Гайхалтай өглөө

Ахлагч Брүс Д.Портэр


Брүс Д.Портэр
Бид ирээдүйгээс айж, өөрсдийн найдвар болон урам зоригтоо гуйвах хэрэггүй, учир нь Бурхан бидэнтэй хамт байгаа.

Ерусалим хотод пүрэв гарагийн нэгэн орой, Есүс байшингийн дээд өрөөнд дээгүүр өнгөрөх баярыг тэмдэглэхээр дагалдагчидтайгаа уулзжээ. Түүнтэй хамт байсан дагалдагчид нь уг зоогийг хожим нь сүүлчийн зоог хэмээн нэрлэгдэнэ гэдгийг мэдээгүй юм. Хэрэв тэд үүнийг болон үүний учрыг мэдсэн бол уйлах байсан билээ.

Тэдний Багш Гетсемани болон Голгота дахь зовлон шаналал удахгүй ирнэ гэдгийг бүрэн ойлгож байлаа. Дэлхийн түүхэн дэх хамгийн хүнд хэцүү мөч ойртож байсан хэдий ч Есүс тэдэнд: “Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан” (Иохан 16:33) хэмээн айлджээ.

Их Эзэний Енохд бошиглосноор бид өнөөдөр эмх замбараагүй, тодорхой бус “ёс бусын хийгээд өс хонзонгийн өдрүүдэд” (Мосе 7:60) амьдарч байна. Гай зовлон, хүнд хэцүү цаг бидний өмнө байна. Гэсэн ч бидэнд урам зоригтой, баяр хөөртэй байх шалтгаан бий, учир нь бид Бурхан Өөрийн хүүгийн ирэлтэд бэлтгэж болохын тулд Өөрийн сүм болон хаант улсыг дахин сэргээсэн эцсийн эрин үед амьдарч байна.

Ерөнхийлөгч Боид К.Пайкр нэг удаа өөрийн ач нар болон саад бэрхшээл улам ихэсч байгаа, тэдний амьдарч буй дэлхийн тухай ярьсан юм. Тэрээр хэлэхдээ: “Тэдний амьдралын өдрүүдэд маш их үйл явдлууд тохиохыг тэд харах болно. Тэдгээрийн зарим нь тэдний эр зоригийг сорьж, итгэлийг нь хөгжүүлэх болно. Гэвч хэрэв тэд итгэлтэйгээр тусламж болон удирдамжийг эрэлхийлбэл тэдэнд хүнд хэцүү зүйлсийг даван туулах хүч өгөгдөх болно” гэжээ.

Тэрээр сүүлд нь нэмж хэлэхдээ: “соёл иргэншил, ёс суртахууны үнэ цэнэ хэзээ ч байгаагүй хурдтайгаар доройтож байна. Гэсэн хэдий ч би ирээдүйгээс айхгүй байна” (“Do Not Fear,” Ensign эсвэл Лиахона, 2004он, 5-р сар, 77, 78) гэжээ.

Ах эгч нар аа! Бид ирээдүйгээс айж, өөрсдийн найдвар болон урам зоригтоо гуйвах хэрэггүй, учир нь Бурхан бидэнтэй хамт байгаа. Галилд байхдаа Есүс шинэ дуудагдсан шавь нартаа өгсөн анхны сануулга нь “Бүү ай” (Лук 5:10) гэсэн хоёр үгтэй байсан юм. Тэрээр энэхүү зөвлөмжийг Өөрийн тохинууллынхаа турш олон удаа давтсан. Өнөө үеийн гэгээнтнүүдэд хандан Аврагч хэлэхдээ: “Зоригтой байгтун, мөн бүү эмээ, учир нь Их Эзэн бибээр та нартай хамт байна, мөн та нарын дэргэд зогсч байх болно” (Сургаал ба Гэрээ 68:6) гэжээ.

Их Эзэн Өөрийн сүм болон хүмүүсийнхээ дэргэд байж мөн Өөрийн ирэлтийг хүртэл тэднийг аюулгүй байлгах болно. Сионд болон түүний гадаснуудад амар амгалан байх болно, учир нь Тэрээр тунхаглахдаа "Мөн Сионы газар нутагт, мөн түүний гадаснуудад хамтдаа цуглах нь батлан хамгаалалтын тулд, мөн шуурганаас, мөн энэ нь хольцгүйгээр бүхэл дэлхий дээр юүлэгдэх үед хилэгнэлээс хоргодох газар байж болохын тулд буюу” (Сургаал ба Гэрээ 115:6) гэжээ.

Сүм нь гишүүдийнхээ аюулгүй байдлын төлөө хэрэм мэт зогсдог. Хэдийгээр дэлхийн нөхцөл байдал маш бухимдмаар болох ч итгэлтэй хожмын үеийн гэгээнтнүүд Сионы гадаснуудадхоргодох байрыг олох болно. Их Эзэн тунхаглахдаа гар хүрэлгүйгээр уулнаас таслагдсан чулуу бүх дэлхийг дүүргэх хүртлээ өнхрөх болно, мөн үүнийг ямар ч хүмүүний хүч зогсоож үл чадна гэжээ ( 2:31–45; ба Г 65:2). Мөн хэн ч үүнийг зогсоож чадахгүйн,учир нь Бурхан энэ ажлын зохиогч мөн Есүс Христ булангийн чулуу нь учраас Их Эзэний хаант улсын эцсийн ялалт тодорхой юм.

Бошиглогч Нифай үзэгдэлд эцсийн өдрүүдэд Бурханы хурганы хүч гэгээнтнүүд болон “газрын гадаргуугаар нэг тархсан Их Эзэний гэрээт хүмүүс дээр” бууж мөн тэд “ялгуусан алдар суунд зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр зэвсэглэсэн” (1 Нифай 14:14) байхыг харжээ.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үнэнч байж мөн Сүнсээр удирдуулах аваас бидний хүн нэг бүр болон гэр бүлүүд Бурханы хүчээр хамгаалагдан,зэвсэглэж чадна. Бэрхшээлүүд тохиолдож болох ба бидэнд болон бидний эргэн тойронд болж байгаа бүх зүйлийг ойлгохгүй байж болно; гэсэн хэдий ч хэрэв бид Их Эзэнд даруухнаар итгэх аваас бидэнд тулгардаг бүхий л сорилтуудад Тэр бидэнд хүч чадал болон удирдамж өгөх болно. Бидний хүсэл Түүний хүсэлд багтах аваас бид дотоод амар амгаланг мэдрэх болно.

Сэргээлтийн эхэн үед сүмийн гишүүд олон бэрхшээлтэй учирч байсан. Ерөнхийлөгч Бригам Янг тэр үеийн талаар ингэж хэлжээ: “Тал талаас үхэл мөн үймээн самуунаар заналхийлсэн дээрэмчдээр хүрээлэгдсэн үед, би одоо мэдэрч байгаа шигээ баяр баяслыг зүрх сэтгэлдээ мэдэрч байснаа санаж байна. Ирээдүй магадгүй харанхуй, бүрхэг харагдаж болох ч би сайн мэдээнд тийм цаг үеийг хэзээ ч харж байгаагүй юм. Гэхдээ үр дүн нь үнэний төлөө байсныг би мэдээгүй юм.” (Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997], 357)

Миний номлолын хамтрагч, Паул үргэлж урам зоригтой нэгэн байсан юм. Тэр залуухан аав байхдаа тархины судасны хатуурал гэсэн өвчнөөр шаналж байлаа. Хэдийгээр түүнд хэцүү байсан ч тэр бусдад үйлчлэхдээ баяр хөөртэй, хошигносон хэвээр байв. Тэр нэг удаа миний өрөөнд орж ирээд “Амьдралыг тэргэнцэр утга учиртай болгож байна шүү” гэж хэлсэн юм. Хэдэн жилийн өмнө нас барахаасаа өмнө тэр олон зуун алга таших хүмүүсийн дундуур тэргэнцэр дээрээ суун Олимпийн бамбар барьсаар явж байсныг би хэзээ ч мартахгүй. Байнга асч буй галын дөл мэт, Паулын итгэл амьдралын шуурганд хэзээ ч бөхөөгүй юм.

Бригам Янгийн Их сургуульд сурч байхдаа би хэдэн залуутай хамт амьдарч байлаа. Миний өрөөний найз Брүс миний мэдэх хамгийн өөдрөг үзэлтэй хүн байсан юм. Бид түүнийг хэн нэгэн эсвэл ямар нэгэн нөхцөл байдлын талаар сөрөг зүйл хэлж байхыг сонсоогүй бөгөөд түүний дэргэд байхад урам зориг мэдрэхгүй байхын аргагүй байдаг байв. Түүний урам зориг нь Аврагч болон түүний сайн мэдээнд найдах бат бөх найдвараас ирсэн юм.

Өвлийн хүйтэн нэгэн өдөр Том гэдэг найз маань Их сургуулийн оюутны хотхоноор алхаж байлаа. Өглөөний 7 цаг болж байсан бөгөөд оюутны хотхон хоосон бас харанхуй байлаа. Салхи салхилан, цас ихээр орж байлаа. Том “Ямар муухай цаг агаар вэ” гэж бодон харанхуйд цасан дундуур цаашаа алхаж байтал хэн нэгэн дуулж байгааг сонсжээ.

Мэдээж хэрэг бидний өөдрөг үзэлтэй найз Брүс цасан шуурган дундуур ирж явлаа. Тэр гараа тэнгэр өөд сунган “Ай, ямар сайхан өглөө вэ?, Ай, ямар сайхан өглөө вэ? Өнөөдөр бүх зүйл гайхалтай байхыг би мэдэрч байна” хэмээн Оклахамагийн хөгжимт киноны дууг дуулж байлаа. (Richard Rodgers and Oscar Hammerstein II, “Oh, What a Beautiful Morning” [1943]).

Тэр цагаас хойш тэрхүү харанхуй шуурган дунд тод дуу хоолой нь миний хувьд итгэл найдварын гайхалтай бэлэг тэмдэг болсон юм. Хилэнцээр дүүрэн дэлхийд ч гэсэн хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд бид тэнгэрийн хүч Бурханы хүмүүстэй хамт байдгийг мэдэн, баяр хөөртэйгөөр дуулж болно. Бурханы хүү зүүнтэйгээс дэлхий дээр дахин залрах үед дэлхийд өөрийн биеэр хаанчлах мянган жилийн өдөр эхлэх тэр сайхан өглөө байгаад бид баясч болно.

Дэлхийн түүхэн дэх өөр хоёр гайхалтай өглөөний талаар би бас бодож байна. 1820 оны хавар, Нью Иоркын Палмирагийн нэгэн гайхалтай тунгалаг өглөө, Иосеф Смит хэмээх залуу хөвгүүн ойн төгөлд очиж, өвдөг сөгдөн залбирсан юм. Түүний залбирлын хариуд, Эцэг мөн Хүү ирж, дэлхий дээрх цаг хугацааны бүрэн байдлын эрин үе болон Есүс Христийн сүмийн сэргээлтийг эхлүүлсэн юм.

Өөр нэгэн гайхалтай өглөө 2000 орчим жилийн тэртээх Ерусалим хотын хананы гадна тохиосон юм. Тэрхүү дээгүүр өнгөрөх баярын өглөө нар ер бусын туяагаар цацарч байсан нь эргэлзээгүй. Цөөн хэдэн эмэгтэйчүүд, цовдлогдсон Их Эзэний биеийг тослохоор цэцэрлэгт байрлуулсан булшин дээр ирцгээжээ. Хоёр тэнгэр элч тэдэнтэй уулзаж мөн: “Та нар юунд үхэгсдийн дунд амьд Нэгэнийг хайна вэ? Тэр энд байхгүй, харин Тэр амилсан.” (Лук 24:5–6) хэмээн тунхаглажээ.

Есүс Христийн нүгэл болон үхлийг даван туулсан ялалтыг би гэрчилж байна. Бидний мөнхийн Эцэгийн нигүүлсэнгүй төлөвлөгөө болон Түүний үүрдийн хайрыг би гэрчилж байна. Өглөө бүр бид босохдоо, тэнгэр рүү итгэлтэйгээр харан “ Ай, ямар гайхалтай өглөө вэ?” хэмээн хэлээсэй гэж би Есүс Христийн нэрээр залбирч байна. Амен.