2010–2019
Бошиглогчийн зүрх сэтгэл
2018 оны 4-р сар


Бошиглогчийн зүрх сэтгэл

Бид Их Эзэний Өөрийнх нь ажил тэнгэрлэгээр өгөгдсөн арга замаар гүйцэлдэж мөн Их Эзэний төлөөлөгч, Бурханы бошиглогч зөв газартаа байгаад баярлаж болно.

Тэнгэрлэг үйл явдлаар дүүрэн энэхүү өдөр Ариун Сүнс бидний хүн бүхэнтэй хамт байгаасай хэмээн би хичээнгүйлэн залбирч байна. Бид онцгой ариун хуралдайгаар энэ эрин үеийн 17 дахь бошиглогчийн дэмжигдэн батлагдаж байгааг хамтдаа гэрчилсэн маань хамгийн ихээр сэтгэл хөдөлгөлөө.

Өнөөдөр намайг Их Эзэнийг надаар юуг хэлүүлэх гэж буйг нь мэдэхээр удирдамж эрэлхийлэх үед оюун санаа минь шинээр дуудагдсан Тэргүүн Зөвлөлтэй хийсэн саяхны ярилцлага руу чиглүүлэгдсэн юм. Энэ ярилцлагын үеэр нэг зөвлөх нь “Сүмийн гишүүд маань манай шинэ бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоний дуудлага болон Ерөнхий чуулганы онцгой ариун хуралдай ямар их чухал ач холбогдолтой, ариун нандин зүйл болохыг ухаарна гэдэгт найдаж байна” хэмээн хэлсэн юм. Тэрээр цааш нь, “Арван жил өнгөрчээ. Сүмийн олон хүн, тэр тусмаа өсвөр үеийнхэн ийм зүйлийг өмнө нь харж байгаагүй байх эсвэл бүр санах ч үгүй байгаа” гэв.

Зураг
Ерөнхийлөгч Дэвид О.Маккэй

Энэ нь надад өмнөх туршлагыг маань сануулсан юм. Миний санаж байгаа анхны бошиглогч бол ерөнхийлөгч Дэвид О.Маккэй билээ. Би түүнийг таалал төгсөх үед 14 настай байсан. Түүнийг таалал төгсөх үед төрж байсан мэдрэмжийг, ээжийнхээ уйлж байсныг болон гэр бүлийнхнийхээ мэдэрч байсан уй гашууг би санаж байна. “Ерөнхийлөгч Дэвид О.Маккэйг адислаач” гэсэн үгс түүнийг нас барсны дараа ч гэсэн залбирах тоолонд амнаас минь өөрийн эрхгүй гарч, бүр амны уншлага болсон байлаа. Дараа дараагийн залгамж халаа бошиглогчдын талаар өмнөх бошиглогчидтой адил итгэл үнэмшил, мэдрэмж зүрх сэтгэл, оюун санаанд минь төрөх эсэх талаар би гайхаж билээ. Гэхдээ эцэг эхчүүд өөрсдийн хүүхэд бүрд хайртай байдгийн адил би ерөнхийлөгч Дэвид О.Маккэйн дараагийн ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит болон түүнээс хойших Харолд Б.Лий, Спэнсэр В.Кимбалл, Эзра Тафт Бэнсон, Ховард В.Хантэр, Гордон Б.Хинкли, Томас С.Монсон төдийгүй өнөөдрийн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон зэрэг бошиглогч бүрийн талаар гэрчлэлтэй болж, тэднийг гэсэн хайр, тэдэнтэй холбогдох холбоосыг олсон. Би бошиглогч бүрийг чин сэтгэлээсээ гараа өргөн, зүрх сэтгэлдээ баяр хөөртэйгөөр дэмжсэн.

Хайртай бошиглогчдоо таалал төгссөний дараа уй гашуу, гарз хохирлыг мэдрэх нь хэвийн зүйл. Гэвч дэлхий дээр амьд бошиглогчийг дуудан, дэмжин батлах Сэргээлтийн агуу адислалыг мэдэрснээр бидний гуниг зовлон баяр баясгалан, итгэл найдвараар солигддог.

Тиймээс, би өнгөрсөн 90 хоногийн турш харж ажигласан энэхүү тэнгэрлэг үйл явцын талаар та бүхэнтэй хуваалцъя. Би эдгээрийг дөрвөн хэсэгт хуваан тайлбарлана. Нэгдүгээрт, бошиглогч маань таалал төгсөж, Тэргүүн Зөвлөл татан буугдсан тухай; хоёрдугаарт, шинэ Тэргүүн Зөвлөлийг дахин зохион байгуулах хүртэлх хүлээлтийн хугацаа; гуравдугаарт, шинэ бошиглогчийг дуудах тухай; дөрөвдүгээрт, ариун хуралдайгаар шинэ бошиглогчийг болон Тэргүүн Зөвлөлийг дэмжин батлах тухай юм.

Бошиглогч таалал төгсөв

Зураг
Ерөнхийлөгч Томас С.Монсоны оршуулгын ёслол
Зураг
Ерөнхийлөгч Томас С.Монсон

2018 оны 1-р сарын 2-нд бидний хайрт бошиглогч Томас С.Монсон хөшигний цаад талд гарсан билээ. Тэрээр бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно. Ерөнхийлөгч Монсонг таалал төгсөх үед ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн хэлсэн “Түүний амьдралын хамгийн гол шинж чанар нь ядуу болон өвдсөн зовсон хүмүүст, бүр бүх дэлхийн хүн бүрд яг л Аврагч шиг хүрч санаа тавих явдал байсан юм”1 гэсэн үгс бидний мэдрэмжийг төгс илэрхийлж байна.

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл

“Тэнгэрийн хаяа руу нэг од харвахад, нөгөө нь тодрон гарч ирдэг шиг үхэл, амьдрал хоёр ээлжлэн байдаг.

Их Эзэний ажил дундаршгүй. Бүр хүчирхэг удирдагчийг нас барахад ч Сүм удирдлагагүйгээр нэг ч хором болдоггүй бөгөөд хаант улсаа тасралтгүй, залгамж холбоо бүхий байлгадаг найрсаг Бурхандаа талархъя. Энэ эрин үеэс өмнө хүмүүс нэгэнт өнгөрсөн хэмээн … хүндэтгэлтэйгээр булшийг хааж, нулимсаа арчин, ирээдүй өөд хардаг байлаа”2 хэмээн тайлбарлажээ.

Төлөөлөгчийн үе

Бошиглогчийг нас барсны дараа Тэргүүн Зөвлөлийг дахин зохион байгуулах хүртэлх хугацааг “төлөөлөгчийн үе” гэж хэлж байгаа юм. Энэ хугацаанд чуулгын ерөнхийлөгчийн удирдлаган доор Арван хоёрын Чуулгын төлөөлөгчид Сүмийн удирдлагыг гартаа авах түлхүүрүүдийг хамтдаа атгадаг. Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит “Сүмд үргэлж тэргүүлэгч байх ба хэрэв үхэл эсвэл өөр бусад шалтгаанаар Сүмийн ерөнхийлөгчийн зөвлөл үгүй болбол ерөнхийлөгчийн зөвлөл дахин зохион байгуулагдах хүртэл арван хоёр төлөөлөгч Сүмийн дараагийн тэргүүлэгч болдог” гэж заасан.3

Зураг
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга

Хамгийн сүүлд тохиосон энэ үе ерөнхийлөгч Монсоны таалал төгссөн 1-р сарын 2-ны өдрөөс эхэлж, 12 өдөр үргэлжлээд, 1-р сарын 14-ний өдөр дууссан. Тэрхүү Хүндэтгэлийн өдөр Арван хоёрын Чуулгын ерөнхийлөгч, ахмад төлөөлөгч ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоний тэргүүлэх удирдлаган доор Арван хоёрын Чуулга залбирал, мацаг барилтын сүнстэйгээр Солт Лэйкийн ариун сүмийн дээд давхрын өрөөнд уулзсан юм.

Шинэ бошиглогчийг дуудав

Энэхүү ариун бөгөөд мартагдашгүй уулзалтаар хагас тойрог хэлбэртэй байрлуулсан 13 сандал дээр төлөөлөгчөөр үйлчилсэн хугацааны эрэмбээр дараалан сууж, тогтсон хэв маяг, нэгдмэл санаа, зохион байгуулалттай дэг жаягийн дагуу ах нар бүгд гараа өргөж, эхлээд Тэргүүн Зөвлөлийн зохион байгуулалтыг дэмжиж, дараа нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгчөөр ерөнхийлөгч Рассэлл Марион Нэлсонийг дэмжин батлав. Ийнхүү дэмжин баталсны дараа Арван хоёрын Чуулга ерөнхийлөгч Нэлсонийг томилж, онцгойлон адислахын тулд түүнийг тойрон зогсоод, толгой дээр нь гараа тавьж, хамгийн ахмад төлөөлөгч нь үг хэлсэн юм.

Тэгээд ерөнхийлөгч Нэлсон өөрийн зөвлөхүүдээр ерөнхийлөгч Даллин Харрис Өүкс, ерөнхийлөгч Хэнри Бэннион Айрингийг тус тус нэрлэсэн бөгөөд Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгчөөр ерөнхийлөгч Өүксийг, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр Мэлвин Рассэлл Баллард нарыг нэрлэсэн. Мөн үүнтэй адилаар, ерөнхийлөгч Нэлсон дэмжин батлах саналын дараа эдгээр ах бүрийг өөрсдийнх нь албан тушаалд онцгойлон адислав. Энэ бол үнэхээр ариун нандин, Сүнсээр бялхсан баярт үйл явдал байлаа. Бидний байнга гуйн залбирдаг Их Эзэний маань хүслийг тэрхүү өдрийн үйл явдал, үйл ажиллагаа тод томруун харуулж байсан гэдгийг би онцгойлон та бүхэнд гэрчилж байна.

Зураг
Тэргүүн Зөвлөл

Ерөнхийлөгч Нэлсонийг томилж, Тэргүүн Зөвлөлийг дахин зохион байгуулснаар төлөөлөгчдийн үе өндөрлөж, гайхалтайгаар шинээр томилогдсон Тэргүүн Зөвлөл газар дэлхий дээрх Их Эзэний хаант улсыг удирдах ажлыг нэг ч хором саатуулалгүй эхлүүлсэн юм.

Онцгой ариун хуралдай

Энэ өглөө уг тэнгэрлэг үйл явц “Учир нь сүмд бүх зүйлс эмх цэгцэд, мөн нийтийн дэмжлэгээр, итгэлийн залбирлаар хийгддэг байх ёстой”4 гэсэн Сургаал ба Гэрээнд гардаг судрын хэсэгтэй нэг шугаманд очиж, “гурван тэргүүлэгч дээд санваартан, … Сүмийн ерөнхийлөгчийн зөвлөлийг бүрдүүлэн итгэл, үнэмшил, Сүмийн залбирлаар дэмжигдсэн юм.”5

Ахлагч Дэвид Б.Хэйт урьд өмнө болж өнгөрсөн, өнөөдрийн бидний оролцсонтой адил үйл явдлын талаар дараах зүйлийг хэлжээ.

“Бид тэнгэрлэг зүйлс дээр тулгуурлан үйлдэх онцгой ариун хуралдай бүхий хамгийн ариун нандин үйл явдалд оролцож, гэрч болдог. Хуучин цагт байсан шиг, дэлхий даяарх гэгээнтнүүд Их Эзэний Сүнсийг бялхтал ихээр хүлээн авахын тулд маш их залбирч, мацаг барьж байгаа нь … энэ өглөөний энэхүү үйл явдлаас тод томруун харагдлаа.

Нэрнээс нь харахад л онцгой ариун хуралдай бол Тэргүүн Зөвлөлийн удирдлагаар гэгээнтнүүдийн цугларч үйлддэг ариун нандин, амар тайван, хүндэтгэлтэй үйл явдал билээ.”6

Ах, эгч нар аа, бид Их Эзэний Өөрийнх нь ажил тэнгэрлэгээр өгөгдсөн арга замаар хийгдэж мөн Их Эзэний маань төлөөлөгч, Бурханы бошиглогч зөв газартаа байгаад баярлаж, бүр “Хосанна!” хэмээн хашгирч болно.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Тэнгэрлэгээр томилох энэхүү үйл явц тэнгэрлэгээр дуудагдсан өөр нэгэн бошиглогч руу хөтөлж байна. Ерөнхийлөгч Монсон энэ газар дэлхий дээр амьдарч байсан хамгийн гайхамшигтай хүмүүсийн нэг байсан шиг ерөнхийлөгч Нэлсон ч мөн яг адил юм. Тэрээр биднийг өнөөдрийн энэ шийдвэрлэх цаг үед удирдахаар Их Эзэнээр онцгойлон сургагдаж, төгс бэлтгэгдсэн. Энэ эцсийн эрин үед Сүмийн 17 дахь ерөнхийлөгч, бидний хайртай, бүхнээ зориулагч, бошиглогч, эрхэм ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бидэнд байгаа нь ямар гайхалтай адислал вэ.

Зураг
Ахлагч Рассэлл М.Нэлсон

Ерөнхийлөгч Нэлсон бол үнэхээр гайхамшигтай хүн. Түүнийг Арван хоёрын Чуулгын ерөнхийлөгч байхад түүнтэй мөр зэрэгцэн бараг 2 жил гаруй хамт үйлчлэх онцгой боломж надад тохиосон. Би түүнтэй хамт аялж байхдаа түүний эрч хүчийг гайхдаг байсан. Хэн нэгэн түүнтэй зэрэгцье гэвэл тун хурдан шаламгай хөдлөх хэрэгтэй. Тэрээр амьдралынхаа турш нийтдээ 133 улсад очиж байсан ба

хөгшин, залуу бүхий л хүмүүстэй уулзсан. Тэр бараг хүн бүрийг мэддэг төдийгүй ялангуяа хүний нэрийг тогтоох онцгой авьяастай мэт санагддаг. Түүнийг мэддэг хүн бүхэн өөрсдийгөө түүний дуртай хүн гэдгийг мэдэрдэг. Тэрээр хүн бүрийг хайрлаж, халамжилдаг учраас бидэнд ч бас тэгж мэдрэгддэг.

Хэдийгээр би ерөнхийлөгч Нэлсонтэй шашны ажил үүргээрээ холбоотой байсан ч гэсэн ерөнхийлөгч Нэлсонийг ерөнхий эрх мэдэлтнээр дуудагдахаас өмнө хийж байсан ажил мэргэжлийн талаар мөн мэддэг. Ерөнхийлөгч Нэлсон бол дэлхийд алдартай зүрхний мэс засалч бөгөөд эмчээр ажиллаж байсан эхэн үедээ зүрх-уушгины аппаратыг анх санаачилж байсан гэдгийг нь та бүхэн мэдэх байх. Тэр 1951 онд хүн төрөлхтөн дээр зүрхний анхны нээлттэй хагалгааг зүрх-уушгины тойрог үүсгэх техникийг ашиглан хийсэн судалгааны багт ажиллаж байсан. Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллыг бошиглогч болохоос өмнөхөн ерөнхийлөгч Нэлсон түүнд зүрхний мэс заслыг хийсэн юм.

Зураг
Мэс засалч ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Сонирхолтой нь, түүний хүний зүрхний үйл ажиллагааг сайжруулах, эмчлэх талаарх анагаахын шинжлэх ухааны мэргэжлийн ажил 34 жилийн өмнө Арван хоёрт дуудагдах үед өндөрлөсөн хэдий ч төлөөлөгчийн хувьд бүх амьдралынхаа туршид дэлхий даяар олон арван мянган, тоо томшгүй хүний зүрх сэтгэлийг эмчилж, хүчирхэгжүүлэх Сүмийн тохинууллын ажлыг өөрийнхөө үг, үйлдэл, мэргэн ухаан, үйлчлэл, хайраар гүйцэтгэх ажил нь эхэлсэн юм.

Зураг
Мэс засалч ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон
Зураг
Ерөнхийлөгч Нэлсон гишүүдтэй мэндчилж байгаа нь
Зураг
Ерөнхийлөгч Нэлсон ач хүүтэйгээ

Христийнхтэй адил зүрх сэтгэл

Би өдөр болгон дотроо Христийнхтэй адил зүрх сэтгэлийг төсөөлөх бүрдээ түүнийг олж хардаг. Би ерөнхийлөгч Нэлсонээс илүү энэ шинж чанарыг харуулж чадах хүнтэй урьд өмнө уулзаж байгаагүй. Энэ албан тушаалд байж, ерөнхийлөгч Нэлсоний Христийнхтэй адил зүрх сэтгэлийг ажиглан харах нь надад гайхалтай сургамж болж байгаа.

2015 оны 10-р сард Арван хоёрт дуудагдсаны дараах хэдэн долоо хоногт Ерөнхийлөгч Нэлсоний өмнө нь хийж байсан ажил мэргэжлийн талаар мэдэж авах боломж надад тохиож билээ. Би ерөнхийлөгч Нэлсоний зүрх судасны мэс заслын салбарын анхдагчийн шагнал гардан авах үйл ажиллагаанд уригдан оролцсон юм. Намайг танхимд орж ирэхэд ерөнхийлөгч Нэлсоний эмч, мэс засалчийн хувьд олон жилийн турш хийсэн ажлыг үнэлж, хүндлэхээр мэргэжлийн салбарынх нь олон хүн ирсэн байхыг хараад би гайхсан.

Тэр орой мэргэжлийн салбарынхан олноороо босож, ерөнхийлөгч Нэлсоний анагаахын шинжлэх ухаанд оруулсан онцгой хувь нэмрийг өндрөөр үнэлж, хүндэлж байгаагаа илэрхийлж байв. Ярьж байсан хүмүүс бүгд л ерөнхийлөгч Нэлсоний сэтгэл хөдлөм олон төрлийн амжилтыг шагшин ярьж байсан ч миний хажууд сууж байсан хүний яриа намайг бүр их гайхшируулж билээ. Тэр намайг хэн гэдгийг мэдэхгүй байсан ч ерөнхийлөгч Нэлсонийг буюу Нэлсон эмчийг 1955 онд анагаахын сургуулийн зүрх судасны мэс заслын хөтөлбөрийн захирал байсан гэдгээр нь мэдэж байв.

Тэр хүн ерөнхийлөгч Нэлсоний шавь байсан бөгөөд олон дурсамжаасаа хуваалцсан. Түүний хэлсэн зүйлсээс хамгийн сонирхолтой нь ерөнхийлөгч Нэлсон заах арга барилаараа алдартай нэгэн байсан явдал байв. Тэрээр мэс заслын ангийн оюутнуудын ихэнх хичээл хагалгааны өрөөнд болдог байсан гэдгийг тайлбарласан бөгөөд лабораторийн ангид оюутнууд багшийн хяналтан доор хагалгаа хийж байгааг хөндлөнгөөс ажиглан харж мөн хагалгааг гүйцэтгэдэг байв. Зарим нэг мэс заслын багшийн удирдаж буй хагалгааны өрөөний уур амьсгал эмх замбараагүй, өрсөлдөөнтэй, дарамт ихтэй, бүр хэт хувиа хичээсэн байдаг талаар тэр хуваалцсан. Тэр үүнийг хүнд хэцүү уур амьсгалтай, заримдаа бүр доромжлол мэт байдаг байсан гэж дүрсэлсэн. Олон тохиолдолд мэс засалч оюутнууд өөрсдийнх нь ажил мэргэжил хаашаа эргэхийг тэр үед мэдэрдэг байв.

Тэгээд тэр ерөнхийлөгч Нэлсоний хагалгааны өрөө онцгой уур амьсгалтай байдаг талаар тайлбарлаж өглөө. Түүний өрөө нам тайван, амар амгалан, сахилга баттай байдаг байсан бөгөөд оюутнууд маш их хүндлэлийг мэдэрдэг байв. Гэсэн хэдий ч хийх аргачлалыг дагах тухайд Нэлсон эмч оюутан бүрээсээ хамгийн өндөр гүйцэтгэлийн жишгийг шаарддаг байлаа. Энэ хүн цааш үргэлжлүүлэн, Нэлсон эмчийн хагалгааны өрөөнөөс хэрхэн эмчилгээний хамгийн өндөр үр дүн, хамгийн шилдэг мэс засалч гарч ирдэг байсан талаар ярьсан юм.

Энэ нь намайг огтхон ч гайхшируулаагүй. Энэ бол миний Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгад ороод анх ажигласан мөн надад үнэхээр адислал болсон зүйл юм. Надад яг л түүний “сургалтад оролцож байгаа нэг оюутан” нь юм шиг санагддаг.

Ерөнхийлөгч Нэлсон бусдад заах болон эерэг, хүндэтгэлтэй, урам өгөхүйц арга замаар бусдын алдааг засаж залруулдаг ер бусын арга барилтай. Тэр бид бүгдэд Христийнхтэй адил зүрх сэтгэлийн төгс үлгэр жишээг үзүүлсэн юм. Ямар ч нөхцөл байдалд орсон бай, бидний зүрх сэтгэл, биеэ авч яваа байдал Есүс Христийн сайн мэдээний зарчмуудтай нийцэж болно гэдгийг бид түүнээс хардаг.

Бидэнд одоо бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсонийг дэмжин батлах агуу адислал байна. Тэрээр бүхий л амьдралынхаа туршид оюутан, эцэг, профессор, нөхөр, эмч, санваарын удирдагч, өвөө, төлөөлөгч гээд олон үүргээ эрхэмлэн биелүүлсээр ирсэн. Тэрээр бошиглогчийн зүрх сэтгэлээр эдгээр үүргээ биелүүлсэн бөгөөд биелүүлсээр ч байх болно.

Ах, эгч нар аа, өнөөдөр бидний гэрчилж, оролцсон энэ онцгой ариун хуралдай нь ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бол бүх хүн төрөлхтний төлөө ярих Их Эзэний амьд төлөөлөгч гэдэг гэрчлэлийг надад авчирлаа. Би мөн Бурхан Эцэг, Есүс Христийн талаар болон Түүний Аврагч, Гэтэлгэгчийн үүргийн талаар гэрчлэлээ нэмж байна. Есүс Христийн нэрээр, амен.