2010–2019
Бүх зүйлийн үнэн
2017 оны 10-р сар


Бүх зүйлийн үнэн

Бидний хүн нэг бүр баттай гэрчлэлтэй болж, үүнийгээ хадгалах хувийн үүрэг хариуцлага хүлээдэг.

Өнөө орой бид үнэнийг заадаг Ариун Сүнсээр1 хүчирхэгжиж, адислагдана гэсэн найдвар, итгэл тээн ирсэн билээ. Би үнэнийг хайх хувь хүний эрэл хайгуулын талаар ярихыг хүсэж байна.

Өсвөр насанд минь надад Сүмийн талаар олон асуулт байдаг байсан. Миний зарим асуулт чин сэтгэлийнх байсан бол, зарим нь тийм биш, бусдын эргэлзээнээс үүдэлтэй байв.

Би өөрт байгаа асуултуудын талаар ээжтэйгээ олонтоо ярьдаг байсан. Ээж минь миний олон асуултыг чин сэтгэлийнх, зүрхний минь угаас гарсан гэдгийг мэдэрч байсан гэдэгт би эргэлзэхгүй байна. Бас ээж минь миний өнгөцхөн, маргаж мэтгэлцэх гэсэн асуултуудад сэтгэл дундуур байсан болов уу гэж би боддог. Гэхдээ ээж минь асуултуудын минь төлөө хэзээ ч намайг ад үзэж байгаагүй юм. Тэр сонсоод, хариулахыг хичээдэг байсан. Ээж минь хэлэх гэсэн бүхнээ хэлснийхээ дараа намайг асуусан хэвээр байгааг хараад, “Дэвид, маш сайн асуулт байна. Чи хариултыг нь олохоор эрэлхийлж, уншиж, залбирч байх явцдаа хийх хэрэгтэй гэж мэдэж байгаа зүйлсээ хийгээд, хийх ёсгүй гэж мэдэж байгаа зүйлсээс хол байна биз дээ?” гэж хэлдэг байсан. Энэ нь үнэний эрэл хайгуул хийх миний хэв загвар болсон юм. Би суралцаж, залбирч, зарлигуудыг сахиснаар өөрт байсан бүх чухал асуултын хариултуудыг олсон билээ. Зарим асуултын хариултыг олохын тулд үргэлжлүүлэн итгэлтэй, тэвчээртэй байж, илчлэлт авах хэрэгтэйг би олж мэдсэн.2

Итгэлээ хөгжүүлж, хариултуудыг олох хариуцлагыг ээж минь надад даалгасан юм. Намайг Тэнгэрлэг Эцэгийн заасан замаар үнэнийг эрэлхийлснээр чухал хариултууд олж авна гэдгийг ээж минь мэдэж байсан. Тэр намайг өөрөө үнэнийг олох хэрэгтэй гэдгийг ойлгож байв. Намайг чин сэтгэлээсээ асууж, үнэн гэж аль хэдийн мэдэж байсан зүйлсийнхээ дагуу үйлдэхэд бэлэн байх хэрэгтэйг тэр мэдэж байсан. Түүнчлэн намайг судалж, залбирах хэрэгтэйг, Их Эзэнээс хариулт авахаар эрэлхийлэх үедээ илүү тэвчээртэй байж сурах хэрэгтэйг ээж минь мэдэж байв. Тэвчээртэй байхад бэлэн байх нь үнэнийг эрэлхийлэх бидний эрэл хайгуулын нэг хэсэг төдийгүй Их Эзэний үнэнийг илчлэх хэв загварын нэгээхэн хэсэг юм.3

Цаг хугацааны явцад, Тэнгэрлэг Эцэгийн үнэнийг эрэлхийлэх хэв загварыг ээж минь надад зааж байсныг би ойлгосон. Итгэл минь өсөж, хариултууд ирж эхэлсэн ба би номлолын дуудлага хүлээн авав.

Номлолын эхэн үед надад Сүм үнэн эсэхийг, Иосеф Смит Бурханы бошиглогч мөн байсан эсэхийг өөрөө мэдэж авах ёстой гэдгийг ухаарсан мөч тохиосон юм. Өнгөрсөн Ерөнхий чуулганаар би ерөнхийлөгч Томас С.Монсоны тодорхой гэгч хэлсэн дараах зүйлийг мэдэрч байсан. “Хэрэв танд эдгээр зүйлийн талаар баттай гэрчлэл байхгүй бол гэрчлэлтэй болохын тулд шаардагдах бүх зүйлийг хий. Өнөөгийн ороо бусгаа цагт та өөрийн гэсэн гэрчлэлтэй болох нь нэн чухал. Учир нь бусдын гэрчлэл таныг тийм ч хол авч явахгүй.”4 Би юу хийх ёстойгоо мэдэж байв. Би Мормоны Номыг чин сэтгэлээсээ, үнэн хүсэлтэйгээр уншаад, Бурханаас үнэн эсэхийг нь асуух хэрэгтэй байлаа.

Бошиглогч Моронайгаар дамжуулан Тэнгэрлэг Эцэгийн өгсөн гайхамшигт амлалтыг сонс доо. “Та нар эдгээр зүйлийг хүлээн аваад, та нар Бурхан, Мөнхийн Эцэгээс, Христийн нэрээр, эдгээр зүйлүүд үнэн эсэхийг асуухыг та нарт ухуулъя би; мөн хэрэв та нар Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуух аваас, тэрбээр үүний үнэнийг Ариун Сүнсний хүчээр та нарт мэдүүлэх болно.”5

Би Мормоны Номонд агуулагдах зүйлсийг хүлээн авахын тулд үүнийг унших хэрэгтэй байсан. Би эхнээс нь уншиж эхлээд, өдөр бүр уншив. Зарим хүн гэрчийг тэр даруйд хүлээж авдаг. Бусад заримын хувьд илүү их цаг зарцуулж, илүү олон удаа залбирах хэрэгтэй бөгөөд уг номыг хэд хэдэн удаа ч унших хэрэгтэй байж болно. Амлагдсан гэрчийг хүлээн авахаасаа өмнө уг номыг дуустал унших нь надад хэрэгтэй байсан. Гэсэн ч Бурхан үүний үнэнийг Ариун Сүнсний хүчээр надад мэдүүлсэн юм.

Би номлогчийн өдрийн тэмдэглэлдээ уг үнэнийг олж мэдсэн баяр хөөрөө болон өөрийн хүлээж авсан үнэний дагуу үйлдэх чин хүслээ илэрхийлэн хувийн сэтгэгдлээ дүрслэн бичсэн. “Би чадах бүхнээ хийж, амьдралынхаа турш бүрэн дүүрэн хичээж чармайн, надаас асуусан зүйл болгоныг хийхээ Тэнгэрлэг Эцэгт болон өөртөө амлаж байна. Одоохондоо би номлолдоо үйлчлэх хэрэгтэй байгаа бөгөөд өөрийнхөө төлөө биш, харин Их Эзэний төлөө үйлчилж, үүнийг хожим харамсахааргүй, маш сайн номлол болгох болно. Би Их Эзэнд хайртай, энэ ажилдаа ч дуртай бөгөөд энэ мэдрэмж намайг хэзээ ч битгий орхиосой гэж залбирч байна” гэж би бичсэн.

Уг мэдрэмжийг хэзээ ч алдахгүй байхын тулд цаашид үргэлжлүүлэн наманчлахыг чармайн, зарлигуудыг сахиж, байнга санаа тавих хэрэгтэй юм байна гэдгийг би мэдэж авсан. Ерөнхийлөгч Монсон “Гэрчлэлтэй болсон цагтаа Бурханы зарлигуудад дуулгавартай байж, өдөр бүр залбиран, судар судалж, гэрчлэлээ амьд, ач холбогдолтой байлгах хэрэгтэй”6 гэж хэлсэн билээ.

Олон жилийн турш би дэлхий даяарх номлогчид, залуучуудаас үнэнийг эрэлхийлж, гэрчлэлтэй болохын тулд хувь хувьдаа хэрхэн хичээж зүтгэж эхэлснийг асууж байсан. Хувийн гэрчлэлтэй болох хичээл зүтгэл нь Мормоны Номыг эхнээс нь уншиж, Бурханаас үнэн эсэхийг асуух шийдвэр гаргаснаас эхэлсэн гэж тэд бараг бүгдээрээ хариулдаг. Ингэснээр тэд бусдын эргэлзээгээр “үйлдүүлэхийн” оронд өөрсдөө “үйлдэхийг” сонгосон байна.7

Бид үнэнийг мэдэхийн тулд сайн мэдээний дагуу амьдарч8 мөн үгийг “турших”9 хэрэгтэй. Бид Их Эзэний Сүнсийг эсэргүүцэхгүй байх сэрэмжлүүлгийг хүлээн авсан.10 Наманчлал, зарлигуудыг сахих шийдвэр хоёр нь хамтдаа хувь хүн бүрийн үнэнийг эрэлхийлэх хайгуулын чухал хэсэг болдог.11 Үнэндээ бид үнэнийг олж мэдэхийн тулд бүх нүглээ “орхиход” бэлэн байх хэрэгтэй байж болно.12

“Мэргэн ухааны үгсийг шилдэг номнуудаас эрэлхийлэгтүн … бүр судлахаар мөн тэрчлэн итгэлээр суралцахыг эрэлхийлэгтүн” хэмээн бидэнд зарлигласан.13 Бид үнэнийг эрэлхийлэхдээ “шилдэг номнууд”-ад болон хамгийн сайн эх сурвалжуудад анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хамгийн шилдэг номонд судрууд болон амьд бошиглогчдын үгс багтдаг.

Ерөнхийлөгч Монсон баттай гэрчлэлтэй болж, үүнийгээ хадгалахын тулд “шаардагдах бүх зүйлийг” хийхийг биднээс хүссэн билээ.14 Гэрчлэлээ гүнзгийрүүлж, хүчирхэгжүүлэхэд юу юу шаардлагатай вэ? Бидний хүн нэг бүр баттай гэрчлэлтэй болж, үүнийгээ хадгалах хувийн үүрэг хариуцлага хүлээдэг.

Их Эзэнээс хариулт хүлээн авахын тулд “шаардлагатай бүх зүйлийг” хийх үедээ гэрээнүүдээ тэвчээртэйгээр сахих нь үнэнээс суралцах Их Эзэний хэв загварын нэг хэсэг юм. Ялангуяа амьдрал хэцүү болох үед бид “баяртайгаар мөн тэвчээртэйгээр Их Эзэний бүх тааллуудад захирагдах” шаардлагатай болж болно.15 Гэрээгээ тэвчээртэй сахих нь бидний даруу байдлыг дээшлүүлж, үнэнийг мэдэх хүслийг маань нэмэгдүүлж, “[бид] адислагдсан, дэгжсэн, мөн хадгалагдан үлдсэн байж болохын тулд тэрхүү мэргэн ухааны замд [биднийг] удирдах” боломжийг Ариун Сүнсэнд олгодог.16

Миний эхнэр Мэри бид хоёрын хайрладаг нэг эмэгтэй Сүмийн тодорхой зарим зүйлийн талаар амьдралынхаа ихэнх үед асуудалтай байв. Тэр сайн мэдээнд бас Сүмд хайртай байсан ч түүнд асуултууд байсаар байсан. Тэр ариун сүмд лацдан холбуулсан, Сүмд идэвхтэй явдаг, дуудлагаа биелүүлдэг маш сайн ээж, эхнэр хүн. Он жилүүдийн явцад, тэрээр зөв гэж мэдэж байсан зүйлсээ хийхийг мөн буруу гэж мэдэж байсан зүйлсээ хийхээс зайлсхийхийг хичээж байв. Тэр гэрээнүүдээ сахиж мөн эрэл хайгуулаа ч үргэлжлүүлсэн. Заримдаа тэр бусдын итгэлээс талархалтайгаар зууран барьдаг байсан.

Хэсэг хугацааны өмнө, бишоп нь түүнийг нөхөртэйгөө хамт ирж уулзаач гэжээ. Тэр тэднээс ариун сүмийн ёслолууд хэрэгтэй байгаа хүмүүсийг төлөөлөх ариун сүмийн дуудлага хүлээн авах эсэхийг асуусан байна. Энэ дуудлага тэднийг гайхшируулсан ч тэд уг дуудлагыг хүлээн зөвшөөрч, Их Эзэний өргөөнд үйлчлэх үйлчлэлээ эхэлсэн юм. Тэдний өсвөр насны хүү саяхан гэр бүлийн түүхийн судалгаа хийсэн бөгөөд ариун сүмийн ёслолууд хийгдээгүй байсан гэр бүлийн нэгэн гишүүнийхээ нэрийг олсон байв. Удалгүй тэд уг хүний төлөө болон гэр бүлийнх нь төлөө ариун сүмийн ёслолуудыг хийлгэхээр төлөөлөн оролцжээ. Тэднийг тахилын ширээний өмнө өвдөг сөгдөж, лацдан холбох ёслолыг гүйцэтгэж байхад, урт удаан хугацааны туршид эрэл хайгуул хийсэн энэхүү гайхамшигтай, тэвчээртэй эмэгтэй хувийн сүнслэг туршлагаараа дамжуулан ариун сүм болон үүн дотор гүйцэтгэдэг ёслолууд үнэн, бодитой болохыг олж мэдсэн юм. Энэ эмэгтэй ээж рүүгээ утасдан, мэдэрсэн мэдрэмжийнхээ талаар хэлж, асуух хэдэн зүйл байгаа ч гэсэн ариун сүм, ариун сүмийн ёслолууд үнэн гэдгийг мөн Сүм үнэн гэдгийг би мэдлээ гэж хэлсэн байна. Түүний ээж хайраар дүүрэн, тэвчээртэй Тэнгэрлэг Эцэгт болон тэвчээртэйгээр үргэлжлүүлэн эрэл хайгуул хийсээр байгаа охиндоо талархан уйлжээ.

Гэрээгээ тэвчээртэйгээр сахих нь бидний амьдралд тэнгэрийн адислалуудыг авчирдаг.17

“Ариун Сүнсний хүчээр та нар бүх зүйлийн үнэнийг мэдэж болно” гэсэн Их Эзэний амлалтаас би агуу тайвшралыг олдог.18 Бид бүх зүйлийг мэдэхгүй ч үнэнийг мэдэж авч чадна. Бид Мормоны Ном үнэн гэдгийг мэдэх боломжтой. Чухамдаа, энэ өдөр ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны зааснаар, бид зүрхнийхээ угт [Алма 13:27-г үзнэ үү] Мормоны Ном бол Бурханы үг эргэлзээгүй мөн гэдгийг гүн гүнзгий мэдрэх боломжтой. Бид “үүнгүйгээр нэг ч өдөр амьдрахыг хүсэхгүй болтлоо тийм гүн гүнзгий мэдэрч чадна”.19

Бид Бурхан бол биднийг хайрладаг Эцэг маань гэдгийг мөн Түүний Хүү, Есүс Христ бол бидний Аврагч, Гэтэлгэгч гэдгийг мэдэж авч чадна. Бид Түүний Сүмд гишүүн байх нь эрхэм нандин зүйл болохыг мөн долоо хоног бүр ариун ёслолоос хүртэх нь бидэнд болон гэр бүлд маань аюулгүй байхад тусалдаг гэдгийг мэдэж авч чадна. Ариун сүмийн ёслолуудаар дамжуулан гэр бүлүүд үнэхээр мөнхөд хамт байж чадна гэдгийг бид ойлгож чадна. Бид Есүс Христийн Цагаатгал болон наманчлал, уучлалын адислалууд жинхэнэ бөгөөд бодитой болохыг мэдэж авч чадна. Бидний хайрт бошиглогч ерөнхийлөгч Томас С.Монсон бол Их Эзэний бошиглогч гэдгийг, түүний зөвлөхүүд болон Арван хоёрын чуулгын гишүүд төлөөлөгч, бошиглогч, үзмэрч, илчлэгчид гэдгийг бид мэдэж чадна.

Би эдгээр бүх зүйлийг үнэн гэдгийг мэддэг бөгөөд Есүс Христийн нэр дээр гэрчилж байна, амен.