлсэн үг, заасан хичээл, залбирал зэргийн дараа нэгэн зэрэг чангаар “амен” гэж хэлэн, тухайн хуваалцсан зүйлстэй санал нэг байгаагаа хамтдаа илэрхийлдэг.

Бидний хамтдаа хийдэг эдгээр зүйл цугларсан хүмүүст нэгдмэл гэдгээ хүчтэй мэдрэхэд тусалдаг.

Гэхдээ бидний эв нэгдлийг үнэхээр тодорхойлж, бэхжүүлж байдаг эсвэл үгүй хийдэг зүйл нь Сүмийн гишүүдээсээ тусдаа байхдаа биеэ хэрхэн авч явдаг байдал маань билээ. Бидний мэддэгчлэн, эцэст нь бид нэг нэгнийхээ талаар ярих нь гарцаагүй бөгөөд энэ нь хэвийн үзэгдэл юм.

Нэг нэгнийхээ талаар юу гэж хэлэх сонголтоос маань хамаарч бидний үгс нэг бол Алмагийн Мормоны усанд баптисм хүртээсэн хүмүүст заасанчлан “зүрх [сэтгэлийг] эв [нэгдэлд] нэгтгэн”2 эсвэл бидний дунд байх ёстой хайр, итгэл, сайхан санааг үгүй хийнэ.

“Тиймээ, тэр сайн бишоп. Өө, гэхдээ чи түүнийг залуу эрэгтэй байхад нь харсан ч болоосой” гэх мэт үгс эв нэгдлийг далдуур бусниулдаг.

Харин “Бишоп үнэхээр сайн хүн бөгөөд жил өнгөрөх тусам хал үзэж, хашир сууж байна шүү” гэж арай өөр байдлаар хэлж болох юм.

Бид ихэвчлэн “Манай Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч огт өөрчлөгдөхгүй юм. Тэр ёстой гөжүүд хүн шүү!” гэх мэтийн үгс хэлж, хүмүүст эргэж буцалтгүй шошго зүүн тамгалдаг. Үүний оронд бид “Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч ойрд жаахан хатуу хандаад байна уу даа. Түүнд хэцүү зүйл тохиолдсон ч байж магадгүй. Түүнийг тусалж, дэмжицгээе!” хэмээн хэлж болно.

Ах, эгч нар аа, бидэнд хэнийг ч, тэр дундаа Сүмийн хүрээлэл дотроосоо хэнийг ч тааруухан хийсэн эцсийн бүтээгдэхүүн хэмээн тодорхойлох эрх байхгүй! Харин нөхдийнхөө талаар хэлэх бидний үгс Есүс Христ, Түүний Цагаатгал, Түүнд итгэх итгэлийг мөн Түүгээр дамжуулан бид үргэлж байгаагаасаа илүү сайн болон өөрчлөгдөж чадна гэсэн итгэлийг маань тусган харуулдаг байх ёстой.

Зарим нь Сүмийн удирдагчид, гишүүдийг маш өчүүхэн зүйлээс болж шүүмжилж, хоорондоо талцаж эхэлдэг.

1831 онд Сүмийн гишүүн болсон Саймондс Райдэр гэх нэгэн эрд яг ийм зүйл тохиолдсон юм. Тэр өөрт нь хандсан илчлэлтийг уншсаныхаа дараа Райдэр гэсэн нэрийх нь уай (y) үсгийг ай (i) үсгээр бичсэнд мэл гайхсан аж. Энэ үйл явдал түүнийг бошиглогчид эргэлзэхэд хүргэсэн бөгөөд улмаар Иосефыг мөрдөн хавчиж, Сүмийг орхисон юм.3

Бид ч гэсэн Сүмийн удирдагчдаасаа ямар нэгэн засаж залруулах сануулга авах өндөр магадлалтай бөгөөд энэ нь бидний тэдэнтэй хэр нэгдмэл байгаагийн шалгуур болох болно.

Би 11-хэн настай байсан ч 44 жилийн өмнө манай гэр бүлийнхний очдог байсан цуглааны байранд их засвар хийгдэх гэж байсныг санаж байна. Ажил эхлэхээс өмнө орон нутгийн болон бүсийн удирдагчид хуралдаж, гишүүд энэхүү хүчин чармайлтад хэрхэн гар бие оролцож болох талаар хэлэлцсэн юм. Олон жилийн турш уг нэгжийг тэргүүлж байсан аав маань энэ ажлыг сайн дурынхнаар биш, харин гэрээт хүмүүсээр хийлгэх нь зүйтэй хэмээн өөрийн саналыг хүчтэй илэрхийлэв.

Тэгэхэд түүний энэ саналыг хэрэгсэхгүй болгоод зогсохгүй, олны өмнө хурцаар буруушааж байсныг бид сонссон. Аав минь Сүмд бүхнээ зориулсан, үзэл бодлынхоо төлөө бат зогсон тэмцдэг, Дэлхийн II дайнд Европт дайтаж байсан ахмад дайчин хүн байсан. Энэ үйл явдлын дараа түүнийг ямар хариу үйлдэл хийсэн бол гэж хүмүүс сонирхож байж магадгүй. Тэр үзэл бодолдоо тууштай байж, нэгэнт гаргачихсан шийдвэрийг эсэргүүцсэн болов уу?

Бид тойргийн маань гэр бүлүүдийн сайн мэдээнд итгэх итгэл суларч, удирдаж буй хүмүүстэйгээ нэг байж чадахгүй байснаас болж цуглаанд ирэхээ больсныг харж байсан. Мөн эцэг эх нь Сүмийн гишүүдээс үргэлж алдаа дутагдал хайдаг байснаас болж Хүүхдийн хэсгийн олон найз маань өсвөр насандаа итгэлдээ үнэнч хэвээр үлдэж чадаагүйг би харж байсан.

Харин аав маань гэгээнтэн нөхөдтэйгөө нэг байхаар шийдсэн билээ. Хэдэн өдрийн дараа тойргийн гишүүдийг барилгын ажилд туслахаар цугларах үед биднийг ямар нэгэн байдлаар тус нэмэр болоход бэлэн байлгахын тулд тэр гэр бүлийнхнийгээ цуглааны байр руу дагаж явахад “урьсан” юм.

Би цухалдангуй байсан. Би түүнээс “Аав аа, та гишүүдийг оролцуулахын эсрэг байсан байхад бид яагаад барилгын ажилд туслах хэрэгтэй юм бэ?” гэж асуумаар санагдаж билээ. Гэхдээ түүний царай төрх ингэхгүй байхад хүргэсэн юм. Би дахин онцгойлон адислах үед эсэн мэнд байхын тулд аз болоход чимээгүй өнгөрөөхөөр шийдсэн бөгөөд зүгээр л барилгын ажилд нь туслахаар явсан.

Аав маань энэ ажил дуусахаас өмнө өөд болсон учраас шинэ цуглааны байрыг хараагүй. Гэхдээ ээжээрээ удирдуулсан манай гэр бүлийнхэн ажлаа дуустал нь үргэлжлүүлэн хийсэн бөгөөд энэ нь биднийг аавтай маань болон Сүмийн гишүүдтэй, удирдагчидтай, хамгийн чухал нь Их Эзэнтэй нэгдмэл байлгаж чадсан юм.

Есүс Гетсеманид зовлон шаналал амсахынхаа өмнөхөн Өөрийн төлөөлөгчдийн болон бидний хүн нэг бүрийн төлөө залбирахдаа “Эцэг Та Миний дотор, Би Таны дотор байгаатай адил, тэд бүгдээрээ нэг байхын тулд”4 хэмээн хэлдэг.

Ах, эгч нар аа, бид хамтдаа цуглахдаа мөн тус тусдаа байхдаа ч Сүмийн гишүүд, удирдагчидтайгаа нэг байхаар шийдэх үед Тэнгэрлэг Эцэгтэй болон Аврагчтай илүү төгс нэгдмэл байгаагаа мэдрэх болно гэдгийг би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.