2010–2019
Тусламж хэрэгтэй хүмүүс бидний өмнө байна
2017 оны 10-р сар


Тусламж хэрэгтэй хүмүүс бидний өмнө байна

Бидний тус болж чадах хамгийн чухал хэрэгцээ гэр бүл, найз нөхөд, тойрог, орон нутагт маань байдаг.

Сүүлийн үед бид олон байгалийн гамшиг Мексик, Нэгдсэн Улс, Ази, Карибийн тэнгист болон Африкт болж байгааг харсан. Энэ гамшгийн үеэр хүмүүсийн хамгийн сайн сайхан зан чанар илрэн гарсан бөгөөд аюулд нэрвэгдэж, хохирол амссан, тусламж хэрэгтэй байгаа хүмүүст мянга мянган хүн тусалсан юм. Техас, Флорида зэрэг мужийн залуу эмэгтэйчүүд “Тусламжийн гар” гэсэн бичигтэй шар цамц өмсөн, саяхан болж өнгөрсөн хар салхины дараах байшин барилгын хог хаягдлыг цэвэрлэхэд бусадтай хамт тусалж байгааг харахад надад сайхан байв. Хол байгаагүй бол өөр олон мянган хүн тусламжийн төвүүд рүү дуртайяа очих байсан байх. Оронд нь та нар зовлонг нь нимгэлэх өгөөмөр хандивыг өргөсөн. Та нарын өгөөмөр сэтгэл, бусдын зовлонг ойлгох чадвар Христийнхтэй адил бөгөөд бусдад урам зориг өгдөг.

Зураг
Залуу эмэгтэйчүүд ерөнхийлөгч Айрингтай хамт

Хаана ч байсан бай, бид бүгдэд чухал үйлчлэлийн нэгэн хэсгийн талаар би өнөөдөр дурдахыг хүсэж байна. Бид сүүлийн үеийн үйл явдлыг мэдээнээс үзээд, юугаар ч тусалж чадахаа мэдэхгүй байх нь бий. Тэгвэл үүний хариулт яг үнэндээ бидний өмнө байж магадгүй.

Аврагч: “Учир нь хэн амиа аврахыг хүснэ, тэр нь амиа алдах болно. Харин хэн Миний төлөө амиа алдана, тэр нь амиа аварна”1 гэж заасан. Энэ судрын талаар ерөнхийлөгч Томас С.Монсон “Бид бусдад үйлчлэхэд өөрсдийгөө зориулахгүй бол бидний амьдралын зорилго өчүүхэн юм гэдгийг Аврагч бидэнд захиж хэлсэн гэдэгт би итгэдэг. Зөвхөн өөрийнхөө төлөө амьдардаг хүмүүс эцэстээ хатаж хорчийдог, зүйрлэвээс амиа алддаг бол бусдад үйлчлэхэд өөрсдийгөө зориулдаг хүмүүс өсөж дэвжин, амиа авардаг билээ”2хэмээсэн.

Хүмүүс эргэн тойрныхоо хүмүүст биш, харин гарт байх жижигхэн дэлгэцэнд анхаарлаа хандуулах нь ихсэж байгаа цаг үед бид амьдарч байна. Бодит амьдрал дээр бид хэн нэгний нүд рүү хараад инээмсэглэж эсвэл бүр нүүр нүүрээ хараад ярилцахын оронд мессеж бичин, жиргэдэг болжээ. Бид найзынхаа мөрөөр тэврэн, хайрлаж, санаа зовж, юу болж байгааг сонирхож буйгаа харуулахын оронд хэдэн “дагалдагч,” хэдэн “лайк”-тай байгаадаа илүү санаа тавих болжээ. Орчин үеийн техник технологийг Есүс Христийн сайн мэдээний захиасыг түгээх, гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө холбогдоход ашиглаж болдог нь гайхалтай. Гэхдээ хувийн хэрэгслээ хэрхэн ашиглаж байгаадаа сонор сэрэмжтэй байхгүй бол бид зөвхөн өөрөө өөртөө анхаарч, сайн мэдээний дагуу амьдрахын мөн чанар бол үйлчлэл гэдгийг мартана.

Би өсвөр үеийнхэн, залуучууд та нарыг маш их хайрлаж, та нарт итгэдэг. Та нарын үйлчлэх, дэлхийд өөрчлөлт авчрах гэсэн хүслийг би харж, мэдэрсэн. Ихэнх гишүүд үйлчлэл нь тэдний хийсэн гэрээ, шавь байх харилцааных нь төвд байдаг гэж үздэг. Гэвч заримдаа бидний анхаарал сарниж, дэлхий ертөнцийг өөрчлөх гайхамшигтай арга замыг эрэлхийлж байгаагаасаа болж бусдад туслах хамгийн агуу боломжуудаа алдах нь амархан байдаг бөгөөд хамгийн чухал зүйлийг буюу гэр бүл, найз нөхөд, тойрог, орон нутгийнхаа хэрэгцээг олж хардаггүй юм шиг санагддаг. Дэлхийн нөгөө өнцөгт байгаа хүмүүсийн зовлон, хэрэгцээг хараад, бидний сэтгэл өвдөж байгаа мөртлөө бидний нөхөрлөл хэрэгтэй хэн нэгэн хажууд маань сууж байгааг олж харж чадахгүй байж магадгүй.

Линда К.Бөртон эгч 1990-ээд оны үеэр бусадтай хамтран ядууст зориулан ширмэл хөнжил цуглуулсан нэгэн гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн түүхийг хуваалцсан. “Тэрээр … охиныхоо хамт ачааны машины тэвш дүүрэн хөнжил ачаад, Лондонгоос Косово руу явжээ. Гэр рүүгээ буцах замдаа тэрээр зүрх сэтгэлд нь гүн шингэсэн андуурахааргүй сүнслэг мэдрэмжийг хүлээн авчээ. Тэрхүү мэдрэмж нь ‘Таны хийсэн зүйл бол маш сайн зүйл. Одоо гэртээ хариад, зам хөндлөн гараад хөршдөө тусал гэсэн мэдрэмж байжээ.’”3

Хэрэв бид хамгийн ойр дотно, хамгийн их хайрладаг хүмүүсийнхээ хэрэгцээг үл ойшоох юм бол дэлхийг аварсан ч бай, юу нь сайн байх билээ? Хэрэв бидний эргэн тойронд байгаа хүмүүс зовж байхад анзаарахгүй орхивол дэлхий ертөнцийг өөрчлөх нь хэрхэн үнэ цэнтэй байх билээ? Бид хамгийн ойрхон байгаа хүмүүсийнхээ хэрэгцээг хамгийн сайн хангаж чадах тул Тэнгэрлэг Эцэг тэднийг бидэнтэй ойр байлгаж байгаа болов уу.

Зураг
Сара дүүтэйгээ хамт алхаж байгаа нь

Хүн бүр Христийнхтэй адил үйлчлэл хийх арга замыг олж чадна. Миний зөвлөх Кэрол Ф.Макконки эгч саяхан 10 настай зээ охин Сара нь ээжийгээ өвчтэй байгааг мэдээд, түүнд туслахаар шийдсэн талаар ярьсан. Тэр ээжийгээ унтаж амар гээд охин дүүгээ сэрээн, хувцсаа өмсөж, нүүрээ угааж, үсээ самнаж, өглөөний хоолоо идэхэд нь тусалсан байна. Тэр тусламж хэрэгтэй гэдгийг хараад, туслахыг хүссэн тул энэхүү энгийн үйлчлэлийг гуйлгалгүй хийжээ. Сара ээжийгээ адислаад зогсохгүй хайртай хүнийхээ ачааг хөнгөлсөн гэдгээ мэдсэнээр баярлахын хамт охин дүүтэйгээ харилцаагаа сайжруулсан гэдэгт би итгэлтэй байна. Ерөнхийлөгч Жэймс Э.Фауст “Бусдад үйлчлэх нь аль ч наснаас эхэлж болно. … Үйлчлэл нь том байх шаардлагагүй бөгөөд гэр бүл дотроо үзүүлэх нь хамгаас эрхэм”4 хэмээн хэлсэн.

Зураг
Сара дүүтэйгээ хамт ном уншиж байгаа нь

Хүүхдүүд ээ, та нар гэр орондоо үйлчлэх арга замыг эрэлхийлэх нь эцэг эх, гэр бүлийнхний тань хувьд хэчнээн үнэ цэнтэй болохыг ойлгож байна уу? Өсвөр насныханд хандан хэлэхэд, та нар дэлхийг өөрчлөх арга замыг эрэлхийлэхдээ гэр бүлийнхээ гишүүдийг хүчирхэгжүүлэн, тэдэнд үйлчлэх ажлыг нэн чухал ажлынхаа тоонд оруулах ёстой. Аав, ээж, ах, эгч, дүү нартаа эелдэг хандаж, анхаарал халамж тавих нь нэгдмэл байдлыг бий болгоход тусалдаг бөгөөд гэрт тань Сүнсийг урин авчирдаг. Дэлхий ертөнцийг өөрчлөх нь гэр бүлээ хүчирхэгжүүлэх ажлаас эхэлдэг.

Тойргийн гэр бүлүүддээ үйлчлэх нь анхаарлаа хандуулбал зохих өөр нэгэн зүйл байж болох юм. Заримдаа хүүхдүүд маань “Би яагаад Мючелд явах ёстой юм бэ? Би тэндээс сүрхий юм олж сурдаггүй шүү дээ” гэдэг.

Би сайн эх хүний хувиар тухайн үед тэдэнд “Юунаас болоод чамайг юм сураг гэж Мючел руу явуулж байна гэж чи бодох болов?” гэж хэлэх байсан.

Залуу найзууд минь, таны очсон Сүмийн цуглаан бүрд ганцаардсан болон зовлон бэрхшээлтэй тулгарч буй, найз нөхөд хэрэгтэй хэн нэгэн үргэлж байдаг гэдгийг би баттай хэлж чадна. Та цуглаан, үйл ажиллагаа бүрд ямар нэгэн чухал хувь нэмэр оруулж чадах бөгөөд Их Эзэн танаас үеийнхэн дундаасаа тусалж болох хүнийг олж харж, дараа нь Өөрийнх нь адил үйлчлээсэй хэмээн хүсдэг.

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон “Мөнх амьдралд хүргэдэг давчуу бөгөөд нарийн замд’ бие биенээ дэмжих гэгээнтнүүдийг бий болгох нь Их Эзэний сүмийг бий болгох болсон гол шалтгаан юм” гэж заасан. Тэр цааш нь “Энэ шашин нь анхаарлыг зөвхөн хувь хүнд хандуулахаас гадна биднийг бусдад үйлчлэхэд дууддаг. Бид Христийн биеийн нүд, гар, толгой, хөл болон бусад эрхтэн юм”5 хэмээн хэлсэн билээ.

Бид ёслолуудад оролцон, сургаалаас суралцаж, сүнсээр өдөөгдөх гэж долоо хоног бүр Сүмийн цуглаанд очдог нь үнэн ч гэлээ ийнхүү очдог өөр нэгэн шалтгаан нь гэвэл, бид тойргийн нэгэн гэр бүлийн хувьд мөн Аврагч Есүс Христийн шавийн хувьд нэг нэгнээ харж хандан, урамшуулан дэмжиж, үйлчлэн, хүчирхэгжүүлэх арга замыг олох явдал юм. Бид зөвхөн Сүмийн өгдөг зүйлийг авагчид биш, харин өгөгч, хангагчид нь байх хэрэгтэй. Залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд та нар дараагийн удаа Мючелд очихдоо найзууд тань юу хийж байгааг харахын тулд утсаа авахын оронд эргэн тойрноо хараад, “Би өнөөдөр хэнд хэрэгтэй вэ?” гэж өөрөөсөө асуугаарай. Та нар үеийнхээ хэн нэгэнд тусламжийн гараа сунган, амьдралд нь нөлөөлөх эсвэл дотроо зовж шаналж яваа найздаа урмын үг хэлэх түлхүүр нь байж магадгүй.

Таны эргэн тойронд тусламж хэрэгтэй хэн нэгэн байгааг зааж өгч мөн тэдэнд хэрхэн хамгийн сайнаараа тусалж болох талаар сүнслэг өдөөлт өгөхийг Тэнгэрлэг Эцэгээсээ хүсээрэй. Аврагч ихэнхдээ хүн тус бүрд нэг нэгээр нь үйлчилдэг байсан гэдгийг сана.

Зураг
Итан ба түүний гэр бүл

Манай ач хүү Итан 17 настай. Энэ зун надад ээжийн минь үлгэр жишээ сүнслэгээр нөлөөлсөн тул би өдөр бүр хэн нэгэнд үйлчлэх боломж өгөөч хэмээн залбирдаг гэж хэлсэн түүний үгс миний сэтгэлийг хөдөлгөсөн юм. Бид түүний гэр бүлийнхэнтэй хамт байхдаа Итаныг хэрхэн ах, эгч, дүүдээ тэвчээртэй, эелдэг хандаж, хайрладгийг мөн эцэг эхдээ тус дэм болж, бусдад туслах арга зам хайж байгааг ажигласан. Мөн тэр хэрхэн эргэн тойрныхоо хүмүүсийг мэдэрдэг мөн тэдэнд үйлчлэх хүсэлтэй байгаа нь надад гүн сэтгэгдэл төрүүлсэн. Тэр надад үлгэр жишээ үзүүлсэн юм. Итаны адил Их Эзэнээс үйлчлэх арга замыг олоход туслахыг хүсэх нь Сүнс бидний нүдийг нээж, тухайн өдөр бидний тусламж хэрэгтэй байгаа тэр “нэгэн” хүнийг эргэн тойрноосоо олж харан, түүнд хэрхэн үйлчлэхийг олж мэдэх боломжийг олгоно.

Зураг
Итаны зураг

Та нар гэр бүлийнхэндээ болон тойргийнхоо гишүүдэд үйлчлэхийн зэрэгцээ хөршүүддээ мөн нийгэмдээ үйлчлэх боломжийг эрэлхийлэх хэрэгтэй. Заримдаа бид томоохон гамшиг учирсны дараа тусалдаг ч гэсэн өдөр бүр орон нутагтаа тусламж хэрэгтэй хүмүүст дэмжлэг, туслалцаа үзүүлэх боломжийг хайх нь зүйтэй. Саяхан санхүүгийн томоохон асуудалтай улсад үйлчилдэг бүсийн ерөнхийлөгч хэлэхдээ, дэлхийн нөгөө өнцөгт байгаа тусламж хэрэгтэй хүмүүст туслах хамгийн сайн арга бол мацгийн өргөлийг өгөөмрөөр өгч, Сүмийн Хүмүүнлэгийн тусламжийн санд хандив өргөн, амьдардаг газрынхаа хүмүүст ямар нэгэн байдлаар туслах арга замыг олох явдал гэж зөвлөж билээ. Хэрэв хүн бүр энэ зөвлөгөөг дагадаг бол дэлхий бүхэлдээ хэрхэн адислагдахыг төсөөлөөд үз дээ!

Ах, эгч нар аа, ялангуяа өсвөр үеийнхэн та нар Аврагч Есүс Христтэй илүү адил болж, гэрээнийхээ дагуу амьдрахыг эрэлхийлэх юм бол бусдын зовлон зүдгүүрээс нимгэлж, ядарсан нэгэндээ туслах хүслээр адислагдсаар байх болно. Хамгийн их тусламж хэрэгтэй хүмүүс өмнө тань байж магадгүй гэдгийг бүү март. Эхлээд гэр орон, гэр бүлийнхэндээ үйлчил. Энэ нь мөнхөд байх харилцаа холбоо юм. Гэр бүлийн тань, ялангуяа өөрийн тань нөхцөл байдал төгс биш байсан ч та нар үйлчилж, дэмжиж, хүчирхэгжүүлэх арга замыг хайж олоорой. Яг байгаа газраасаа эхэл. Бусдыг байгаагаар нь хайрла. Хүсэж байгаа ирээдүйн гэр бүлдээ өөрийгөө бэлд.

Хайр халамж, тусламж дэмжлэг хэрэгтэй хүмүүсийг тойргийн гэр бүлээсээ олж танихад туслахыг хүсэж залбир. Сүмд “Энэ цуглаанаас би юу олж авах вэ?” гэсэн асуулттай ирэхийн оронд “Өнөөдөр би хэнд хэрэгтэй вэ? Хэн нэгэнд тус болохын тулд би юу хийх ёстой вэ?” гэж асуу.

Та өөрийн гэр бүл, тойргийн гишүүдийг адислахдаа амьдарч байгаа орон нутгийнхаа хүмүүсийг адислах арга замыг хай. Тасралтгүй үйлчлэх цаг зав байгаа эсэх эсвэл сард хэдхэн цаг зарцуулах боломжтой байх зэргээс үл хамааран гаргасан хүчин чармайлт тань таныг төсөөлж ч байгаагүй арга замаар адислах болно.

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл: “Бурхан биднийг анзаарч, харж хандаж байдаг. Гэвч ингэхдээ бидний хэрэгцээг ихэвчлэн өөр хүнээр дамжуулан хангадаг”6 гэж заасан. Бидний хүн нэг бүр Тэнгэрлэг Эцэгийн тусламж хэрэгтэй байгаа хүүхдүүдэд тусалж, Түүний ажлыг хийж гүйцэтгэхэд гар бие оролцох нь онцгой эрх, агуу адислал гэдгийг мэдээсэй хэмээн би Есүс Христийн нэрээр залбирч байна, амен.