Их Эзэнээр хүлээн зөвшөөрөгдөх нь

Далын

Ахлагч Эрик В.Копишк


Далын
Бид Их Эзэнийг эрэлхийлж , Түүнд хүлээн зөвшөөрөгдөх нь Тэрээр биднийг сонгодог бөгөөд адисалдаг хэмээх ойлголтод хөтлөх болно.

Намайг бага байхад аав маань зарим үед намайг ажилдаа туслуулахаар авч явдаг байсныг би санадаг. Манайх, гэрээсээ хэдхэн километрийн зайтай жижигхэн цэцэрлэгтэй байсан бөгөөд улирлын бэлтгэл ажил маш их байдаг байлаа. Бид гадаа сүүдрэвч хийх, хашаа засах, барих зэрэг ажлуудыг байнга л хийдэг байв. Миний санаж байгаагаар бид эдгээр ажлуудыг тэсгим хүйтэнд ч, их цас унасан үед ч, эсвэл ширүүн бороотой үед ч хийдэг байлаа. Гэсэн ч надад аавтайгаа ажиллахад үнэхээр сайхан байдаг байсан. Аав минь надад аливаад тэвчээртэй, хүлээцтэй хандахыг зааж сургасан юм.

Нэг өдөр аав надаар боолт чангалуулахаар болж хэтэрхий хүчтэй чангалбал боолт хагарна шүү гэж сануулав. Би жаахан бардамнаж юу чаддагаа аавдаа харуулахыг хүсэн, хамаг чадлаараа боолтыг чангалтал, мэдээж хэрэг боолт хагарсан. Аав надаар тоглон бид эхлэнгүүтээ дуусчихлаа гэж билээ. Би алдаа гаргасан үедээ ч, аавынхаа хайр болон надад итгэсэн итгэлийг нь үргэлж мэдэрдэг байсан юм. Арав гаруй жилийн өмнө аав минь өөд болсон ч, одоо болтол би аавынхаа зааж сургасан зүйлсийг санаж, түүний хайрыг нь мэдэрч, надад урам зориг хайрладаг байсанд нь баярлаж, намайг хүлээн зөвшөөрснийг нь мэдэрдэг билээ.

Хайртай хүмүүсээрээ хүлээн зөвшөөрөгддөгөө мэдрэх нь бидний хувьд чухал хэрэгцээ юм. Сайн хүмүүсээр хүлээн зөвшөөрөгдөх нь бидэнд урам дэм өгдөг. Энэ нь бидний өөрийгөө үнэлэх үнэлэмж болон өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг. Хүлээн зөвшөөрөгдөхийг хүссэн хүнээрээ хүлээн зөвшөөрүүлж чадаагүйгээс болоод тэр хүн хаа нэгтээ төөрөлдөж болно. Тэгснээр тэд өөрийнх нь сайн сайхан байдалд огт хамаагүй тэдгээр хүмүүсээр өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлэхээр хичээж магадгүй юм. Тэд бусдаар хүлээн зөвшөөрөгдөхийн тулд аман дээрээ өөрсдийгөө тэдний найз нөхөд гэх боловч, үнэн хэрэг дээрээ тэдний төлөө гэсэн сэтгэлгүй хүмүүстэй нийлж буруу гэж мэддэг зүйлүүдээ ч хийж болзошгүй. Бусадтай адил зиндаанд буюу байр сууринд байгаагаа харуулахын тулд тэд брэндийн хувцас өмсөж бусдаар хүлээн зөвшөөрүүлэхийг хичээж болох юм. Зарим хүмүүсийн хувьд, албан тушаал, алдар нэр хөөцөлдөх нь бусдаар хүлээн зөвшөөрүүлэх нэг арга зам нь ч байж мэднэ. Тэд өөрсдийн үнэ цэнийг албан тушаал, нийгмийн байр сууриар тодорхойлж болох юм.

Тэр бүү хэл сүмд ч бид иймэрхүү бодлоос байнга хол байгаад байж чаддаггүй. Буруу эх сурвалжаас эсвэл буруу шалтгааны төлөө бусдад хүлээн зөвшөөрөгдөхийн төлөө хичээснээр биднийг төөрүүлж бүр устгалд ч хүргэж болзошгүй тийм аюултай зам дээр биднийг түрэн гаргах болно. Бид үнэ цэнэтэй болон өөртөө-итгэлтэй байдлыг мэдрэхийн оронд сүүлдээ бид ганцаардаж, дорд үзэгдсэн мэдрэмжийг мэдрэх болно.

Алма, хүү Хиламандаа, “тиймээ, чи Бурханд найдан амьдрахаа мэдтүгэй”1 гэж зөвлөсөн байдаг. Тэнгэрлэг Эцэг болон Түүний хүү Есүс Христээр хүлээн зөвшөөрөгдөх аваас эрх мэдлээр, мөнхөд хүлээн зөвшөөрүүлэх болно. Тэд биднийг мэддэг. Тэд бидэнд хайртай. Тэдний хүлээн зөвшөөрдөг зүйлс бидний алдар нэр, албан тушаал биш юм. Тэд бидний нийгмийн байр суурийг харгалздаггүй. Тэд бидний зүрх сэтгэлийг хардаг. Тэд биднийг хэн бэ гэдгээр нь, хэн болохоор хичээж байгаагаар нь хүлээж авдаг. Тэднээр хүлээн зөвшөөрөгдөхийн төлөө хичээх нь биднийг үргэлж өргөж, урамшуулан дэмжих болно.

Амьдралд хэрэгжүүлэх аваас, бусдаар хүлээн зөвшөөрүүлэхэд бид бүгдэд тусалж чадах нэгэн энгийн загварыг би та бүхэнтэй хуваалцъя. Энэ загварыг Их Эзэн бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгсөн юм: “Үнэнээр би та нарт хэлье, тэдний дундах, зүрх сэтгэл нь үнэнч шударга мөн харууссан мөн сэтгэл нь гэмшсэн гэдгийг мэддэг тэд, мөн гэрээнүүдээ золиослолоор дагахад бэлэн байгаа тэд – тийм ээ, Их Эзэн миний зарлиглах золиослол бүрээр—тэд надаар хүлээн зөвшөөрөгддөг билээ.”2

Энэхүү загвар гурван энгийн алхамтай:

  1. 1.

    Зүрх сэтгэл маань үнэнч шударга бас харууссан гэдгээ мэдэх,

  2. 2.

    Гэмшсэн сэтгэлтэй гэдгээ мэдэх,

  3. 3.

    Их Эзэний зарлиг болгосны дагуу золиослол хийж гэрээнүүдээ сахих хүсэл эрмэлзлэлтэй байх.

Бид юуны өмнө шударга бөгөөд харууссан зүрх сэтгэлтэй байгаагаа мэдэх хэрэгтэй. Үүнийг яаж мэдэх вэ? Өөрийнхөө амьдралыг чин сэтгэлээсээ эргэцүүлэн бодож эхэл. Зүрх сэтгэл бол бидний мэдрэмжийн чухал хэсэг юм. Бид зүрх сэтгэл рүүгээ өнгийснөөр өөрсдийнхөө хэн бэ гэдгийг мэдэж чадна. Бидний эргэн тойронд байгаа бусад хүмүүсийн мэдэхгүй зүйлийг зөвхөн бид л мэддэг. Бид өөрсдийн хүсэл эрмэлзлийг болон зорилгуудаа мэднэ. Бид өөрсдийн жинхэнэ мөн чанараа таньж, өөрсийгөө шударгаар дүгнэж чадвал өөрийгөө зөвтгөх буюу өөрийгөө хуурахаа больдог.

Бидэнд харууссан зүрх сэтгэлтэй эсэхээ мэдэх арга бий. Харууссан зүрх сэтгэл нь зөөлөн, нээлттэй мөн аливааг хүлээн авахдаа амархан байдаг. “Харагтун, Би үүдэн дээр зогсоод тогшиж байна”3 гэж Аврагч хэлэхийг сонсоод Түүнийг миний зүрх сэтгэлийн хаалгыг тогшиж байгааг мэдэрдэг. Хэрэв энэ хаалгаа Түүнд нээж өгвөл би Сүнсний урилганд илүү уриалгахан байж, Бурханы хүслийг илүү ихээр хүлээн авах болно.

Зүрх сэтгэлээ хэр зэрэг үнэнч шударга мөн харууссан гэдгийг мэдэхээр чин сэтгэлээсээ, залбиралтайгаар тунгаан бодох үед, Ариун Сүнс бидэнд заах болно. Биднийг зөв зүйл үйлдэхийг урих тааламжтай баталгаа эсвэл төгс зөөлөн залруулга хүлээн авах болно.

Хоёрдугаарт, бид гэмшсэн сэтгэлтэй болсон гэдгээ мэдэх хэрэгтэй. Гэмшсэн гэдэг үг нь Оксвордын толь бичигт “хэн нэг нь буруу зүйл хийснийхээ төлөө гэмшиж харууссанаа илэрхийлэх мэдрэмж”4 гэж тайлбарласан байдаг. Хэрэв бидэнд гэмшсэн сэтгэл байвал бид өөрсдийн алдаа дутагдал, гэм нүглээ хүлээн зөвшөөрдөг. Бид “зөв шударгад хамаарах бүх зүйлүүдийн талаар” 5 сурах боломжтой байдаг. Бид Бурханлаг харууслыг мэдэрч наманчлах хүсэлтэй болдог. Гэмшсэн сэтгэл нь “Ариун Сүнсний таталтанд автагдан” биднийг сонсох хүсэлтэй болгодог. 6

Гэмшсэн сэтгэл нь бидний хийх хүсэл, шийдвэр төгс байдлаар илэрдэг. Бид Бурханы өмнө өөрсдийгөө даруусгаж, наманчилж, суралцаж өөрчлөгдөх хүсэл эрмэлзлэлтэй болдог. Бид “Миний хүсэл бус харин таны хүсэл биелэгдэг”7 хэмээн залбирах хүсэл эрмэлзлэлтэй болдог.

Их Эзэнээр хүлээн зөвшөөрөгдөх гурав дахь алхам бол, гэрээнүүдээ золиослолоор сахих тэд- “тиймээ, Их Эзэн миний зарлиглах золиослол бүрээр” 8 гэсэн тушаал юм. Бид ихэнх тохиолдолд золиослол гэдэг үгийг бидний хувьд хийхэд маш хэцүү эсвэл том зүйл мэтээр боддог. Тодорхой хэдэн нөхцөлд энэ нь үнэн байж болох ч, ихэнхдээ энэ нь Христийн үнэнч шавь нарын өдөр тутмын амьдралыг хэлсэн байдаг.

Гэрээнүүдээ золиослолоор дагаж байгаа эсэхээ мэдэх нэг арга бол ариун ёслолоосоо долоо хоног бүр зохистойгоор хүртэх явдал юм. Бид өөрсдийгөө ариун ёслолд хүсэл эрмэлзэлтэйгээр бэлддэг. Бид Их Эзэнд амласан ариун нандин амлалтуудаа шинэчлэн баталдаг. Бид үүнийг хийснээр, Тэрээр бидний хүчин чармайлтуудыг хүлээн авч, Есүс Христийн цагаатгалаар дамжуулан бидний гэм нүгэл өршөөгдсөнөөр хүлээн зөвшөөрөгдсөн баталгааг хүлээн авснаа мэдрэх болно. Ариун ёслолын үеэр, хэрэв бид өөрсөд дээрээ Түүний Хүүгийн нэрийг авч, үргэлж түүнийг санан Түүний тушаалуудыг дагавал Их Эзэн Өөрийн Сүнсийг бидэнтэй үргэлж хамт байлгах болно хэмээн бидэнд амладаг билээ. Ариун Сүнсийг өөрийн байнгын хамтрагчаа болгох нь Бурханаар хүлээн зөвшөөрөгдсөний хамгийн том үзүүлэлт юм.

Гэрээнүүдээ золиослолоор дагаж байгаа эсэхээ мэдэх өөр аргууд бол сүмдээ дуудлага хүлээн авч, дуудлагаа итгэлтэйгээр хийх буюу сүнсийг нь аврах хэрэгтэй тэдгээр сул дорой хүмүүст хүрч ажиллах бошиглогч Томас  С.Монсонгийн урилгыг хүлээн авч дагах гэх мэт энгийн зүйлүүд юм. Хөршүүд болон нийгэмдээ даруухнаар үйлчилж, өвөг дээдсийнхээ нэрсийг олж тогтоон, тэдний өмнөөс ариун сүмийн ажлыг гүйцэтгэснээр бид гэрээнүүдээ золиослолоор дагаж байгаагаа мэдэж болно. Мөн өдөр тутмын амьдралдаа шударга байхыг хичээж, нээлттэй байж, Сүнсний өдөөлтүүдийг анхааралтай сонссоноор золиослол хийж гэрээнүүдээ сахиж байгаагаа мэдэж болно. Зарим үед золиослол хийж гэрээнүүдээ сахина гэдэг нь амьдралын сорилт бэрхшээлүүд тулгарсан үед гуйвшгүй тууштай, бат бөх итгэлтэй байх ёстой гэсэн үг юм.

Түүгээр хүлээн зөвшөөрүүлэх энэ загварыг тайлбарласны дараа, Их Эзэн хувь хүн болон гэр бүлүүд Түүгээр хүлээн зөвшөөрүүлэхээр хичээснээр ямар адислал хүлээн авч болохыг тайлбарлажээ. Тэрээр: “Учир нь Их Эзэн, бибээр үнэт үр жимс нэн ихийг ургуулдаг, цэвэрхэн горхины дэргэд сайн газарт таригддаг мод лугаа адил тэднийг урагш авчрах болгоно”9 хэмээн хэлжээ.

Бид өөрсдөө Их Эзэний Сүнсийг хүлээн авахуйц байж Түүгээр хүлээн зөвшөөрөгдсөнөө мэдэрсэн үед, бид өөрсдийн төсөөлж чадахаас илүү ихээр адислагдан, зөв шударгын олон үр жимсийг авчрах болно. Бид Их Эзэний ийн хэлэх тэдгээр хүмүүсийн дунд байх болно, “Сайн байна, итгэмжит сайн боол минь! Чи цөөн юманд итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя. Эзнийхээ баяр баясгаланд ор”10 гэж хэлэх хүмүүсийн дунд бид байх болно.

Хичээн чармайж, Их Эзэнээр хүлээн зөвшөөрөгдсөн үед, Тэр биднийг сонгосон бөгөөд адисалсан гэдгийг бид ойлгох болно. Тэр биднийг удирдаж, сайн сайхны төлөө чиглүүлэх болно хэмээх хүчирхэг итгэлийг олж авах болно. Их Эзэний нигүүлсэл бидний зүрх сэтгэл, бидний амьдрал, бидний гэр бүлд байнга орших болно.

Та бүхнийг Их Эзэнээр хүлээн зөвшөөрүүлэхийн тулд хичээснээр Түүний амлагдсан адислалуудыг хүлээн авахыг би чин сэтгэлээсээ хүсч байна. Бид албан тушаал, нийгэмд эзлэх байр суурь, мөнх бус гачигдал, зовлон зэргээс үл хамааран, Их Эзэний бидэнд өгсөн энэхүү энгийн загварыг дагавал, Түүнд хүлээн зөвшөөрөгдсөнөө бид мэдэх болно. Түүний биднийг хайрлах хайраар хүлээн зөвшөөрсөн нь биднийг урамшуулан, бидний түүнд итгэх итгэлийг нэмэгдүүлж, энэ амьдралд тулгарах асуудлуудыг шийдэхэд бидэнд туслах болно. Бидэнд тулгарах сорилтуудаас үл хамааран, бид амжилттай байж, өсч хөгжин,11 амар амгаланг мэдрэх болно.12 Их Эзэний ийн хэлэх тэдгээр хүмүүсийн дунд бид байх болно:

“Бяцхан хүүхдүүд бүү эмээ, учир нь та нар минийх болой, мөн бибээр дэлхийг ялсан, мөн та нар Эцэгийн надад өгсөн тэдний хэсэг билээ.

“Миний Эцэгийн надад өгсөн тэднээс хэн нь ч алдагдах нь үгүй”13

Есүc Христийн нэрээр, амен.