“Над руу ир”

Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг


Хэнри Б.Айринг
Христэд хэрхэн ойр байж болохыг Тэрээр, Өөрийн үг болон үлгэр жишээгээрээ бидэнд харуулсан байдаг.

Би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн энэхүү чуулганд та бүхэнтэй хамт байгаадаа талархалтай байна. Энэ бол Түүний сүм. Бид Түүний хаант улсад орохдоо Түүний нэрийг өөрсөд дээрээ авдаг. Тэр бол Бурхан, Бүтээгч, мөн төгс төгөлдөр билээ. Бид бүгд мөнх бус бөгөөд үхэл болон нүгэлд өртдөг. Гэсэн ч Тэр бидэнд болон гэр бүлүүдэд маань хайртай учраас биднийг Өөртэйгөө ойр байлгахыг хүсдэг. Тэрээр ингэж айлджээ: “Надад ойр байгтун, мөн би та нарт ойр байх болно; намайг хичээнгүйлэн эрэлхийлэгтүн, мөн та нар намайг олох болно; асуу тэгвэл та нар хүлээн авах болно; тогш, тэгвэл энэ нь та нарт нээгдэх болно”1

Христийн дахин амилсны баярын үеэр бид яагаад Түүнийг хайрладаг талаар мөн Өөрийнх нь хайрт найзууд болно хэмээн итгэлт шавь нартаа өгсөн Түүний амлалтыг бид дурсан санадаг. Хэрэв бид Түүнд үйлчлэх аваас Тэрээр бидэн рүү ирнэ гэж Аврагч маань амласан. Нэг жишээ нь Оливер Каудэри бошиглогч Иосэф Смиттэй хамт Мормоны Номыг орчуулан Их Эзэнд үйлчилж байхад түүнд илчлэлт өгөгджээ: “Болгоогтун, чи бол Оливер, чиний хүслийн учир би чамд ярилаа; тиймийн тул эдгээр үгсийг зүрх сэтгэлдээ нөөцөл. Бурханы зарлигуудыг дагахад итгэлтэй хийгээд хичээнгүй байгтун, мөн би чамайг хайрынхаа мутарт тэвэрнэм.”2

Тушаалуудад дуулгавартай байх энгийн үйлдлүүдээр дамжуулан би Аврагчтай илүү ойр очиж мөн Түүнийг надад илүү ойртон ирэхэд баяр баяслыг мэдэрсэн юм.

Та нар үүнийг мэдэрч байсан. Энэ нь магадгүй чамайг ариун ёслолын цуглаанд очихыг сонгосон үе байж болох юм. Миний хувьд энэ нь намайг бага байхад Хүндэтгэлийн өдөр тохиосон юм. Тухайн үед бид ариун ёслолын цуглаанаа орой хийдэг байлаа. 65 гаруй жилийн өмнө нэг өдөр, гэр бүлийнхэнтэйгээ болон гэгээнтнүүдтэй хамт цугларах тушаалыг сахиж байсан дурсамж минь одоо ч намайг Аврагчтай ойртуулдаг юм.

Гадаа харанхуй бөгөөд хүйтэн байлаа. Тэр үдэш эцэг эхтэйгээ хамт ариун ёслолын танхимд гэрэл мөн дулааныг мэдэрч байснаа би санаж байна.Бид Аароны санваартнуудын адисалсан ариун ёслолоос хүртэж, Түүний Хүүг дурсан санаж мөн Түүний зарлигуудыг дагана хэмээн Тэнгэрлэг Эцэгтэйгээ гэрээ хийсэн.

Цуглааны төгсгөлд бид “Өө Аврагч минь, энэ үдэш надтай хамт үлдээч” хэмээн “Abide with Me; ’Tis Eventide” дууллыг дуулсан юм.3

Тэр үдэш би Аврагчийн хайрыг мөн Түүнийг ойр байгааг мэдэрч билээ. Түүнчлэн Ариун Сүнс намайг тайтгаруулсан юм.

Өсвөр насандаа ариун ёслолын цуглааны үеэр мэдэрсэн Аврагчийн хайр болон Түүний оршихуйг дахиад нэг мэдрэхийг би хүссэн юм. Тиймээс би саяхан нэгэн тушаалыг биелүүлж судруудыг судалсан юм. Ингэснээр дахин амилсан Их Эзэн хоёр шавийнхаа гэрт ирж, тэдэнтэй үлдэх хүсэлтийг нь хүлээн авах үед тэдний мэдэрсэн зүйлийг Ариун Сүнсээр мэдэрч чадна гэдгийг би мэдэж байсан.

Би Түүний Цовдлолт, оршуулгаас 3 өдрийн дараа юу болсныг уншиж байлаа. Итгэлтэй эмэгтэйчүүд болон бусад хүмүүс булшны амыг хаасан чулуу нь хөдөлж, Түүний бие байхгүй байгааг мэджээ. Тэд Түүнийг хайрласан учраас биеийг нь тослохоор ирсэн байлаа.

Хоёр тэнгэр элч ирээд тэднийг юунд айсныг асуусан байна:

“Та нар юунд үхэгсдийн дунд амьд Нэгэнийг хайна вэ?

“Тэр энд байхгүй, харин Тэр амилсан. Галилд байхдаа Тэр та нарт юу айлдаж байсныг санацгаа.

“Хүний Хүү нүгэлт хүмүүсийн гарт тушаагдаж, цовдлогдоод гурав дахь өдөр нь амилах ёстой гэсэн шүү дээ?”4

Маркийн номонд тэрээр нэг тэнгэр элчийн, зүг заасан хэсгийг нэмсэн байдаг: “Харин явж, Түүний шавь нар болон Петрт “Есүс та нараас өмнө Галил руу явна. Яг л айлдсаных нь дагуу та нар тэнд Түүнийг харах болно.”5

Төлөөлөгчид болон шавь нар нь Иерусалимд цуглав. Тэд өөр хоорондоо Түүний үхэл ба дахин амилалт нь тэдний хувьд ямар учиртай болох талаар ярилцаж байхдаа айж мөн гайхацгааж байлаа.

Тэр өдөр шавь нарын хоёр нь Иерусалимаас Эммау орох замдаа алхаж байлаа. Дахин амилсан Христ тэдний замд гарч ирэн тэдэн дээр очжээ.

Лукийн ном биднийг тэр үдэш тэдэнтэй хамт алхах боломжийг олгодог:

“Тэднийг ийнхүү ярьж хэлэлцэн явтал, Есүс Өөрөө тэдний дэргэд ирээд, цугтаа алхав.

“Гэвч тэдний нүд халхлагдаж, Түүнийг таньсангүй.

“Есүс тэдэнд -Та нар бие биетэйгээ юун тухай ярилцаж яваа юм бэ? гэсэнд, тэд зогсов. Тэд гунигтай байлаа.

“Тэдний нэг Клеоп гэгч нь Түүнд -Энэ өдрүүдэд Та Иерусалимд түр байхдаа тэнд болсон явдлын тухай ганцаараа мэдэлгүй өнгөрсөн хэрэг үү?”6

Есүс Израилын Цагаатгагч байх болно гэж хэлсэн боловч Тэр нас барчихсан гээд тэд гунигтай байгаагаа Түүнд хэлсэн байна.

Дахин амилсан Их Эзэн эдгээр харамсаж гашуудсан шавь нартаа хандан ярихад Түүний дуу хоолойнд ямар нэг нөлөө орсон байж таарах нь.

“Есүс тэдэнд хандан, -Мунхаг хүмүүс ээ! Эш үзүүлэгчдийн хэлсэн бүхэнд итгэхдээ хойрго сэтгэлтэнгүүд ээ!

“Христ энэ бүх зовлонг эдлэн, тэгээд Өөрийн сүр жавхланд орох ёстой байсан биш үү?

“Тэгээд Тэр Мосегээс эхлэн бүх эш үзүүлэгчид, бүх Судар Өөрийнх нь тухай юу хэлснийг тэдэнд тайлбарлав.”7

Тэр үед намайг жаал хүү байхад мэдэрсэн тэр халуун дулаан мэдрэмж зүрхэнд минь дахин ирлээ:

“Тэд зорьж явсан тосгондоо ойртон ирэх үед Тэр цаашаа явах гэж байгаа мэт байв.

“Тэд Түүнийг ятган -Бидэнтэй хамт байгаач. Өдөр ч хэдийнээ хэвийж орой болж байна гэж хэлэхэд нь Есүс тэдэнтэй үлдэхээр болж, гэрт оров.”8

Тэр шөнө Аврагч Эммау тосгоны ойролцоох шавь нарынхаа гэрт нь орох урилгыг хүлээн авсан юм.

Тэгээд Тэр тэдэнтэй хамт ширээнээ тухлан сууж, талх авч, адислаад, хуваагаад тэдэнд өгөв. Тэдний нүд нээгдэж, тэд Түүнийг танив. Тэгээд Есүс нүдэнд нь харагдахгүй алга болжээ. Лук бидэнд зориулж тэдгээр адислагдсан шавь нарын сэтгэгдлийг ийнхүү цэдэглэсэн байна: “Тэд нэг нэгэндээ -Замд Тэр бидэнтэй ярилцаж, Судрыг бидэнд тайлбарлаж байхад нь зүрх маань [бидний дотор] шатаж байсан бус уу?”9

Тэр даруйдаа хоёр шавь нь тэдэнд юу тохиолдсоныг арван нэгэн төлөөлөгчид хэлэхээр Иерусалим руу яаран буцлаа.

Есүс Эцэгийнхээ бүх хүүхдүүдийн нүглийн төлөө Цагаатгал хийж, үхлийн хүлээсийг тайлах номлолынхоо бошиглолуудыг дахин авч үзэв.

“Есүс тэдэнд хандаж -“Христ зовлон эдэлж, гурав дахь өдрөө үхэгсдээс амилах болно.

“Иерусалимаас эхлээд бүх үндэстэнд Түүний нэрээр нүглийн уучлалын гэмшил тунхаглагдах ёстой” гэж бичигдсэн юм.

“Энэ бүхний гэрч бол та нар мөн.”10

Аврагчийн тухайн үед шавь нартаа болон бидэнд хандаж хэлсэн үгс нь үнэхээр үнэн. Бид Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд баптисм хүртэхдээ сүр жавхлантай үүргийг хүлээн авсныг бошиглогч Алма олон зууны өмнө Мормоны усны дэргэд тодорхой болгосон юм:

“Мөнхүү улиран тохиох дор тэрээр тэдэнд хэлсэн нь: Болгоогтун, Мормоны Ус энэ байна (учир нь энэ нь тийн нэрлэгдсэн байв) мөн эдүгээ, та нар Бурханы хороонд орж, мөн нэг нэгнийхээ ачааг хөнгөн байж болохын тулд мөн түүний хүмүүс гэж нэрлэгдэх хүсэлтэй байж, үүрэлцэхэд бэлэн байв;

“Тийм ээ, мөн гашуудах тэдний хамт гашуудахад; тийм ээ, тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулахад, мөн ямар ч цагт мөн бүх зүйлд мөн өөрийн байж болох хаана ч гэсэн Бурханы гэрчлэгч болж, үхэлд хүртлээ зогсоход бэлний учир, мөнх амьдралыг авч болохын тулд, Бурханаар гэтэлгэгдэж, мөн та нар анхны амилуулалтын тэдний дунд тоологдож болохын тулд буюу—

“Эдүгээ би та нарт хэлнэ, хэрэв энэ нь та нарын зүрхний хүслэн байх аваас, тэр өөрийн Сүнсийг та нар дээр илүү элбэгээр юүлж болохын тулд, та нар түүнд үйлчилж мөн түүний зарлигуудыг дагана хэмээн гэрээ байгуулснаа түүний өмнө гэрчилж, Их Эзэний нэрээр баптисм хүртэхэд юу нь та нарт болохгүй байх билээ

“Мөн эдүгээ хүмүүс эдгээр үгийг дуулаад, тэд баярласнаас алгаа ташин, мөн ийн хашгирцгаав: Энэ бол бидний зүрхний хүслэн билээ.”11

Бид амьд яваа насандаа тусламж хэрэгтэй тэднийг дэмжиж, Аврагчийг гэрчлэх гэрээнд орсон билээ.

Бид зөвхөн Аврагчийн төлөөх хайр болон Түүний биднийг гэсэн хайрыг мэдэрснээр л энэ үүргээ биелүүлэх боломжтой юм. Бид өргөсөн амлалтандаа итгэлтэй байснаар Түүнийг гэсэн хайр маань өсөн нэмэгдэхийг мэдрэх болно. Учир нь Түүнд үйлчлэхдээ бид Түүний хүчийг мөн Түүнд илүү ойртож байгаагаа мэдрэх болно.

Ерөнхийлөгч Томас С.Монсон Их Эзэний итгэлтэй шавь нартаа өгсөн дараах амлалтыг бидэнд ойр ойрхон сануулдаг: “Мөн та нарыг хэн ч хүлээн авлаа гэсэн, тэнд би тэрчлэн байх болно, учир нь би та нарын нүүрний өмнө явах болно. Би та нарын баруун гар талд мөн та нарын зүүнтээ байх болно, мөн миний Сүнс та нарын зүрх сэтгэлд, мөн миний тэнгэр элчүүд та нарыг дэмжихийн тулд та нарын эргэн тойронд байх болно.”12

Та бид Түүнтэй илүү ойр байх бас нэг замыг мэдэрч байсан. Биднийг Түүнд үнэнчээр үйлчлэхэд, хайртай гэр бүлийн гишүүдэд маань Тэр ойртон ирдэг. Би Их Эзэний үйлчлэлд дуудагдаж гэр бүлээ түр орхих эсвэл нүүх бүрт, Их Эзэн эхнэр, хүүхдүүдийг маань адисалж байсныг олж мэддэг юм. Тэр өөрийн хайрт үйлчлэгчдэдээ Өөрт нь илүү ойртон ирэх боломжуудыг бэлдсэн байдаг.

Та бүхэн амьдралдаа үүнтэй адил адислалыг мэдэрч байсан. Та нарын хайртай хүмүүс дунд мөнх амьдралын замаасаа гараад бэдэрч яваа нэгэн байж болох юм. Та нар Их Эзэнд итгэлтэйгээр үйлчлэх аваас Тэр тэдэнд илүү ойр байна гэдэгт найдаж болно.

Иосеф Смит, Сидней Ригдон нар гэр бүлээсээ хол сайн мэдээг номлож явах үед Их Эзэн тэдэнд дараах амлалтыг өгснийг та нар санаж байгаа: “Миний найзууд Сидней мөн Иосеф, та нарын гэр бүлүүд сайн байна; тэд миний мутарт буй, мөн би өөрт сайн санагдсаныг тэдэнд үйлдэх болно; учир нь надад бүх хүч буй.”13

Алма болон Мозая хааны адил, итгэлтэй эцэг эхчүүдийн зарим нь Их Эзэнд урт удаан мөн хамгийн сайнаараа үйлчилж, хэдий их золиослол гаргасан ч хүүхдүүд нь замаасаа төөрөн одсон нь бий. Тэд чадах бүхнээ хийсэн. Бүр итгэлтэй, хайраар дүүрэн найзуудынх нь туслалцаа хүртэл оролцсон ч тус болсонгүй.

Алма бусад гэгээнтнүүдтэй хамт хүүгийнхээ болон Мозая хааны хөвгүүдийн төлөө залбирахад, тэнгэр элч тэдэн дээр ирсэн билээ. Та болон итгэлээ үзүүлдэг бусад хүмүүсийн залбирал Их Эзэний үйлчлэгчдийг гэр бүлийнхэнд тань туслуулахаар авчирдаг юм. Энэ нь тэднийг Бурхандаа эргэж очих замыг сонгоход туслах болно. Бүр гэр бүлүүдийг энэ амьдралд болон үүрд мөнхөд устгах зорилготой Сатан ба түүний дагалдагч нар бидний хайрт гэр бүлийнхэн рүү дайрсан үед ч гэсэн Их Эзэний үйлчлэгчид тэдэнд туслах болно.

Та нар залуу Алма болон Мозая хааны хөвгүүдийн эсэргүүцлийн үед Тэнгэр элчийн тэдэнд хэлсэн дараах үгсийг санаж байгаа: “Мөн түүнчлэн, тэнгэр элч хэлэв: Болгоогтун, Их Эзэн өөрийн хүмүүсийн залбирлуудыг, мөн түүнчлэн өөрийн үйлчлэгч, таны эцэг болох Алмагийн залбирлуудыг сонссон; учир нь та үнэний мэдлэгт авчрагдаж болохын тулд таны талаар их итгэлтэйгээр тэрээр залбирсан бөлгөө; тиймийн тул, энэ зорилгоор түүний үйлчлэгчдийн залбирлууд тэдний итгэлийнх нь дагуу хариулагдаж болохын тулд Бурханы хүч болон эрх мэдлийг танд итгүүлэхийн тулд ирлээ, би.”14

Их Эзэнд хандан залбирдаг мөн үйлчилдэг та бүхний өөрсдөдөө болон гэр бүлийнхэндээ хүсэх адислал бүр ирнэ гэж би амлахгүй. Харин Их Эзэн та нартай илүү ойр байж, танд болон таны гэр бүлийнхэнд хамгийн сайнаар нөлөөлөх зүйлээр адислана гэдгийг би амлаж чадна. Та бусдад тусламжийн гараа сунган үйлчилсэнээр, Түүний хайраас ирдэг тайтгарал болон таны залбирлуудын хариулт болгож Аврагч танд илүү ойртохыг мэдрэх болно. Та тусламж хэрэгтэй тэдний шархыг боож, нүгэлдээ шаналан буй тэдэнд Аврагчийн Цагаатгалын ариуслыг өргөн барьснаар Их Эзэний хүч таныг дэмжих болно. Тэрээр танай гэр бүлийнхэн болон бусад Тэнгэрлэг Эцэгийн маань хүүхдүүдийг халамжилж мөн адислахаар та нартай хамт гараа сунгасан байдаг юм.

Биднийг тэнгэрлэг гэртээ эргэн очиход сүр жавхлантайгаар угтан авах болно. Тэр үед бид хайрт Их Эзэний маань амлалт гүйцэлдсэн байхыг харах болно. Энэ бол Тэнгэрлэг Эцэгтэй хамт мөнх амьдралд биднийг угтан авах Тэр Нэгэн билээ. Есүс Христ үүнийг сударт ингэж хэлжээ:

“Миний Сионыг урагш авчирч мөн төлөвшүүлэхийг эрэлхийлэгтүн. Бүх зүйлүүдэд миний зарилгуудыг сахигтун.

“Мөн, хэрэв чи миний зарлигуудыг сахиж мөн эцсээ хүртэл тэвчих аваас, чи Бурханы бүх бэлгүүдээс хамгийн агуу бэлэг болох мөнх амьдралтай байх болно.”15

“Учир нь амьдарч буй тэд дэлхийг өвлөх болно, мөн нас нөгчих тэд бүхий л хөдөлмөрүүдээсээ амрах болно, мөн ажлууд нь тэднийг дагалдах болно; бас тэд өөрсдөд нь зориулсан миний бэлтгэсэн Эцэгийн минь харшуудад титэм хүлээн авах болно.”16

“Энэ бол Миний Хайртай Хүү, Түүнийг Сонс!” хэмээх Тэнгэрлэг Эцэгийн урилгыг бид Сүнсээр дагаж чадна гэдгийг гэрчилж байна.17

Христ Өөрийн үгс болон үлгэр жишээгээр хэрхэн Түүнд илүү ойр байхыг бидэнд үзүүлсэн билээ. Түүний сүмд баптисмын хаалгаар орохыг сонгосон Тэнгэрлэг Эцэгийн хүүхэд бүр энэ амьдралд Түүний сайн мэдээг заалгаж “Над руу ирэгтүн” хэмээх Түүний урилгыг үйлчлэгчдээс нь сонсох боломжтой байх болно.18

Энэ дэлхий болон сүнсний дэлхий дээр Түүнтэй гэрээнүүд хийсэн, Түүний хаант улсын бүх үйлчлэгчид, Түүнд зориулан бусдад үйлчилж, бусдыг адислах үед Түүний зааврыг Сүнсээр дамжуулан хүлээн авах болно. Тэгээд тэд Түүнд илүү ойртсоноос баяр баяслыг олж мөн Түүний хайрыг мэдрэх болно.

Би тэр нэгэн үдэш хоёр шавийнх нь Эммау дахь гэрт тэдэнтэй хамт байсан мэт Их Эзэний дахин амилалтыг баттайгаар гэрчилж байна. Тэр нэгэн хурц нартай өглөө Иосеф Смит Палмира дахь ойн төгөлд Эцэг, Хүү хоёрыг гэрэлт баганад харахдаа Түүнийг амьд гэж мэдэж авсан шиг Тэр амьд гэдгийг би баттайгаар мэднэ.

Энэ бол Есүс Христийн үнэн сүм. Зөвхөн ерөнхийлөгч Томас С.Монсоны атгаж буй санваарын түлхүүрүүдэд бид гэр бүлийнхэнтэйгээ холбогдож Тэнгэрлэг Эцэг болон Их Эзэн Есүс Христтэй хамт мөнхөд амьдрах хүч байдаг. Бид шүүлтийн өдөр Аврагчийн өмнө нүүр нүүрээ хараад зогсох болно. Энэ амьдралд Түүнд хийсэн үйлчлэлээрээ Түүнтэй илүү ойртож очсон тэдгээр хүмүүст энэ нь баярт мөч байх болно. Тэд “Сайн байна, итгэмжит сайн үйлчлэгч минь” хэмээх үгсийг сонсохдоо үнэхээр баяртай байх болно.19 Би гэрчийн хувиар эдгээр бүгдийг дахин амилсан Аврагч, бидний Гэтэлгэгч Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.