2010–2019
Үнэтэй бөгөөд гайхамшигт амлалтууд
2017 оны 10-р сар


Үнэтэй бөгөөд гайхамшигт амлалтууд

Тэнгэрлэг Эцэгийн маань аз жаргалын агуу төлөвлөгөөнд биднийг бурханлаг мөн чанарын хуваалцагч болгох сургаал, ёслол, гэрээ болон үнэтэй бөгөөд гайхамшигт амлалтууд орсон байдаг.

Бидний хүн нэг бүрд өдөр бүр тулгардаг томоохон сорилтуудын нэг бол дэлхийн асуудалд өөрсдийн хамаг цаг хугацаа, хүч чадлыг зориулчихаад, хамгийн чухал ач холбогдолтой мөнхийн зүйлсийг үл тоомсорлодог явдал юм.1 Бид маш олон үүрэг хариуцлага хүлээн, шахуу хуваарьтай байдаг зэргээс болж амин чухал сүнслэг зүйлсээ мартдаг төдийгүй тэдгээрт төвлөрөхөд тэр болгон анхаарлаа хандуулж чадахгүй байх нь бий. Заримдаа бид хурдан гүйх гэж хичээсээр хаашаа, яагаад гүйж байгаагаа умартдаг.

Төлөөлөгч Петр Есүс Христийн шавь болох бидэнд дараах зүйлсийг сануулсан. Тэрээр “Өөрийнхөө алдар ба давуу чанараар биднийг дуудсан Түүний жинхэнэ мэдлэгээр дамжуулан Түүний бурханлаг хүч бидэнд амь болоод сүсэглэлд хамаатай бүхнийг соёрхсон.

Эдгээрээр дамжуулан Тэр бидэнд үнэтэй бөгөөд гайхамшигт амлалтуудаа соёрхсон. Ингэснээр та нар энэ дэлхийд тачаалаар байх ялзралаас ангижирснаар бурханлаг мөн чанарын хуваалцагч болох юм”2 хэмээн хэлсэн билээ.

Би өөрийнхөө захиасад энэ мөнх бус аялалд бид хаашаа мөн яагаад явж байгаагийн бодит сануулагч болох Петрийн дүрсэлсэн үнэтэй бөгөөд гайхамшигт амлалтуудад ач холбогдол өгч, онцгойлон анхаарна. Мөн би эдгээр чухал сүнслэг амлалтыг санахад Хүндэтгэлийн өдөр, ариун сүм, гэр орон маань тус бүр ямар ямар үүрэг гүйцэтгэдэг талаар ярих болно.

Биднийг эдгээр чухал үнэнийг хамтдаа эргэцүүлэн бодох үед Ариун Сүнс бидний хүн нэг бүрд зааж сургах болтугай хэмээн би чин сэтгэлээсээ залбирч байна.

Бидний бурханлаг мөн чанар

Тэнгэрлэг Эцэгийн маань аз жаргалын агуу төлөвлөгөөнд биднийг бурханлаг мөн чанарын хуваалцагч болгох сургаал, ёслол, гэрээ болон үнэтэй бөгөөд гайхамшигт амлалтууд орсон байдаг. Түүний төлөвлөгөө бидний мөнхийн мөн чанарыг болон суралцах, өөрчлөгдөх, өсөж хөгжих, эцсийн эцэст Түүнтэй үүрд хамт амьдрахын тулд дагах ёстой замыг тодорхойлдог.

Би “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг хэлж байна.

“Бурхан бүх хүн төрөлхтөн, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг өөрийнхөө дүр төрхөөр бүтээсэн. Хүн бүр Тэнгэрлэг Эцэг Эхийн хайртай сүнслэг охин, хүү нь бөгөөд хүн бүр бурханлаг шинж чанар, хувь тавилантай юм. …

Мөнх бус байдлын өмнөх амьдралд сүнслэг охид хөвгүүд Бурханыг Мөнхийн Эцэг хэмээн мэдэж, биширч, мөнх амьдралыг өвлөн авах тэнгэрлэг хувь заяагаа бүрэн дүүрэн ухааран ойлгож, төгс төгөлдөр болон хөгжин дэвшихийн тулд бие махбодтой болж, энэ дэлхийд амьдрах тухай Түүний төлөвлөгөөг хүлээн зөвшөөрсөн юм.”3

Бурхан хүүхдүүддээ Өөрийнх нь төлөвлөгөөний зарчмуудыг болон Хайрт Хүүгийнх нь үлгэр жишээг дагаж, зарлигуудыг сахин, итгэлтэйгээр эцсээ хүртэл тэвчих юм бол Аврагчийн Гэтэлгэлийн ариун журмаар дамжуулан “Бурханы бүх бэлгүүдээс хамгийн агуу бэлэг болох мөнх амьдралтай байх болно”4 хэмээн амласан. Мөнх амьдрал бол хамгийн үнэтэй бөгөөд гайхамшигт амлалт мөн.

Сүнсээр дахин төрөх нь

Бид алдар суу, ариун журам руу хөтлөх Их Эзэний дуудлагыг зөвшөөрч, хүлээн авснаар үнэтэй бөгөөд гайхамшигт амлалтыг илүү бүрэн дүүрэн ойлгож, бурханлаг мөн чанараас хуваалцаж эхэлдэг. Петрийн дүрсэлснээр, энэ дэлхийн завхралаас зайлсхийхийг хичээснээр энэ дуудлагыг биелүүлдэг.

Бид Аврагчид итгэн, дуулгавартай урагшлах юм бол Түүний Цагаатгал, Ариун Сүнсний хүчээр “бидэнд хилэнцийг үйлдэх хүслийг үгүй болгох, харин үргэлж сайныг хийх болгон, бидэнд, өөрөөр хэлбэл бидний зүрх сэтгэлд хүчирхэг өөрчлөлт [бий болгодог].”5 Бид “Бурханаар төрж, эгэл хийгээд унасан байдлаасаа зөв шударга байдалд орж өөрчлөгдөн, Бурханаар гэтэлгэгд[дэг.]”6 “Тиймээс хэрэв хэн нэгэн хүн Христ дотор байвал тэр хүн шинэ бүтээл мөн. Хуучин юмс нь өнгөрчээ. Харагтун, шинэ болсон байна.”7

Бидний мөн чанарт иймэрхүү цогц өөрчлөлт тэр даруй эсвэл нэг дор хийгдэх нь юу л бол. Бид Аврагчтай адил “эхлээд бүрэн байдлыг [хүлээн авсан] нь үгүй, харин ач ивээл дээр ач ивээлийг”8 хүлээн авдаг. “Их Эзэн Бурхан хэлэв: Учир нь болгоогтун, би хүмүүний үрст шат шатаар, дүрэм дүрмээр, энд бяцхан мөн тэнд бяцханыг өгөх болно; мөн миний дүрмүүдийг анхааран сонсох, мөн миний зааварт чих тавих тэд адислагдсан болой, учир нь тэд мэргэн ухаанд суралцах болно.”9

Санваарын ёслол ба ариун нандин гэрээнүүд нь энэхүү сүнсээр дахин төрөх үргэлжилсэн үйл явцад нэн чухал төдийгүй үнэтэй бөгөөд гайхамшигт амлалтыг бидэнд өгдөг Бурханы оноосон арга юм. Ёслолуудыг зөв зохистой хүлээн авч, үргэлж дурсан санаж байх юм бол энэ нь бурханлаг байдлын хүчийг амьдралд маань авчирдаг тэнгэрийн сувгийг нээж өгдөг. Гэрээнүүдийг байнга хүндэтгэж, үргэлж санаж байх юм бол мөнх бус болон мөнх амьдралын зорилго, адислалуудын аль алиныг хүлээн авна.

Жишээлбэл, Бурхан итгэлтэй байдлын маань дагуу биднийг Бурхан Тэргүүтэний гурав дахь гишүүнтэй, тухайлбал Ариун Сүнстэй байнга нөхөрлүүлж,10 мөн бид Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан нүглүүдийнхээ ангижралыг байнга хүлээн авч, хадгалж үлдэ[н],11 энэ дэлхийд амар амгаланг хүлээн авахы[н]12 зэрэгцээ Аврагч үхлийн хүлээсийг тасчин, булшин дээр ялалт байгуул[ж],13 гэр бүлүүд энэ амьдралд болон үүрд мөнхөд хамт байна хэмээн амладаг.

Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүддээ өгдөг үнэтэй бөгөөд гайхамшигт амлалт бүрийг тоочиж, бүрэн тайлбарлах боломжгүй гэдэг нь ойлгомжтой. Гэвч саяын миний хагас дутуу танилцуулсан амлагдсан адислалууд ч гэсэн бидний хүн нэг бүрийг “гайхширч,”14 Есүс Христийн нэрээр “доош сөхөрч, Эцэгийг бишрэн шүтэх”15-д хүргэдэг билээ.

Амлалтуудыг санах нь

Ерөнхийлөгч Лорэнзо Снөү “Бид амьдралын агуу зорилгыг буюу биднийг мөнх бус байдалд байлгахаар ийшээ илгээсэн Тэнгэрлэг Эцэгийн учир шалтгааныг мөн дуудагдсан ариун нандин дуудлагаа умартахдаа хурдан бөгөөд … түр зуурын, өчүүхэн зүйлсийг ялан дийлэхийн оронд тэдгээрийг [түр зуурын зүйлсийг] давж гарахад бидэнд туслах чадалтай Бурханы тэнгэрлэг тусламжийг хүлээн авах боломжийг ашиглалгүй, өөрсдийгөө дэлхийн түвшинд аваачдаг”16 хэмээн сэрэмжлүүлсэн.

Хүндэтгэлийн өдөр, ариун сүм хоёр нь дэлхийн түвшнийг болоод завхралыг давж гарахад бидэнд туслах Бурханы өгсөн тэнгэрлэг тусламжийн онцгой хоёр эх сурвалж юм. Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих, ариун сүмд орох хоёрын үндсэн зорилго хоорондоо уялдаа холбоотой ч бид эхэндээ ялгаатай гэж бодож магадгүй. Харин би энэ хоёрын зорилго яг адилхан бөгөөд биднийг хувь хүнийхээ хувьд болон гэр бүл дотроо сүнслэг байдлаар хүчирхэгжүүлэхийн тулд хамтран ажилладаг гэдэгт итгэдэг.

Хүндэтгэлийн өдөр

Бурхан бүх зүйлийг бүтээснийхээ дараа долоо дахь өдөр нь амарч, долоо хоногийн нэг өдрийг Өөрийг нь санахад хүмүүст туслах амралтын өдөр байх ёстой гэж зарлиглажээ.17 Хүндэтгэлийн өдөр бол Бурханы цаг бөгөөд энэ нь Түүнийг шүтэн биширч, үнэтэй бөгөөд гайхамшигт амлалтуудыг нь хүлээн авч мөн дурсан санах ариун нандин цаг юм.

Их Эзэн энэ эрин үед дараах удирдамж чиглүүлгийг өгсөн билээ.

“Мөн чи өөрийгөө дэлхийгээс илүү бүрэн дүүрэн толбогүй байлгаж болохын тулд, чи залбирлын өргөөнд очиж мөн миний ариун өдөрт ариун ёслолуудаа өргөх ёстой;

Учир нь үнэнээр энэ бол хөдөлмөрүүдээсээ амрахаар, мөн Бүхний Дээдэд чи бүхнээ зориулахаар чамд өгөгдсөн өдөр юм”18 хэмээн зааж чиглүүлсэн.

Иймээс бид Хүндэтгэлийн өдөр ёслолуудад оролцож, гэрээнүүдийн талаар суралцан, тэдгээрийг хүлээн авч, дурсан санаж, шинэчлэх замаар Хүүгийн нэрээр Эцэгийг шүтэн биширдэг. Түүний ариун өдрөөр бидний бодол, үйлс, зан байдал Бурханд үзүүлж буй тэмдэг бөгөөд Түүнийг гэсэн хайрын маань илрүүлэгч юм.19

Хүндэтгэлийн өдрийн өөр нэгэн зорилго бол бидний харцыг дэлхийн зүйлсээс холдуулан, мөнх байдлын адислал өөд чиглүүлэх явдал билээ. Энэхүү ариун нандин үед бид завгүй амьдралын ердийн хэв загвараас холдсоноор үнэтэй бөгөөд гайхамшигт амлалтуудыг хүлээн авч, дурсан санаж, “Бурханд найдан амьдарч,”20 бурханлаг мөн чанарын хуваалцагч болж чадна.

Ариун нандин ариун сүм

Их Эзэн зөв зохистой гэгээнтнүүд өөрсдийнхөө төлөө болон нас барагсдынхаа төлөө сайн мэдээний ариун нандин зан үйл, ёслолуудыг гүйцэтгэж болох ариун сүмийг буюу ариун нандин газруудыг барихыг хүмүүстээ зарлигласаар ирсэн. Ариун сүм бол шүтэн бишрэх бүхий л газрууд дотроос хамгийн ариун нь билээ. Ариун сүм үнэндээ Их Эзэний өргөө, Бурханыг шүтэн биширч, Түүний үнэтэй бөгөөд гайхамшигт амлалтуудыг хүлээн авч, дурсан санахад зориулагдсан ариун газар юм.

Их Эзэн энэ эрин үед “Өөрсдийгөө зохион байгуул; хэрэгтэй зүйл болгоныг бэлтгэ; мөн өргөө, бүр залбирлын өргөө, мацгийн өргөө, итгэлийн өргөө, суралцахын өргөө, алдар суугийн өргөө, дэг журмын өргөө, Бурханы өргөөг байгуулагтун”21 хэмээх удирдамжийг өгсөн. Ариун сүмд шүтэн бишрэх гол зорилго бол ёслолуудад оролцон, гэрээнүүдийн талаар суралцаж, тэдгээрийг хүлээн авч, санан дурсах явдал юм. Бид ариун сүм дотор өөрсдийн байнга очдог газруудад байдгаасаа өөрөөр бодож, үйлдэж, хувцасладаг.

Ариун сүмийн гол зорилго бол бидний харцыг дэлхийн зүйлсээс холдуулан, мөнх байдлын адислалууд өөд чиглүүлэх явдал билээ. Бид дадаж хэвшсэн дэлхийн орчноос түр ч атугай холдон, үнэтэй бөгөөд гайхамшигт амлалтуудыг хүлээн авч, дурсан санаснаар “Бурханд найдан амьдарч,”22 бурханлаг мөн чанарын хуваалцагч болж чадна.

Хүндэтгэлийн өдөр, ариун сүм хоёр тусдаа хэдий ч хоёулаа Бурханыг шүтэн биширч, хүүхдүүддээ үнэтэй бөгөөд гайхамшигт амлалтуудыг нь хүлээн авч, дурсан санахад зориулсан ариун цаг мөч, орон зай гэдгийг анхаарна уу. Бурханы бий болгосон тусламжийн энэ хоёр эх сурвалжийн үндсэн зорилго яг адилхан. Энэ нь бидний анхаарлыг Тэнгэрлэг Эцэг, Түүний Төрсөн Ганц Хүү, Ариун Сүнсэнд мөн Аврагчийн сэргээгдсэн сайн мэдээний ёслол, гэрээнүүдтэй холбоотой амлалтуудад хүчтэйгээр ахин дахин хандуулдаг юм.

Бидний гэр орон

Хамгийн гол нь, гэр орон бол хувь хүн, гэр бүлүүд Бурханы үнэтэй бөгөөд гайхамшигт амлалтуудыг хамгийн үр дүнтэй дурсан санадаг, цаг хугацаа, орон зайг хамгийн оновчтой хослуулсан газар байх ёстой. Ням гаргийн цуглаануудад оролцож, ариун сүмийн ариун нандин оршихуйд орохоор гэрээсээ гарах нь туйлын чухал ч хангалтгүй юм. Бид эдгээр ариун нандин үйл ажиллагаанаас сүнс, хүч чадлыг өөрсдөдөө төдийгүй гэр орондоо авчирсан үед л мөнх бус амьдралын агуу зорилгуудад харцаа чиглүүлж, дэлхийн завхралыг ялан дийлж чадна. Бидний Хүндэтгэлийн өдрийн болон ариун сүмийн туршлага хувь хүн, гэр бүлүүдэд болон бидний гэр оронд сурч мэдсэн гол чухал хичээлүүдийг нь сануулж, Ариун Сүнсний оршихуй, хүчээр мөн Их Эзэн Есүс Христэд хөрвөх байнгын гүн гүнзгий хөрвөлтөөр, Бурханы мөнхийн амлалтуудад тавих “найдварын төгс гэрлээр”23 урамшуулан зоригжуулдаг сүнслэг хурдасгуур болох ёстой.

Хүндэтгэлийн өдөр, ариун сүм хоёр нь “тэнгэр дэх юмс болон газар дээрх бүх юмсыг Христ дотор нэгтгэх” “илүүтэй онцгой замыг”2425гэр орондоо бий болгоход бидэнд тусалдаг. Бид Түүний ариун нандин цагаар гэр орондоо юу хийх, ариун нандин орон зайд нь юу сурах нь бурханлаг мөн чанарын хуваалцагч болоход нэн чухал үүрэг гүйцэтгэдэг.

Амлалт ба гэрчлэл

Бид мөнх бус амьдралын тогтмол бөгөөд өдөр тутам хийдэг зүйлсдээ амархан дарагдаж болно. Унтах, идэх, хувцаслах, ажиллах, тоглох, дасгал хийх зэрэг сурч дадсан олон үйл ажиллагаа шаардлагатай бөгөөд чухал. Гэвч эцсийн эцэст, бидний хэн болох нь Эцэг, Хүү, Ариун Сүнсний талаарх бидний мэдлэгийн мөн Тэднээс суралцах хүслийн үр дүн бөгөөд амьдралынхаа туршид өдөр тутам хийсэн зүйлсийн маань үр дүн төдий зүйл биш билээ.

Сайн мэдээ нь тус тусад нь хийж гүйцэтгэх ёстой ажлын жагсаалтаас хавьгүй чухал, утга учир бүхий зүйл бөгөөд бидэнд Тэнгэрлэг Эцэг, Их Эзэн Есүс Христтэй адилхан болоход, бүр бурханлаг мөн чанарын хуваалцагчид болоход туслах “холбо[н],”26 сүлжиж бүтээсэн үнэний гайхамшигт аравч юм. Үнэндээ, бүхнийг хамарсан энэхүү сүнслэг бодит байдлыг дэлхийн дур хүсэл, асуудал, өдөр тутмын ердийн зүйлс давамгайлах юм бол бид сохорч, уг зорилгоос алсуур хай[ж]27 байгаа хэрэг болно.

Бид ухаалаг байж, Ариун Сүнсийг хөтчөө болгохоор урих үед28 Тэрээр бидэнд юу үнэн болохыг зааж өгнө гэдгийг би амлаж байна. Биднийг мөнхийн хувь заяагаа дагаж, бурханлаг мөн чанарын хуваалцагч болохыг хичээх үед “Тэрээр Христийн талаар гэрчлэн, оюуныг маань тэнгэрлэг ойлголтоор гэгээрүүлнэ.”29

Бидний ёслол, гэрээнүүдтэй холбоотой үнэтэй бөгөөд гайхамшигт амлалтууд үнэн гэдгийг би гэрчилж байна. Их Эзэн

“Эсвээс, өөрөөр хэлбэл, энэ нь та нарын авралын төлөө та нарт эргэж болохын тулд та нар миний өмнө хэрхэн үйлдэж болох талаар би та нарт удирдамж өгч байна.

Миний хэлснийг та нар хийхэд Их Эзэн бибээр үүрэг хүлээдэг; гэвч миний хэлснийг та нар үл хийхэд та нарт амлалт байх нь үгүй”30 хэмээн тунхагласан билээ.

Тэнгэрлэг Эцэг маань амьд бөгөөд авралын төлөвлөгөөний зохиогч гэдгийг би гэрчилж байна. Есүс Христ бол Түүний Төрсөн Ганц Хүү, бидний Аврагч, Гэтэлгэгч юм. Тэр амьд бөгөөд Эцэгийн төлөвлөгөө, амлалт, Аврагчийн Цагаатгал, Ариун Сүнсний нөхөрлөл зэрэг нь энэ дэлхийд амар амгаланг, ирэх дэлхийд мөнх амьдралыг боломжтой болгодог гэдгийг би гэрчилж байна.31 Би энэ бүхнийг Их Эзэн Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.