2010–2019
Тэнгэрлэг төлөвлөгөөний дагуу
2017 оны 10-р сар


Тэнгэрлэг төлөвлөгөөний дагуу

Их Эзэний мутар таныг удирдаж байна. “Тэнгэрлэг төлөвлөгөөний” дагуу Тэрээр таны амьдралын хамгийн чухал мөчүүдэд төдийгүй жижиг хэсгүүдэд ч оролцож байдаг.

Ах эгч нар аа, энэхүү сэтгэл хөдөлгөм, дэлхий даяарх Ерөнхий чуулганд ирээд, та нарын хүч чадал, сүнсийг мэдэрч байх үед надад төлөөлөгч Петрийн “Эзэнтэн, энд байгаа нь бидэнд сайн байна”1 хэмээх үгс өөрийн эрхгүй бодогдож байна.

Аммонайхагийн хүмүүст заасны дараа Алмагийн хэлсэн үгс яг ийм байгаагүй. Алма хүмүүсийн ёс бус явдлын улмаас уг хотыг орхижээ. Тун удалгүй нэгэн тэнгэр элч Алмад үзэгдэн, “Аммонайхагийн хотод эргэн очиж, мөн уг хотын хүмүүст дахин номлоход”2 түүнийг дуудсан.

Алма “хурдан” эргэж, “уг хотод өөр нэг замаар”3 оров.

“Мөн тэрээр хотод орохдоо тэр өлсөж байв, мөн тэрээр нэгэн эрд хэлэв: Бурханы даруухан үйлчлэгчид та идэх юм өгөөч?”

Мөн сайхь эр түүнд хэлэв: Би бол нифай үндэстнийх, мөн та бол Бурханы ариун бошиглогч гэдгийг би мэднэ, учир нь тэнгэр элч: Та хүлээн авах болно хэмээн үзэгдлээр хэлсэн тэр хүн бол та болой.”4

Тэр хүн нь Амюлек байв.

Алма Амюлектэй дайралдсан нь тохиолдлын зүйл байсан уу? Үгүй ээ, тэр хожим нь номлолынх нь хамтрагч болох энэхүү итгэлтэй хүн рүү хүргэх замаар хотод буцаж орсон нь тохиолдлын зүйл биш байсан юм.

Ахлагч Нийл А.Максвэлл “Нөхөрлөлийнхөө хүрээн дунд байдаг хүмүүсийг хайрлах, тэднээс сурах боломжийг бидний хэн нь ч бүрэн дүүрэн ашигладаггүй. Та бид эдгээр харилцаа холбоог “тохиолдлын” гэж хэлж болох юм. Тохиолдлын зүйл гэдэг үг мөнх бус хүмүүст ашиглахад ойлгомжтой үг байж болох ч бүхнийг бүтээгч Бурханы үйлсийг тайлбарлахад тохиромжтой үг биш билээ. Тэрээр аливаа зүйлийг “тохиолдлоор” биш харин “тэнгэрлэг төлөвлөгөөний дагуу хийдэг юм”5 гэж хэлсэн.

Бидний амьдрал шатрын хөлөг мэт. Хэрвээ бид сүнслэг өдөөлтийг сонсох аваас Их Эзэн биднийг нэг байрнаас нөгөө рүү нүүлгэдэг. Бид эргэж хараад, Түүний мутар бидний амьдралд хэрхэн оролцож байсныг харж чаддаг.

Нифайг Лебенээс ялтсуудыг авахаар буцаж очих үед бид ийм тэнгэрлэг оролцоо байсныг хардаг. Тэр “хийвэл зохих зүйлүүдийг урьдаас мэдэхгүй байсны учир [тэрбээр] Сүнсэнд хөтлөгдөн байлаа.”6 Лебен тун удалгүй түүний өмнө согтон унасан байсан бөгөөд Нифай түүнийг алж, ялтсуудыг аваад, ах нар руугаа зугтан очсон. Тэр Лебентэй тааралдсан нь азтай байснаас тэр үү? Эсвэл энэ нь “тэнгэрлэг төлөвлөгөөний” дагуу байсан уу?

Дэлхий дээрх Бурханы хаант улсыг урагшлуулдаг онцгой чухал үйл явдлууд сайн мэдээнд болон Сүмд тохиодог. Тэдгээр нь тохиолдлоор биш, харин Бурханы төлөвлөгөөгөөр тохиодог. Энэ дэлхийг бүтээсэн Тэрээр Өөрийн үгээр далайг номхотгож; Алма, Амюлек хоёрыг мөн Нифай, Лебен хоёрыг зөв газар, зөв цагт байхаар удирдаж чадна.

Үүний адилаар, бидний хүн нэг бүрийн амьдралд Бурханы ажлыг дэлхий дээр урагшлуулах үйл явдал, харилцаа холбоо тохиодог.

Хүндэт ахлагч Жозеф Б.Вөртлин “Бүх зүйлд удирдан хөтлөгч гар оролцож байдаг. Ихэнх тохиолдолд энэ нь тохиолдлын зүйл биш байдаг. Нэг өдөр бид амьдралынхаа тохиолдлын зүйл мэт санагдсан зүйлсийг эргэж хараад, тэдгээр нь тохиолдлынх биш байсныг ухаарах болно” хэмээн ерөнхийлөгч Томас С.Монсон өөрт нь хэлсэн талаар ярьсан юм.7

Бидний сайн үйлсийг цөөн хэдэн хүн л мэдэж байх нь олонтоо. Гэсэн ч сайн үйлс тэнгэрт цэдэглэгдэж байдаг. Нэг л өдөр бид шударга явдлынхаа чин сэтгэлийн үйлсийн гэрч болон зогсох болно. Бурханы аз жаргалын төлөвлөгөөг ямар ч бэрхшээл, гай зовлон нурааж чадахгүй. Үнэхээр, “тэнгэрлэг төлөвлөгөөний” дагуу “өглөөд баярын хашхираан” ирдэг.8 “Би Эцэгийнхээ тааллыг гүйцэлдүүлэхээр дэлхийд ирсэн билээ”9 хэмээн Есүс заасан. Хайрт ах, эгч нар аа, бид ч бас ийн үйлдэх хэрэгтэй.

Би амьдралын аян замын туршлагаасаа Их Эзэн биднийг тэр шатрын хөлөг дээр хөдөлгөх болно гэдгийг мэднэ. Тохиолдлын зүйл гэж санагдаж болох зүйл үнэндээ толгой дээрх үс бүрийг тоолж чадах хайраар дүүрэн Тэнгэр дэх Эцэгээр хийгдэж байдаг.10 Бүр бор шувуу ч Эцэгийн маань зөвшөөрөлгүйгээр газарт унахгүй.11 Их Эзэн бидний амьдралын хамгийн жижиг хэсгүүдэд ч оролцож байдаг бөгөөд тэдгээр үйл явдал болон боломж нь дэлхий дээр Бурханы хаант улсыг барилцахад туслах үед гэр бүл болон бусдыг өргөж дээшлүүлэхэд биднийг бэлтгэдэг. Их Эзэн Абрахамд “бибээр эхлэлээс төгсгөлийг мэднэ; тиймийн тул миний мутар чам дээр байх болно”12 хэмээн хэлснийг санаарай.

Их Эзэн надад намайг хайрладаг эцэг эх, гэр бүлийг өгсөн. Дэлхийнхний жишгээр бол тэд ердийн хүмүүс байсан. Бүхнээ зориулдаг аав минь ачааны машины жолооч, миний тэнгэр элч адил ээж минь гэрийн эзэгтэй байсан. Их Эзэн надад сайхан эхнэр Мэланигаа олоход тусалсан. Тэрээр бас хожим нь миний сайн найз болсон нэгэн бизнесмэнийг намайг ажилтай болгуулахаар сүнслэгээр өдөөсөн юм. Их Эзэн намайг залуу байхад номлолын талбарт номлогчоор мөн номлолын ерөнхийлөгчөөр үйлчлүүлэхэд дуудсан. Тэрээр намайг Далын чуулгад мөн одоо төлөөлөгчөөр дуудсан. Эргээд санахад, эдгээр шатрын нүүдлийн алиныг нь ч би өөрөө хийгээгүй, харин Их Эзэн хийсэн гэдгийг ухаарсан юм. Үүний адил Тэр таны болон хайртай хүмүүсийн тань шатрын нүүдлийг удирдан хийж байгаа.

Та амьдралдаа юуг эрж хайж байх ёстой вэ? Бурханы ямар гайхамшиг “Би энд байна” хэмээн Түүний ойрхон байгааг танд сануулдаг вэ? Тэдгээр үеийн талаар, заримдаа өдөр бүр Их Эзэн амьдралд тань ахин дахин оролцож байсан үеийн талаар бодоорой. Тэдгээр мөчийг Их Эзэн танд болон таны сонголтуудад итгэл үзүүлж байгаа мөч хэмээн нандигнан эрхэмлэ. Та өөрийгөө хэн болгож чадахаас илүүтэй Түүнд өөрийг тань хэн болгож чадахыг харуулах боломжийг олго. Түүний оролцоог нандигнан эрхэмлэ. Заримдаа бид төлөвлөгөөнд өөрчлөлт гарах үед аян замд маань саад гарлаа гэж боддог. Тэдгээрийг “Их Эзэний зараалд”13 гарах анхны алхмууд гэж бодоорой.

Хэдэн сарын өмнө манай нэг ач охин Сүмийн хэд хэдэн түүхэн дурсгалт газраар аялах өсвөр насныхны аяллын бүлэгт элссэн юм. Түүний аяллын эцсийн маршрут түүний ахын буюу манай ач хүүгийн үйлчилж байгаа яг тэр хэсгээр дамжин өнгөрөх юм байна гэдгийг харуулсан байж. Ач охин маань ахтайгаа номлолд нь уулзана гэж бодоо ч үгүй байв. Гэсэн ч ахынх нь үйлчилж байсан хот руу аяллын автобус орох үед хоёр номлогч гудамжаар алхаж яваа харагдаж гэнэ. Уг хоёр номлогчийн нэг нь түүний ах байсан.

Өсвөр үеийнхэн бүгдээрээ түүнийг ахтай нь уулзуулахын тулд түр зогсохыгавтобусны жолоочоос хүсэн, сэтгэл нь догдолцгоож байлаа. Минут ч хүрэхгүй хугацаанд нулимс дуслуулан, найрсаг хэдэн үг сольсны дараа ах нь номлолын үүргээ гүйцэтгэхээр буцаад цааш явжээ. Бид хожим нь түүний ах уг гудамжаар тав ч хүрэхгүй минут явсан бөгөөд нэг уулзалтаас гараад машин руугаа алхаж байсныг олж мэдсэн юм.

Зураг
Ахлагч Расбандын ач нар уулзаж байгаа нь

Тэнгэрлэг Эцэг оюун бодолдоо тодорхой нэг хүсэлтэйгээр биднийг тодорхой нэг нөхцөл байдалд аваачдаг. Тэр миний амьдралд ч ийн үйлдсэн бөгөөд ач зээ нарын маань амьдралд үйлдсэн шигээ та нарын амьдралд ч мөн ийн үйлдэж байгаа.

Бидний хүн нэг бүр Их Эзэнд эрхэм нандин бөгөөд Тэр бид бүгдийг хайрладаг. Тэр бид бүгдийг өөрсдөд маань л тохирох онцгой аргаар халамжилж, бидэнд шивнэж, биднийг харж ханддаг. Тэр мөнх бус эмэгтэй, эрэгтэйчүүдээс хавьгүй илүү ухаантай, илүү хүч чадалтай. Тэр бидэнд тулгарсан бэрхшээл, бидний ялалт болон зүрх сэтгэлийн маань чин хүслийг мэддэг.

Жил гаруйн өмнө намайг Ариун сүмийн талбайгаар явж байтал эмэгтэй номлогчдын нэг нь надад дөхөж ирээд, “Та намайг санаж байна уу? Би Флорида мужаас ирсэн” гээд, өөрийнхөө нэрийг Айда Чилан эгч гэж хэлэв. Тийм ээ, би түүнтэй болон түүний гэр бүлтэй уулзсанаа маш тод санаж байлаа. Түүний гадасны ерөнхийлөгч бидэнд тэдний гэр бүлд айлчлахыг санал болгож байсан юм. Бид тэдний баптисм хүртээгүй байсан охин Айдагийнх нь төлөө тэднийд очсон нь тодорхой байв. Биднийг очсоны дараа нэг жил гаруй хугацаанд зааж, нөхөрлөсний эцэст Айда баптисм хүртсэн юм.

Зураг
Ахлагч Расбанд Айда Чилан, түүний хамтрагчтай хамт

Биднийг Ариун сүмийн талбай дээр тааралдсаны дараа Айда надад захиа бичсэн. Тэр “Тэнгэрлэг Эцэг бидний хүн нэг бүрийг мэддэг мөн биднийг нэг нэгний маань зам дээр ямар нэг шалтгаанаар байлгадаг гэдгийг би бүхий л зүрх сэтгэлээрээ мэднэ. Номлогчдын маань нэг байж, таван жилийн өмнө надад тусалсанд баярлалаа”14 гэж бичсэн байсан. Тэр бас баптисм, гишүүний баталгаа хүртэх, Ариун сүмийн талбайн номлолд үйлчлэх, саяхан ариун сүмд гэрлэх зэрэгт хүргэсэн амьдралд нь тохиосон “тэнгэрлэг тохиолдлуудын” талаар бичсэн байв.15

Гадасны ерөнхийлөгч биднийг Чиланы гэр рүү аваачсан нь эсвэл бид хоёр Ариун сүмийн талбай дээр хожим тааралдсан нь зүгээр л тохиолдлын явдал байсан уу? Энэ бүхэн Бурханы “тэнгэрлэг төлөвлөгөөний” хэсэг байсныг Айдагийн гэрчлэл баталдаг.

Их Эзэн бидэнтэй хамт байх дуртай. Та нар Түүний Сүнсийг мэдэрч, анхны өдөөлтүүдийн дагуу үйлдэх үедээ Түүний “Би та нарын нүүрний өмнө явах болно. Би та нарын баруун гар талд мөн та нарын зүүнтээ байх болно, мөн миний Сүнс та нарын зүрх сэтгэлд, мөн миний тэнгэр элчүүд та нарыг дэмжихийн тулд та нарын эргэн тойронд байх болно16 хэмээн амласны дагуу Түүнийг мэдэрдэг нь тохиолдлын зүйл биш юм.

Бид бүхний амьдралд ижил төстэй зүйлс тохиолддог. Бид танил мэт санагдах хүнтэйгээ тааралдаж, харилцаагаа сэргээж эсвэл үл таних хүнтэй ямар нэг талаараа ижил болохоо олж мэддэг. Ийм зүйл тохиолдох үед Их Эзэн бидэнд бид бүгдээрээ “ах эгч дүүс” гэдгийг сануулдаг байж болох юм. Бид үнэхээр нэг ижил учир шалтгаанд нэгдсэн бөгөөд Иосеф Смит үүнийг “Христийн зорилго” хэмээн нэрлэсэн.17

Одоо тэгвэл, бидний сонгох эрх чөлөө “Тэнгэрлэг төлөвлөгөөнд” хэрхэн багтаж таардаг вэ? Аврагчаа болон Түүний сонгосон удирдагчдыг дагах эсвэл дагахгүй байх нь бидний сонголт. Нифайчууд Их Эзэнээс холдох үедээ ямар байдалтай байсан нь Мормоны Номонд тодорхой байдаг. Мормон

“Мөн тэд … Их Эзэний Сүнс тэднийг цаашид хамгаалахаа больсныг ухаарав; тийм ээ, Их Эзэний Сүнс ариун бус дугануудад үл оршихын учир энэ нь тэднийг орхисон байв—

Тиймийн тул Их Эзэн тэднийг өөрийн гайхамшигт мөн зүйрлэшгүй хүчээр хамгаалахаа больж, учир нь тэд итгэлгүй мөн аймшигт ёс бусын байдалд унасан байв”18 хэмээн гашуудан хэлсэн.

Их Эзэний биднээс хүсдэг бүх зүйл бидний хүч чадал, итгэлээс эсвэл бидний мэддэг зүйлсээс болж байдаг юм биш. Дамаск орох замд нь Их Эзэний зогсоосон Саулын талаар бод доо. Тэр амьдралдаа буруу замаар явж байсан бөгөөд энэ нь өмнөд, хойд зүгтэй ямар ч холбоогүй байв. Саул тэнгэрлэг нөлөөллөөр замаа өөрчилсөн. Хожим нь түүнийг Паул гэж дууддаг болсон бөгөөд түүний төлөөлөгчийн хувиар хийсэн тохинуулал нь Их Эзэний түүний юу хийх чадвартайг, хэн болж чадахыг мэддэг байсныг харуулсан ажээ. Энэ нь харин Саулын хийхээр төлөвлөж байсан зүйл байгаагүй юм. Яг үүний адилаар, Их Эзэн бидний хүн нэг бүрийн юу хийх чадвартайг мөн хэн болж чадахыг мэддэг. Төлөөлөгч Паул юу гэж заасан бэ? “Бурханыг хайрладаг, Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүст тохиолддог бүхий л зүйл эцэстээ тэдний сайн сайхны төлөө байдаг гэдгийг бид мэднэ.”19

Бид зөв шударга, бэлэн, чадвартай байгаа үедээ, мөн зохистой байж, тэнцэх гэж хичээж байгаа үедээ өөрсдийн хэзээ ч төсөөлж байгаагүй байр сууринд хүртэл өсөж хөгждөг бөгөөд Тэнгэрлэг Эцэгийн “тэнгэрлэг төлөвлөгөөний” нэг хэсэг болдог. Тэнгэрлэг мөн чанар нь бидний хүн нэг бүрийн дотор оршдог. Бурханы биднээр дамжуулан, бидэнтэй хамт ажиллахыг харахдаа бид урамшиж, уг удирдамжинд талархдаг байгаасай. Тэнгэр дэх Эцэг “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах нь миний ажил мөн миний алдар суу бөлгөө”20 хэмээн хэлэхдээ Өөрийн бүх хүүхдийг, нэн ялангуяа та нарын тухай ярьж байсан юм.

Их Эзэний мутар таныг удирдаж байна. “Тэнгэрлэг төлөвлөгөөний” дагуу Тэрээр таны амьдралын хамгийн чухал мөчүүдэд төдийгүй жижиг хэсгүүдэд ч оролцож байдаг. Сургаалт үгсэд хэлснээр “Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ; … Тэр чиний замыг шулуун болгоно.”21 Тэр та нарыг адисалж, дэмжиж мөн та нарт амар амгаланг авчирна гэдгийг би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.