2010–2019
Бошиглогчид Ариун Сүнсний хүчээр ярьдаг
2018 оны 4-р сар


Бошиглогчид Ариун Сүнсний хүчээр ярьдаг

Бошиглогчдыг өгч байгаа нь Бурханы Өөрийн хүүхдүүдийг хайрлах хайрын тэмдэг юм. Тэд Бурханы болон Есүс Христийн амлалт, үнэн шинж чанарыг мэдүүлдэг.

Хайрт ах, эгч нар аа, өчигдөр та нар намайг байгаа байгаа газраасаа дэмжин баталсанд би чин сэтгэлээсээ гүнээ талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Би Мосегийн адил уран үггүй, хэл яриа муутай гэж өөрийгөө мэдэрч байгаа ч Их Эзэний түүнд өгсөн дараах үгсээс тайтгарлыг олж байна.

“Хэн хүний амыг бүтээсэн бэ? Хэн хүнийг хэлгүй, эсвэл дүлий, хараатай, эсвэл сохор болгодог вэ? Эзэн Би биш гэж үү?

Тиймээс одоо яв! Би Өөрөө чиний амтай хамт байж, чиний юу хэлэхийг чамд заана” (Египетээс гарсан нь 4:11–12; мөн 10-р шүлгийг үзнэ үү).

Би түүнчлэн хайрт эхнэрийнхээ хайр, дэмжлэгээс тайвшрал олж байна. Тэр надад төдийгүй гэр бүлдээ сайн сайхны болон хайрын мөн Их Эзэнд бүхнээ зориулагчийн жишээг үзүүлсээр ирсэн. Би эхнэрээ бүхий л зүрх сэтгэлээрээ хайрладаг бөгөөд бидэнд үзүүлсэн эерэг нөлөөнд нь талархаж байдаг.

Ах, эгч нар аа, би ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсонийг дэлхий дээрх Бурханы бошиглогч гэдгийг та нарт гэрчлэхийг хүсэж байна. Би түүн шиг найрсаг бөгөөд хайраа үзүүлдэг хүнийг хэзээ ч харж байгаагүй. Би энэ ариун дуудлагыг гүйцэтгэх чадвартаа эргэлзэж байгаа ч энэ дуудлагыг өгөхдөө надад хандан хэлсэн үгс, харсан зөөлөн харц нь намайг Аврагчийн хайраар тэврэн авах мэт санагдсан. Ерөнхийлөгч Нэлсон, танд баярлалаа. Би таныг дэмжиж, хайрладаг.

Дэлхий дээр амьдарч байгаа энэ цаг үед бидэнд Их Эзэний хүслийг мэдэж мөн дагахыг эрэлхийлдэг бошиглогч, үзмэрч, илчлэгчид байгаа нь адислал биш гэж үү? Бид амьдралд бэрхшээлтэй тулгардаг ч энэ дэлхий дээр ганцаараа биш гэдгээ мэдсэнээр тайтгардаг. Бошиглогчдыг өгч байгаа нь Бурханы Өөрийн хүүхдүүдийг хайрлах хайрын тэмдэг юм. Тэд Бурханы болон Есүс Христийн амлалт, үнэн шинж чанарыг Тэдний хүмүүст мэдүүлдэг. Би үүнийг хувийн туршлагаараа олж мэдсэн.

Арван найман жилийн өмнө, тухайн үед Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх байсан ерөнхийлөгч Жэймс Э.Фауст эхнэр бид хоёртой утсаар ярьсан юм. Тэрээр биднийг Португальд номлолын ерөнхийлөгч болон ерөнхийлөгчийн хамтрагчаар үйлчлүүлэхээр дуудсан бөгөөд бидэнд уг номлол эхэлтэл ердөө сар хагасын хугацаа байгааг хэлсэн. Бид бэлтгэлгүй мөн өөрсдийн чадварт эргэлзэж байсан ч уг дуудлагыг хүлээн авсан. Тэр үед бид уг нутагт үйлчлэхэд шаардлагатай визийг авах тухайд хамгийн их санаа зовж байв. Яагаад гэвэл, урьд нь виз авахад 6-8 сар шаардагдаж байсныг бид мэдэж байсан юм.

Тэгэхэд ерөнхийлөгч Фауст Их Эзэн гайхамшгийг үйлдэж, бидний визний асуудлыг илүү хурдан шийдвэрлэх боломжийг олгоно гэсэн итгэл бидэнд байгаа эсэхийг асуув. Бид даруй “тийм” гэж хариулсан бөгөөд тэр даруй бэлтгэж эхэлсэн юм. Бид виз авахад шаардлагатай бичиг баримтуудыг аль болох хурдан бэлтгэн, гурван жаахан хүүхдээ аваад элчингийн газар руу явж билээ. Тэнд маш найрсаг эмэгтэй бидэнтэй уулзсан. Тэр бидний бичиг баримтыг шалган, бидний Португальд юу хийх гэж байгааг олж мэдээд, бидэн рүү эргэж харан “Та нар манай нутгийн хүмүүст үнэхээр туслах гэж байгаа юу?” гэж асуув. Бид баттайгаар “тийм” гэж хариулаад, Есүс Христийг төлөөлж, Түүнийг болон Түүний дэлхий дээрх тэнгэрлэг зорилгыг гэрчлэх гэж байгаагаа тайлбарлаж билээ. Бид дөрвөн долоо хоногийн дараа буцаж очин, визээ авсан бөгөөд Их Эзэний бошиглогчийн хүссэний дагуу сар хагасын дотор номлолынхоо талбарт очиж чадсан юм.

Ах, эгч нар аа, бошиглогчид Ариун Сүнсний хүчээр ярьдаг гэдгийг би чин сэтгэлийнхээ гүнээс гэрчилж байна. Тэд Христийг мөн дэлхий дээрх Түүний тэнгэрлэг зорилгыг гэрчилдэг. Тэд Их Эзэний оюун ухаан, зүрх сэтгэлийг төлөөлдөг бөгөөд Түүнийг төлөөлөхөөр дуудагдаж, Бурханы болон Түүний Хүү Есүс Христийн дэргэд амьдрахаар буцаж очихын тулд юу хийх ёстойг бидэнд заадаг. Бид итгэлээ хөгжүүлэн, тэдний зааврыг дагаснаар адислагддаг. Тэднийг дагаснаар бидний амьдрал илүү аз жаргалтай, түвэг багатай, бэрхшээл асуудлууд маань туулахад амар хялбар болж, энэ өдрүүдэд бидэн рүү довтлох дайсны дайралтуудаас хамгаалах сүнслэг хуяг дуулгыг бий болгодог.

Энэхүү Христийн амилсны баярын өдөр Есүс Христ амилсан бөгөөд Тэр амьд, дэлхий дээрх Сүмээ бошиглогч, үзмэрч, илчлэгчдээрээ дамжуулан удирддаг гэдгийг би чанд гэрчилж байна. Тэр бол дэлхийн Аврагч, Гэтэлгэгч бөгөөд Түүгээр дамжуулан бид аврагдаж, хайрт Бурханыхаа дэргэд байхаар өргөмжлөгдөж чадна гэдгийг би гэрчилж байна. Би Түүнийг хайрлаж, дээдлэн хүндэлдэг. Би Түүнийг даган, хүслийнх нь дагуу үйлдэж, Түүнтэй илүү адил болохыг хүсэж байна. Би энэ бүхнийг Их Эзэн, Есүс Христийнхээ ариун нэрээр даруухнаар хэллээ, амен.