Жинхэнэ шавь болох нь

Далын


Ахлагч Даниел Л.Жонсон
Бид Түүний зарлигуудыг сахьж, нөхдөдөө үйлчилснээр Есүс Христийн сайн шавь нар болж чадна.

Баптисмын усанд орж, Ариун Сүнсний бэлэг авсан хүмүүс Есүс Христийн нэрийг өөр дээрээ авах, өөрөөр хэлбэл, өөрийгөө Их Эзэний шавь хэмээн тунхаглах хүсэлтэй байгаа талаараа гэрээ байгуулдаг билээ. Бид энэхүү гэрээгээ долоо хоног бүр ариун ёслолоос хүртэж шинэчилдэг бөгөөд амьдарч байгаа байдлаараа Их Эзэний шавь болохоо харуулдаг билээ. Энэхүү шавийн барилдлагаа Мексикт болсон саяхны үйл явдлуудаар тод харагдлаа.

Хойд Мексикт жимс тариалагчдын хувьд энэ жилийн хавар тун ээлтэй сайхан байлаа. Жимсний модод сагсайтал цэцэглэсэн болохоор арвин их ургац авна гэсэн найдвар маш их байлаа. Хүмүүс зээлийн төлбөрөө хийж, шаардлагатай тоног төхөөрөмж худалдаж авах болон хөгширсөн моддыг солих, гэр бүлийнхээ гишүүдийн сургалтын төлбөр төлөх гэх мэт олон төлөвлөгөө гаргасан байлаа. Гэр бүлээрээ амралтаа сайхан өнгөрүүлэх төлөвлөгөө ч бас гарсан гэнэ. Уур амьсгал ерөнхийдөө өөдрөг өрнүүн байлаа. Гэтэл 3-р сарын сүүлчээр нэгэн даваа гарагийн өглөө цасаар шуурч эхэлснээ удалгүй цас лавшин орж эхлэв. Маргааш өглөөний гурван цаг хүртэл цас орсны дараа агаарын температур түргэн доошилж эхэлсэн аж. Хүмүүс жимсний ургацынхаа ядаж хагасыг нь ч болтугай аврахын тулд өглөөний зургаан цаг хүртэл шөнөжингөө ажилласан ч ямар ч үр дүн гарсангүй. Огцом хүйтрэлээс болж, ургац тас хөлдсөн байв. Ийнхүү энэ жил арвин ургац авч, худалдаж борлуулах найдвар замхран алга болов. Мягмар гарагийн өглөө үүр цайхад ганцхан өдрийн өмнө хүн бүхний сэтгэлийг эзэмдэж байсан нөгөөх олон сайхан төлөвлөгөө, мөрөөдөл салхинд хийсэх мэт ор мөргүй алга болох нь тэр.

Тэрхүү сэтгэл эмзэглүүлэм мягмар гарагийн өглөөний талаар би Колония Хуарез Чихуахуа Ариун сүмийн ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх Жон Хачийн эхнэр Сандра Хачаас э-мэйл хүлээж авлаа. Түүний э-мэйлээс энд эш татъя: “Жон өглөөний 6:30 минутын орчимд босч, тэр өглөөний цугларалтыг хойшлуулах хэрэгтэй эсэхийг мэдэхээр ариун сүм рүү явсан. Тэр буцаж ирээд, машины зогсоол, зам цасанд дарагдаагүй байна, тиймээс өглөөний цугларалтыг хуваарь ёсоор хийе гэв. Жимсний цэцэрлэггүй ажилчид ирэх байх тиймээс бүх ажилчдыг нэг хэсэг болгож, хуралдаанд оруулж болох юм гэж бодлоо. . . . Хүмүүс ар араасаа цувран ирж байгааг харахад урамтай байлаа. Тэд ургац алдахаас айж, шөнөжингөө нойргүй ажилласан шүү дээ. . . . Би хуралдааны бэлтгэл хангах явцад тэднийг ажиглавал үүргэлэхгүй хөл дээрээ тогтох нь хэцүү байгаа бололтой. Ирэхгүй байж болох хүндэтгэх шалтгаан тэдэнд байсан. Гэтэл сүмийн ёслолд 38 хүн ирж, ариун сүмийн хуралдааны өрөө пиг дүүрсэн байлаа! Тэр өглөө бидний хувьд онцгой сэтгэл догдлом өглөө байсан бөгөөд юу ч тохиолдлоо гэсэн үүргээ биелүүлдэг сайн хүмүүсийн төлөө бид Тэнгэрлэг Эцэгт талархлаа өргөсөн юм. Би тэр өглөө онцгой сүнсийг мэдэрсэн. Бид Түүний өргөөг хайрладаг бөгөөд ийм хүндхэн өглөө бидний байх ёстой сайхан газар байсныг Тэрбээр мэдсэндээ баяртай байгаа гэдэгт би итгэлтэй байна.”

Уг явдал үүгээр төгсөөгүй үргэлжилсээр байна.

Жимсний ургацаа алдсан хүмүүсийн ихэнх нь улаан чинжүү, вандуй зэрэг хүнсний ногоо тарих хэсэг газар нөөцөлж үлдээсэн байлаа. Энэ ургацаас дараа жилийн жимс тариалалтын ургац хураах хүртэл бага зэрэг орлого олох боломжтой байв. Гэвч нөөц газаргүй, энэ жил ямар ч орлогогүй болж байгаа, залуу гэр бүлтэй нэг сайн ах байсан гэнэ. Хамт олны дундах бусад хүмүүс энэ ахын хөөрхийлөлтэй байдлыг хараад өөрсдийн санаачлага болон зардлаар, хэсэг газар гаргаж, уг газрыг тариалахад зориулан боловсруулахад өөрсдийн тоног төхөөрөмжийг ашиглан, тэр газар дээр улаан чинжүү тариалжээ.

Би дөнгөж саяхан ярилцсан тэр хүмүүсийг сайн танина. Би тэднийг мэддэг болохоор тэдний хийсэн зүйлд гайхсангүй. Харин тэднийг таньдаггүй хүмүүс яагаад гэсэн үгээр эхэлсэн хоёр асуултыг асуух байсан биз ээ. Бүтэн жилийн орлогынхоо ихээхэн хэсгийг алдсанаа мэдсэний эцэст, шөнөжингөө нойргүй хүнд хүчир ажил хийсний дараа яагаад тэд үүргээ биелүүлж, үйлчлэл хийхийн тулд ариун сүм дээр хүрч ирсэн юм бол? Тэд өөрсдөө санхүүгийн хүнд байдалд байсан атлаа тусламж амин чухал хэрэгтэй байсан өөр хүнд хомс тарчиг нөөцөөсөө илүүчлэн тусалсны учир юу юм бол?

Хэрэв та нар Есүс Христийн шавь байх утга учрыг ойлгох юм бол эдгээр хоёр асуултын хариуг мэдэх болно.

Христийн шавь байхаар гэрээ байгуулна гэдэг нь насан туршид үргэлжлэх үйл явцын эхлэл бөгөөд цаашдын зам нь үргэлж амаргүй байдаг. Бид нүглээ наманчилж, биднээр Түүний хийлгэх гэсэн зүйлийг хийхийг ямагт хичээж, Тэрбээр тэдэнд яаж үйлчлэх байсан тийм байдлаар нөхдөдөө үйлчлэх юм бол, бид зайлшгүй Түүнтэй илүү адилхан болж чадна. Түүнтэй адилхан болж, Түүнтэй нэг байх нь бидний хамгийн дээд зорилго бөгөөд жинхэнэ шавь байхын бодит утга учир мөн.

Аврагч Америк тивд очихдоо шавь нараасаа, “Tиймийн тул, та нар ямархуу маягийн хүмүүс байвал зохих билээ?” гэж асуугаад Өөрийнхөө энэхүү асуултанд, “Үнэнээр би та нарт хэлье, бүр миний адил буюу” (3 Нифай 27:27) хэмээн хариулжээ.

Аврагч шиг болох нь амаргүй, ялангуяа бидний амьдарч байгаа дэлхийд бүр ч хэцүү сорилт юм. Бид амьдралдаа өдөр бүр саад бэрхшээлтэй тулгардаг. Үүний шалтгаан нь тодорхой бөгөөд мөнх бус амьдралын үндсэн шинж билээ. Бид Aбрахам 3:25-аас ¨Мөн Их Эзэн, тэдний Бурхан тэдэнд зарлиглах бүх зүйл юуг ч гэсэн тэд хийх нь үү гэдгийг харахын тулд үүгээр бид тэднийг нотлох болно” хэмээн уншдаг билээ.

Эдгээр сорилт эсвэл саад бэрхшээлүүд хэв маяг болоод өрнөлөөрөө олон янзын байдаг. Харин энэ мөнх бус оршихуйг биеэр үзэж туулахгүйгээр орхин одох нэг ч хүн үгүй билээ. Ихэвчлэн бид сорилт, саад бэрхшээлийг ургац юм уу ажлаа алдах, дотны хайртай хэн нэгэн нь нас барах, өвчин эмгэг, биеийн, оюун ухааны эсвэл сэтгэцийн чадвараа алдах, ядуурал, найз нөхдөө алдах гэж ойлгодог. Гэвч бид тэнгэрийн сайшаалаас илүүтэй хүмүүний өмнө нэр хүндээ илүү дээдлэх аваас бүр үр дүнтэй мэт харагдах зүйл ч өөрийн гэсэн хэрэггүй бардамналыг авчирч болно. Эдгээрт дэлхийд нэр төртэй болох, олон түмний дунд нэрд гарах, биеийн ур чадвар, урлаг, спортын авьяас, ажлын амжилт, эд баялаг ордог. Эдгээр сүүлчийн сорилтуудтай холбоотой Тевигийн Fiddler on the Roof (“Дээвэр дээрх хийлчин”) дээр: “Хэрэв эд баялаг зүхэл юм бол Бурхан намайг хэзээ ч дахин сэргэхгүйгээр эд баялагтай хамт арчин хаяг”1 хэмээн илэрхийлсэнтэй адил мэдрэмж бидний заримд нь байдаг.

Харин эдгээр сүүлчийн сорилтуудын хэв маяг нь өмнөхөөсөө улам аюултай бөгөөд даван туулахад илүү хүндрэлтэй. Бидэнд тулгарсан сорилт, саад бэрхшээлүүдийн хэв маягаар биш, харин бид тэдгээрийг хэрхэн эцсээ хүртэл тэсэн тэвчиж байгаагаар бидний шавь байх байдал өсөн хөгжиж, нотлогдох болно. Ерөнхийлөгч Хенри Б.Айрингийн бидэнд заасанчлан: “Тиймээс, амьдрал дахь агуу сорилт бол амьдралын зовлон бэрхшээл дунд Бурханы зарлигуудыг анхааралтай сонсож, дуулгавартай дагаж байна уу гэдгийг харах явдал мөн. Амьдралын зовлон бэрхшээлийг тэвчин туулах нь гол зүйл биш, харин тэднийг улангасан догширох үед зөв сонголт хийх явдал юм. Амьдралын эмгэнэл нь энэ сорилтод унах ба тэгснээр уналт тэнгэр дэх гэртээ алдар сууд эргэн очиход бэлтгэх явдал юм” (“Spiritual Preparedness: Start Early and Be Steady,” Лиахона ба Ensign, 2005 оны 11-р сар, 38).

Би бол 23 ач, зээгийнхээ агуу өвөө нь. Тэд цэцэг мэт балчирхан настай ч, мөнхийн үнэнүүдийн тухай ойлголтоороо намайг үргэлж гайхахад хүргэдэг. Би энэ хэлэх үгээ бэлтгэж байхдаа Есүс Христийн шавь буюу дагалдагч байх нь юу гэсэн утгатай болохыг товчхон тодорхойлж ирүүлнэ үү гэж ач зээ нараасаа нэг бүрчлэн хүссэн юм. Тэгээд тэднээс олон гайхалтай хариултуудыг авсан. Эгээрийн нэг болох найман настай Бенжаминаас дараах хариултаас би хуваалцахыг хүсч байна: “Есүс Христийн шавь байна гэдэг нь үлгэр жишээ үзүүл гэсэн утгатай юм. Энэ нь номлогч байх хэрэгтэй, номлогч болохоор бэлтгэх хэрэгтэй гэсэн үг юм. Энэ бол бусдад үйлчлэх ёстой гэсэн үг. Энэ нь судруудыг уншиж, залбирч бай гэсэн үг. Энэ бол Ариун Сүнсний өдөөлтүүдийг сонсож, Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахьж бай гэсэн үг. Энэ бол сүмдээ явж, ариун сүмд орж бай гэсэн үг.”

Би Бенжаминтай санал нэг байна. Шавь байна гэдэг хийх ёстой бүхнийг хийхийг, Христтэй адилхан болохыг хэлнэ. Бид Түүний зарлигуудыг сахьж, нөхдөдөө үйлчилснээр Есүс Христийн сайн шавь нар болж чадна. Түүний хүсэлд дуулгавартай захирагдах нь Ариун Сүнсний нөхөрлөл, амар амгалан ба баяр баясгаланг түүнчлэн Бурхан тэргүүтний энэхүү гурав дахь гишүүнийг үргэлж дагалддаг аюулгүй байдлыг бидэнд авчирах болно. Эдгээр зүйлс өөр ямар ч замаар ирж чадахгүй. Түүний хүсэлд бүрэн захирагдах нь Аврагч шигээ болоход бидэнд туслах болно. Түүнтэй адилхан болж улмаар Түүнтэй нэг байх нь бидний туйлын зорилго, жинхэнэ шавь байхын мөн чанар, утга учир гэдгийг дахин онцлон тэмдэглэе.

Миний Колония Хуарез Ариун сүмд болон түүний ойролцоох талбайнуудад Сүмийн ах, эгч нар асар хүнд сорилтыг үл харгалзан Бурханд болон бие биедээ өөрсдийн итгэл төгс байдлыг дахин батлан харуулсан байдлыг харсан маань шавь байх жишээ байлаа.

Бид зарлигуудыг сахьж, бусдад үйлчлэн, өөрийн хүслийг Түүний хүсэлд захируулбал Түүний жинхэнэ шавь нар болж чадна гэдгийг би гэрчилж байна. Үүнийг би Есүс Христийн нэрээр гэрчиллээ, амен.

Show References

  1.  

    1. Жосеф Стейн, Жерри Бок ба Шелдон Харникийн Fiddler on the Roof (1964), 61.