2010–2019
Аароны санваартан бүр юуг ойлговол зохих вэ?
2018 оны 4-р сар


Аароны санваартан бүр юуг ойлговол зохих вэ?

Таны Аароны санваарын томилгоо нь Бурханы хүүхдүүдэд Христийн цагаатгагч хүчийг хүлээн авахад туслах маш чухал үүрэг гүйцэтгэдэг.

Ах нар аа, энэ түүхэн чуулганаар та нартай хамт байх онцгой боломж олдсонд би баярлаж байна. Би номлолын шинэхэн ерөнхийлөгч байхдаа анхны шинэ номлогчдын бүлгээ хүлээж авахдаа маш их баяртай байлаа. Манай арай илүү туршлагатай цөөн хэдэн номлогч тэдэнтэй богинохон уулзалт хийхээр бэлтгэж байхдаа хүүхдийн сандлуудыг хагас дугуйруулан зассан байхыг би ажиглав.

“Жижиг сандлуудаар яах гэж байгаа билээ?” гэж би асуулаа.

Номлогчид зориг муутайхан, “Шинэ номлогчдыг суулгах гэсэн юм” гэж хариулж билээ.

Бидний бусдыг хэрхэн хардаг байдал тэдний өөрсдийнхөө хэн болох мөн хэн болж чадах талаарх үзэлд ихээхэн нөлөөлдөг гэдэгт би итгэдэг.1 Гэхдээ манай шинэ номлогчид тэр өдөр том сандал дээр суусан.

Заримдаа бид Аароны санваартан залуу эрэгтэйчүүддээ Бурханы даалгасан ариун нандин үүрэг хариуцлага, амин чухал ажлыг олж харахад нь туслахын оронд, тэднийг хүүхдийн сандал дээр суулгаад байна уу даа гэхээс би эмээдэг.

Ерөнхийлөгч Томас С.Монсон залуу эрэгтэйчүүдийн “Бурханы санваартан байх …гэдэг нь юу гэсэн утгатай” үг болохыг ойлгож, “өөрсдийнх нь томилогдсон дуудлага ямар ариун нандин болохыг сүнслэгээр ухамсарлахад нь тэднийг зааж чиглүүлэх хэрэгтэй”2 хэмээн бидэнд зөвлөсөн.

Өнөөдөр Ариун Сүнс биднийг Аароны санваарын хүч болон үүний ариун нандин байдлын талаар илүү сайн ойлголт олж авахад чиглүүлж, санваарын үүрэгтээ анхаарлаа улам бүр хичээнгүйлэн төвлөрүүлэхэд сүнслэгээр нөлөөлөөсэй хэмээн би залбирч байна. Би захиасаа Аароны болон Мелкизедик бүх санваар атгагчид хандан өгч байна.

Ахлагч Дэйл Г.Рэнланд санваарын зорилго бол Бурханы хүүхдүүдэд Есүс Христийн цагаатгагч хүчээс хүртэх боломж олгох явдал хэмээн заасан.3 Бид Христийн цагаатгагч хүчийг амьдралдаа хүлээн авахын тулд Түүнд итгэж, гэм нүглээ наманчилж мөн ариун нандин ёслолоор дамжуулан гэрээ байгуулж, сахиснаар Ариун Сүнсийг хүлээн авах ёстой билээ.4 Эдгээр нь бидний зөвхөн ганцхан удаа оролцоод больчихдог зүйл биш, харин “Христэд [ирж], мөн түүгээр [төгөлдөржихийн]” төлөө өөдөө хөгжин дэвших үргэлжлэн явагддаг үйл явцад бие биенээ дэмжиж, тулгуурлах замаар хамтарч ажилладаг зарчмууд юм.5

Тэгэхээр үүнд Аароны санваар ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Энэ нь Христийн цагаатгагч хүчээс хүртэхэд бидэнд хэрхэн тусалдаг вэ? Үүний хариулт Аароны санваарын түлхүүрүүд болох тэнгэр элчүүдийн тохинууллын хийгээд бэлтгэл сайн мэдээний түлхүүрүүдэд байдаг гэж би бодож байна.6

Тэнгэр элчүүдийн тохинуулал

Би эхлээд тэнгэр элчүүдийн тохинууллын нэг онцлог шинжийн талаар яримаар байна.Бурханы хүүхдүүд Есүс Христэд итгэлтэй болохоосоо өмнө Түүнийг таньж мэдэн, Түүний сайн мэдээг заалгасан байх хэрэгтэй. Төлөөлөгч Паулын хэлснээр

“Түүнийг сонсоогүй тэд яаж Түүнд итгэх вэ? Тэд номлогчгүйгээр яаж сонсох вэ?

“Илгээгдэхээс нааш тэд яаж номлох вэ? …

“Тиймээс итгэл нь сонсохоос, сонсох нь Христийн үгээр ирдэг.”7

Цагийн эхлэлээс Бурхан “хүмүүний үрсэд тохинуулуулахаар, Христийн ирэлтийн талаар … мэдүүлэхээр тэнгэр элчүүдийг илгээсэн болой.”8 Тэнгэр элчүүд бол Бурханы захиасыг түгээдэг биес юм.9 Еврей болон грек хэлнээ тэнгэр элч гэдэг үгийн үндэс нь “түгээгч, зарлага элч” гэсэн үг байдаг.10

Эрх мэдэл бүхий зарлагууд болох тэнгэр элчүүд Бурханы үгийг тунхаглаж, итгэлийг хөгжүүлэхээр Бурханаар илгээгддэгтэй адил Аароны санваартан бид “зааж, мөн Христэд ирэхэд бүхнийг [урихаар]”11 томилогдсон байдаг. Сайн мэдээг номлох нь санваарын үүрэг юм. Энэ үүрэгтэй холбоотой хүчийг зөвхөн бошиглогчдод эсвэл номлогчдод ч өгдөггүй. Үүнийг та нарт өгсөн!12

Тиймээс, бид хэрхэн энэ хүчийг авч болох вэ? 12 настай дикон эсвэл бидний хэн нэгэн Христэд итгэх итгэлийг Бурханы хүүхдүүдийн зүрх сэтгэлд хэрхэн авчирч чадах вэ?Бид эхлээд Түүний үгийг эрхэмлэснээр үгийн хүчийг өөрсдийн дотор байлгана.13 Хэрэв бид ийнхүү хийх юм бол “хүнийг итгүүлэх Бурханы хүч” 14 бидэнд байх болно гэж Тэр амласан. Энэ нь чуулгын хурал цуглаан дээр заах юм уу гишүүний гэрт очих боломж ч байж магадгүй. Энэ нь бас албан бус хүрээнд буюу найз эсвэл гэр бүлийн гишүүнтэйгээ ярилцах боломж ч байж болно. Эдгээрийн аль нь ч байлаа гэсэн хэрэв бид бэлтгэлтэй байх юм бол бид сайн мэдээг тэнгэр элчүүдийн адил Ариун Сүнсний хүчээр зааж чадна.15

Зураг
Иаков ба Хөүмс ах

Би саяхан Папуа Нью Гвиней дэх нэгэн Аароны санваартан Иаковыг Мормоны Номын хүчийн талаар болон энэ нь хэрхэн хилэнцийг эсэргүүцэж, Сүнсийг дагахад нь тусалсан тухай гэрчлэхийг сонссон. Түүнийг үг миний болон бусдын итгэлийг өсгөсөн юм. Аароны санваартнууд өөрсдийн чуулгын цуглаанд зааж, гэрчилж байгааг сонссоноор миний итгэл мөн адил өсөн нэмэгдсэн.

Залуу эрэгтэйчүүд ээ, та нар бол эрх мэдэлтэй зарлагууд юм. Та нар үг, үйлдлээрээ Христэд итгэх итгэлийг Бурханы хүүхдүүдийн зүрх сэтгэлд авчирч чадна.16 Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлснээр “Тэдний хувьд та тохинуулагч тэнгэр элч байх болно.”17

Бэлтгэл сайн мэдээ

Христэд итгэх итгэл өсөн нэмэгдэх нь өөрчлөх, наманчлах хүсэл эрмэлзэлтэй болоход үргэлж хөтөлдөг.18Тиймээс тэнгэр элчүүдийн тохинууллын түлхүүрийг яагаад “наманчлалын хийгээд баптисмын, мөн нүглүүдийн ангижралын сайн мэдээ”19 болох бэлтгэл сайн мэдээний түлхүүр дагалддаг нь ойлгомжтой юм.

Та нар Аароны санваарын үүргүүдээ судлахдаа бусдыг наманчлах, сайжрахад урих тодорхой зарлигийг олж харах болно.20 Энэ нь гудамжны буланд зогсоод, “Наманчлагтун та нар!” хэмээн хашгирна гэсэн үг биш. Ихэнхдээ энэ нь бидний наманчилж, уучиллахыг хэлэх ба бусдад үйлчлэхдээ өөрсдөө мэдэрсэн болохоор наманчлалын авчирдаг итгэл найдвар, амар амгаланг санал болгоно гэсэн үг юм.

Би Аароны санваартнуудыг чуулгын гишүүдийнхээ гэрт айлчлан очиход хамт байсан. Тэдний анхаарал халамж зүрх сэтгэлийг зөөлрүүлж, ах нартаа Бурханы хайрыг мэдрэхэд тусалж байсныг би бас өөрийн нүдээр харсан. Би мөн нэгэн залуу эрэгтэйг наманчлалын хүчийн талаар үе тэнгийнхэндээ гэрчилж байхыг сонссон. Түүнийг хуваалцах үед зүрх сэтгэл зөөлөрч, амлалтууд хийгдэж, Христийн эдгээх хүч мэдрэгдэж байв.

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли “Наманчлах гэдэг нэг ойлголт байхад нүглүүдээсээ ангижрах эсвэл өршөөгдөх гэдэг өөр нэг ойлголт бас бий. Үүнийг үйлдэх хүч нь Аароны санваарт байдаг”21 гэж заажээ. Аароны санваарын түлхүүрээр гүйцэтгэдэг ёслолууд болох Баптисмын ёслол болон ариун ёслол бидний нүглийн ангижралын төлөөх наманчлалыг гэрчилж, бүрэн гүйцэлдүүлж өгдөг.22 Энэ талаар ерөнхийлөгч Даллин Х.Өүкс “Бидэнд гэм нүглүүдээ наманчилж, мөн харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэйгээр Их Эзэнд ирж ариун ёслолоос хүртэхийг зарлигласан. Бид энэ арга замаар баптисмын гэрээгээ шинэчилбэл Их Эзэн бидний баптисмын ариусгагч нөлөөг шинэчилдэг” хэмээн тайлбарласан.23

Ах нар аа, Аврагчийн цагаатгагч хүчээр дамжуулан нүглүүдийн ангижралыг наманчлагч зүрх сэтгэлд авчрахад тусалдаг ёслолуудыг хийж гүйцэтгэх нь ариун нандин давуу эрх билээ.24

Өөрийгөө тааруухан илэрхийлдэг нэгэн прист анх удаа ариун ёслолыг адисалсан талаар би саяхан сонслоо. Түүнийг ариун ёслолыг адислах үеэр хүчирхэг сүнс түүнд болон цугларагсдад мэдрэгджээ. Дараа нь цуглаан дээр тэрээр ёслолын үеэр мэдэрсэн Бурханы хүчний талаарх гэрчлэлээ энгийн хэрнээ маш тодорхой хуваалцсан байна.

Зураг
Пристүүдийн чуулгынхан Мбуэлонгогийн гэр бүлийнхэнтэй хамт

Австралийн Сидней хотод пристийн чуулгын дөрвөн гишүүн Мбуэлонгогийн гэр бүлийн гишүүдэд баптисм хүртээжээ. Энэ явдал хүүд нь ямар хүчтэй нөлөөлснийг эдгээр пристийн нэгнийх нь ээж надад хэлсэн. Эдгээр прист “Есүс [Христээр] [итгэмжлэгдэх]”25 гэдэг нь юу гэсэн утгатай үг болохыг ойлгосон.

Одоо пристүүд ариун сүмд нас барагсдын төлөөх баптисм хүртээхэд оролцож болно гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Миний 17 настай хүү өвөг дээдсийнхээ заримынх нь төлөө надад баптисм хүртээсэн. Бид хоёр Аароны санваарт болон Бурханы хүүхдүүдийн авралын төлөө үйлдэх давуу эрх мэдэлд үнэхээр талархаж билээ.

Залуу эрэгтэйчүүд ээ, та нар санваарын үүргүүдээ хичээнгүйлэн гүйцэтгэснээр “Үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах”26 Бурханы ажилд Түүнтэй хамт оролцох болно. Энэ мэт туршлагууд та нарын хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлж, номлогчдын хувьд наманчлалыг зааж, хөрвөгчдөд баптисм хүртээхэд мөн Мелкизедек санваарт насан туршийн үйлчлэл хийхэд бэлтгэдэг.

Иохан Баптист бол бидний үлгэр жишээ мөн

Аароны санваартнууд аа, бидэнд Иохан Баптистын нэгэн адил үйлчлэгч байх давуу эрх, үүрэг хариуцлага бий. Иоханыг Христийг гэрчилж мөн бүх хүнийг наманчилж, баптисм хүртэхэд урих итгэмжлэгдсэн элчээр илгээсэн тул бидний дээр ярьсан Аароны санваарын түлхүүрүүдийг тэр эзэмшдэг байсан. Иохан “Миний хувьд гэвэл, гэмшлийн чинь төлөө би та нарт усаар баптисм хүртээдэг. Харин миний араас Ирэгч надаас илүү хүчтэй … Тэр та нарт Ариун Сүнсээр хийгээд галаар баптисм хүртээнэ.”27 гэж тунхагласан.

Иймээс тэнгэр элчүүдийн тохинууллын болон бэлтгэл сайн мэдээний түлхүүрүүд бүхий Аароны санваар нь Мелкизедек санваараар дамжуулан энэ амьдралд бидний авч болох хамгийн агуу бэлэг бүхий Ариун Сүнсний бэлгийг хүлээн авах замыг Бурханы хүүхдүүдэд бэлтгэдэг.28

Бурхан Аароны санваартнуудад ямар агуу үүрэг хариуцлага өгөө вэ!

Урилга ба амлалт

Эцэг эх, санваарын удирдагчид аа, та бүхэн “Бурханы санваартан байх …гэдэг нь юу гэсэн утгатай үгс”29 болохыг ойлгоход залуу эрэгтэйчүүдэд туслах ерөнхийлөгч Томас С.Монсоны өгсөн зөвлөгөөний ач холбогдлыг ойлгож байна уу? Аароны санваараа ойлгож, эрхэмлэн биелүүлэх нь тэднийг итгэлтэй Мелкизедек санваартан, хүч чадлаар дүүрэн номлогч, зөв шударга нөхөр, эцэг хүн байхад бэлдэнэ. Тэд өөрсдийн үйлчлэлээрээ дамжуулан, Бурханы хүүхдүүдийн авралын төлөө Христийн нэрээр үйлдэх хүч болох санваарын хүчний бодит байдлыг ойлгож, мэдрэх болно.

Залуу эрэгтэйчүүд ээ, та нарт зориулсан ажил Бурханд бий.30 Таны Аароны санваарын томилгоо нь Түүний хүүхдүүдэд Христийн цагаатгагч хүчийг хүлээн авахад туслах маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Та эдгээр ариун нандин үүргийг амьдралынхаа төвд тавьснаар Бурханы хүчийг урьд өмнө хэзээ ч мэдэрч байгаагүйгээрээ мэдэрч, Бурханы хүүгийн мөн чанарыг ойлгож, Түүний ажлыг хийх ариун дуудлагад дуудагдах болно. Мөн та Иохан Баптистын адилаар Түүний Хүүгийн ирэлтийн замыг бэлтгэхэд туслах болно гэдгийг би амлаж байна. Би эдгээр үнэнийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.

Эшлэлүүд

  1. Мосед дараах зүйл тохиолдсон. Тэрээр Бурхантай гайхамшигтай байдлаар уулзсаныхаа дараа өөрийгөө өөрөөр буюу Бурханы хүү хэмээн харж эхэлсэн. Энэ харах өнцөг нь түүнд өөрийг нь “хүний хүү” хэмээн дуудсан Сатаныг эсэргүүцэхэд тусалсан (Мосе 1:1–20-ыг үзнэ үү). Мөн Tомас С.Монсон, “Бусдыг ирээдүйд ямар хүмүүс болсон байхаар нь харж сур,” 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 79-83; Дэйл Г.Рэнланд, “Бурханы мэлмийгээр харах нь,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 82–84-ийг үзнэ үү.

  2. Thomas S. Monson, general conference leadership meeting, Mar. 2011.

  3. Дэйл Г.Рэнланд, “Санваар ба Аврагчийн цагаатгагч хүч,” хэлсэн үгийг 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулганы материалаас үзнэ үү.

  4. 2 Нифай 31–32; 3 Нифай 11:30–41; 27:13–21; Ифер 4:18–19; Мосе 6:52–68; 8:24-ийг үзнэ үү.

  5. Моронай 10:32; Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж (2004), х. 7-г үзнэ үү.

  6. Сургаал ба Гэрээ 13:1; 84:26–27; 107:20-ийг үзнэ үү.

  7. Ром 10:14–15, 17. Иосеф Смит яг энэ үнэнийг ийн заажээ. “Итгэл нь Бурханы үгийг сонссоноор, Бурханы үйлчлэгчдийн гэрчлэлээр дамжин ирдэг билээ. Тэрхүү гэрчлэл ямагт бошиглолын болон илчлэлтийн Сүнстэй байснаар ирдэг” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 437).

  8. Моронай 7:22; мөн Алма 12:28–30; 13:21–24; 32:22–23; 39:17–19; Хиламан 5:11; Моронай 7:21–25, 29–32; Сургаал ба Гэрээ 20:35; 29:41–42; Мосе 5:58; мөн Матай 28:19; Ром 10:13–17-г үзнэ үү.

  9. George Q. Cannon, Gospel Truth, sel. Jerreld L. Newquist (1987), 54-ийг үзнэ үү.

  10. James Strong, The New Strong’s Exhaustive Concordance of the Bible (1984), Hebrew and Chaldee dictionary section, 66, Greek dictionary section, 7-г үзнэ үү.

  11. Сургаал ба Гэрээ 20:59.

  12. Хэнри Б.Айринг, “Тэр тэрчлэн хүчирхэг болж болохын тулд,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 63–66; Алма 17:3; Хиламан 5:18; 6:4–5; Сургаал ба Гэрээ 28:3-ыг үзнэ үү.

  13. 1 Иохан 2:14; Алма 17:2; 26:13; 32:42-ыг үзнэ үү. Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь: Аароны санваартнуудад зориулав гарын авлага нь үүнийг хийж гүйцэтгэхэд туслах чухал хэрэгсэл юм.

  14. Сургаал ба Гэрээ 11:21; мөн Сургаал ба Гэрээ 84:85-ыг үзнэ үү.

  15. 2 Нифай 32:3; Сургаал ба Гэрээ 42:14; 50:17–22-ыг үзнэ үү.

  16. Моронай 7:25-ыг үзнэ үү.

  17. Russell M. Nelson, “Honoring the Priesthood,” Ensign, May 1993, 40; мөн Алма 27:4-ийг үзнэ үү.

  18. Алма 34:17; Хиламан 14:13-ыг үзнэ үү.

  19. Сургаал ба Гэрээ 84:27.

  20. Сургаал ба Гэрээ 20:46, 51–59, 73–79-ийг үзнэ үү. Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь: Аароны санваартнуудад зориулав гарын авлага нь үүнийг хийж гүйцэтгэхэд туслах чухал хэрэгсэл юм.

  21. Gordon B. Hinckley, “The Aaronic Priesthood—a Gift from God,” Ensign, May 1988, 46.

  22. Ахлагч Д.Тодд Кристоффэрсон “Усанд умбуулах баптисм нь наманчлалын сүүлийн буюу хамгийн чухал алхам юм. Гэм нүглээсээ татгалзах нь дуулгавартай байдлын гэрээний хамт бидний наманчлалыг бүрэн төгс болгодог. Тийм ээ, наманчлал нь уг гэрээ байхгүй бол гүйцэд биш билээ” гэж тайлбарласан (“Building Faith in Christ,” Liahona, Sept. 2012, 14–15). Мөн Д.Тодд Кристоффэрсон, “Наманчлалын бурханлиг бэлэг,” 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 45–48; Иосеф Смитийн Орчуулга, Матай 26:24 (Судрын удирдамжид байгаа)-ийг үзнэ үү.

    Ариун ёслол гэдэг нь “Аврагчийн цагаатгагч ач ивээлийг хүртэгчид байх боломжийг бидэнд олгодог ариун гэрээнүүдээ долоо хоног бүр шинэчлэх боломж мөн. Энэ нь сүнслэг байдлын хувьд ариусгагч үр нөлөөгөөрөө баптисм ба гишүүний баталгаатай адил юм”(“Бурхантай байгуулсан гэрээнүүдээ ойлгох нь,” Лиахона, 2012 оны 7-р сар, 21). Мөн Dallin H. Oaks, “Always Have His Spirit,” Ensign, Nov. 1996, 59–61-ийг үзнэ үү.

  23. Dallin H. Oaks, “The Aaronic Priesthood and the Sacrament,” Liahona, Jan. 1999, 44.

  24. Ахлагч Дэвид А.Бэднар “Их Эзэний сэргээгдсэн Сүмд гүйцэтгэдэг аврал, өргөмжлөлийн ёслолууд нь зан үйл, бэлгэ тэмдгийн чанартай гүйцэтгэлээс илүү гүн утга учиртай зүйл юм. Тэдгээр нь тэнгэрийн адислал, хүчийг бидний хувийн амьдралд авчрах эрх мэдэл олгогдсон сувгуудыг нээж өгдөг” гэж тайлбарлажээ (“Нүглүүдийнхээ ангижралын үргэлж хадгал,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 45-46).

  25. Сургаал ба Гэрээ 20:73.

  26. Moсе 1:39.

  27. Maтай 3:11 .

  28. Сүмийн олон удирдагч Ариун Сүнсийг мөнх бус байдлын хамгийн агуу бэлэг гэж тодорхойлсон.

    Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс,“Ариун Сүнсний байнгын нөхөрлөлтэй байна гэдэг нь мөнх бус байдалд бидэнд байж болох хамгийн үнэ цэнтэй өмч хөрөнгө юм” гэж хэлжээ (“The Aaronic Priesthood and the Sacrament,” Liahona, Jan. 1999, 44).

    Ахлагч Брүс Р.Макконки “Мөнхийн ойлголтын талаас нь яривал, мөнх амьдрал нь Бурханы бүх бэлгийн хамгийн агуу нь юм. Гэвч зөвхөн энэ амьдралын хүрээнд авч үзвэл, Ариун Сүнсний бэлэг нь мөнх бус хүмүүний авч болох хамгийн агуу бэлэг билээ” гэж заажээ (“What Is Meant by ‘The Holy Spirit’?” Instructor, Feb. 1965, 57).

    Ерөнхийлөгч Вилфорд Вудрафф гэрчлэхдээ “Хэрэв тантай хамт хүн бүрд байх ёстой Ариун Сүнс байх юм бол, дэлхий дээрх ямар ч хүнд түүнээс илүү бэлэг, адислал, гэрчлэл гэж үгүй болохыг би танд хэлж чадна. Танд тэнгэр элчүүд үйлчилж болно; та олон гайхамшгийг үзэж болно; та дэлхий дээр олон гайхалтай сайхан зүйлийг харж болно. Гэхдээ Ариун Сүнсний бэлэг нь хүмүүнд өгөгдсөн хамгийн агуу бэлэг болохыг би тунхаглаж байна” гэжээ (Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff [2004], 49).

    Ахлагч Дэвид А.Бэднар нэмж хэлэхдээ “Бидний дуулгавартай дагадаг Бурханы зарлигууд болон Сүмийн удирдагчдын зөвлөгөө нь зарчмын хувьд Сүнсний нөхөрлөлийг олж авахад төвлөрдөг. Үндсэндээ, сайн мэдээний бүх сургаал, үйл ажиллагаа Ариун Сүнсийг амьдралдаа хүлээн авснаар Христэд ирэхэд төвлөрдөг” гэжээ (“Ариун Сүнсийг хүлээн авах нь,” 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 104).

  29. Thomas S. Monson, general conference leadership meeting, Mar. 2011.

  30. Мосе 1:6-г үзнэ үү.