2010–2019
Аялал үргэлжилсээр!
2017 оны 10-р сар


Аялал үргэлжилсээр!

Биднийг Тэнгэрлэг Эцэг рүү эргүүлэн аваачдаг аялал бол амьдралын маань хамгийн чухал аялал юм.

170 жилийн өмнө Бригам Янг Солт Лэйкийн хөндийг анх хараад, “Энэ бол зөв газар байна!”1 гэж тунхаглажээ. Их Эзэн түүнд илчилсэн тул тэр уг газрыг таньсан юм.

1869 он гэхэд, 70000 гаруй гэгээнтэн ийм аялал хийжээ. Хэл, соёл, үндэс угсаа өөр ч гэлээ Эцэг, Хүү, Ариун Сүнс болон Есүс Христийн сайн мэдээний сэргээлтийн талаарх тэдний гэрчлэл мөн Аврагчийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхийн тулд амар амгалан, аз жаргалтай, үзэсгэлэнт газар болох Сионыг байгуулах тэдний хүсэл тэмүүлэл нэг байсан.

Зураг
Жэйн Маннинг Жэймс

Ютад ирсэн анхны гэгээнтнүүдийн дунд Жэйн Маннинг Жэймс байсан бөгөөд тэр суллагдсан боолын охин, сэргээгдсэн Сүмийн хөрвөгч, хүнд хэцүү бэрхшээлтэй тулгарч байсан хамгийн гайхамшигтай нэгэн шавь байв. Жэймс эгч 1908 онд хорвоогийн мөнх бусыг үзэх хүртлээ итгэлтэй хожмын үеийн гэгээнтэн хэвээр байсан юм.

Тэр “Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн заасан Есүс Христийн сайн мэдээнд итгэх итгэл маань анх баптисм хүртэж байхад байсны адил, үгүй ээ тэр үеийнхээс илүү хүчтэй гэдгийг би энд хэлэхийг хүсэж байна. Би аравны нэг, өргөлүүдээ өгдөг, мэргэн ухааны үгийг дагадаг, эрт унтаж, эрт сэрдэг бөгөөд өчүүхэн чадлынхаа хэмжээнд бүгдэд үлгэр дуурайл болохыг хичээдэг”2 гэж хэлжээ.

Жэймс эгч бусад хожмын үеийн гэгээнтний адил Сионыг өөрийн цус, хөлс, нулимсаар босгохын зэрэгцээ Есүс Христэд буюу эрэлхийлсэн бүх хүмүүний хувьд агуу эдгээгч нь болох Түүнд итгэх итгэлээс зууран барьж, сайн мэдээний зарчмын дагуу чадах чинээгээрээ амьдарснаар Их Эзэний адислалыг эрэлхийлсэн юм.

Анхны гэгээнтнүүд төгс байгаагүй ч тэд бидний гэр бүлээ өсгөн хүмүүжүүлж буй суурийг тавьж, гэрээнүүдээ хайрлаж мөн дагадаг нийгмийг үндэслэсэн билээ. Есүс Христэд итгэх итгэл үнэмшил, хол, ойрын хүмүүст тусалдаг сайн дурын ажлуудын маань ачаар энэ талаар дэлхий даяар янз бүрийн мэдээгээр онцлон дурдсан байдаг. 3

Ерөнхийлөгч Айринг, Мексик, Техас болон бусад газар үйлчилж байсан шар хантаазтай олон арван мянган тэнгэр элчид талархлаа илэрхийлэн, хүндэтгэл үзүүлэхийг минь зөвшөөрнө үү.

Хэрэв бид өмнө явсан хүмүүсээсээ, тэр дундаа анхдагч өвөг эцэг, эмэг эхээсээ холбоогоо таслах юм бол үнэт эрдэнэсээ алдана гэдэгт би бат итгэлтэй байдаг. Эхэн үеийн гэгээнтнүүд Есүс Христ, Түүний сэргээгдсэн сайн мэдээнд итгэдэг байсны адил өсөн өндийж буй үеийнхэнд маань бас ийм итгэл байх ёстой гэдгийг мэдэх учраас би өмнө нь “Алхам бүрдээ итгэлтэй” гэсэн сэдвээр үг хэлж байсан ба цаашид ч хэлэх болно.4

Миний өвөг эцэг, эмэг эх нар Юта руу гар тэрэг түрэх, битүү тэргэнд суух, явган явах зэргээр аялж ирсэн итгэлтэй анхдагчдын дунд байсан. Тэд Жэйн Маннинг Жэймс эгчийн адил аяллынхаа алхам бүрийг гүн гүнзгий итгэлээр хийсэн юм.

Тэдний өдрийн тэмдэглэл зовлон зүдгүүр, өлсгөлөн, өвчин зовлон мөн Бурханд итгэх итгэл, Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний гэрчлэлээр дүүрэн байдаг.

Тэдэнд хөрөнгө мөнгө хомсхон байсан ч Есүс Христийн Сүмийн ах эгч нарын нөхөрлөлийн адислалыг хангалттай хүртсэн. Тэд нэг нэгнээ гэсэн үйлчлэлээр болон Бурханы санваараар дамжуулан чадах чинээгээрээ сэтгэлийн дарамтад орсон нэгнээ өргөн дэмжиж, өвчтэй хүмүүсийг адисалдаг байв.

Ютагийн Кашэ Валийгийн эгч нар Халамжийн нийгэмлэгийн нэрээр “тусламж хэрэгтэй хүмүүст туслах[аар]”5 гэгээнтнүүдэд үйлчилж байсан. Миний эмэг эх Маргарэт Макнэйл Баллард өөрийн нөхөр Хэнрийг Логаны 2 дахь тойргийг бишопын хувьд 40 жил тэргүүлэн удирдахад түүнтэй мөр зэрэгцэн үйлчилсэн юм. Маргарэт тус он жилүүдийн 30 жилд нь Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр үйлчилсэн билээ. Тэр гэртээ ядуу, өвчтэй, бэлэвсэн, өнчин хүмүүсийг авчрахаас гадна нас барсан хүмүүст ариун сүмийн цэвэр хувцсыг өмсүүлдэг байсан.

19-р зууны мормон анхдагчдын түүхэн аяныг эргэн дурсах нь зүй ёсны хэрэг бөгөөд чухал ч гэлээ, бидний хүн нэг бүр “алхам бүрдээ итгэлтэйгээ” нотлох ёстой учраас “амьдралын аялал үргэлжилсээр байгаа!” гэдгийг санавал зохино.

Зураг
Гишүүд орон нутгийн цуглаандаа цуглардаг

Шинэ хөрвөгчид Америкийн Нэгдсэн Улсын баруун нутагт анхдагчдын сууринд цуглахаа больжээ. Үүний оронд тэд Тэнгэрлэг Эцэгээ Есүс Христийн нэрээр шүтэн биширдэг орон нутгийнхаа цуглаанд цуглардаг болсон. Ийнхүү 30000 гаруй цуглаан дэлхий даяар зохион байгуулагдсанаар бүгд өөр өөрсдийн Сионд цугларах боломжтой болсон юм. Сударт онцлон тэмдэглэснээр, “Учир нь энэ нь Сион---зүрх сэтгэлдээ цэвэр ариун тэд юм.”6

Бид амьдралын зам харгуйгаар алхалж явахдаа “[Их Эзэний] зарлигласан бүх зүйлийг юуг ч гэсэн хийхээ анхааралтай дагах”7 эсэхээ шалгуулна.

Бидний ихэнх нь ололт нээлт ихтэй, гайхалтай аялалд гарсан байгаа бөгөөд энэ нь хувь хүнийг сэтгэл ханамжтай байлгаж, сүнслэг гэгээрэлд хүргэдэг. Харин бидний зарим нь уй гашуу, гэм нүгэл, зовлон зүдгүүр, цөхрөлийн зам дээр явж байна.

Энэ агуулгын хүрээнд та нар өөрсдөдөө дараах асуултыг тавиарай. “Таны эцсийн зогсоол юу вэ? Хийж буй алхмууд тань таныг хааш нь аваачиж байна вэ? Мөн хийж буй аялал тань Аврагчийн амласан “адислалуудын үй олныг”8 хүртэхэд хөтөлж байна уу?

Биднийг Тэнгэрлэг Эцэг рүү эргүүлэн аваачдаг аялал бол амьдралын маань хамгийн чухал аялал бөгөөд энэ нь Түүнд болон Түүний Хайрт Хүү, Есүс Христэд итгэх бидний итгэл өсөх тусам өдрөөс өдөрт, долоо хоногоос долоо хоногт, сараас сард, жилээс жилд үргэлжилсээр байна.

Хийж буй алхмууд маань биднийг хааш нь аваачиж байгаад бид анхааралтай хандах ёстой. Бид Есүсийн шавь нарынхаа дараах асуултад өгсөн зөвлөгөөг чих тавин сонсох хэрэгтэй. “Эдгээр зүйл чинь хэзээ болох юм бэ? Таны заларч ирэхэд болон үеийн төгсгөлд ямар шинж тэмдэг байх вэ? Бидэнд хэлээч гэсэнд:

Есүс хариуд нь—Хэн нэг нь та нарыг төөрөлдүүлэх вий, болгоомжил”9 гэж хэлсэн.

Өнөөдөр би Сүмийн удирдагчдын урьд өмнө өгч байсан зөвлөгөөг дахин давтаж хэлье.

  • Ах, эгч нар аа, Христийн сургаалыг цэврээр нь хадгал, харин сургаалыг өөрчилдөг хүмүүст хэзээ ч бүү хуурт. Эцэг, Хүүгийн сайн мэдээ энэхүү сүүлийн эрин үеийн бошиглогч Иосеф Смитээр дамжин сэргээгдсэн.

  • Сүмийн дуудлагадаа томилогдоогүй болон онцгойлон адислагдаагүй хүмүүсийг мөн Сүмийн гишүүдийн нийтийн дэмжлэгээр дэмжигдээгүй хүмүүсийг бүү сонс.10

  • Өнөөдрийн бошиглогч, төлөөлөгчдөд байхгүй эсвэл тэднийг ойлгохгүй байгаа гэж хэлдэг, сургаалтай холбоотой асуултын нууц хариултыг мэднэ хэмээн нотолдог байгууллага, бүлэг, хувь хүмүүсээс болгоомжил.

  • Та нарыг баян болгоно хэмээн мэхлэх хүмүүсийн үгийг бүү сонс. Гишүүд маань хэт их хэмжээний мөнгө алдсан тул болгоомжтой бай.

Зарим газарт манай олон хүн зорилгоос алсуур хайснаас болж эдгээнэ, дэмжлэг үзүүлнэ гэсэн өндөр үнэтэй, сэжиг бүхий газруудаас нууц мэдлэгийг эрэлхийлж байна.

Жилийн өмнө гаргасан Сүмийн албан ёсны мэдэгдэлд “Бид Сүмийн гишүүдийг мөнгө өгвөл гайхалтай эдгээнэ гэсэн эсвэл зохих ёсоор томилогдсон санваартнуудаас өөр арга барилаар эдгээх хүчийг олж авах боломжтой хэмээн нотлох аливаа бүлэгтэй холбогдохоос болгоомжил хэмээн сануулж байна”11 гэсэн байдаг.

Сүмийн гарын авлага дээр “Ёс зүй болон хууль зүйн хувьд эргэлзээтэй эмчилгээний буюу эрүүл мэндийн аргуудыг гишүүд ашиглах ёсгүй. Орон нутгийн удирдагчид эрүүл мэндийн асуудлуудтай гишүүдийг өөрсдийн улс оронд ажилладаг зөвшөөрөл бүхий, мэргэжлийн чадварлаг эмч нараас зөвлөгөө ав гэж зөвлөх ёстой”12 хэмээн зөвлөжээ.

Ах, эгч нар аа, тэдгээр арга барил сэтгэл татам байвч эцсийн эцэст сүнслэг байдлын болон бие махбодын хувьд хор хөнөөлтэй гэж нотлогдох нь дамжиггүй.

Бидний анхдагч өвөг дээдсийн хувьд эрх чөлөө, бие даасан байдал амин чухал байсан ч хамтаараа байх нь мөн адил чухал байсан. Тухайн үед тэд хамтдаа ажиллаж, нэг нэгэндээ биеийн болон сэтгэлийн зовлон шаналлыг даван туулахад тусалж байв. Эрчүүд нь санваарын чуулгад, харин эмэгтэйчүүд нь Халамжийн нийгэмлэгт үйлчилдэг байсан. Эдгээр үр дагавар өнөөдөр бидний үед ч өөрчлөгдөөгүй хэвээр.

Халамжийн нийгэмлэг ба санваарын чуулгууд гишүүдийн маань сүнслэг болон материаллаг сайн сайхан байдалд анхаарч ажилладаг.

Та нар Тэнгэрлэг Эцэгийн болон Их Эзэн Есүс Христийн оршихуйд эсэн мэнд эргэн очихын тулд сайн мэдээний зам дээрээ “алхам бүрдээ итгэлтэй” үлдээрэй. Их Эзэн бол бидний эрхэм дээд Аврагч бөгөөд дэлхийн Гэтэлгэгч. Бид Түүний нэрийг хүндлэн дээдэлж, ямар нэгэн байдлаар буруугаар ашиглахгүй байх ёстой бөгөөд зарлигуудыг нь дагахыг эрэлхийлэх ёстой. Хэрэв бид ийнхүү хийж чадах юм бол Тэрээр биднийг адисалж, буцах аялалдаа аюулгүй байхад биднийг удирдана.

Өнөөдөр өөр өөрийн гэсэн аяллаа хийж буй хүмүүсийг хаана явж байгаагаас нь үл хамааран тэврэн хүлээн авна уу хэмээн би намайг сонсож буй хүн бүрийг уриалж байна.

Сэргээлтийн талаарх захиасыг хуваалцахаас илүү агуу адислал гэж үгүй. Уг адислалыг хүлээн авч, үүний дагуу амьдарвал мөнхийн баяр баясгалан, амар амгалан, тэр байтугай мөнх амьдралыг амладаг гэдгийг санаж яваарай. Номлогчдод Бурханы хүүхдүүдийг олж, тэдэнд зааж мөн баптисм хүртээхэд нь өөрсдийн эрч хүч, хүч чадал, гэрчлэлээр тусалцгаая. Тэгснээр тэд өдөр тутмынх нь амьдралыг удирдан залах сайн мэдээний сургаалын хүчийг хүлээн авах болно.

Бид Бурханы үр хүүхдүүдийг энэрэн хайрлаж, арьс өнгө, хүйс, үндэс угсаагаар нь ялгаварлан гадуурхах аливаа гадуурхлыг үгүй хийх ёстой. Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний адислал Бурханы хүүхэд бүрд хүртээмжтэй гэдэгт бид чин үнэнээсээ итгэдэг.

Би бидний “аялал үргэлжилсээр” байгааг гэрчлэхийн зэрэгцээ та бүхнийг Бурханы бүх хүүхдэд хайр, нинжин сэтгэлээр хандан, сайн мэдээний замаар явахыг урьж байна. Ийнхүү хийх нь Тэнгэрлэг Эцэгийг болон Түүний Хайрт Хүүг чин үнэнээсээ хайрладаг бүхий л хүнийг хүлээж буй “адислалуудын үй олныг” хүртэхэд бэлдэн, бидний зүрх сэтгэлийг ариусгаж, гарыг цэвэрлэдэг юм. Энэ бүхнийг би Есүс Христийн ариун нэрээр даруухнаар залбиран хэлж байна, амен.