Ирцгээ Бурханы хөвгүүд та нар


Томас С.Монсон
Бидний хүн нэг бүр судруудыг хичээнгүйлэн судалж, амьдралаа зорилготойгоор төлөвлөн, үнэнийг гэрчлэлтэйгээр зааж, Их Эзэнд хайраар үйлчлэх болтугай.

Жилд хоёр удаа энэ гайхамшигт чуулганы төвөөс “Ирцгээ, санваар хүлээн авсан Бурханы хөвгүүд та нар”1 хэмээн итгэлт дуу хоолойгоор хэлэх мэт санагддаг. Сүмийн санваарын ерөнхий цуглааны үеэр онцгой уур амьсгал бүрддэг.

Энэ үдэш мянга мянган санваартан дэлхий даяар Их Эзэний номлогчоор үйлчилж байгаа билээ. Өнөө өглөө би өөрийн захиастаа дурдсаны дагуу номлолын талбарт одоогоор 65,000 гаруй номлогч байгаа бөгөөд номлогчийг бэлтгэх төвд очихоорхүлээж байгаа мөн номлолд үйлчлэх хүсэлтээ хянуулж байгаа мянга мянган ирээдүйн номлогч байна. Бид үйлчлэх хүсэлтэй бөгөөд номлолоо тэсэн ядан хүлээж буй тэднээр бахархаж байна. Бид та нартаа хайртай.

Дахин амилсан Их Эзэн Галилд арван нэгэн дагалдагчдадаа үзэгдэх үедээ өгсөн тушаалаас илүү бидэнд хамаатай тунхаглал, зайлшгүй үүрэг хариуцлага мөн илүү шулуухан захиас гэж ариун судруудад үгүй. Тэрээр ингэж айлджээ:

“Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээж,

“Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно.”2

Энэхүү гайхамшигтай амлалт бүхий бурханлаг тушаал нь Есүс Христийн цаг үетэй нэгэн адил өнөөдөр ч гэсэн бидний уриа болсоор байна. Номлолын ажил бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн онцлог шинж билээ. Үргэлж ийм байсаар ирсэн мөн үүрд ийм байх ч болно. Бошиглогч Иосеф Смитийн тунхагласнаар, “Эцсийн эцэст хамгийн агуу, хамгийн ач холбогдолтой үүрэг бол сайн мэдээг номлох явдал мѳн.”3

Хоёр жилийн богинохон хугацаанд одоогоор Бурханы сүрлэг армид үйлчилж байгаа бүх бүрэн цагийн номлогчид ажлаа дуусгаж, хайртай хүмүүс, гэр орондоо буцаж очно. Ахлагчид номлолоо дуусгахад тэднийг нөхөх шинэ номлогчид нь энэ үдэш цугласан Аароны санваартнууд та нар билээ. Залуу эрэгтэйчүүд ээ, та нар хариулахад бэлэн байна уу? Та нар номлох хүсэлтэй байна уу? Та нар үйлчлэхээр бэлтгэгдсэн үү?

Номлолын ажлын хамгийн сайхан нь амьдралын хэв маягийн эрс өөрчлөлтийг шаарддаг явдал юм. Энэ нь урт хугацааны агуу үнэнч байдлыг, амь бие хайрлаагүй золиослол хийгээд чин сэтгэлийн залбирлыг шаарддаг. Үнэнч номлолын үйлчлэлийн үр дүнд бид мөнх бус байдалд болон үүрд мөнхөд үргэлжлэх баяр баясгалангаар шагнагддаг.

Их Эзэний талбайд илүү ашиг тустай үйлчлэгчид байх нь бидний өмнө байгаа шалгуур юм. Энэ нь зөвхөн бүрэн цагийн номлолд үйлчлэхээр бэлтгэж байгаа тэдэнд бус, наснаас үл шалтгаалан хүн бүхэнд хамаатай бөгөөд Христийн сайн мэдээг бусадтай хуваалцах тушаал бид бүгдэд өгөгдсөн.

Бидэнд амжилт авчрах загварыг би санал болгох гэсэн юм: нэгдүгээрт, судруудыг хичээнгүйлэн судал; хоёрдугаарт, амьдралаа зорилготойгоор төлөвлө (нас үл харгалзан амьдралаа төлөвлө гэж нэмж магадгүй); гуравдугаарт, үнэнийг гэрчлэлтэйгээр заа; дөрөвдүгээрт, Их Эзэнд хайраар үйлчил.

Одоо бүгдээрээ энэ загварын дөрвөн хэсгийг нэг бүрчлэн авч үзье.

Нэгдүгээрт, судруудыг хичээнгүйлэн судал.

Судрууд нь Бурхан болоод мөнх амьдралын үгсийг гэрчилдэг. Тэдгээр нь бидний захиасын үндэс суурь нь болдог.

Сүмийн сургалтын материалуудаас хамгийн чухал нь ариун судрууд юм. Эдгээр нь олон хүний хүчээр цэгцлэгдэн гарч гарч ирсэн байдаг. Тийм ч учраас бид өдөр бүр судраас хувиараа болон гэр бүлээрээ суралцах нь чухал билээ.

Бидний амьдралд шууд хэрэгжих ганцхан эшлэлийг та нарт хэлэх гэсэн юм. Мормоны номын Алма 17 дугаар бүлгээс бид Алма Мозаягийн хөвгүүдтэй дахин уулзахдаа баяр хөөрт автаж, тэдний сайн мэдээний үйлс дэх тууштай байдлыг тэмдэглэсэн талаарх шастирыг уншдаг билээ. Цэдэг бидэнд ийн хэлдэг “тэд үнэний мэдлэгт хүчтэй болсон байв; учир нь тэд зөв ойлголттой хүмүүс мөн тэд Бурханы үгийг мэдэж болохын тулд судруудыг хичээнгүйлэн судалсан байв.

“Гэвч энэ нь бүгд бус; тэд өөрсдийгөө их залбирал, мөн мацаг барилтанд зориулсан байв; тиймийн тул тэдэнд бошиглолын суу билэг, мөн илчлэлтийн суу билэг байлаа, мөн тэд зааж байхдаа Бурханаас хүлээн авсан хүч мөн эрх мэдэлтэйгээр зааж байв.”4

Ах нар аа, судруудыг хичээнгүйлэн судал.

Хоёрдугаарт: Амьдралаа зорилготойгоор төлөвлө.

Өнөөгийн өсвөр үеийнхнээс өөр ямар ч үе ийм алсыг харсан шийдвэртэй тулж байгаагүй байх. Сургууль, номлол, гэрлэлтэнд бэлтгэсэн байх ёстой. Заримынх нь хувьд цэргийн алба орж байгаа.

Номлолын бэлтгэл эрт эхэлдэг. Сүнслэг байдлаас гадна, ухаалаг эцэг эх жаал хүүгээ номлолдоо зориулан мөнгөө цуглуулж болох нөхцөлийг нь бүрдүүлж өгөх болно. Жил өнгөрөх тусам түүнийг гадаад хэл сурахад нь сайн дэмжиж болох бөгөөд шаардлагатай бол тэрээр хэлний чадвараа ашиглаж болно. Улмаар тэр залуу эрэгтэйн бишоп, гадасны ерөнхийлөгч нь түүнтэй уулзахаар өрөөндөө дуудах үед гайхамшигтай сайхан өдөр ирдэг. Зохистой байдлыг тодорхойлж, номлогчийн хүсэлтийг бөглөж дуусах нь тэр.

Өөр ямар ч тохиолдол гэр бүлийг бүхэлд нь шуудан зөөгч болон Юта мужийнСолт Лэйк хотын, 47 Ийст Сауф Ариун Сүм гэсэн сүмийн оффисын буцах хаягтай захиаг харуулдан хүлээхэд хүргэдэггүй. Захиа ирнэ; хаана дуудагдсан бол гэж догдолно; дуудлагаа нээгээд уншина. Ихэвчлэн хаа нэгтээ, гэрээсээ хол газар үйлчлэхээр дуудагдана. Хэдий тийм ч хаана байхаас үл хамааран, дуулгавартай бөгөөд бэлтгэгдсэн номлогчийн хариулт нь нэгэн адил байдаг: “Би үйлчлэх болно.”

Удалгүй явах бэлтгэлээ базааж эхэлнэ. Залуу эрэгтэйчүүд ээ, номлолд үйлчлэхэд тань гаргаж байгаа эцэг эхчүүдийнхээ агуу золиослолыг та нар талархалтайгаар хүлээн авдаг гэж би найдаж байна. Тэдний зүтгэл, итгэл, залбирлууд та нарыг дэмжих болно. Номлол бол гэр бүлийн хэрэг юм. Хэдий та нар далай тэнгис, тив газраар тусгаарлагдсан байж болох ч, зүрх сэтгэл үргэлж нэг байдаг.

Ах нар аа, та нар амьдралаа зорилготойгоор төлөвлөснөөр номлогч байх боломж тань албан ёсны номлогчийн дуудлагаар хязгаарлагдахгүй гэдгийг санаарай. Цэргийн алба хааж байгаа та нарын хувьд цаг хугацааг сайн ашиглаж ч болно, ашиглах ч ёстой. Жил бүр цэргийн дүрэмт хувцастай залуу эрэгтэйчүүд маань санваараа эрхэмлэн дээдэлж, Бурханы тушаалуудыг сахиж, Их Эзэний тэнгэрлэг үгсийг бусдад зааснаар олон бодгалийг Бурханы хаант улсад авчирдаг.

Боловсролоо дээшлүүлж явахдаа номлогчид байх онцгой боломжоо бүү орхигдуулаарай. Та нарын Хожмын Үеийн Гэгээнтний үлгэр жишээг бусад хүмүүс ажиглаж, шүүж, бүр илүүтэйгээр дагах болно.

Ах нар аа, та нар өөрсдийн нас, нөхцөл байдлаа үл харгалзан амьдралаа зорилготойгоор төлөвлөхийг анхааруулж байна.

За одоо манай загварын гуравдугаарт: Үнэнийг гэрчлэлтэйгээр заа.

Төлөөлөгч Паулын зөвлөгөөг дуулгавартай дага. Тэрээр ингэж анхааруулжээ: “Та нарын доторх найдварын талаар асуух хүн бүрт хариу өгөхөд ямагт бэлэн бай.” 5 Дуу хоолойгоо өргөн Бурхан Тэргүүтний үнэн мөн чанарыг гэрчил. Мормоны Номын талаар гэрчлэлээ тунхагла. Авралын төлөвлөгөөнд агуулагдсан гайхамшигт үнэнийг бусдад хүргэ.

Тавь гаруй жилийн өмнө намайг Канадад номлолын ерөнхийлөгчөөр үйлчилж байхад, хөдөөний жижиг тосгоноос ирсэн нэгэн залуу номлогч Торонто хэмээх том хотын сүрийг хараад алмайрч билээ. Тэр бие жижигтэй ч хүчтэй гэрчлэлтэй номлогч байсан. Ирээд удаагүй байхдаа тэрээр хамтрагчтайгаа Канадын Онтариогийн Ошава хотод Элмэр Поллардын гэрт очсон байна. Ноён Поллард хүчтэй цасан шуурганаар хаалга тогшиж явсан хоёр залууг өрөвдсөндөө гэртээ оруулжээ. Тэд захиасаа түүнд танилцуулсан боловч тэр сүнсийг мэдэрсэнгүй. Эцэст тэр тэднийг гэрээс нь яваад дахиж ирэхгүй байхыг хүслээ. Номлогчдыг довжооноос үдэхдээ түүний тохуурхаж хэлсэн сүүлчийн үгс нь: “Та нар надад Иосеф Смитийг Бурханы бошиглогч байсан гэдэгт үнэхээр итгэдэг гэж хэлээд байхдаа яахав дээ!” байв.

Хаалга ч хаагдаж, номлогчид зам даган алхлаа. Манай хөдөөний хүү хамтрагчдаа хандан ингэж хэлжээ: “Хамтрагчаа, бид ноён Поллардад хариулаагүй юм байна шүү дээ. Тэр биднийг Иосеф Смит үнэн бошиглогч байсан гэдэгт итгэдэггүй гэж хэлсэн. Буцаж очоод түүнд гэрчлэлээ үлдээцгээе. Эхэндээ илүү туршлагатай номлогч нь эргэлзэж байснаа хамтрагчийнхаа саналыг дагахаар шийдэв. Тэд дөнгөж саяхан хөөгдөж гарсан хаалга руугаа айдастайгаар эргэж очоод хаалгыг тогшлоо. Ноён Поллард гарч ирэхэд эвгүй байдалтай хэсэг хүлээсний эцэст, Сүнсний хүчээр манай туршлагагүй номлогч ярьж эхлэх нь тэр: “Ноён Поллард, та биднийг Иосеф Смит Бурханы бошиглогч байсан гэдэгт үнэндээ итгэдэггүй гэж хэлсэн. Би танд Иосеф бошиглогч байсан гэдгийг гэрчилж байна. Тэр үнэхээр Мормоны Номыг орчуулсан. Тэр Бурхан Эцэг мөн Түүний Хүү Есүсийг харсан. Би үүнийг мэднэ.”

Хэсэг хугацааны дараа ноён Поллард, одоо бол Поллард ах, санваарын цуглаанд босоод ийнхүү тунхаглажээ: “Тэр шөнө би унтаж чадаагүй. Миний чихэнд: ‘Иосеф Смит Бурханы бошиглогч байсан. Би үүнийг мэднэ. Би үүнийг мэднэ. Би үүнийг мэднэ’ гэдэг үгс давтагдаад л байсан. Маргааш нь би номлогчид руу залгаад буцаж ирэхийг хүссэн. Тэдний захиас, гэрчлэл нь миний болон гэр бүлийн маань амьдралыг өөрчилсөн юм.” Ах нар аа, үнэнийг гэрчлэлтэйгээр заа.

Манай загварын сүүлийн хэсэг нь Их Эзэнд хайраар үйлчлэх юм. Хайрыг орлох зүйл гэж үгүй. Амжилттай номлогчид хамтрагчаа, удирдагчдаа мөн сайн мэдээг сонсож буй сонирхогчдоо хайрладаг.Сургаал ба Гэрээний дөрөв дэх хэсэгт Их Эзэн номлолын ажилд тавигдах шаардлагыг тогтоосон байдаг. Бүгдээрээ хэдэн шүлэг авч үзье:

“Ай, Бурханы үйлчлэлийг эхэлж байгаа та нар эцсийн өдөр Бурханы өмнө буруугүй зогсож болохын тулд та нар бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун чадлаараа түүнд үйлчлэхээ мэдэгтүн. ...

“Мөн итгэл, найдвар, энэрэл ба хайр мөн Бурханы алдар суугийн төлөө бүхнээ зориулах нь түүний тэрхүү ажилд тохирохоор болгодог.

“Итгэл, ариун журам, мэдлэг, өөрийгөө захирах, тэвчээр, ах дүүсэг ёсны нинжин сэтгэл, бурханлаг чанар, энэрэл, даруу байдал, хичээл зүтгэлийг санагтун.”6

Намайг ярихыг сонсоод та нарын хүн нэг бүр өөрөөсөө дараах асуултыг асуугаасай “Өнөөдөр би итгэл, ариун журам, мэдлэг, бурханлаг чанар, хайранд өсөн нэмэгдсэн үү?”

Та бүхний үнэнч зүтгэлээр дамжуулан өөрийн нутагт тань эсвэл харь оронд байгаа аврагдахад нь тусалж буй тэдгээр бодгалиуд та нарын хамгийн их хайрладаг хүмүүс байх болтугай.

Олон жилийн өмнө миний хүндэт найз, Крэг Садбури, Австралийн Мелбурн номлолд явахаасаа өмнө ээж Пөөрлийн хамт оффист маань ирж байсан. Крэгийн аав Фрэд Садбури байхгүй байгааг би анзаарав. Крэгийн ээж хорин таван жилийн өмнө сүмийн гишүүн бус Фрэдтэй гэрлэсэн бөгөөд тэр үед ч гэсэн гишүүн болоогүй л байлаа.

Крэг эцэг эхдээ маш их хайртайгаа надад хэлээд, ямар нэг байдлаар түүний эцэг Сүнсний нөлөөг мэдэрч, зүрх сэтгэлээ Есүс Христийн сайн мэдээнд нээж өгнө гэж найддаг талаараа ярьсан юм. Би түүний хүсэл хэрхэн биелж болох талаар илэрхийлэлт хүсч залбирсан. Илэрхийлэлт ирж би Крэгд ингэж хэлсэн: “бүх зүрхээрээ Их Эзэнд үйлчил. Өөрсдийн ариун нандин дуудлагадаа дуулгавартай бай. Долоо хоног бүр эцэг эх рүүгээ захиа бич, Хааяа аавдаа тусад нь захиа бичиж түүнд их хайртайгаа мөн хүү нь байгаадаа талархалтай байдгаа хэл.” Тэрээр надад баярласнаа хэлээд ээжтэйгээ оффисоос явав.

Түүнээс хойш 18 сарын дараа Крэгийн ээж нь оффис дээр ирээд нүдэндээ нулимстайгаар надад ингэж хэллээ:”Крэг номлолд явснаас хойш бараг 2 жил боллоо. Тэр бидэн рүү долоо хоног бүр захиа бичиж байна. Саяхан манай нөхөр Фрэд анх удаа гэрчлэлийн цуглааны үеэр индэр дээр гараад сүмийн гишүүн болохоор шийдсэнээ зарлаж, намайг бас хүн бүрийг гайхашрууллаа. Бид хоёр Австрали руу Крэгийн номлолыг дуусахад нь очно. Тэгсэнээр Крэгийн бүрэн цагийн номлогчийн хувиар хийсэн хамгийн сүүлчийн баптисм нь Фрэдийнх байх болно гэж хэлсэн.”

Алс тэртээгийн Австралид, Крэг эцэгтэйгээ цуг бүсэлхийгээр татсан усан дотор зогсоод, баруун гараа тэгш өнцөг үүсгэн өргөж “Фрэдэрик Чаарлз Садбури, Есүс Христийн итгэмжилсэнээр, би танд Эцэг, мөн Хүү, мөн Ариун Сүнсний нэрээр баптисм хүртээж байна” гэсэн ариун үгсийг хэлэх үед Крэг Садбуригаас илүү бахархалтайгаар баптисм гүйцэтгэж байсан номлогч гэж байгаагүй билээ.

Хайр өөрийн ялалтыг байгуулсан юм. Их Эзэнд хайраар үйлчил.

Ах нар аа, бидний хүн бүр судруудыг хичээнгүйлэн судалж, амьдралаа зорилготойгоор төлөвлөн, үнэнийг гэрчлэлтэйгээр зааж,Их Эзэнд хайраар үйлчлэх болтугай.

Бодгалиудын маань төгс Хоньчин, хүн төрөлхтнийг аварсан номлогч, Өөрийн бурханлаг баталгаа өгсөн юм:

“Мөн, хэрэв та нар энэ хүмүүст наманчлалыг тунхаглахад өөрсдийн бүхий л өдрүүдэд хөдөлмөрлөж мөн зөвхөн нэг бодгалийг надад авчрах аваас, миний Эцэгийн хаант улсад түүнтэй хамт та нарын баяр хөөр хэчнээн агуу байх билээ!

“Мөн эдүгээ, хэрэв миний Эцэгийн хаант улсад надад авчирсан нэг бодгальтай хамт та нар агуу баяр хөөртэй байх аваас, хэрэв та нар олон бодгалийг надад авчрах юм бол та нарын баяр хөөр хэчнээн агуу байх билээ!”7

Эдгээр үгсийг айлдсан Түүнийг Бурханы Хүү, бидний Гэтэлгэгч мөн Аврагч хэмээн би гэрчилж байна.

“Намайг дага” гэсэн Түүний найрсаг урилганд бид үргэлж хариулах болтугай хэмээн би залбирч байна.8 Есүс Христийн ариун нэрээр, амен.

Show References

  1.  

    1. “Come, All Ye Sons of God,” Hymns, no.322.

  2.  

    2. Матай 28:19–20.

  3.  

    3. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосиф Смит (2007), 330.

  4.  

    4. Алма 17:2–3.

  5.  

    5. 1 Петр 3:15.

  6.  

    6. Сургаал ба Гэрээ 4:2, 5–6

  7.  

    7. Сургаал ба Гэрээ 18:15–16

  8.  

    8. Иохан 21:22