2010–2019
“Тэдэнтэй хамт байж мөн бэхжүүл”
2018 оны 4-р сар


“Тэдэнтэй хамт байж мөн бэхжүүл”

Эрэгтэй, эмэгтэй хүн бүр энэ Ерөнхий чуулганаас явахдаа нэг нэгнээ халамжлахаар чин сэтгэлээсээ баттай шийдээсэй хэмээн бид залбирч байна.

Ралф Валдо Имэрсон амьдрал дахь хамгийн дурсамжтай мөчүүд нь илчлэлт үерлэн орж ирэх үед тохиодог хэмээн хэлсэн байдаг.1 Ерөнхийлөгч Нэлсон, өнөөдөр илчлэлтийн арвин хур буулаа. Энэ цааш даамжирвал зарим хүний зүрх муудаж, даралт ихсэх вий дээ. Тэгэхдээ бодоод байхад, та, бидний зүрхийг ч бас эмчилж чадна шүү дээ. Ямар гайхалтай бошиглогч вэ!

Ерөнхийлөгч Нэлсоний өчигдөр, өнөөдөр хэлсэн тунхаглал болон гэрчлэл дээр нэмж, эдгээр өөрчлөлт бол Сүмийг зохион байгуулагдсан цагаас эхлэн удирдаж ирсэн илчлэлүүдийн жишээ юм гэсэн гэрчлэлээ би та бүхэнд үлдээж байна. Их Эзэн Өөрийн ажлыг Өөрийн цаг хугацаанд яаравчлуулж байгааг илтгэх олон нотолгоо цаашид гарч ирэх болно.2

Эдгээр өөрчлөлтийн талаарх нарийн ширийн зүйлийг мэдэхийг хүсэж байгаа гишүүдэд хандан нэг зүйлийг хэлье. Энэ чуулганы энэ хуралдааны дараа Тэргүүн Зөвлөлөөс э-мэйл хаяг нь бүртгэлтэй гишүүн бүр рүү нэгэн захидал очих болно. Энэ захидалтай хамт асуулт, хариулт бүхий долоон хуудас захидлыг санваарын удирдагчид болон туслах бүлгийн удирдагчдад зориулан хавсаргасан байх болно. Мөн нэмж хэлэхэд, эдгээр материалыг ministering.lds.org дээр нэн даруй байршуулах болно. “Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө. Хай, тэгвэл та нар олно.”3

Одоо ерөнхийлөгч Нэлсоний надад болон Жийн Б.Бингам эгч бид хоёрт өгсөн үүрэг даалгаврыг биелүүлье. Ах, эгч нар аа, чуулгын болон туслах бүлгүүдийн ажил зохион байгуулалтынхаа хувьд тогтворжих тусам бид мэдрэмжгүй, дадал зуршил болсон байдлаар хийдэг хэвшлээсээ гарч, Аврагчийн дэлхий дээрх тохинууллынхаа төгсгөлд үзүүлсэн чин сэтгэлийн шавь байхад хүрэх буюу хувь хүнийхээ хувьд өсөж хөгжин, төлөвших ёстой. Тэрээр Өөрийн гэм зэмгүй, бага зэрэг самуурч будилсан жижиг бүлэг дагалдагчдаа орхихоор бэлдэж байхдаа тэдний дагах олон удирдлагын шатыг эсвэл 3 хувь бөглөж бэлдэх гар дүүрэн тайлангуудыг тэдэнд өгөөгүй. Үгүй ээ, тэр “Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биеэ хайрлагтун. Хэрэв та нар бие биеэ хайрлах юм бол үүгээр чинь бүх хүн та нарыг Миний шавь нар мөн гэдгийг мэдэх болно”4 гэж хэлснээр тэдний хийх ёстой зүйлийг ганцхан гол үндсэн зарлиг болгон дүгнэн хэлсэн.

Сайн мэдээний туйлын зорилгод биднийг ойртуулахын тулд санваарын болон Халамжийн нийгэмлэгийн шинээр зарлагдсан тохинууллын арга барил нь олон зүйлийг, үүний дотор дараах хэсгүүдийг багтааж байгаад би баяртай байна. Мөн эдгээрийн заримыг Халамжийн нийгэмлэг аль хэдийн амжилттай хэрэгжүүлж байгаа.5

  • Бид хойшид гэрийн багш, айлчлагч багш гэсэн үг хэллэгийг хэрэглэхгүй. Яагаад гэвэл нэг талаас, бидний тохинууллын хичээл зүтгэлийн ихэнх нь гэр оронд явагдахгүй. Нөгөө талаас, бидний холбоо барьсан эсэх нь бэлтгэсэн хичээлээ зааснаар тодорхойлогдохгүй. Гэхдээ хэрвээ хичээл заах хэрэгтэй байвал зааж болно. Тохинуулах гол зорилго бол Алмагийн өдрүүдийн хүмүүсийн талаар хэлсэнчлэн “өөрсдийн хүмүүсийг харж ханд[ах], мөн тэднийг зөв шударгад хамаарах зүйлүүд дээр дэмжин аср[ах]”6 явдал юм.

  • Бид боломжийнхоо хэрээр гэрээр нь айлчлахаа үргэлжлүүлэх болно. Гэхдээ тоогоор олон, зайны хувьд хол, хувийн аюулгүй байдал болон өөр бусад бэрхшээлтэй нөхцөл байдлаас болж сар болгон айл бүрд очиж чадахгүй байж болно. Олон жилийн өмнө Тэргүүн Зөвлөлөөс зөвлөсний дагуу чадах бүхнээ хийгээрэй.7 Биеэр айлчлах хуваариас гадна олон нийтийн мэдээллийн үргэлж өргөжин тэлж буй ертөнцөөс үүдэлтэй олон боломжоос эхлээд, үүн дээр утсаар ярих, ил захидал, мессеж бичих, э-мэйл явуулах, видеогоор ярих, Сүмийн цуглаануудын үеэр ярилцах, хамтдаа үйлчлэлийн төсөв дээр ажиллах, олон нийтийн үйл ажиллагаа хийх зэргийг нэмж болно. Гэсэн ч ийм олон байдлаар холбоо барьж болох харилцаа холбоон дээр саяхан миний харсан автомашины ард наасан байсан цаасан дээрх үгс харин багтахгүй шүү гэдгийг онцолж хэлье. Үүн дээр “Би дуут тохиогоо дарах юм бол чам дээр гэрийн багшаар айлчилж очсон гэсэн үг шүү” гэж бичсэн байсан. Ах нар аа, (эгч нар хэзээ ч ийм зүйл хийхгүй ээ. Тиймээс, би ах нарт хандан хэлж байгаа юм). Бид ийм өөрчлөлт гаргаснаар үзүүлдэг халамж анхаарлаа багасгах биш харин нэмэгдүүлэхийг хүсэж байгаа юм шүү.

  • Сайн мэдээнд илүүтэй суурилсан энэхүү шинэлэг үйлчлэлтэй холбоотойгоор, тайландаа юуг оруулан тооцох юм бол гэж та нарын самгардаж эхэлж байгааг би мэдэрч байна. Зүгээр дээ, тайван бай. Ямар нэгэн тайлан буюу сарын 31 гэхэд арай ядан очиж амжлаа гэх мэтийн тайлан байхгүй байх болно. Энэ тал дээр ч бид төлөвшиж, тогтсон байр суурьтай болж байгаа. Цорын ганц тайлан нь тухайн улиралд удирдагчид тойргийн хэд хэдэн тохинууллын хамтрагчтай ярилцлага хийснийг илтгэх тоон тайлан байх болно. Найзууд аа, хэдийгээр энгийн сонсогдож байгаа ч тэдгээр ярилцлага нь маш чухал юм шүү. Тэр мэдээлэлгүйгээр бишоп хүмүүсийнхээ сүнслэг болон материаллаг хэрэгцээний талаар хэрэгтэй мэдээллээ олж авах боломжгүй байх болно. Тохинуулж буй ах нар бишопын зөвлөлийг болон ахлагчдын чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийг төлөөлдөг ч тэднийг орлодоггүй гэдгийг санагтун. Бишоп болон чуулгын ерөнхийлөгчийн түлхүүрүүүд тохинуулах гэсэн ойлголтоос давж гарсан зүйл билээ.

  • Энэ тайлан нь бидний өгдөг зарим тайлангаас өөр болохоор би дахиад хэлье. Сүмийн удирдах газарт байгаа бидний хувьд тойрог, салбарт байгаа та нарыг хүмүүсээ мэдэж, халамжилж мөн боломжтой бүхий л арга замаар адисалж байгаа гэдгийг л мэдэж байх хэрэгтэй. Бид та нарын хэрхэн, хаана, хэзээ холбоо барьсныг мэдэх шаардлагагүй.

Ах, эгч нар аа, бидэнд бүхэл Сүмийн хувьд “Бурханы өмнө бузарлагдаагүй цэвэр шашныг үзүүлэх”8, “нэг нэгнийхээ ачааг хөнгөн байж болохын тулд үүрэлцэх”, “тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулах”9, бэлэвсэн мөн эцэггүй нэгэнд, гэрлэсэн мөн ганц бие, хүчтэй мөн түгшсэн, ядарсан мөн эрч хүчтэй, баяр хөөртэй мөн гунигтай—товчоор хэлбэл, бид бүгдэд, бидний хүн нэг бүрд тохинуулах тэнгэрээс илгээгдсэн боломж байдаг. Учир нь бид бүгд найз нөхөрлөлийн халуун дотно гар, итгэлийн баттай тунхгийг мэдэрдэг байх хэрэгтэй. Гэхдээ шинэ нэртэй, шинэ уян хатан байдалтай болж, илүү цөөхөн тайлан өгдөг боллоо гээд энэ нь бидний үйлчлэлд ямар ч өөрчлөлт оруулахгүй. Бид ерөнхийлөгч Нэлсоний дөнгөж сая хэлснээр энэ урилгыг зөвхөн зоригтой, шинэ, илүү ариун байдлаар нэг нэгнээ халамжлах арга зам гэж үзэж болно. Бид хайрын хуулийг илүү түгээмэл байдлаар дагаж амьдрахаар сүнслэг нүдээ нээх үедээ олон жилийн турш ийм байдлаар үйлчилсэн үе удмынханд хүндэтгэл үзүүлдэг. Ах, эгч нартайгаа “хамт байж мөн бэхжүүлэх”10 Их Эзэний зарлигийг илүү олон хүн ойлгоосой гэж найдаад, би ийм сүсэг бишрэлийн жишээг харуулахын тулд саяхан болсон түүхийг хуваалцъя.

Өнгөрсөн 1-р сарын 14-ний ням гаргийн оройн 5 цаг дөнгөж өнгөрч байхад миний залуу найзууд болох Брэтт, Кристин Хамблин хоёр Аризона мужийн Тэмпэ дэх гэртээ, Брэтт бишопын зөвлөлд үйлчлээд, Кристин 5 хүүхдээ асраад завгүй байсан тэр өдрийн дараа хоорондоо яриад сууж байжээ.

Гэнэт өнгөрсөн жил хөхний хорт хавдраа эмчлүүлж, амжилттай ялж чадсан Кристин ухаан алдан унав. Түргэн тусламж дуудахад, ирсэн түргэн тусламжийнхан түүнийг ухаан оруулах гэж байдгаараа хичээжээ. Брэтт гуйн залбираад мөн тэр даруй хоёр хүн рүү буюу эхлээд ээж рүүгээ залган, хүүхдүүдээ харж өгөхийг гуйж, дараа нь өөрийн гэрийн багш болох Эдвин Поттэр руу залгав. Хоёр дахь хүн рүү залгаж ярьсан яриа нь ийн үргэлжилсэн юм:

Эдвинийг түүний утасны дугаарыг хараад, “Брэтт ээ, сонин юу байна? гэж хэлэхэд

Брэтт “Чи яг одоо энд хүрч ирэх хэрэгтэй байна” гэж хашгирах шахам хариулжээ.

Брэттийн бодсоноос ч цөөхөн минутын дотор түүний санваарын анд хүрч ирэн, түүний хажууд зогсож байсан бөгөөд хүүхдүүдэд нь туслан, эхнэрийг нь авч явж байсан түргэн тусламжийн тэрэгний араас Хамблин ахыг суулгаад машиныг жолоодон явжээ. Тэнд очоод, Кристинийг анх нүдээ аниснаас хойш 40 ч хүрэхгүй минутын дараа эмч нар түүний нас барсныг албан ёсоор мэдэгдэв.

Брэттийг мэгшин уйлж байх үед Эдвин түүнийг тэвэрч, түүнтэй хамт маш удаан уйлан зогссон. Тэгээд Брэттийг цуглан гашуудаж байсан гэр бүлийнх нь гишүүдтэй хамт үлдээгээд, Эдвин энэ тухай хэлэхээр бишопын гэр рүү давхив. Бишоп нь тэр даруй эмнэлэг рүү, Эдвин харин Хамблины гэр рүү явжээ. Тэнд тэр гэр рүү нь яаран ирсэн эхнэр Чарлоттынхаа хамт ээжийгээ алдсан 3-12 насны таван хүүхэдтэй нь тоглож байв. Тэд оройн хоол хийж өгч, ямар нэг бэлтгэлгүйгээр хөгжмийн тоглолт хийж мөн ор дэрээ засаж унтахад нь туслав.

Брэтт надад хожим нь хэлэхдээ “Энэ болсон явдлын гайхамшигтай зүйл нь намайг утсаар ярингуут түүний ирсэн явдал биш юм. Гэнэтийн асуудал гарахад зөндөө олон хүн туслахад бэлэн байдаг. Энэ явдлын гайхалтай тал нь Эдвин миний санаанд орж ирсэн явдал юм. Эргэн тойронд өөр хүмүүс байсан. Кристины ах, эгч хоёр хоёулаа 5 хүрэхгүй км-ийн зайтай амьдардаг. Манай бишоп маш сайн хүн байдаг. Бүр хамгийн сайн нь шүү. Гэхдээ Эдвин бид хоёрын хооронд байдаг харилцаанаас болж тусламж хэрэгтэй үед би гагцхүү түүн рүү утасдсан. Биднийг Бурхантай илүү ойртоход туслах ах, эгч нарыг хайрлаж, тэдэнд үйлчилж, харилцаа холбоо тогтоон, хоёр дахь зарлигийн дагуу илүү сайн амьдрах сайн бүтэц бүхий арга замыг Сүм бидэнд хангаж өгдөг”11 гэж билээ.

Эдвин энэ явдлын талаар “Ахлагч Холланд, би тэдний гэрийн багш байснаас илүү удаан хугацаагаар Брэтт өөрөө манай гэрийн багш байсан. Тэрхүү хугацааны туршид тэр бидэнд даалгавар биелүүлж байгаа гэхээсээ илүү найзын хувиар зочилдог байсан. Тэр маш сайн жишээ болж, идэвхтэй, сайн санваар атгагч ямар байхыг харуулсаар ирсэн. Миний эхнэр, хөвгүүд түүнийг сарын эцэст захиас өгөх даалгавар авсан хүн гэж үздэггүй. Бид түүнийг гудамжны цаана булан тойроод амьдардаг найз, биднийг адислахын тулд энэ дэлхий дээрх юуг ч хийж чадах нэгэн гэж үздэг. Би өрнийхөө жаахныг ч болов төлж чадсандаа баяртай байна” гэж хэлсэн юм.12

Ах, эгч нар аа, би манай түүхийн туршид ийм арга замаар хайрлаж, итгэлтэйгээр үйлчилж байсан бүх хичээлийн багш, тойргийн болон гэрийн мөн айлчлагч багш нарт та бүхэнтэйгээ хамт талархаж байна. Эрэгтэй, эмэгтэй хүн бүр мөн манай залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн томууд нь энэ Ерөнхий чуулганаас явахдаа нэг нэгнээ халамжлахаар чин сэтгэлээсээ баттай шийдэж, Христийн цэвэр хайраар ийн үйлдэх урам аваасай хэмээн бид залбирч байна. Бид өөрсдийгөө зарим зүйлд хангалтгүй гэж бодож болох ч, бидэнд бүгдэд нь бэрхшээл байж болох ч бид мөр зэрэгцэн хөдөлмөрлөж, усан үзмийн талбайн Эзэнд13 тусламжийн гараа сунгахаар шийдэн үйлчлэх болтугай. Бид залбирлуудад хариу болж, тайтгарал өгч, хүмүүсийн нулимсыг арчиж мөн сул дорой өвдөгнүүдийг хүчирхэгжүүлснээр Бурхан Эцэгийнхээ асар их ажилд нь тус нэмэр болох болтугай. 14 Бид ийн үйлдсэнээр, өөрсдийн ямар байвал зохих тийм л Христийн жинхэнэ шавь болоход нэг алхам ойртох болно. Христийн амилсны баярын энэ ням гаргийн өглөө Тэрээр биднийг хэрхэн хайрласны адил бид нэг нэгнээ хайрлах болтугай 15 хэмээн би Есүс Христийн нэрээр залбирч байна, aмен.