2010–2019
Нэг санаагаар
2018 оны 4-р сар


Нэг санаагаар

Бид тэнгэрлэг хувь заяандаа хүрэхийн тулд нэг нэгэндээ хэрэгтэй төдийгүй нэгдмэл байх хэрэгтэй.

Дэлхий дээрх хамгийн гайхамшигтай бүтээлүүдийн нэг бол хаан эрвээхий юм. Нөхрийнхөө гэр бүлтэй хамт Христийн мэндэлсний баярыг тэмдэглэхээр Мексикт очсон үедээ бид сая сая хаан эрвээхийний өвөлждөг газарт очиж үзсэн билээ. Тэр гайхамшигтай дүр зургийг харан, Бурханы эдгээр бүтээлийн нэгдмэл байдал, тэнгэрлэг хуульд дуулгавартай байгаа жишээг эргэцүүлэн бодоход биширмээр санагдсан.1

Зураг
Хаан эрвээхий
Зураг
Эрвээхийн цугларалт

Хаан эрвээхий бол чадварлаг хөтөч юм. Тэд хааш явах ёстойгоо мэдэхийн тулд нарны чигийг дагадаг. Хавар болгон тэд Мексикээс Канад хүртэл хэдэн мянган километр аялдаг бөгөөд намар болоход Мексик дэх ариун нандин гацуур моддоор дүүрэн тэрхүү ой руугаа буцдаг.2 Тэд туяхан далавчаа дэвэн дэвсээр жилээс жилд ийнхүү нүүдэллэдэг. Тэд аялж явахдаа шөнө дөлөөр өөрсдийгөө хүйтнээс, араатан амьтдаас хамгаалахын тулд модон дээр бөөгнөрөн цуглардаг.3

Зураг
Эрвээхийн калейдоскоп
Зураг
Эрвээхийн хоёр дахь калейдоскоп

Ийм эрвээхийнүүдийн бүлгийг калейдоскоп гэж нэрлэдэг юм.4 Үнэхээр сайхан дүр зураг биш гэж үү? Калейдоскоп дахь эрвээхий бүр өвөрмөц бөгөөд өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Мөн хайраар дүүрэн Бүтээгч хэврэг мэт санагдах эдгээр бүтээлийг амиа аргацаах, аялах, өсөж үржих, цэцэгнээс цэцэг дамжин тоосонцроо цацсанаар амьдралаа цэцэглүүлэн авч явах чадвартай бүтээсэн юм. Эрвээхий бүр нэг нэгнээсээ ялгаатай мөртлөө дэлхийг илүү үзэсгэлэнтэй, үржил шимтэй газар байлгахаар хамтдаа хөдөлмөрлөдөг.

Бид хаан эрвээхийтэй адил Тэнгэрлэг Эцэг эхтэйгээ эргэн нэгдэхийн тулд тэнгэрлэг гэр рүүгээ буцахаар хамтдаа аялж байгаа.5 Эрвээхийн адил бид “бүтээлтийнхээ хэмжүүрийг дүүр[гэхийн]”6 тулд амьдрал дундуур биднийг удирдах тэнгэрлэг чадавхтай төрсөн. Хэрэв бид тэдэн шиг зүрх сэтгэлээ нэгтгэвэл7 Их Эзэн “тахиа дэгдээхийнүүдээ далавчин дороо цуглуулдаг шиг”8 биднийг хамгаалж, үзэсгэлэнт калейдоскоп болгоно.

Охид, хөвгүүд, залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, ах, эгч нар аа, бид энэ аяныг хамтдаа хийж байгаа. Бид тэнгэрлэг хувь заяандаа хүрэхийн тулд нэг нэгэндээ хэрэгтэй бөгөөд нэгдмэл байх хэрэгтэй. Их Эзэн бидэнд “Нэг байгтун, мөн хэрэв та нар нэг байхгүй аваас, та нар минийх биш болой”9 хэмээн зарлигласан.

Есүс Христ бол Эцэгтэйгээ хэрхэн нэгдмэл байхын төгс жишээ юм. Тэд зорилго, хайр, ажил үйлсээрээ нэгдэж, “Хүүгийн таалал Эцэгийн таалалд багтах бөлгөө.”10

Бид Эцэгтэйгээ нэгдмэл байх Их Эзэний төгс үлгэр жишээг хэрхэн дагаж, Тэдэнтэй болон нэг нэгэнтэйгээ хэрхэн илүү нэгдмэл байх вэ?

Нэгэн урам зориг өгөхүйц жишээ Үйлс 1:14 дээр гардаг. “[Эрэгтэйчүүд] хэсэг эмэгтэйчүүдийн хамт нэг санаагаар байнга өөрсдийгөө залбиралд зориулж байлаа.”11

Үйлс номон дээр хэд хэдэн удаа давтагдсан байдаг “нэг санаагаар” гэсэн хэллэг үнэхээр чухал гэж би боддог бөгөөд тэндээс бид Есүс Христийн дагалдагчид Түүнийг амилсан биетэйгээр тэнгэр рүү дээшлэн одсоны дараа юу хийсэн мөн хичээл зүтгэлийнхээ ачаар ямар адислал хүлээж авсан тухай уншдаг. Мөн Их Эзэний айлчилж, тохинуулсан Америк тив дэх итгэлтнүүдийн дундаас үүнтэй төстэй загварыг олж харах нь чухал юм. “Нэг санаагаар” гэдэг нь санал нэгтэй, нэгдмэл байж, хамтдаа нэгдэн нийлэх гэсэн утгатай.

Итгэлтэй гэгээнтнүүд Есүс Христийн тухай гэрчлэх, Бурханы үгийг хамтдаа судлах, нэг нэгэндээ хайраар тохинуулах зэргийг уг хоёр газарт хоёуланд нь нэгдмэл байдлаар хийсэн.12

Их Эзэний дагалдагчид зорилго, хайр, ажил үйлсээрээ нэгддэг байлаа. Тэд хэн гэдгээ, юу хийх ёстойгоо мэддэг байсан бөгөөд үүнийг Бурханыг болон нэг нэгнээ хайрлах хайраар хийсэн. Тэд нэг санаагаар урагшилж буй гайхамшигт калейдоскопын нэг хэсэг байсан юм.

Ариун Сүнсээр дүүрэх, гайхамшгуудыг үзэх, Сүмийн өсөлт хөгжил, ард түмний дундах ямар ч зөрчилдөөнгүй байдал ба Их Эзэн тэднийг бүх зүйлд адисалсан зэрэг нь тэдний хүлээн авсан зарим адислал байв.13

Их Эзэнийг хувь хувьдаа мэддэг байсан учраас тэд тийм их эв нэгдэлтэй байсан гэж бид бодож болно. Тэд Түүнтэй маш ойр дотно байсан бөгөөд Түүний тэнгэрлэг номлол, гүйцэтгэсэн гайхамшгууд болон Амилалтын гэрчүүд байсан. Тэд Түүний мутар болон хөлөн дэх сорвийг харж, мэдэрсэн бөгөөд Түүнийг амлагдсан Мессиа, дэлхийн Гэтэлгэгч гэдгийг баттай мэдэж байсан юм. Тэд “Түүнийг бүхий л эдгэрэл, амар амгалан, мөнхийн өсөлт хөгжлийн эх сурвалж”14 гэдгийг мэддэг байв.

Хэдийгээр бид Аврагчийг нүдээрээ хараагүй ч амьдардаг гэдгийг нь мэдэж чадна. Бид Түүн рүү ойртохын хэрээр мөн Түүний тэнгэрлэг номлолын талаар Ариун Сүнснээс хувийн илчлэлт хүлээн авахыг эрэлхийлэхийн хэрээр зорилгоо илүү сайн ойлгодог болно. Бурханы хайр бидний зүрхэнд оршин,15 гэр бүл, тойрог, нийгмийнхээ калейдоскопт нэгдмэл байх шийдвэр гаргаснаар бид нэг нэгэндээ “илүү шинээр, илүү сайхнаар”16 үйлчлэх болно.

Бурханы хүүхдүүд тусламж хэрэгтэй нэгэндээ туслахаар Сүнсээр хамтдаа удирдуулах үед гайхамшиг тохиодог.

Зураг
Аврагчид үерт автсан гудамжинд

Бид гай зовлон учирсан хүмүүст үзүүлсэн нөхөрсөг хайрын тухай олон түүхийг сонсож байсан. Жишээлбэл, өнгөрсөн жил Хьюстон хотод их үер болоход хүмүүс өөрсдийнхөө хэрэгцээг умартан, бусдыг аврахаар явцгаасан билээ. Ахлагчдын чуулгын ерөнхийлөгч сүмийнхнээс тусламж хүсэхэд хүмүүс 77 завь бүхий бүлгийг тэр даруй зохион байгуулав. Аврагчид үерт автсан хэсгээр явж, гэр бүлүүдийг бүхэлд нь цуглааны байр руу зөөн аваачиж, хоргодох байр болон бусад нэн хэрэгцээт зүйлсээр хангасан юм. Гишүүд болон гишүүн бус хүмүүс зорилго нэгтэй хамтдаа ажилласан.

Зураг
Номлогчид испани хэлж зааж байгаа нь

Чилийн Сантьягод Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Гаитигаас орон нутагт нь ирсэн цагаачдад туслахыг хүсжээ. Тэр санваарын удирдагчидтайгаа зөвлөлдсөнөөр бусад удирдагчийн хамт цагаачдад шинэ нутагтаа илүү сайн дасан зохицоход нь туслахаар испани хэлний хичээл заах санаа дэвшүүлжээ. Бямба гаргийн өглөө бүр номлогчид суралцах чин хүсэлтэй суралцагчидтайгаа уулздаг. Тэрхүү байшин доторх нэгдмэл байдлын мэдрэмж өөр өөр нөхцөл байдалтай ч нэг санаагаар үйлчилж буй хүмүүсийн урам өгөхүйц жишээ юм.

Зураг
Мексик дэх сайн дурынхан

Мексикт зуу зуун гишүүн хоёр томоохон газар хөдлөлтийн хохирогчдод туслахаар олон цаг аялжээ. Тэд багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж авчирсан ба хөршөө хайрлах сэтгэл өвөрлөн ирсэн байв. Сайн дурынхныг манай цуглааны байранд заавар авахаар цугласан байх үед Исуатан хотын дарга тэднээс “Христийн цэвэр хайрын”17 илэрхийллийг хараад, нулимс дуслуулан уйлсан гэдэг.

Их Эзэн одоо бидэнд санваарын чуулга, Халамжийн нийгэмлэгтээ хамтдаа зөвлөлдөх боломжийг сар бүр олгож байгаа бөгөөд ингэснээр бид өөрсдийн таарч тохирдог, бидний хэрэгцээ байдаг газар болох тойрог, салбарынхаа калейдоскоп дахь илүү идэвхтэй оролцогч байж чадна.

Бидний зам харгуй өөр өөр ч гэлээ, бид хамтдаа аялж байгаа. Бидний явж буй зам бидний юу хийсэн эсвэл хаана байснаас биш, харин нэгдмэл байснаар хаашаа явж мөн хэн болж байгаагаас шалтгаална. Бид Ариун Сүнсээр удирдуулан хамтдаа зөвлөлдөх үедээ хаана байгаагаа мөн хаана байх хэрэгтэйгээ мэдэж чадна. “Илчлэлт бидний дунд тархсан”18 учраас Ариун Сүнс бидэнд эгэл нүдээрээ харах боломжгүй алсын харааг өгдөг бөгөөд бид хүлээн авсан илчлэлтээ нэгтгэж, нэгэн бүхэл болгосноор илүү тодорхой харж чадна.

Бид нэгдмэл байдлаар ажиллах үедээ Их Эзэний хүсэл тааллыг эрэлхийлж, үйлдэхэд зорилгоо чиглүүлж, Бурханыг болон хөршөө хайрлах хайрыг хөдөлгөгч хүчээ,19 “шаргуу хөдөлмөрийг”20 хамгийн агуу хүслээ болгох ёстой. Ингэснээр бид Аврагчийн алдар суутай ирэх замыг бэлтгэж чадна. Бидний үүнийг хийж чадах цорын ганц арга зам бол “нэг санаатай” байх явдал билээ.

Хаан эрвээхийн адил бид бүгд өөр өөрийн зан байдал, хувь нэмрээр энэ дэлхийг илүү үзэсгэлэнтэй, үржил шимтэй газар байлгахын төлөө жижиг жижиг алхмаар, нэг зорилготойгоор, Бурханы зарлигуудыг даган аяллаа үргэлжлүүлэх болтугай.

Их Эзэн Есүс Христ биднийг Өөрийнх нь нэрээр хамтдаа цугласан үед бидний дунд байх болно гэж амласан.21 Тэрээр амьд бөгөөд өнөөдрийнх шиг хаврын сайхан өглөө амилсан гэдгийг би гэрчилж байна. Тэрээр бүхий л хаадын дээрх хаан бөгөөд “хаадын Хаан, эздийн Эзэн”22 билээ.

Бид Ариун Сүнсээр удирдуулан Эцэг болон Түүний Төрсөн Ганц хүү дотор нэг байх болтугай хэмээн би даруухнаар залбирч байна. Есүс Христийн нэрээр амен.

Эшлэлүүд

  1. Абрахам 3:26; 4:7, 9–12, 15, 18, 21, 24–25-ыг үзнэ үү.

  2. Хаан эрвээхийний тухай сонирхолтой баримтаас дурдвал, тэд Канад руу хойд зүгт аялахдаа гурван үе дамждаг юм. Гэвч нэгэн “шилдэг үе” Мексик рүү урд зүгт аялж чаддаг бөгөөд тэндээ өвлийг өнгөрөөж, буцаад хойд зүг рүү нисдэг. ( “Flight of the Butterflies” [video, 2012]; “‘Flight’: A Few Million Little Creatures That Could,” WBUR News, Sept. 28, 2012, wbur.org-ийг үзнэ үү.)

  3. “Why Do Monarchs Form Overnight Roosts during Fall Migration?” learner.org/jnorth/tm/monarch/sl/17/text.html-ийг үзнэ үү.

  4. “What Is a Group of Butterflies Called?” amazingbutterflies.com/frequentlyaskedquestions.htm; see also “kaleidoscope,” merriam-webster.com-ийг үзнэ үү. Калейдоскоп нь kalos (“үзэсгэлэнт”), eidos (“хэлбэр”) гэсэн грек үгнүүдээс гаралтай.

  5. Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Liahona, 2017 оны 5-р сар, 145-ыг үзнэ үү.

  6. Сургаал ба Гэрээ 88:19 мөн Сургаал ба Гэрээ 88:25-ыг үзнэ үү.

  7. Мозая 18:21-ийг үзнэ үү.

  8. 3 Нифай 10:4-ийг үзнэ үү.

  9. Сургаал ба Гэрээ 38:27.

  10. Moзая 15:7.

  11. Үйлс 1:14; тодотгол нэмсэн.

  12. Гэгээнтнүүдийн Иерусалимд хийсэн зарим зүйлээс өгүүлэхэд: шинэ төлөөлөгчийг болон долоон нэр хүнд бүхий эрийг сонгосон бөгөөд тэднийг дэмжсэн (Үйлс 1:26; 6:3–5-ыг үзнэ үү); Пентекостын өдөр хамтдаа цугласан (Үйлс 2:1-ийг үзнэ үү); Есүс Христийн талаар гэрчилсэн (Үйлс 2:22–36; 3:13–26; 4:10, 33; 5:42-ыг үзнэ үү); хүмүүсийг наманчлалд дуудаж, тэдэнд баптисм хүртээсэн (Үйлс 2:38–41-ийг үзнэ үү); нөхөрлөж, талх хуваан, залбирцгаасан (Үйлс 2:42-ыг үзнэ үү); хамтаараа байцгаан, байгаа бүхнээ нийтээрээ хэрэглэж байсан (Үйлс 2:44–46; 4:34–35-ыг үзнэ үү); ариун сүмд орсон (Үйлс 2:46-г үзнэ үү); баяр хөөртэйгөөр, чин сэтгэлээсээ хооллоцгоосон (Үйлс 2:46-г үзнэ үү); Бурханыг магтаж, бүх ардын хайр хүндэтгэлийг олсон (Үйлс 2:47-г үзнэ үү); итгэлд дуулгавартай байсан (Үйлс 6:7-г үзнэ үү); өөрсдийгөө залбиралд болон үгийн үйлчлэлд зориулсан (Үйлс 6:4-ийг үзнэ үү). Гэгээнтнүүдийн Америк тивд хийсэн зарим зүйлээс дурдвал: Христийн сайн мэдээг номлосон (3 Нифай 28:23-ыг үзнэ үү); Христийн Сүмийг үндэслэн байгуулсан (4 Нифай 1:1-ийг үзнэ үү); хүмүүст баптисм хүртээсэн (4 Нифай 1:1-ийг үзнэ үү); хүмүүн бүр нэг нэгэнтэйгээ шударгаар харьцаж байсан (4 Нифай 1:2-ыг үзнэ үү); өөрсдийн дунд бүх зүйлийг нийтээр эзэмшиж байсан (4 Нифай 1:3-ыг үзнэ үү); хотуудыг дахин барьсан (4 Нифай 1:7–9-ийг үзнэ үү); гэрлэцгээсэн (4 Нифай 1:11-ийг үзнэ үү); Их Эзэнээс хүлээн авсан зарлигуудынхаа дагаа алхсан (4 Нифай 1:12-ыг үзнэ үү); мацаг, залбирлаа үргэлжлүүлсэн (4 Нифай 1:12-ыг үзнэ үү); залбирч, Их Эзэний үгийг сонсохоор ойр ойрхон цугларч байсан (4 Нифай 1:12-ыг үзнэ үү).

  13. Гэгээнтнүүдийн Иерусалимд хүлээн авсан зарим адислалаас дурдвал: тэд Ариун Сүнсээр дүүрсэн (Үйлс 2:4; 4:31-ийг үзнэ үү); хэлний бэлэг, бошиглолын бэлгийг хүлээн авсан бөгөөд Бурханы гайхамшигт ажлуудын талаар ярьсан (Үйлс 2:4–18-ыг үзнэ үү); Төлөөлөгчид олон гайхамшиг, тэмдгийг үзүүлсэн (Үйлс 2:43-ыг үзнэ үү); гайхамшгууд тохиолдсон (Үйлс 3:1–10; 5:18–19; 6:8, 15-ыг үзнэ үү); илүү олон хүн Сүмд нэгдсэн (Үйлс 2:47; 5:14-ийг үзнэ үү). Гэгээнтнүүдийн Америк тивд хүлээн авсан зарим адислалаас дурдвал: хүмүүс Их Эзэнд хөрвөгдсөн (3 Нифай 28:23; 4 Нифай 1:2-ыг үзнэ үү); нэгэн үеийнхэн адислагдсан (3 Нифай 28:23-ыг үзнэ үү); тэдний дунд ямар ч зөрчилдөөн, арцалдаан байгаагүй (4 Нифай 1:2, 13, 15, 18-ыг үзнэ үү); ядуу, баян гэж байгаагүй (4 Нифай 1:3-ыг үзнэ үү); тэд бүгд эрх чөлөөтэй мөн тэнгэрлэг бэлгээс хүртэгсэд болсон (4 Нифай 1:3-ыг үзнэ үү); газар нутагт амар амгалан байсан (4 Нифай 1:4-ийг үзнэ үү); хүчит гайхамшгууд тохиолдсон (4 Нифай 1:5, 13-ыг үзнэ үү); Их Эзэн тэднийг үлэмж дэгжүүлэв (4 Нифай 1:7, 18-ыг үзнэ үү); тэд хүчирхэгжиж, үлэмж түргэнээр өнөржин, үлэмж хонгорхон мөн бахдам сайхан хүмүүс болсон (4 Нифай 1:10-ыг үзнэ үү); Их Эзэний тэдэнд өгсөн олон тооны амлалтуудын дагуу адислагдсан (4 Нифай 1:11-ийг үзнэ үү); хүмүүсийн зүрх сэтгэлд орших Бурханы хайрын учир, уг нутагт зөрчилдөөн огт байсангүй (4 Нифай 1:15-ыг үзнэ үү); атаа жөтөө бас хэрүүл маргаан, үймээн, садар самуун ч, худал хэлэх нь ч, аллага ч, ямар ч төрлийн шунал тачаал байсангүй; мөн Бурханы мутраар бүтээгдсэн бүх хүмүүсийн дунд илүү аз жаргалтай хүмүүс байх аргагүй нь гарцаагүй юм (4 Нифай 1:16-г үзнэ үү); дээрэмчид ч, алуурчид ч бас леменчүүд ч, бүр ямар ч -чууд байсангүй, харин тэд, Христийн хүүхдүүд, мөн Бурханы хаант улсын өв залгамжлагчид гэгдэн нэг болсон байв (4 Нифай 1:17-г үзнэ үү); Их Эзэн тэдний бүх үйлд тэднийг адисалсан болой (4 Нифай 1:18-ыг үзнэ үү).

  14. Жийн Б.Бингам, “Та нарын баяр баясгалан дүүрэн болохын тулд,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 80.

  15. 4 Нифай 1:15-ыг үзнэ үү.

  16. Жэффри Р.Холланд, “Сүмийн төлөөлөгчид,” Лиахона, 2016 оны 11-р сар, 53.

  17. Moронай 7:47.

  18. Neil L. Andersen, in “Auxiliary Panels Use New Training Library,” Liahona, Apr. 2011, 76.

  19. Матай 22:37–40-ийг үзнэ үү.

  20. Иаков 5:61.

  21. Матай 18:20-ийг үзнэ үү.

  22. 1 Тимот 6:15.