Биднийг дахин уулзтал Бурхан та нартай хамт байх болтугай

Ерөнхийлөгч Томас С.Монсон


Томас С.Монсон
Хэрэв бид өнгөрсөн хоёр өдөр сонссон захиасуудыг зүрх сэтгэлдээ шингээж, гэр орондоо аваачих юм бол агуу ихээр адислагдах болно.

Ах, эгч нар минь ээ, биднийг чухал сүнслэг захиасуудаар цэнэглэсэн энэ удаагийн ерөнхий чуулганаа бид өндөрлөх цаг болоод байна. Миний бие сүнслэг байдлаараа цэнэглэгдэж, сэтгэл санаагаараа өргөгдлөө. Та бүхэн ч гэсэн энэ удаагийн чуулганы онцгой сүнсийг мэдэрсэн гэдэгт би итгэлтэй байна.

Энэ чуулганд ямар нэг хэлбэрээр оролцсон бүх хүмүүст бид чин сэтгэлийнхээ талархлыг илэрхийлж байна. Сайн мэдээний үнэнүүдэд онцгой анхаарал хандуулж, тэдгээрийг агуу итгэлтэйгээр заалаа. Хэрэв бид өнгөрсөн хоёр өдөр сонссон захиасуудыг зүрх сэтгэлдээ шингээж, гэр орондоо аваачих юм бол агуу ихээр адислагдах болно.

Энэ чуулганы захиасуудыг ердийнхөөрөөEnsign,Лиахонасэтгүүлүүдийн ирэх сарын дугаарт нийтлэх болно. Чуулган дээр хэлсэн үгсийг тэр үед дахин уншиж, захиасуудыг нь тунгаан бодохыг би та нарт уриалж байна. Чуулган дээр хэлсэн үгсийг илүү гүнзгий судалсан үед сүнслэг нөлөө бүхий сургаалуудыг илүү сайн ойлгодгийг би хувийн туршлагаасаа мэднэ.

Бид чуулганы үйл ажиллагааг далай тэнгис, тивийг алгасан урьд өмнө байгаагүй өргөн хүрээгээр газар газрын хүмүүст хүргэлээ. Бид та нарын заримаас нь алс хол байгаа ч гэсэн, та бүхний сүнсийг мэдэрч, хайр, талархлаа та бүхэнд илгээж байна.

Энэ чуулганаар дуудлагааасаа чөлөөлөгдөж буй Ах нартаа, та бүхний олон жил бүхнээ зориулсан үйлчлэлийн төлөө, би чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Их Эзэний ажилд та бүхний оруулсан хувь нэмрийн ачаар тоо томшгүй олон хүмүүс адислагдсан билээ.

Ах эгч нар аа, би саяхан 85 насныхаа ойг тэмдэглэсэн. Их Эзэний надад бэлэглэсэн эдгээр он жилүүдийн төлөө би талархаж байна. Амьдралынхаа туршлагыг эргэн хараад намайг адисалсан Түүний үй олон адислалын төлөө би баярлан талархаж явдаг билээ. Түүнд болон та бүхэнд чин сэтгэлээсээ үйлчлэхийг хичээсэн үедээ би өөрийн бүх ажил үйлсэд Түүний удирдан чиглүүлэгч гарыг мэдэрдгээ өнөө өглөөний захиастаа онцлон тэмдэглэсэн билээ.

Сүмийн Ерөнхийлөгчийн албан тушаалд өндөр шаардлага тавигддаг. Миний дэргэд байнга үйлчилж, Тэргүүн Зөвлөлийн ажилд бие сэтгэл бүхнээ зориулан, ер бусын чадварлагаар тусалдаг итгэлтэй хоёр зөвлөхдөө би хэчнээн их баярлан талархаж явдаг билээ. Түүнчлэн Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгыг бүрдүүлдэг ах нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Тэд Их Эзэний зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө Далын Чуулгуудын гишүүдтэй цаг үргэлж хамтдаа хөдөлмөрлөж, тэднийг сүнслэг тусламжаар хангаж байдаг юм.

Дэлхий даяарх хайрт Ах эгч нар минь ээ, та бүхнээс тойрог болон салбартаа, дүүрэг болон гадсууддаа хийж байгаа бүх ажлыг би магтан сайшаахыг хүсч байна. Та бүхэн дуудлагат ажилдаа хичээл зүтгэл гарган ажилласнаараа, газар дээр Бурханы хаант улсыг байгуулахад хувь нэмрээ оруулан тусалж байна.

Бид бие биедээ элгэн халуун сэтгэлээр хандаж, тусламж хэрэгтэй болсон үед нь нэг нэгэндээ тусалдаг байцгаая. Бусдыг өөчилж, шүүмжилдэггүй байцгаая, харин аливаад хүлээцтэй хандаж, Аврагчийн хайр, нинжин сэтгэлийн үлгэр жишээг үргэлж дагацгаая. Ингэснээрээ бид бие биедээ үйлчлэх хүсэлтэй байх болно. Эргэн тойрныхоо хүмүүсийн хэрэгцээг мэдэхээр сүнсний удирдамжийн төлөө залбирч тэдэнд туслахаар урагшилцгаая.

Амьдралдаа зоригтой байцгаая. Бид хэдийгээр аюул заналхийлэл байнга өсөн нэмэгдэж байгаа үед аж төрж байгаа ч Их Эзэн биднийг хайрлаж, бидэнд анхаарал халамж тавьсаар байгаа билээ. Хэрэв бид зөв зүйлийг хийх аваас Тэр үргэлж бидний дэргэд байж, хэрэгтэй үед бидэнд туслах болно. Бид амьдралдаа асуудал, сорилт бэрхшээлийг хүсэн хүлээдэггүй боловч тэдгээр нь бидний амьдралд тохиолдох болно. Бидний хэн нь ч сорилт бэрхшээлээс дархлаажигдаагүй юм. Мөнх бус амьдрал дахь бидний зорилго бол Тэнгэр дэх Эцэгийнхээ адил үргэлж суралцаж, үргэлж өсч хөгжих явдал бөгөөд бид хүнд хэцүү үед л хамгийн их зүйлийг сурч мэдэн, үнэтэй сургамж авах нь олонтоо тохиолддог. Хэрэв бид Есүс Христийн сайн мэдээний сургаалуудыг дагавал бидний амьдрал баяр баясгалангаар бялхах болно.

“Зоригтой бай. Би ертөнцийг ялсан”1хэмээн Их Эзэн биднийг урамшуулан зоригжуулсан билээ. Тэр бидний төлөө амьдарч, бидний төлөө амиа өгсөн юм. Тэр бидний нүглийн төлөөсийг төлсөн юм. Түүний үлгэр жишээг дагацгаая. Түүний золиослолыг хүлээн авч нэгэн цагт Түүнд эргэн очиж хамт амьдрахад тэнцэхүйц байхаар зохистой амьдарч агуу баяр талархлаа Түүнд үзүүлцгээе.

Миний төлөө хийдэг та нарын залбиралд би өмнөх чуулганууд дээр талархал илэрхийлдэг байсны адил одоо ч бас талархал илэрхийлж байна. Та нарын залбирал надад хэрэгтэй, та нарын залбирлыг би мэдэрдэг. Ерөнхий эрх мэдэлтнүүд бид та бүхнийг санаж, Тэнгэрлэг Эцэгийн охь манлай адислалууд та нарт ирэхийн төлөө залбирч байдаг билээ.

Хайрт, ах эгч нар минь ээ, бид зургаан сарын дараа дахин уулзана. Тэр үед биднийг дахин уулзтал Бурхан та нартай хамт байх болтугай. Бидний Аврагч бөгөөд Гэтэлгэгч, Есүс Христийн нэрээр, амен.