2010–2019
Бид Түүнд итгэдэг үү? Хүнд хэцүү зүйлс тустай байдаг
2017 оны 10-р сар


Бид Түүнд итгэдэг үү? Хүнд хэцүү зүйлс тустай байдаг

Ямар асуудал байхаас үл хамааран итгэлтэйгээр урагш тэмүүлж, Их Эзэнд болон Түүний төлөвлөгөөнд итгэдэг хүмүүсийн хувьд хүнд хэцүү зүйлс тустай сайн зүйлс болж болно.

Би үгээ хэлэхээсээ өмнө, саяхны хар салхи, газар хөдлөлтөөс үүссэн гай гамшигт нэрвэгдэгсдийг төлөөлөн бидэнд тус дэм болж, найдвар төрүүлсэн Тусламжийн гарынханд болон тэдний зохион байгуулагчдад чин сэтгэлийн талархлаа илэрхийлж байна.

Би 2006 оны 10-р сард анх удаа Ерөнхий чуулган дээр үг хэлж байсан ба дэлхий даяарх Сүмд чухал гэж мэдэрсэн захиастаа “Их Эзэн бидэнд итгэдэг” гэсэн санааг багтаасан.

Тэр үнэхээр бидэнд олон арга замаар итгэдэг. Тэрээр бидэнд Есүс Христийн сайн мэдээг өгсөн бөгөөд энэхүү эрин үед сайн мэдээний бүрэн байдлыг өгсөн. Тэр бидэнд Өөрийнх нь санваар, санваарын түлхүүрүүдийг зөв зохистой ашиглах итгэл хүлээлгэдэг. Уг хүчээр бид бусдыг адисалж, тэдэнд үйлчилж, ёслолуудыг хүлээн аван, гэрээнүүдийг хийх боломжтой. Тэрээр бидэнд сэргээгдсэн Сүмээ ариун сүмтэй хамт итгэн даалгадаг. Мөн Тэрээр дэлхий дээр холбоход тэнгэрт ч бас холбогдсон байх лацдан холбох хүчийг Өөрийн үйлчлэгчдэд итгэж өгсөн билээ. Тэр бидэнд ч гэсэн хүүхдүүдийнх нь эцэг эх, багш, асран халамжлагч байх итгэлийг хүлээлгэсэн.

Дэлхийн олон газар Ерөнхий эрх мэдэлтнээр үйлчилсэн энэ хэдэн жилийн дараа би “Тэр бидэнд итгэдэг” хэмээн илүү баттайгаар тунхаглаж байна.

Харин одоо энэ чуулганд миний тавих асуулт бол “Бид Түүнд итгэдэг үү?” хэмээх асуулт юм.

Бид Түүнд итгэдэг үү?

Ерөнхийлөгч Томас С.Монсон бидэнд үргэлж “Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ.

Өөрийн бүх замаараа Түүнийг таньж мэд. Тэр чиний замыг шулуун болгоно.

Өөрийнхөө нүдний өмнө бүү мэргэн бай” (Сургаалт үгс 3:5–7) хэмээн сануулдаг.

Түүний зарлигууд бидний сайн сайхны төлөө өгөгдсөн гэдэгт бид итгэдэг үү? Түүний удирдагчид төгс биш ч гэсэн биднийг сайн удирддаг гэдэгт бид итгэдэг үү? Бид Түүний амлалтууд найдвартай гэдэгт итгэдэг үү? Мөн бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр биднийг мэддэг, бидэнд туслахыг хүсдэг гэдэгт итгэдэг үү? Бид бэрхшээл, сорилт, хэцүү бэрх цаг үедээ Түүнд итгэж найдсаар байдаг уу?

Эргээд харахад, би амьдралынхаа хамгийн хүнд хэцүү үе буюу өсвөр насандаа мөн номлолд байхдаа болон шинэ ажилд орохдоо, түүнчлэн дуудлагаа эрхэмлэн биелүүлэхээр хичээж байхдаа болон олон хүүхэд өсгөж байхдаа мөн бие даасан байхаар хөдөлмөрлөж байхдаа хамгийн үнэ цэнтэй сургамжуудыг авч байжээ. Үүнээс үзэхэд хүнд хэцүү зүйлс тустай байдаг гэдэг нь ойлгомжтой.

Хүнд хэцүү зүйлс тустай байдаг

Хүнд хэцүү зүйлс биднийг хүчирхэг бөгөөд даруу болгож, бидэнд өөрсдийгөө нотлох боломжийг олгодог. Бидний хайрлаж хүндэлдэг гар тэрэгтэй анхдагчид хамгийн хүнд хэцүү нөхцөл байдалд байхдаа Бурханыг таньж мэдсэн. Нифайг болон түүний ах нарыг гуулин ялтсуудыг авахад хоёрын хоёр бүлэг зарцуулагдсан атал яагаад Ишмэилийн гэр бүлийг аглаг буйдад тэдэнтэй нэгдэхийг ятгахад гуравхан шүлгийг зориулсан бэ? (1 Нифай 34; 7:3–5-ыг үзнэ үү). Их Эзэн Нифайг ялтсуудыг авахад гаргах хичээл зүтгэлээр нь хүчирхэгжүүлэхийг хүссэн байх.

Бидний амьдралд хүнд хэцүү зүйлс тохиолдоход бид цочирдох ёсгүй. Бидний Их Эзэнтэй хийдэг хамгийн эхний гэрээнүүдийн нэг нь золиослолын хуулийн дагуу амьдрах явдал юм. Золиослол нь ямар нэгэн хүсүүштэй зүйлээс татгалзах гэсэн утгыг агуулдаг. Бид золиослол бол дагаж ирэх адислалтай нь харьцуулахад багахан төлөөс гэдгийг өөрсдийн туршлагаас ухаардаг. Иосеф Смитийн удирдамжин доор “Бүхнийг золиослохыг шаарддаггүй шашин нь амьдралд болон авралд шаардлагатай итгэлийг бий болгох хүч чадалгүй байдаг”1 хэмээн хэлэгдсэн.

Бурхан Тэргүүтэний гишүүд хүнд хэцүү зүйлсийг давж гарсан л байж таараа. Бурхан Эцэг Төрсөн Ганц Хүүгээ Цагаатгалын аймшигт зовлон шаналал болох цовдлуулан үхэх зовлонд золиосолсон. Есүс Христ “зовсон зүйлсээсээ дуулгаварт суралцсан (Еврей 5:8) хэмээн судруудад өгүүлдэг. Тэр сайн дураараа Цагаатгалын зовлон тарчлалыг амссан. Ариун Сүнс бидэнд анхааруулж, биднийг сүнслэгээр өдөөж, удирддаг ба заримдаа биднээр үл ойшоогдож, буруу ойлгогдон, мартагдах зэргийг хүлцэнгүй тэсвэрлэдэг.

Төлөвлөгөөний нэг хэсэг

Хүнд хэцүү зүйлс бол сайн мэдээний төлөвлөгөөний нэг хэсэг юм. Энэ амьдралын нэгээхэн зорилго бол өөрсдийгөө нотлох явдал билээ (Aбрахам 3:25-ыг үзнэ үү). Алмагийн хүмүүсээс илүү хилсээр зовж шаналсан хүмүүс цөөхөн байдаг. Тэд ёс бус Ноа хаанаас оргон зугтсан боловч леменчүүдийн боол болсон. Тэдгээр сорилт бэрхшээлээр дамжуулан Их Эзэн өөрийн хүмүүсийг зэмлэж, тэдний тэвчээр, итгэлийг сорьдог гэдгийг тэдэнд заасан (Мозая 23:21).

Либерти шоронд байсан хатуу ширүүн өдрүүдэд Их Эзэн Иосеф Смитэд зовлонгуудаа “дажгүй давахыг” (C ба Г 121:8) заасан бөгөөд хэрэв тэгж чадвал “эдгээр бүх зүйл чамд туршлага суулгах болно, мөн чиний сайн сайхны төлөө байх болно” (С ба Г 122:7) хэмээн амласан.

Ерөнхийлөгч Томас С.Монсон “Бид амархан буруу зүйлийг хийхийн оронд хэцүү ч гэсэн зөв зүйлсийг хийхээр сонгох болтугай”2 хэмээн гуйсан. Тэрээр ариун сүмүүдийн тухай “[ариун сүмийн] адислалуудыг хүлээн авахад ямар ч золиослол үүнээс агуу бус, ямар ч төлбөр үүнээс их бус мөн ямар ч тэмцэл хэцүү биш”3 хэмээн хэлсэн билээ.

Байгаль дэлхий дээрх хүнд хэцүү зүйлс амьдралын тойргийн нэгээхэн хэсэг юм. Дэгдээхийн хувьд өндөгнийхөө хатуу хальсыг хагалан гарах нь хэцүү зүйл. Хэрэв хэн нэгэн түүнд илүү амар болгохын тулд өндгийг нь хагалж өгвөл дэгдээхий амьдрахад шаардлагатай хүч чадлыг олж авахгүй. Үүнтэй адил үүрнээсээ гарах гэж оролдох эрвээхийн тэмцэл түүнийг амьдралд хүчирхэгжүүлдэг.

Эдгээр жишээнээс бид хүнд хэцүү зүйлс бол байнга тохиолддог зүйл гэдгийг харж байна. Бид бүгдэд сорилт бэрхшээл тохиолддог. Хувьсагч нь бидний хүнд хэцүү зүйлсэд үзүүлдэг хариу үйлдэл билээ.

Нэгэн удаа Мормоны Номон дахь хэсэг хүн “их хавчлага,” “их зовлонг” үзсэн (Хиламан 3:34). Тэд хэрхэн хариу үйлдэл үзүүлсэн бэ? “Сэтгэл оюун нь баясал хийгээд тайтгарлаар дүүрэх хүртлээ, … тэд ойр ойрхон мацаг барьж мөн залбирч, мөн даруу байдалдаа улам улам хүчирхэг мөн Христийн бишрэлд улам улам гуйвшгүй бат болж байв” (Хиламан 3:35). “Нифайчууд болон леменчүүдийн хоорондох дайны үлэмж агуу урт удааны учир олных нь зүрх сэтгэл хатуурчээ, … мөн олных нь зүрх сэтгэл зүдгүүрүүдийнхээ учир зөөлөрч, үүний хэрээр тэд Бурханы өмнө өөрсдийгөө … даруусгасан ажээ” (Aлма 62:41).

Бид бүгдээрээ хүнд хэцүү зүйлсэд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ сонгодог.

Амар хялбар зүйлсэд болгоомжтой ханд

Би энэ дуудлагад дуудагдахаасаа өмнө Техас мужийн Хьюстон хотод санхүүгийн зөвлөхөөр ажиллаж байсан юм. Би ихэнхдээ өөрийн гэсэн бизнес бүхий саятнуудтай ажилладаг байлаа. Тэд бараг бүгд амжилттай яваа бизнесээ оргүй хоосноос шаргуу хөдөлмөрөөрөө босгосон хүмүүс байдаг. Хүүхдүүддээ бүх зүйлийг нь амар хялбар болгож өгөхийг хүсэж байна гэж тэдний хэлэхийг сонсох надад хамгийн харамсмаар байсан. Тэд хүүхдүүдээ өөрсөдтэйгээ адил зовохыг хүсээгүй. Өөрөөр хэлбэл, тэд өөрсдийг нь амжилтад хүргэхэд тусалсан хамгийн гол зүйлийг хүүхдүүдээсээ холдуулж байсан юм.

Үүнээс эрс ялгаатай, өөр нэгэн арга замыг сонгосон нэгэн гэр бүлийг бид танина. Эцэг эх нь Ж.К.Пэннигийн туршлагаас санаа авчээ. Ж.К.Пэнниг найман нас хүрэхэд аав нь түүнийг санхүүгээ өөрөө хариуц гэж хэлсэн аж. Тэд өөрсдийн гэсэн төлөвлөгөө гаргасан бөгөөд хүүхдүүд нь ахлах сургуулиа төгсөөд цаашдын боловсрол (их сургууль, магистрт), амьжиргааны зардал гэх мэт санхүүгийн тал дээр (үнэхээр бие даасан) болох ёстой болжээ (С ба Г 83:4-ийг үзнэ үү). Аз болоход хүүхдүүд нь үүнийг ухаалгаар хүлээн авчээ. Бүх хүүхэд нь өөрсдөө бие даан их сургууль төгсөж, зарим нь магистрын зэрэг хамгаалжээ. Энэ нь амаргүй байсан ч тэд хийсэн. Тэд үүнийг шаргуу хөдөлмөр, итгэлээр хийж чадсан.

Түүнд итгэх итгэл

“Бид Түүнд итгэдэг үү?” гэсэн асуултыг “Түүнд итгэж найдах итгэл бидэнд байна уу?” гэж орлуулбал илүү ойлгомжтой байж болох юм.

Бидэнд орлогынхоо 90 хувийг ашиглаад, дээрээс нь жилийн орлогоо 100 хувь өөрсдөө ашиглан, өөрийнхөөрөө амьдрахаас Их Эзэний тусламжтайгаар амьдрах нь илүү дээр байх болно гэсэн аравны нэгийн талаарх Түүний амлалтад итгэх итгэл байна уу?

Тэр бидний зүдгүүрт үед зочлох болно (Мозая 24:14-ийг үзнэ үү), бидэнтэй тэрсэлдэгч нэгэнтэй Тэр тэмцэлдэх болно (Исаиа 49:25; 2 Нифай 6:17-г үзнэ үү), Тэрээр зовлонгуудыг маань бидний өсөлт хөгжлийн тул ариулан адислах болно гэдэгт итгэх хангалттай итгэл бидэнд байна уу? (2 Нифай 2:2-ыг үзнэ үү).

Биднийг материаллаг болон сүнслэг зүйлээр хоёулангаар нь адисалж болохын тулд Түүний зарлигуудыг дагахад шаардлагатай итгэлийг бид хөгжүүлэх үү? Тэр биднийг оршихуйдаа хүлээн авч болохын тулд бид эцсээ хүртэл итгэлтэйгээр үргэлжлүүлэх үү? (Мозая 2:41-ийг үзнэ үү).

Ах, эгч нар аа, бид Түүнд итгэж найдах итгэлтэй байж чадна! Тэр хамгийн сайн сайхан зүйлсийг бидний төлөө хүсэж байдаг (Moсе 1:39-ийг үзнэ үү). Тэр бидний залбирлуудад хариулах болно (С ба Г 112:10-ыг үзнэ үү). Тэрээр амлалтуудаа биелүүлэх болно (С ба Г 1:38-ыг үзнэ үү). Тэр амлалтуудаа биелүүлэх хүчтэй (Aлма 37:16-г үзнэ үү). Тэр бүх зүйлийг мэддэг. Хамгийн чухал нь Тэр юу хамгийн сайн болохыг мэддэг (Исаиа 55:8–9-ийг үзнэ үү).

Аюултай дэлхий

Бидний амьдарч буй дэлхий хатуу бэрх. Улс орон бүрд бусармаг явдал, хээл хахууль газар авч, терроризм аюулгүй газарт ч хүрч, эдийн засгийн хямрал, ажилгүйдэл, өвчин эмгэг, байгалийн гамшиг, иргэний дайн болон харгис удирдагчид гэх мэтээр хаа сайгүй байна. Бид юу хийх ёстой вэ? Зугтах уу, тэмцэх үү? Аль нь зөв бэ? Аль аль нь аюултай байж болно. Тэмцэж, тулалдах нь Жорж Вашингтон, түүний цэргүүдийн хувьд аюултай зүйл байсан бол зугтах нь бидний анхдагч өвөг дээдсийн хувьд аюултай зүйл байсан. Эрх чөлөөний төлөө тэмцэх нь Нэлсон Мандэлагийн хувьд аюултай зүйл байсан билээ. Сайн хүмүүс юу ч хийхгүй байхад л хилэнц ялах болно гэсэн үг байдаг.4

Бүү ай!

Бид юу ч хийж байсан айдсын сүнсээр шийдэж мөн үйлдэж болохгүй. Үнэнээр “Бурхан бидэнд айдсын сүнсийг өгөөгүй” (2 Tимот 1:7). (“Бүү ай” гэсэн санааг судруудад онцолсон байдгийг та нар анзаарч байна уу?) Их Эзэн надад шантрал, айдас бол чөтгөрийн хэрэглүүр юм гэдгийг заасан. Их Эзэний хариулт бол хүнд хэцүү цагт итгэлтэй урагшил хэмээх хариулт билээ.

Хүнд хэцүү зүйл гэж юу вэ?

Хүнд хэцүү зүйл гэж юу болох тал дээр бид бүгд өөр өөр бодолтой байдаг байх. Зарим хүн санхүүгийн хүндрэлтэй үед аравны нэгээ төлөх нь хэцүү гэж боддог байх. Удирдагчдын хувьд заримдаа ядуу тарчиг хүмүүсээс аравны нэгээ төлөхийг хүсэхэд хэцүү байдаг. Гэрлэж, гэр бүлтэй болохын төлөө итгэлтэйгээр урагш явах нь зарим хүнд хэцүү байж болно. “Их Эзэний [тэдэнд] тохоосон зүйлүүдэд хангалуун байх” нь хэцүү гэж боддог хүмүүс ч байдаг (Алма 29:3). Дуудагдсан дуудлагадаа сэтгэл хангалуун байх нь хэцүү байж болох юм (Алма 29:6-г үзнэ үү). Сүмийн сахилга маш хүнд хэцүү санагддаг байж болох ч зарим хүний хувьд энэ нь жинхэнэ наманчлалын эхлэл байдаг.

Ямар асуудал байхаас үл хамааран итгэлтэйгээр урагш тэмүүлж, Их Эзэнд болон Түүний төлөвлөгөөнд итгэдэг хүмүүсийн хувьд хүнд хэцүү зүйлс тустай сайн зүйлс болж болно.

Миний гэрчлэл

Ах, эгч нар минь ээ, миний ард сууж байгаа эдгээр удирдагч Бурханаар дуудагддаг гэдгийг би гэрчилж байна. Тэдний хүсэл бол Их Эзэнд сайн үйлчилж, зүрх сэтгэлд маань сайн мэдээг суулгахад бидэнд туслах явдал юм. Би тэднийг хайрлаж, дэмжин баталдаг.

Би Аврагч, Есүс Христэд хайртай. Тэр Эцэгийг мөн биднийг хангалттай их хайрладаг болохоор бидний Аврагч, Гэтэлгэгч болсон бөгөөд энэ шийдвэр нь Түүний “сүв бүрээс цус шүүрэх, мөн бие хийгээд сүнс аль алиныг нь зовоход хүргэсэнд” (С ба Г 19:18) би гайхан биширдэг. Гэвч Тэр ийм аймшигтай нөхцөл байдалтай мөн үүний гарцаагүй шаардлагатай тулгарсан ч “Миний хүсэл бус, харин Таны хүсэл биелэгдэг” (Лук 22:42) хэмээн Эцэгт нотлон хэлсэн. Би “Тэр энд байхгүй. Учир нь тэр амилсан” (Матай 28:6) хэмээх тэнгэр элчийн үгсэд баясдаг.

Түүний үлгэр жишээ бол үнэхээр “зам, үнэн, амь мөн” (Иохан 14:6). Чухамхүү энэ л үлгэр жишээг дагаснаар бид “энэ дэлхий дээр амар амгалан болон ирэх дэлхийд мөнх амьдралыг” (С ба Г 59:23) олж чадна. Би Түүний үлгэр жишээг даган, сургаалуудыг нь амьдралдаа хэрэгжүүлснээр Түүний “үнэтэй бөгөөд гайхамшигт амлалт” (2 Петр 1:4) бүр үнэн гэдгийг мэдэж авсан юм.

Миний хамгийн том хүсэл бол Есүс Христийн үнэн дагалдагчийн хувиар Мормонтой хамт зогсон, (3 Нифай 5:13-ыг үзнэ үү), нэг л өдөр Түүний амнаас “Сайн байна, итгэмжит сайн боол минь” (Матай 25:21) хэмээх үгийг сонсох явдал юм. Есүс Христийн нэрээр, амен,

Эшлэлүүд

  1. Lectures on Faith (1985), 69.

  2. Томас С.Монсон, “Сонголтууд,”эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 69.

  3. Томас С.Монсон, “Ариун сүм—дэлхийн гэрэлт цамхаг,”эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 92.

  4. Жон Стюарт Милл, Inaugural Address: Delivered to the University of St. Andrews, 1867 оны 2-р сарын 1 (1867), 36-г үзнэ үү.