2010–2019
Гайхамшгуудын өдөр байхаа больсон гэж үү?
2017 оны 10-р сар


Гайхамшгуудын өдөр байхаа больсон гэж үү?

Бидний хамгийн гол анхаарал Бурханы бүх хүүхдэд боломжтой байдаг сүнслэг гайхамшгууд дээр төвлөрөх ёстой.

Жилийн өмнө би Калифорни мужид ажлаар явж байхдаа гадасны ерөнхийлөгчтэйгөө хамт Кларк, Холли Фэйлэс хоёртой болон тэдний гэр бүлийнхэнтэй уулзахаар гэрт нь очсон билээ. Надад тэднийг саяхан нэгэн гайхамшигтай учирсан гэж хэлсэн. Биднийг очиход Кларк нуруу болон хүзүүндээ бэхэлгээ хийж, гараа сойсноос болоод бидэнтэй босож мэндлэх гэж ихэд зовов.

Ердөө хоёрхон сарын өмнө Кларк, түүний хүү Тай болон барагцаалбал өөр 30 залуу эрэгтэй, тэдний удирдагчид Калифорни мужийн хамгийн өндөр оргилуудын нэг болох Шаста уулын 4322 метр өндөр ноён оргилд авирах адал явдал дүүрэн гадасны үйл ажиллагааг зохион байгуулжээ. Хүнд хэцүү аяллын хоёр дахь өдөр ихэнх авирагч уулын оргилд хүрч, санаанд багтамгүй амжилт гаргасан нь олон сар бэлтгэл хийсний үр дүн байв.

Тэр өдөр оргилд хүрсэн анхны хүмүүсийн нэг нь Кларк байлаа. Тэр оргилын ирмэг хавьцаа түр амсхийгээд босож, алхаж эхэлжээ. Ингэхдээ тэрээр бүдэрч, хавцлын ирмэг даван ууц нуруугаараа ойролцоогоор 12 метрийн өндрөөс унаж, дараа нь хяналтаа алдсанаас болоод дахин 91 метр газарт мөсөрхөг хэвгийгээр өнхөрчээ. Кларк гайхалтайгаар амьд гарсан ч хүнд бэртэж, хөдөлж ч чадахгүй байв.

Энэ ослын үед Кларкад тохиолдсон гайхамшгууд зөвхөн эхлэл байсан юм. Эхэлж түүн дээр очсон хүмүүсийн зарим нь ууланд осолдсон хүмүүсийг аврах хөтчүүд болон түргэн тусламжийн мэргэжилтнүүдээс бүрдсэн авирагчдын баг байсан нь “тохиолдлынх” байв. Тэд хүчтэй өвдөлтийг нь тэр даруй зогсоогоод, түүнийг дулаан байлгах хэрэгслээр хангасан байна. Энэ баг мөн “тохиолдлоор” харилцааны шинэ төхөөрөмж шалгаж байсан тул түүгээрээ гар утасны сүлжээ барьдаггүй газраас яаралтай тусламж дуудах хүсэлт явуулжээ. Ингээд Шаста уулаас нэг цагийн зайтай газраас жижиг нисдэг тэргийг тэр даруй илгээсэн байна. Хөлөг онгоцны хэр чадлаас хэтэрсэн өндөрлөг газарт мөн тогтворгүй салхитай байхад газардах оролдлогыг хоёр ч удаа аюултай байдалд амжилтгүй хийсний дараа нисгэгч гурав дахь бөгөөд сүүлчийн оролдлогоо хийжээ. Нисдэг тэргийг арай өөр өнцгөөс хүрч ирэх үед салхины байдал “тохиолдлоор” өөрчлөгдөж, нисдэг тэрэг Кларкийг нисгэгчийн суудлын арын жижиг тасалгаанд тун яаралтай, өвтгөн байж чихэн оруулах хангалттай хугацаанд газардах боломжтой болов.

Кларкийг гэмтлийн төвд очиход эмнэлгийн үзлэгээр түүний хүзүү, нуруу, хавирга, бугуйнд хэд хэдэн газраар яс хугарч, уушиг нь цоорч мөн энд тэндээ зүсэгдэж, шалбарсныг тогтоожээ. Энэ эмнэлэгт жилд ховорхон ирдэг нэр хүндтэй мэдрэлийн гэмтлийн мэс засалч тэр өдөр тэнд “тохиолдлоор” ажил үүргээ гүйцэтгэж таарав. Тэр эмч нугас болон гүрээний гол судсандаа ийм их гэмтэл авсан ч тэссээр ирээд, амь гарсан хүн урьд нь хэзээ ч харж байгаагүй хэмээн дараа нь дурсжээ. Кларк амьд гарсан төдийгүй хөл дээрээ бүрэн зогссон юм. Өөрийгөө шашингүй үзэлтэн хэмээдэг энэ мэс засалч Кларкийн нөхцөл байдал олж авсан мэдрэлийн гэмтлийн бүх шинжлэх ухааны мэдлэгийнх нь эсрэг гэмээр байсан тул гайхамшиг л болж таарлаа гэжээ.

Кларк, Холли хоёрыг онцгой сэтгэгдэл төрүүлсэн энэ түүхийг ярьж дууссаны дараа би юу гэж хэлэхээ мэдэхгүй байлаа. Учир нь энэ бол зүгээр нэг ил тод гайхамшиг төдий биш, харин бүр агуу зүйл байсан юм. Холли болон зочны өрөөнд эцэг эхээ тойрон сууж байгаа таван хөөрхөн хүүхэд, тэр өдөр юу ч тохиолдсон байсан хүлээн авах байсан мөн сүнслэгээр хөгжиж дэвжсээр байх байсан тэдний итгэлтэй байдал надад гүн сэтгэгдэл төрүүлсэн. Кларк, Холли хоёр, том хүүхдүүд болох Тай, Портер нартайгаа өнөөдөр энэ Чуулганы төвд бидэнтэй хамт байна.

Би Фэйлэсийн гэр бүлд тохиолдсон явдлыг эргэцүүлэн бодож байхдаа ийм нөхцөл байдалд байгаа бусад олон хүний талаар тунгаан бодсон. Гайхамшиг хэзээ ч ирээгүй ч хэмжээлшгүй итгэл-дүүрэн байдаг, санваарын-адислал-хүлээн авагч, зогсолтгүй-залбирдаг, гэрээгээ-сахидаг, найдвар-дүүрэн хожмын үеийн гэгээнтнүүд яах болж байна вэ? Ядаж л тэд ийм замаар гайхамшгийг ойлгодог. Ядаж л ийм байдлаар бусад хүн гайхамшгийг хүлээн авч буй харагддаг.

Олон жил эсвэл хэдэн арван жил, бүр бүхий л мөнх бус амьдралынхаа турш бие махбод, оюун бодол хийгээд сэтгэл санаагаараа туйлын зовж шаналж байгаа хүмүүсийг яасан гэх вэ? Хэт залуудаа нас барж байгаа хүмүүс яах болж байна вэ?

Ердөө хоёрхон сарын өмнө, ариун сүмийн эрхийн бичиг бүхий гэрлэсэн хоёр хос бүрэн цагийн гурван номлогч, бусад таван хүүхдийн хамт ойрхон газар руу нисэхээр жижиг нисдэг тэргээр явжээ. Тэд нисэхээсээ өмнө аюулгүй байдлынхаа төлөө залбирсан гэдэгт мөн нисдэг тэргээ осолдохоос өмнө ноцтой техникийн асуудал гарахад үнэн сэтгэлээсээ залбирсан гэдэгт би итгэлтэй байна. Хэн ч амьд гараагүй. Тэднийг яасан гэж бодох вэ?

Сайн хүмүүст болон тэдний хайртай нэгэнд Мормоны тавьсан “Гайхамшгуудын өдөр байхаа больсон гэж үү” 1 гэсэн асуултыг тавих шалтгаан бий юү?

Миний хязгаарлагдмал мэдлэг яагаад заримдаа тэнгэрлэг оролцоо хөндлөнгөөс гарч ирдэг, яагаад заримдаа гарч ирдэггүй болохыг тайлбарлаж чадахгүй байна. Магадгүй, бид юу гайхамшгийг бүрдүүлдгийг сайн ойлгохгүй байж болно.

Бид ихэнхдээ гайхамшгийг анагаахын шинжлэх ухаан бүрэн тайлбар өгч чадахааргүй байдалд эдгэсэн эсвэл тодорхой өдөөлтөд анхаарал хандуулснаар ослын аюулаас зайлсхийсэн жишээгээр дүрсэлдэг. Хэдий тийм ч гайхамшгийг “мөнх бус хүмүүс үл ойлгох бурханлаг хүчээр дамжин ирдэг сайн үйлс”2 хэмээн тодорхойлох нь мөн чанараараа илүү мөнхийн шинжтэй зүйлст өргөн дэлгэр ойлголт өгдөг. Энэ тодорхойлолт нь гайхамшгийг хүлээн авч буй хүний гүйцэтгэх итгэлийн нэн чухал үүргийг нь цэгнэж үзэх боломжийг бидэнд олгодог.

Моронай “мөн итгэлийнхээ дарааг хүртэл хэн ч хэзээ ч гайхамшгийг үйлдсэн нь үгүй”3 хэмээн заасан. Аммон “Тийн хүмүүн итгэлээрээ дамжуулан, агуу гайхамшгуудыг хийж болох нэгэн аргаар Бурхан хангажээ”4 гэж тунхагласан. Их Эзэн Иосеф Смитэд “Учир нь бибээр Бурхан болой, … мөн миний нэрэнд итгэх тэд бүгдэд гайхамшгуудыг үзүүлэх болно би”5 гэдгийг илчилсэн.

Небухаднезар хаан Шадрах, Мешах, Абед-него нарыг өөрийн бүтээсэн алтан хөрөгт “харин та нар мөргөхгүй бол дүрэлзсэн галтай зууханд … хаягдана” хэмээн сүрдүүлэн мөргөхийг шаарддаг. Тэгээд тэднээр “Ямар бурхан миний гараас та нарыг аварч чадах билээ?”6 гэж даажигнажээ.

Тэдгээр гурван сүсэг бишрэлтэй шавь “Нэгэнт ийм болсон бол, бидний үйлчилдэг Бурхан биднийг дүрэлзсэн галтай зуухнаас аварч чадах бөгөөд … Хэдийгээр тэгэхгүй байсан ч, хаан минь, бид таны бурхдад үйлчлэхгүй”7 гэж хэлсэн.

Тэд Бурхан тэднийг аврах болно гэдэгт бүрэн итгэлтэй байж, “хэдийгээр тэгэхгүй байсан ч” Түүний төлөвлөгөөнд бүрэн итгэж байв.

Үүнтэй адилаар ахлагч Дэвид А.Бэднар санваарын адислал авахыг хүссэн нэгэн залуу эрэгтэйгээс “Хэрэв үйлчлэлээ үргэлжлүүлэхээр үхлээр дамжин сүнсний дэлхийд залуу насандаа очих нь Тэнгэрлэг Эцэгийн маань хүсэл байх юм бол танд Түүний хүсэлд захирагдаж эдгэхгүй байх итгэл байна уу?”8 хэмээн нэг удаа асуусан байдаг. Үүрд мөнхөд эдгээгдэж болохын тулд дэлхийн өвчин шаналлаас “эдгээгдэхгүй байх” итгэл бидэнд бий юү?

“Бид итгэлээ юун дээр тавих вэ?” гэсэн чухал асуултыг эргэцүүлэн бодох хэрэгтэй. Итгэл маань зүгээр л өвдөлт, шаналлаас илааршихыг хүсэхэд чиглэж байна уу эсвэл Бурхан Эцэг, Түүний ариун төлөвлөгөө, Христ Есүстэд болон Түүний Цагаатгалд бат бөх төвлөрч байна уу? Эцэг, Хүүд итгэх итгэл бол мөнх байдалд бэлтгэж байхдаа Тэдний хүслийг ойлгож, хүлээн авах боломжийг бидэнд олгодог.

Өнөөдөр би гайхамшгуудын тухай гэрчилж байна. Бурханы хүүхэд байх нь гайхамшиг юм.9 Түүний дүр төрхөөр, Түүнтэй адил төстэй бүтээгдсэн бие махбодыг хүлээн авах нь гайхамшиг.10 Аврагчийн бэлэг бол гайхамшиг.11 Есүс Христийн Цагаатгал бол гайхамшиг.12 Мөнх амьдралыг олж авах чадавх нь гайхамшиг юм.13

Мөнх бус байдалд бие махбодоо хамгаалж, эдгээгдэхийн төлөө залбирч, ажиллах нь сайн хэрэг ч бидний хамгийн гол анхаарал Бурханы бүх хүүхдэд боломжтой байдаг сүнслэг гайхамшгууд дээр төвлөрөх ёстой. Бидний угсаа гарал, яс үндсээс мөн наманчилсан л бол бидний юу хийсэн, бидэнд юу тохиолдсон гэдгээс үл хамааран бидэнд эдгээр гайхамшгийг хүлээн авах эн тэнцүү боломж байдаг. Бид гайхамшгууд дунд амьдарч байгаа бөгөөд илүү олон гайхамшиг биднийг хүлээж байна. Есүс Христийн нэрээр, амен.