2010–2019
Сайныг үйлдэхээс бүү ай
2017 оны 10-р сар


Сайныг үйлдэхээс бүү ай

Их Эзэн бидэнд Өөрийнх нь хадан дээр итгэлтэй зогсох аваас эргэлзээ, айдас арилан, сайныг хийх хүсэл өсөх болно хэмээн хэлсэн.

Хайрт ах, эгч нар аа, намайг үг хэлэх үед Их Эзэний Сүнс бидэнтэй хамт байхын төлөө би даруухнаар залбирч байна. Энэ чуулган дахь чин сэтгэлийн залбирал, сүнслэг өдөөлт бүхий номлол, тэнгэрлэг найрал дуунаас мэдэрсэн сүнсний өдөөлтийнхөө төлөө Их Эзэнд талархах талархлаар зүрх сэтгэл минь дүүрэн байна. Энэ Сүм бол Их Эзэний Сүм билээ.

Өнгөрсөн 4-р сард ерөнхийлөгч Томас С.Монсон дэлхий даяарх хүмүүсийн мөн миний зүрх сэтгэлд гүн гүнзгий нөлөөлсөн нэгэн захиасыг хуваалцсан. Тэрээр Мормоны Номын хүч чадлын талаар ярьсан бөгөөд энэ номын сургаалуудыг судалж, тунгаан бодон, амьдралдаа хэрэгжүүлэхэд биднийг уриалсан юм. Бид өдөр бүр Мормоны Номыг судалж, тунгаан бодох цаг гаргаж, зарлигуудыг нь сахивал энэ нь үнэн талаар гэрчлэлтэй болох бөгөөд уг гэрчлэл амьд Христийн талаар гэрчилж, хүнд хэцүү цагт аюулгүй тэсэн үлдэхэд тусалж чадна хэмээн тэр амласан. (“Мормоны Номын хүч,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 73-ыг үзнэ үү.)

Та нартай л адил би бошиглогчийн үгсийг Их Эзэний надад хандаж буй дуу хоолой гэж хүлээн авсан. Мөн би та нартай адил тэдгээр үгийг дуулгавартай дагахаар шийдсэн. Ер нь би залуу хөвгүүн байхаасаа л Мормоны Ном бол Бурханы үг, Эцэг, Хүү хоёр Иосеф Смит дээр ирж, түүнтэй ярьсан, эртний төлөөлөгчид Их Эзэний Сүмд санваарын түлхүүрүүдийг сэргээхээр бошиглогч Иосеф дээр ирсэн гэсэн гэрчлэлтэй болсон юм.

Энэ гэрчлэлийнхээ ачаар би Мормоны Номыг 50 жилийн турш өдөр бүр уншиж байна. Иймээс би ерөнхийлөгч Монсоны үгс өөр хэн нэгэнд зориулагдсан юм байна гэж бодож болох байсан ч бошиглогчийн урам дэм, амлалт намайг илүү агуу хичээл зүтгэл гаргахад урьж байгааг та нартай адил мэдэрсэн билээ. Та нарын ихэнх нь надтай адил илүү их хүсэлтэйгээр залбиран, судрыг тунгаан бодож, Их Эзэнд мөн Түүний төлөө бусдад үйлчлэхийг хичээсэн.

Бошиглогчийн амласан аз жаргалтай үр дүн надад ч мөн та нарт ч ирсэн билээ. Түүний сүнслэг өдөөлт бүхий зөвлөгөөг зүрх сэтгэлдээ хүлээн авсан хүмүүс Сүнсийг илүү тодорхой сонсож сурсан. Бид уруу таталтыг эсэргүүцэх илүү агуу хүч чадлыг мэдэрч, Есүс Христ, Түүний сайн мэдээ, Түүний амьд Сүмд итгэх илүү агуу итгэлийг хүлээн авсан.

Өсөн нэмэгдсэн гэрчлэл нь улам бүр эмх замбараагүй болж буй энэ дэлхийд эргэлзээ тээнэгэлзээ, айдас хүйдсийг үлдэн хөөж, амар амгаланг авчирсан. Ерөнхийлөгч Монсоны зөвлөгөөг сонсох нь надад хоёр гайхамшигт үр дүнг авчирсан юм. Нэгдүгээрт, дэлхий улам бүр ёс бус болж байгаа ч гэсэн түүний амласан Сүнс ирээдүйн талаарх өөдрөг үзлийг бий болгосон. Хоёрдугаарт, Их Эзэн надад мөн та нарт зовж шаналж буй хүмүүсийг хайрлах илүү агуу хайрыг өгсөн. Бид бусдыг авран хадгалахаар явах илүү их хүсэлтэй болсон бөгөөд уг хүсэл ерөнхийлөгч Монсоны тохинуулал, сургаалын төвд байсан юм.

Бошиглогч Иосеф Смит, Оливер Каудери хоёрын хийх ажил дааж давшгүй мэт санагдах үед Их Эзэн бусдыг хайрлах хайр, эр зоригийг тэдэнд амласан. Уг эр зориг нь тэдний хад болох Их Эзэнд итгэх итгэлийнх нь дагуу ирнэ хэмээн Тэр хэлжээ.

“Сайныг үйлдэхээс бүү ай, хөвгүүд минь, учир нь та нар юу тарина, та нар мөн түүнчлэн хурааж авах болно; тиймийн тул, хэрэв та нар сайныг таривал та нар шагналдаа түүнчлэн сайныг хурааж авах болно.

Тиймийн тул, бүү ай, бяцхан сүрэг; сайныг үйлдэгтүн; дэлхий хийгээд там та нарын эсрэг нэгдэг, учир нь хэрэв та нар миний хадан дээр баригдсан байх аваас, тэд дийлэх нь үгүй.

Болгоогтун, би та нарыг зэмлэх нь үгүй; өөрсдийнхөө замаар явж, мөн нүглийг дахин бүү үйлд; та нарт миний зарлигласан ажлыг буурь суурьтайгаар гүйцэтгэгтүн.

Санаа бодол болгондоо над уруу харагтун; бүү эргэлз, бүү ай.

Миний хажуу талыг цоо хатгасан шархыг мөн түүнчлэн миний гар мөн хөлөн дэх хадаасны ормуудыг болгоогтун; итгэлтэй байгтун, миний зарлигуудыг сахигтун, мөн та нар тэнгэрийн хаант улсыг өвлөх болно” (С ба Г 6:33–37).

Их Эзэн Сэргээлтийн удирдагчдадаа мөн бидэнд Өөрийнх нь хадан дээр итгэлтэй зогсох аваас эргэлзээ, айдас арилан, сайныг хийх хүсэл өсөх болно хэмээн хэлсэн билээ. Бид ерөнхийлөгч Монсоны Есүс Христийн талаарх гэрчлэлийг зүрх сэтгэлдээ тарь гэсэн урилгыг хүлээн авснаар өөрсдийнхөө хэрэгцээг үл хайхран бусдыг аврахаар явах хүч чадал, хүсэл эрмэлзэл, эр зоригийг олж авах болно.

Би энэ итгэл, эр зоригийг зовлон бэрхшээлийг туулах үед нь итгэлтэй хожмын үеийн гэгээнтнүүдээс олон удаа харсан. Нэг жишээ дурдвал, 1976 оны 6-р сарын 5-нд Титон даланг нурахад би Айдаход байв. Асар их ус урсан орж ирж, олон мянган хүн гэр орноосоо дайжиж, мянга мянган орон гэр, бизнес сүйрч үгүй болсон. Гайхалтай нь, 15-аас цөөн хүн амь эрсэдсэн байв.

Би хожмын үеийн гэгээнтнүүдийг ямар ч үед Есүс Христийн тухай гэрчлэлийн хадан дээр бат бөх зогсдог болохыг олж харсан. Түүнийг өөрсдийг нь харж хандаж байгаа гэдэгт эргэлздэггүй учраас тэд айдаггүй. Тэд өөрсдийн бэрхшээлийг үл ажран бусдыг авран хамгаалдаг бөгөөд үүнийг ямар ч хариу нэхэлгүй Их Эзэнийг хайрлах хайраараа хийдэг.

Жишээлбэл, Титон даланг нурах үед хожмын үеийн гэгээнтэн хос гэрээсээ хэдэн зуун километрийн зайд аялж байжээ. Тэд энэ тухай мэдээгээр сонсоод, Рэскбург руу яаран буцсан байна. Тэд гэр орон нь сүйрсэн эсэхийг мэдэхээр гэр рүүгээ яарахын оронд бишопоо олохоор явжээ. Тэр тусламж үзүүлэх төв болгон ашигладаг байранд байсан бөгөөд сургуулийн шар автобусаар ирсээр байгаа мянга мянган сайн дурынхныг удирдан чиглүүлэхэд тусалж байв.

Уг хос бишоп дээрээ ирээд, “Бид дөнгөж сая ирлээ. Бишоп оо, бид хаашаа явж туслах вэ?” гэж асуужээ. Тэр тэдэнд гэр бүлүүдийн нэрийг өгөв. Тэд нэг гэрээс нөгөө рүү яван, шавар шавхай, ус шалбааг зайлуулж, хэдэн өдрийн турш үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл ажилласны эцэст сая л нэг юм өөрсдийн гэр орныг шалгах завтай болсон байна. Гэр орноос нь засаж янзалчихаар юм юу ч үлдээгүй, бүрмөсөн урссан байсан учраас тэд бишоп руугаа дахин яаран очоод, “Бишоп оо, туслуулах хүн байна уу?” гэж асуужээ.

Эгэл даруу эр зориг, энэрэл хайрын энэхүү гайхамшиг—Христийн цэвэр хайр үеийн үед дэлхий даяар тохиолдсоор байгаа юм. Энэ нь Миссури дахь бошиглогч Иосеф Смитийн хавчлага дарамт, зовлон бэрхшээлийн аймшигт өдрүүдэд тохиолдсон. Энэ нь Бригам Янгийг Их Эзэнд Сионыг байгуулж өгөхөд нь нэг нэгэндээ туслахын тулд Наувугийн дүрвэгчдийг удирдан, Нэгдсэн Улсын баруун хэсгийг хөндлөн гулд туулан зэлүүд газар руу явахаар гэгээнтнүүдийг дуудах үед тохиолдсон юм.

Хэрэв та нар тэдгээр анхдагчийн тэмдэглэлийг бүхлээр нь уншвал эргэлзээ, айдсыг итгэлээр орлуулсан гайхамшгийг харах болно. Та өөрсдийнхөө хонь мал руу мөн хагалж ч амжаагүй талбай руугаа буцахын оронд Их Эзэний төлөө хэн нэгэнд туслахаар хувийн асуудлуудаа хойш тавьсан гэгээнтнүүдийн талаар унших болно.

Хэд хоногийн өмнө Пуэрто-Рико, Сэйнт Томас, Флоридад болсон Ирма хар салхинаас үүдэлтэй гай гамшгийн дараа би энэхүү гайхамшгийг харсан. Тэндхожмын үеийн гэгээнтнүүд өөр сүмийнхэн, орон нутгийн олон нийтийн бүлгэмүүд, улсын байгууллагуудтай хамтран цэвэрлэх ажлыг эхлүүлжээ.

Рэксбург дахь найзуудын маань адил Флоридад нэгэн гишүүн бус хос өөрсдийн эдлэн газарт ажиллалгүй олон нийтэд туслахад анхаарлаа төвлөрүүлсэн аж. Хожмын үеийн гэгээнтэн хөршүүд нь замыг нь хааж унасан хоёр том модыг зөөж холдуулахад тусалъя гэхэд тэр хос хэрхэн цочирдсоноо мөн гэр оронд нь хэрэгтэй тусламжаа авна гэдэгт Их Эзэнд найдсан тул бусдад туслахаар явсан гэдгээ тайлбарлажээ. Дараа нь Сүмийн гишүүдийг ирж, тусламж үзүүлэхээс өмнө тэд залбирсан гэдгээ нөхөр нь хэлэв. Тэдэнд тусламж авна гэсэн хариу ирсэн бөгөөд тусламж нь ч хэдхэн цагийн дотор ирсэн байна.

Зарим хүн Тусламжийн гар гэсэн бичигтэй шар цамц өмссөн хожмын үеийн гэгээнтнүүдийг “Шар тэнгэр элч”гэж дуудаж эхэлсэн талаарх мэдээг би сонссон. Хожмын үеийн гэгээнтэн эмэгтэйн машинд засвар үйлчилгээ хийж байсан залуу шар цамц өмссөн хүмүүс хашаанд нь унасан модыг холдуулахад туслаад, “надад Бурханы хүүхэд байх тухай зарим дуу дуулж өгсөн” хэмээн өөрт тохиолдсон “сүнслэг туршлагаа” хуваалцсан аж.

Манай шашны бус Флоридагийн өөр нэгэн оршин суугч нурж сүйдсэн хашаагаа цэвэрлэж янзлах аргаа олж ядан мухардаж, ядарч туйлдан, нулимс цийлгэнүүлэн сууж байхад нь хожмын үеийн гэгээнтнүүд гэрт нь ирсэн талаар хэлсэн юм. Сайн дурынхан түүний хэлснээр “гайхамшгийг бүтээсэн” байв. Тэд хичээнгүйлэн туслахын зэрэгцээ инээлдэн хөөрөлдөж, хийсэн ажлынхаа оронд ямар ч хөлс аваагүй гэнэ.

Би бямба гаргийн орой Флорида дахь хожмын үеийн хэсэг гэгээнтэн дээр зочлохдоо тэрхүү хичээл зүтгэлийг харж, инээд хөөрийг сонссон юм. Тэдгээр сайн дурынхан хэсэг хугацаанд цэвэрлэгээний ажлаасаа амсхийн надтай гар барин мэндлэв. Жоржиа дахь гадасных нь 90 гишүүн өмнөх орой нь Флорида дахь аврах ажилд нэгдэх төлөвлөгөө гаргасныг тэд хэлсэн юм.

Тэд үүрийн 4:00 цагт Жоржиагаас гарч, олон цагийн турш машинаар яван, өдөржин шөнөжин ажилласан ч дараагийн өдөр нь дахин ажиллахаар төлөвлөжээ.

Тэд энэ бүхнийг нүүрэндээ инээмсэглэл тодруулан, хошин байдлаар дүрсэлж байв. Тэд ажилдаа эргэн орохын тулд хүмүүсээс талархлын үг сонсохоос татгалзаж байсан нь миний онцгойлон ажигласан ганц асуудал байв. Гадасны ерөнхийлөгчийг цахилгаан хөрөөгөө асаагаад, унасан модыг тайрч байхад мөн биднийг дараагийн аврах багийнхан руу явахаар машиндаа суух үед бишоп модны мөчрүүдийг тайрч янзалж байв.

Өмнө нь, биднийг өөр нэгэн газраас хөдлөх үед нэгэн эрэгтэй биднийг чиглэн ирээд, малгайгаа аван, сайн дурынханд талархал илэрхийлсэн юм. Тэр “Би танай сүмийн гишүүн биш ээ. Та нарын бидний төлөө хийсэн зүйлд итгэж ч чадахгүй нь. Бурхан та нарыг адислаг” гэж хэлэв. Түүний хажууд зогсож байсан шар цамцтай ХҮГ сайн дурын үйлчлэгч магтаал сайшаал хүлээн авах эрхгүй мэт инээмсэглээд, мөрөө хавчиж харагдсан.

Жоржиагийн сайн дурынхан итгэж ядан байгаа энэ эрд туслахаар ирсэн байхад Флоридагийн хар салхинд нэлээд хүнд нэрвэгдсэн хэсгээс зуу зуун хожмын үеийн гэгээнтэн Флоридагийн өөр нэг хэсэг рүү хүмүүсийг илүү хүнд байдалд байгааг сонсоод хэдэн зуун километр аялж очжээ.

Тэр өдөр би бошиглогч Иосеф Смитийн хэлсэн “Бурханы хайраар дүүрсэн хүн зөвхөн гэр бүл нь адислагдсанд сэтгэл ханадаггүй, харин бүх хүн төрөлхтнийг адислахад санаа тавин дэлхий даяар явдаг” гэх бошиглолын үгсийг санаж, илүү сайн ойлгосон билээ (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 426).

Бид ийм хайрыг аль ч газрын хожмын үеийн гэгээнтнүүдийн амьдралаас хардаг. Дэлхийн хаа нэгтээ гай гамшиг тохиолдох бүрд хожмын үеийн гэгээнтнүүд Сүмийн хүмүүнлэгийн үйлсэд хандив өргөж, сайн дураараа үйлчилдэг. Сайн дурынхныг эрж хайх шаардлага бараг л гардаггүй. Бүр зарим тохиолдолд сайн дурын ажлыг удирдаж буй хүмүүс сайн дурынхныг хүлээн авахад бэлэн болох хүртэл тусламж хэрэгтэй газар руу аялахаа түр азнахыг сайн дурынхнаас хүсэх шаардлага гардаг.

Бусдыг адислах хүсэл нь Есүс Христ, Түүний сайн мэдээ, сэргээгдсэн Сүм, бошиглогчийн тухай гэрчлэлтэй хүмүүсийн үр жимс юм. Үүний ачаар Их Эзэний хүмүүс эргэлздэггүй мөн айдаггүй. Мөн номлогчид дэлхийн өнцөг булан бүрд үйлчлэхээр сайн дураараа ирдэг. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт бусдын төлөө залбирдаг. Удирдагчид Мормоны Номыг гүн гүнзгий судлах ерөнхийлөгч Монсоны хүсэлтийг чин сэтгэлээсээ хүлээн авахад өсвөр үеийнхнийг урьдаг. Уг үр жимс нь удирдагчдаас урилга авснаар биш, харин золиослол гаргах байсан ч итгэлээрээ үйлддэг өсвөр үеийнхэн, гишүүдээс ирдэг юм. Амин хувиа үл хичээсэн золиослолыг шаарддаг үйлдэл болсон итгэл нь Бурханы хайрыг мэдрэх боломжийг олгох зүрх сэтгэлийн өөрчлөлтийг авчирдаг.

Биднийг бошиглогчийн зөвлөгөөг үргэлжлүүлэн дагаж байгаа цагт зүрх сэтгэл маань өөрчлөгдсөн хэвээр үлддэг юм. Бид зөвхөн ганц удаа чухал хичээл зүтгэл гаргачихаад больчихвол уг өөрчлөлт алгуур үгүй болох болно.

Итгэлтэй хожмын үеийн гэгээнтнүүд Их Эзэн Есүс Христэд болон Бурханы үг болох Мормоны Номонд мөн Түүний үнэн Сүм дэх санваарын түлхүүрүүдийн сэргээлтэд итгэх итгэлээ өсгөсөн байдаг. Энэхүү өсөн нэмэгдсэн гэрчлэл биднийг Бурханы хүүхдүүдийг гэсэн илүү агуу эр зориг, анхаарал халамжтай болгосон. Гэвч ирээдүйд биднийг хүлээх сорилт бэрхшээл, боломжууд үүнээс хавьгүй ихийг шаардах болно.

Бид нарийвчилсан зургийг харж чадахгүй ч том дүр зургийг мэднэ. Бид хожмын өдрүүдэд дэлхий үймээн самуунтай байх болно гэдгийг мэднэ. Ямар ч зовлон бэрхшээл тохиолдсон бай, Их Эзэн итгэлтэй хожмын үеийн гэгээнтнүүдийг Есүс Христийн сайн мэдээг бүх үндэстэн, ястан, хэлтэн, хүмүүст хүргэхээр удирдах болно гэдгийг бид мэднэ. Мөн бид Их Эзэний жинхэнэ шавь нар Түүнийг дахин ирэх үед хүлээн авахуйц зохистой мөн бэлэн байх болно гэдгийг мэднэ. Бид айх хэрэггүй.

Бид зүрх сэтгэлдээ итгэл, эр зоригийг хэдийн суулгасан ч Их Эзэн биднээс мөн бидний дараах үеийнхнээс илүү ихийг шаардах болно. Тэд биднийхээс илүү агуу мөн хэцүү ажлыг хийх учраас илүү хүчирхэг, зоригтой байх ёстой. Тэд бодгалийн дайсны илүү их эсэргүүцэлтэй тулгарах болно.

Их Эзэн ирээдүйн талаар өөдрөг байх арга замыг өгсөн. “Санаа бодол болгондоо над уруу харагтун; бүү эргэлз, бүү ай” (С ба Г 6:36). Ерөнхийлөгч Монсон бидэнд яаж гэдгийг харуулсан. Бид Мормоны Ном, бошиглогчдын үгсийг тунгаан бодож, амьдралдаа хэрэгжүүлэх ёстой. Ямагт залбир. Итгэсээр бай. Түүнд бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа үйлчил. Бид энэрэл буюу Христийн цэвэр хайрын төлөө зүрхнийхээ бүхий л эрч хүчээр залбирах ёстой (Моронай 7:47–48-ыг үзнэ үү). Мөн юу юунаас илүү бид бошиглолын зөвлөгөөг дагахдаа тууштай байх ёстой.

Хүнд хэцүү цагт бид ерөнхийлөгч Монсоны Аврагчийн эдгээр үгийг эш татахдаа бидэнд сануулдаг амлалт буюу Их Эзэний амлалтад итгэж найдаж болно. “Мөн та нарыг хэн ч хүлээн авлаа гэсэн, тэнд би тэрчлэн байх болно, учир нь би та нарын нүүрний өмнө явах болно. Учир нь би та нарын нүүрний өмнө явах болно. Би та нарын баруун гар талд мөн та нарын зүүнтээ байх болно, мөн миний Сүнс та нарын зүрх сэтгэлд, мөн миний тэнгэр элчүүд та нарыг дэмжихийн тулд та нарын эргэн тойронд байх болно” (С ба Г 84:88).

Их Эзэн та нарыг Өөрийнх нь зараалд байгаа цагт та нарын нүүрний өмнө явах болно гэдгийг би гэрчилж байна. Зарим үед та нар Их Эзэний бусдыг өргөхөөр явуулсан тэнгэр элч байх болно. Харин заримдаа та нар өөрсдийг тань өргөн дэмжүүлэхээр явуулсан тэнгэр элчүүдийн дунд байх болно. Ариун ёслолын залбирал бүрд амладагчлан, та нар Түүний Сүнсийг үргэлж зүрх сэтгэлдээ байлгах болно. Та нар Их Эзэний зарлигуудыг дагахад л хангалттай.

Хамгийн сайн сайхан ирээдүй дэлхий дээрх Бурханы хаант улсыг хүлээж байна. Эсэргүүцэл сөргөлдөөн нь чухамхүү бошиглогч Иосеф Смитийн өдрүүдээс хойш байсанчлан Есүс Христэд итгэх бидний итгэлийг хүчирхэгжүүлэх болно. Итгэл үргэлж айдсыг ялдаг. Хамтдаа хөдөлмөрлөх нь эв нэгдлийг бий болгодог. Хайраар дүүрэн Бурхан тусламж хэрэгтэй хүмүүсийн төлөөх залбирлыг чинь сонсож, хариулна. Тэр үүрэглэх ч үгүй, унтах ч үгүй.

Бурхан Эцэг амьд бөгөөд та нарыг Өөр дээр нь гэртээ ирээсэй хэмээн хүсдэг гэдгийг би гэрчилж байна. Энэ бол Их Эзэн Есүс Христийн үнэн Сүм. Тэр та нарыг мэддэг, хайрладаг мөн харж ханддаг. Тэрээр та нарын болоод миний нүглийг, Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдийн нүглийг цагаатгасан. Амьдралдаа мөн бусдад үйлчлэх үйлчлэлдээ Түүнийг дагах нь мөнх амьдралд хүрэх цорын ганц зам билээ.

Би үүнийг гэрчлэхийн хажуугаар та бүхэнд адислал, хайраа үлдээж байна. Есүс Христийн ариун нэрээр, амен.