2010–2019
Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?
2017 оны 10-р сар


Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?

Мормоны Ном бол Есүс Христийг мөн Түүний сайн мэдээг хамгийн гайхамшигтай, цор ганц арга замаар заадаг.

Би 1986 онд Ганагийн Акра дахь нэгэн их сургууль дээр онцгой лекц уншихаар уригдсан юм. Тэнд би Африкийн нэгэн омгийн хаан болон өндөр албан тушаалын хэд хэдэн хүнтэй танилцаж билээ. Лекц болохоос өмнө биднийг уулзахад уг хаан надтай зөвхөн хэлмэрчээрээ дамжуулан ярьж, хэлмэрч дараа нь надад орчуулж өгч байлаа. Намайг хэлмэрчид хариулахад хэлмэрч миний хариултыг хаандаа орчуулж өгч байв.

Намайг лекцээ уншиж дууссаны дараа уг хаан миний зүг хэлмэрчгүйгээр чиглэн ирэв. Түүнийг Английн хатан хааны аялгатай англи хэлээр төгс ярихад нь би маш их гайхсан.

Уг хаан эргэлзэж тээнэгэлзсэн мэт байв. Тэрээр “Та яг хэн юм бэ?” гэж асуув.

“Есүс Христийн томилогдсон нэг төлөөлөгч нь” гэж би хариуллаа.

Хаан “Та надад Есүс Христийн талаар юу зааж өгч чадах вэ?” гэж асуув.

Би “Түүний талаар таны юу мэддэгийг асууж болох уу?” гэж асуултаар хариулав.

Хааны хариулт түүнийг Библийг нухацтай судалдаг, Их Эзэнийг хайрладаг нэгэн гэдгийг нь харуулсан юм.

Тэгэхэд би түүнээс эртний Америкийн хүмүүст Есүс Христийн номлосон тухай мэддэг эсэхийг асуув.

Миний таамаглаж байсанчлан, тэр мэдэхгүй гэж хариулсан.

Би Аврагч цовдлуулж, амилсны дараа эртний Америк тивийн хүмүүс дээр ирж, сайн мэдээгээ заасан, Тэрээр Сүмээ байгуулсан бөгөөд шавь нараасаа тэдний дунд хийсэн номлолынх нь талаар цэдэглэхийг хүссэн гэдгийг тайлбарлав.

Тэгээд би үргэлжлүүлэн “Тэр цэдэг бол Мормоны Ном хэмээн бидний мэддэг ном юм. Энэ бол Есүс Христийн бас нэгэн гэрээ. Энэ бол Ариун Библитэй эн тэнцэх судар” гэж хэлсэн юм.

Тэр үед хаан маш их сонирхож эхлэв. Би надтай хамт явж байсан номлолын ерөнхийлөгч рүү хандан, түүнээс илүү Мормоны Ном байна уу гэж асуулаа. Тэрээр цүнхнээсээ Мормоны Ном гаргаж ирэв.

Би 3 Нифай 11-р бүлгийг гарган, хаан бид хоёр хоёулаа Аврагчийн нифайчуудад хийсэн номлолын тухай уншив. Тэгээд тэр Мормоны Номыг би хаанд өглөө. Түүний “Та надад хэчнээн их алмаз, бадмаараг өгч болох байсан ч Их Эзэн Есүс Христийн тухай энэ нэмэлт мэдлэгээс илүү үнэ цэнтэй байх зүйл үгүй” гэсэн хариулт миний оюун бодол, зүрх сэтгэлд үүрд хадгалагдсан юм.

3 Нифай дахь Аврагчийн үгийн хүчийг мэдэрснийхээ дараа хаан “Хэрэв би Сүмд хөрвөгдөөд, нэгдвэл бүхэл бүтэн омгоо дагуулж авчирна” гэж зарлаж билээ.

Тэгэхэд нь би “Өө, хаан минь, ийм байдлаар явагддаггүй юм. Хөрвөлт бол хувь хүний асуудал. Аврагч нифайчуудад нэг нэгээр нь номлосон. Хувь хүн бүр Есүс Христийн сайн мэдээний гэрч, гэрчлэлийг хүлээн авдаг”1 гэж хариулсан юм.

Зураг
Есүс Христ нифайчууд дээр хүрч ирсэн нь

Ах, эгч нар аа, Мормоны Ном та нарт хэр үнэ цэнтэй вэ? Хэрэв та нарт алмаз, бадмаараг эсвэл Мормоны Ном өгвөл та нар алийг нь сонгох вэ? Шулуухан хэлэхэд, та нарын хувьд аль нь илүү агуу үнэ цэнтэй вэ?

Ерөнхийлөгч Томас С.Монсон 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулганы ням гаргийн өглөөний хуралдаан дээр “бидний хүн нэг бүр Мормоны Номыг өдөр бүр залбиран судалж, тунгаан бодож байгаасай”2 хэмээн хүссэн гэдгийг санана уу. Олон хүн бошиглогчийн гуйлтыг сонссон.

Найман настай Райли бид хоёрын хэн нь ч зургийг маань авч байсныг мэдээгүй. Райли “Би Бурханы хүүхэд” номын хавчуургын тусламжтайгаар Мормоны Номоо уншиж байгааг анзаараарай.

Зураг
Ерөнхийлөгч Нэлсон, Райли хоёр судар судалж байгаа нь

Бурханы хүүхдийг Түүний талаар болон Түүний Хайрт Хүүгийнх нь талаар илүү ихийг мэдэхийг эрэлхийлэх үед гайхамшигтай зүйл тохиолддог. Мормоны Номоос өөр хаана ч эдгээр үнэнийг илүү тодорхой, илүү хүчтэй заадаггүй.

Ерөнхийлөгч Монсоны өгсөн уриалгаас хойших зургаан сарын хугацаанд би түүний зөвлөгөөг дагахыг хичээсэн. Бусад олон зүйлийн хамт би Мормоны Ном гэж юу болох, юуг нотолдог, юуг няцаадаг, юуг гүйцэлдүүлдэг, юуг тодруулдаг, юуг илчилдэг талаар жагсаалт гаргасан юм. Мормоны Номыг ийм аргаар харах нь илүү гүн ойлголт болоод сүнслэг өдөөлт өгсөн туршлага байлаа! Ингэж хийхийг та бүхний хүн нэг бүрд би санал болгож байна.

Энэ зургаан сарын турш би Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ах нар, Чилид үйлчилж байгаа номлогчид, Аргентин дахь номлолын ерөнхийлөгчид, тэдний эхнэрүүд зэрэг янз бүрийн бүлэг хүмүүсийг холбогдох гурван асуултын талаар бодоход урьсан юм. Өнөөдөр та бүхнийг эдгээрийг бас бодож үзээсэй хэмээн урьж байна.

Нэгд, Мормоны Ном байгаагүй бол таны амьдрал ямар байх байсан бэ? Хоёрт, та юу мэдэхгүй байх байсан бэ? Гуравт, танд юу байхгүй байх байсан бэ?

Эрч хүч дүүрэн хариулт тэдний зүрх сэтгэлээс гарч байсан. Тэдний хариултаас цөөн хэдийг энд дурдъя.

“Мормоны Ном байгаагүй бол маш олон зүйлийн талаар хоорондоо зөрчилдөөнтэй сургаал, үзэл бодлоос болж би будилах байсан. Би мэдлэг, итгэл, найдвар хайж байсан үеийнх шигээ мөн Сүмийг олохынхоо өмнөх шигээ л байх байсан.”

Өөр нэгэн нь “Ариун Сүнсний амьдралд минь гүйцэтгэх үүргийн тухай мэдэхгүй байх байсан” гэж хэлсэн.

Бас нэг нь “Энэ дэлхий дээрх зорилгоо би тодорхой сайн мэдэхгүй байх байсан” гэж хэлэв.

Өөр нэг нь “Би энэ амьдралын дараа өсөлт хөгжил үргэлжилнэ гэдгийг мэдэхгүй байх байсан. Мормоны Номын ачаар би үхлийн дараа амьдрал үнэхээр байдаг гэдгийг мэддэг болсон. Энэ чухам бидний одоо ажиллаж байгаа эцсийн зорилго билээ” гэж хэлсэн юм.

Сүүлийн энэ хариулт намайг залуухан дадлагажигч мэс засалч байсан үеэ эргэн бодоход хүргэж билээ. Мэс засалчийн хүлээдэг чухал үүргүүдийн нэг бол хайртай хүн нь нас барсныг гэр бүлийнхэнд нь дуулгах явдал байдаг. Миний ажиллаж байсан нэг эмнэлэгт ийм мэдээг сонсох гэр бүлд тусгайлан зориулсан зөөлөн материалаар доторлосон ханатай өрөө байдаг байв. Тэнд зарим хүн толгойгоороо хана мөргөж, уй гашуугаа илэрхийлдэг байв. Ийм хувь хүмүүст хайртай нэгнээ алдах нь хэцүү байсан ч гэсэн үхэл гэдэг нь бидний мөнх бус амьдралын нэгэн чухал хэсэг гэдгийг заахыг би хэчнээн их хүсдэг байсан гээч. Үхэл бидэнд дараагийн дэлхийд өсөж хөгжих боломж олгодог.3

Миний асуултын бас нэг хариултад “Би Мормоны Номыг унших хүртлээ амьдралгүй байжээ. Би амьдралынхаа турш залбирч, Сүмд явж байсан ч анх удаа Тэнгэрлэг Эцэгтэй үнэхээр холбогдоход Мормоны Ном тусалсан” гэсэн байсан.

Өөр нэг нь “Мормоны Ном байгаагүй бол Аврагч миний гэм нүглийг үүрсэн гэдийг төдийгүй миний шаналал, уй гашууг эдгээх боломжтой гэдгийг мэдэхгүй байх байсан” гэж хариулсан юм.4

Бас нэг нь “Би биднийг удирдах бошиглогч байдаг гэдгийг мэдэхгүй байх байсан” гэж хэлсэн.

Мормоны Номонд агуулагдсан үнэнд өөрсдийгөө байнга умбуулдаг байх нь амьдралыг өөрчлөх туршлага болдог. Номлогч ач охидын маань нэг, систэр Оливиа Нэлсон нэг сонирхогчдоо өдөр бүр Мормоны Номыг уншвал их сургуулийнхаа шалгалтын оноог ахиулах болно гэж амлажээ. Тэр сонирхогч Мормоны Номыг ч уншсан. Оноо нь ч ахисан.

Зураг
Оливиа Нэлсон эгч

Хайрт ах, эгч нар аа, Мормоны Ном бол үнэхээр Бурханы үг гэдгийг би гэрчилж байна. Үүнд амьдралын хамгийн чухал асуултуудын хариултууд бий. Энэ нь Христийн сургаалыг заадаг.5 Үүнд хэдэн зууны туршид мөн Библийн олон тооны орчуулгаас алдагдсан “агуу хийгээд эрхэм”6 үнэний олныг дэлгэрүүлэн тодорхойлдог.

Мормоны Ном Есүс Христийн Цагаатгалын тухай өөр хаа ч олдохгүй хамгийн бүрэн дүүрэн бөгөөд эрх мэдэл бүхий ойлголтыг өгдөг. Үүнд дахин төрөх гэдэг нь чухам ямар утгатайг заадаг. Мормоны Номоос бид тараагдсан Израилын цугларалтын талаар мэдэж авдаг. Бид яагаад энэ дэлхий дээр байгаагаа мэддэг. Энэ болоод өөр бусад үнэнийг Мормоны Номонд өөр ямар ч номонд байхгүй аргаар илүү хүчирхэг бөгөөд ятган сэнхрүүлэх аргаар заадаг. Есүс Христийн сайн мэдээний бүрэн хүч Мормоны Номонд байдаг. Үнэхээр байдаг.

Мормоны Ном Эзэний сургаалыг ч тайлбарладаг, дайсны аргыг ч ил болгодог.7 Мормоны Ном бага насны хүүхдийн баптисмыг гүйцэтгэдэг алдаатай явдал зэрэг хуурамч шашны уламжлалыг үгүйсгэх үнэн сургаалыг заадаг.8 Мормоны Ном мөнх амьдрал боломжтойг мөн “төгсөшгүй аз жаргал”-ын тухай тунгаан бодоход биднийг уриалдаг бөгөөд энэ нь бидний амьдралыг зорилготой болгодог.9 Ёс бус явдал аз жаргал байдаг10 мөн хувь хүний сайн сайхан чанар нь Бурханы оршихуйд буцаж очиход шаардлагатай бүх зүйл юм11 гэсэн хуурамч итгэл үнэмшлийг Мормоны Ном үгүй хийдэг. Энэ нь Библиэр илчлэлт зогссон, тэнгэр өнөөдөр лацлагдсан гэсэн хуурамч үзэл бодлыг үүрд халсан.

Би Мормоны Номын тухай бодох үедээ хүч гэдэг үгийн талаар боддог. Мормоны Номон дахь үнэнд бидний бодгалиудыг эдгээх, тайвшруулах, сэргээн босгох, туслах, хүчирхэгжүүлэх, сэтгэл засах, урам зориг өгөх хүч бий.

Хайрт ах, эгч нар аа, та нар өдөр бүр Мормоны Номыг залбирч судалбал өдөр бүр илүү сайн шийдвэр гаргадаг болно гэдгийг би амлаж байна. Та нарыг судалж байгаа зүйлийнхээ талаар эргэцүүлэн бодох үед тэнгэрийн цонх нээгдэн, та нар асуултуудынхаа хариултыг болон хувийнхаа амьдралд удирдамж хүлээн авах болно гэдгийг амлая. Та нар өдөр болгон Мормоны Номонд өөрсдийгөө эзэмдүүлбэл порнограф болон биднийг хэврэг болгох өөр бусад донтолтын салдаггүй тахлын эсрэг мөн тухайн өдрийн хилэнцийн эсрэг дархлаатай болох боломжтой гэдгийг би амлаж байна.

Би “Мормоны Ном үнэн” хэмээн бусдын бас өөрийн хэлэхийг сонсох бүрдээ “Сайхан хэрэг байна. Гэхдээ хангалтгүй” гэж дуу алдмаар санагддаг. Бид Мормоны Ном бол Бурханы үг эргэлзээгүй мөн гэдгийг зүрхнийхээ “угаас”12 гүн гүнзгий мэдрэх хэрэгтэй. Бид үүнгүйгээр нэг ч өдөр амьдрахыг хүсэхгүй болтлоо тийм гүн гүнзгий мэдрэх ёстой. Би ерөнхийлөгч Бригам Янгийн (1801–1877) хэлсэн “Надад Мормоны Номын үнэн болоод хүч рүү хүмүүсийг сэрээх долоон аянгын дуу хоолой байсан ч болоосой”13 хэмээх үгийг энд дахин хэлье.

Бид Мормоны Номон дахь үнэний талаар гүн гүнзгий сэтгэгдэлтэй бөгөөд хамтрагчтайгаа цэцэрлэгт хүрээлэнд дөнгөж уулзсан хүндээ энэ ариун нандин цэдгийн нэг хувийг өгөхөөр гүйсэн, Европт үйлчилж буй энэхүү залуу номлогч шиг байх хэрэгтэй.

Зураг
Гүйж буй номлогчид

Иосеф Смит энэхүү сүүлчийн эрин үеийн бошиглогч гэдгийг би гэрчилж байна. Тэр бол Бурханы бэлэг, хүчээр энэ ариун номыг орчуулсан хүн. Энэ бол Их Эзэний Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлтгэхэд туслах ном юм.

Есүс Христ бол амьд Бурханы маань амьд Хүү гэдгийг би гэрчилж байна. Тэр бидний Аврагч, Гэтэлгэгч, Жишээ үзүүлэгч, Эцэгийн өмнө өмгөөлөх Өмгөөлөгч билээ. Тэр бол амлагдсан Мессиа, мөнх бус Мессиа байсан мөн мянганы Мессиа байх болно. Мормоны Ном бол Есүс Христийг мөн Түүний сайн мэдээг хамгийн гайхамшигтай, цор ганц арга замаар заадаг гэдгийг би бүхий л бодгалиараа гэрчилж байна.

Ерөнхийлөгч Томас С.Монсон дэлхий дээрх Бурханы бошиглогч гэдгийг би мэднэ. Би түүнийг бүх сэтгэл зүрхээрээ хайрлаж, дэмждэг. Би үүнийг Есүс Христийн ариун нэрээр гэрчилж байна, амен.

Ерөнхийлөгч Нэлсоны Мормоны Номын талаарх жагсаалт

Мормоны Ном бол

  • Есүс Христийн бас нэгэн гэрээ. Гол бичээчид нь болох Нифай, Иаков, Мормон, Моронай нар, орчуулагч нь болох Иосеф Смит бүгд Их Эзэнийг нүдээрээ харсан гэрчүүд юм.

  • Эртний Америкт амьдарч байсан хүмүүст Түүний номлосон номлолын цэдэг.

  • Их Эзэний Өөрийх нь гэрчилснээр энэ бол үнэн.

Мормоны Ном

  • Тэнгэрлэг Эцэг, Түүний Хайртай Хүү, Есүс Христийн хувийн мөн чанар.

  • Хүмүүн баяр хөөртэй байж болохын тулд Адамын уналт, Евагийн мэргэн ухаан чухал байсан.

Moрмоны Ном дараах зүйлийг буруу хэмээн няцаадаг. Тухайлбал:

  • Илчлэлт Библиэр зогссон.

  • Бага насны хүүхдүүд баптисм хүртэх шаардлагатай.

  • Аз жаргалыг ёс бус явдлаас олдог.

  • Хувь хүний сайн сайхан байх нь өргөмжлөлд хангалттай (ёслолууд ба гэрээнүүд шаардлагатай).

  • Адамын уналт хүн төрөлхтнийг “анхдагч гэм нүгэл”-ээр гутаадаг.

Мормоны Ном Библийн бошиглолуудыг биелүүлдэг. Тухайлбал:

  • “Бусад хонь” Түүний дуу хоолойг сонсоно.

  • Бурхан “тоосноос” ярин, “ер бусын ажил мөн гайхамшгийг үйлдэх” болно.

  • “Иудейн саваа,”“Иосефын саваа” хоёр нэг болно.

  • Тараагдсан Израил “эцсийн өдрүүдэд” цуглуулагдахыг мөн энэ нь хэрхэн хийгдэхийг үзүүлдэг.

  • Иосефын удмын өвлөгдсөн нутаг бол Америк тив юм.

Moрмоны Ном дараах зүйлийн тухай ойлголтыг тодруулдаг. Тухайлбал:

  • Бидний мөнх бус байдлын өмнөх оршихуй.

  • Үхэл. Үхэл бол Бурханы аз жаргалын агуу төлөвлөгөөний чухал бүрэлдэхүүн хэсэг юм.

  • Энэ амьдралын дараах оршихуй диваажинд эхэлдэг.

  • Амилсан бие сүнстэй нэгдэн мөнх амьтай болдог.

  • Их Эзэн биднийг ажил үйлс, зүрх сэтгэлийн маань хүслийн дагуу шүүх болно.

  • Баптисм, ариун ёслол, Ариун Сүнсний бэлэг өгөх зэрэг ёслолууд хэрхэн зохих ёсоор гүйцэтгэгддэг тухай.

  • Есүс Христийн Цагаатгал.

  • Амилалт.

  • Тэнгэр элчүүдийн чухал үүрэг.

  • Санваарын мөнхийн мөн чанар.

  • Хүмүүний зан авирт зэвсгийн хүчнээс илүү үгийн хүч хэрхэн нөлөөлдөг тухай.

Мормоны Ном өмнө мэдэгдээгүй байсан мэдээллийг илчилдэг. Тухайлбал:

  • Баптисмыг Есүс Христийг төрөхөөс өмнө гүйцэтгэдэг байсан.

  • Ариун сүмийг эртний Америк тивийн хүмүүс барьж байгуулан, ашигладаг байсан.

  • Израилын 11 дэх хүү Иосеф нь Иосеф Смитийн бошиглолын үүргийг зөгнөсөн.

  • Нифай (МЭӨ 600–592) Америк тивийн нээлтийг мөн Америк тив колоничлолд орно гэдгийг зөгнөсөн.

  • Энгийн бөгөөд эрхэм үнэт хэсгүүд Библиэс алга болсон.

  • Христийн гэрэл хүн бүхэнд өгөгддөг.

  • Хувь хүний сонгох эрх чөлөө чухал бөгөөд бүх зүйлд сөрөг тал байх нь зайлшгүй.

  • “Нууц хуйвалдаанууд”-ын тухай сэрэмжлүүлгүүд.