Христийн дагалдагчид

Ахлагч Даллин Х.Өүкс

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын


Даллин Х.Өүкс
Христийг дагах нь хайнга эсвэл хааяа нэг хийдэг зан үйл биш, харин бүх цаг үед, бүх газарт хэрэгждэг байнгын амлалт болон амьдралын хэв маяг юм.

Бидний хамгийн хайртай дууллуудын нэг дараах үгсээр эхэлдэг:

“Ирээд, намайг дага” гэж Аврагч хэллээ.
Иймээс түүний мөрөөр замнацгаая
Бурханы хайртай төрсөн Хүүтэй бид
Бултаараа хамт нэг байж чадна.1

Аврагчийн шавь нартаа өгсөн анхны урилгын эдгээр сүнслэг нөлөө бүхий үгсийг (Матай 4:19 -ийг үзнэ үү) Шотландын хөрвөгч Жон Никольсон бичсэн юм. Тэрбээр манай Сүмийн түүхэн дэх эхэн үеийн олон удирдагчдын нэгэн адил албан ёсны боловсрол багатай байсан ч Аврагч болон авралын төлөвлөгөөг хайрлах гүн гүнзгий хайраар дүүрэн байв.2

Энэ чуулганы бүх захиас бидэнд Аврагчийнхаа алхам бүрийг дагахад тусалж байна. Түүний үлгэр жишээ болон сургаалууд нь Есүс Христийн дагалдагч бүрт замнах замыг нь зааж өгдөг билээ.

Бүх Христэд итгэгчдийн нэгэн адил, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд Шинэ Гэрээн дэх Матай, Марк, Лук, Иохан нарын номуудаас Аврагчийнхаа амьдралыг судалдаг. Миний бие Ариун Библийн энэ дөрвөн номонд агуулагддаг үлгэр жишээнүүд болон сургаалуудыг дүгнэн үзэхийн зэрэгцээ Түүний сэргээгдсэн сүм болон бид Христийн дагалдагчид байх шаардлагыг хэрхэн хангаж байгаагаа эргэцүүлэн бодоход та бүхнийг урьж байна.

Бурханы хаант улсад ороход баптисм зайлшгүй шаардлагатай хэмээн Есүс заасан билээ (Иохан 3:5-ыг үзнэ үү). Тэрээр баптисм хүртсэнийхээ дараа (Марк 1:9) Өөрийн тохинууллыг эхэлж, дагалдагчдынхаа хамт хүмүүст баптисм хүртээж байлаа (Иохан 3:22–26-г үзнэ үү). Бид ч мөн ингэдэг.

Есүс Өөрийн сонсогчдод наманчлахыг зааснаар Өөрийн номлолыг эхэлсэн юм (Матай 4:17-г үзнэ үү). Энэ нь Түүний үйлчлэгчдийн дэлхийд хүргэдэг захиас хэвээр байна.

Тохинууллынхаа турш Есүс зарлигуудыг өгдөг байлаа. Тэрбээр, “Хэрэв та нар Намайг хайрладаг бол, Миний тушаалуудыг сахь” хэмээн сургасан билээ (Иохан 14:15; мөн шүлэг 21, 23-ыг үзнэ үү). Түүний тушаалуудыг сахина гэдэг нь Түүний хэлснээр “хүмүүсийн эрхэмлэдэг зүйлс” (Лук 16:15) болон “хүний ёс заншил” (Марк 7:8; мөн шүлэг 13 -ыг үз)-аа орхихыг дагалдагчдаас нь шаардах болно гэдгийг Тэрбээр батлан хэлсэн юм. Тэр мөн: “Хэрэв та нар ертөнцийнх байсан бол, ертөнц өөрийнхнийгөө хайрлахсан. Харин та нар ертөнцийнх биш, гагцхүү Би та нарыг ертөнцөөс сонгосон юм. Тиймээс ертөнц та нарыг үзэн яддаг” (Иохан 15:19) хэмээн бидэнд анхааруулжээ. Хожим нь Төлөөлөгч Петр тунхаглахдаа Есүсийн дагалдагчид “Бурханы эзэмшлийн хүмүүс” (1 Петр 2:9) байх ёстой гэжээ.

Хожмын үеийн гэгээнтнүүд бид “ертөнцийнх” байх ёсгүй эсвээс “хүний ёс заншилд” баригдах ёсгүй гэдгийг ойлгодог ч бусад Христийн дагалдагчдын адил, заримдаа бидэнд үүгээр Аврагчийг дагахад хэцүү байдаг. Зарим хүмүүс дэлхийн арга замаар амьдардаг учраас Есүс Өөрийн заасан хүмүүст “...тэд хүний алдрыг Бурханы алдраас илүү таалсан юм” (Иохан 12:43) хэмээн хэлжээ. Христийг үл дагах эдгээр бүтэлгүйтлүүд нь энд жагсаахын аргагүй олон бөгөөд эмзэглэмээр зүйлс юм. Тэд бусдыг гомдоох үг хэллэг, үйлдэл болон хэт үнэтэй эд зүйлс, хувцаслалт зэргээр гэр бүлийн мөнхийн мөн чанар болон үүрэг зорилгыг энгийнээс гажууд болгон бүхий л зүйлийг дэлхийн арга замаар хийдэг.

Есүсийн сургаалууд онол таамаглал бус, харин үргэлж үйлдэлд хүргэх явц юм. Есүс “Эдгээр үгсийг минь сонсоод үүний дагуу үйлдэгч аливаа хүнийг би мэргэн хүнтэй зүйрлэнэ” (Матай 7:24; мөн Лук 11:28-ыг үзнэ үү) хэмээн заажээ. Мөн “... түүнийг тийн биелүүлж байхад эзэн нь ирээд харвал, тэр боол ерөөлтэй еэ” (Матай 24:46). Бидний дуулдаг өөр нэг сайхан дуулалд:

“Таныг хайрлаж сурья би, Аврагч минь
Таны харуулсан замаар алхаж сурья би, ...
Таныг хайрлаж сурья би, Аврагч минь
Таныг дагах болно би, Эзэн минь”3 хэмээдэг. 3

Есүс заахдаа Түүнийг хайрладаг хүмүүс Түүний тушаалуудыг сахих болно гэжээ. Тэд өнөө өглөө ерөнхийлөгч Томас С.Монсоны зааснаар дуулгавартай байх болно. Христийг дагах нь хайнга эсвэл хааяа нэг хийдэг зан үйл биш, харин бүх цаг үед, бүх газарт хэрэгждэг байнгын амлалт болон амьдралын хэв маяг юм. Аврагч ариун ёслолыг (эсвээс бусад хүмүүсийн хэлдгээр ариун зоогийг) үндэслэн бий болгохдоо энэхүү зарчмыг болон бид хэрхэн үүнийг санаж мөн дагаснаар хүчирхэгжиж болохыг заасан билээ. Орчин үеийн илчлэлтээс бид Тэрээр дагалдагч нартаа өөрийг нь дурсан санах бэлэгдлүүдээс хүртэхийг зарлиг болгосныг мэддэг билээ. (Иосеф Смитийн Орчуулга, Матай 26:22[in Matthew 26:26, footnote c], 24; Иосеф Смитийн Орчуулга, Марк 14:21–24 -ийг үзнэ үү). Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд долоо хоног бүр ариун ёслолд хүрэлцэн ирж, талх уснаас хүртэн мөн Түүнийг үргэлж санан, Түүний зарлигуудыг дагана хэмээн гэрээ хийж уг зарлигийг даган биелүүлдэг.

“Хүмүүс сэтгэл алдрахгүйгээр байнга залбирч байх ёстой” (Лук 18:1) гэж Есүс сургасан юм. Тэрбээр Өөрийн Арванхоёр төлөөлөгчийг дуудахаасаа өмнө “бүхэл шөнийг Бурханд залбирсаар өнгөрүүлж” (Лук 6:12) үлгэр дууриалаа үзүүлсэн билээ. Христэд итгэгч бусад хүмүүсийн адил бид бүхий л шүтэн бишрэх үйл ажиллагаандаа залбирдаг. Бид удирдамж хүсч залбирдаг ба хувиараа тогтмол залбирч, гэр бүлээрээ өдөр бүр өвдөг сөгдөн залбирч байх ёстой хэмээн заадаг. Есүсийн адил, бид Тэнгэр дэх Эцэгтээ хандаж залбирдаг бөгөөд ингэхдээ Есүс Христийн ариун нэрээр залбирдаг.

Аврагч амиа алдсаныхаа дараа өөрийн сүмд туслуулахын тулд Арванхоёр төлөөлөгчийг дуудаж, Түүний ажлыг үргэлжлүүлэх түлхүүрүүд болон эрх мэдлийг тэдэнд өгсөн билээ ( Матай 16:18–19; Maрк 3:14–15; 6:7; Лук 6:13-ыг үзнэ үү). Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм Түүний сэргээгдсэн сүмийн хувьд өөрийн зохион байгуулалт, түлхүүрүүд болон эрх мэдлийг Төлөөлөгчдөд олгох талаар энэхүү загварыг баримталж байна.

Есүсийн Өөрийг нь дагахаар дуудсан зарим нь тэр даруй хариулалгүй, харин гэр бүлийн ажил үүрэгтээ оролцохын тулд дуудлагаа хойшлуулж байв. Есүс тэдэнд хэлэхдээ, “Анжсан дээр гар тавьсан атлаа арагшаа харагч хэн боловч Бурханы хаанчлалд үл тэнцэнэ” (Лук 9:62) гэж айлджээ. Хожмын үеийн олон гэгээнтэн Есүсийн заасан энэхүү эн тэргүүнд тавих зарчмыг дагадаг. Үүний нэг жишээ нь мянга мянган ахмад номлогчид болон бусад хүмүүс дуудагдсан номлолын үүрэгт ажлаа биелүүлэхийн тулд хүүхдүүд, ач зээ нараа орхин явж байна.

Бурхан эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээсэн бөгөөд эр хүн эцэг эхээ орхин эхнэртэйгээ нэгдэн нийлэх ёстой хэмээн Есүс сургасан билээ (Марк 10:6–8 -ыг үзнэ үү). Энэ сургаал дахь бидний амлалтыг хүн бүр мэднэ.

Есүс бидний мэдэх алдагдсан хонины тухай сургаалт зүйрлэлдээ сүргээс тасарч алдагдсан хонийг эрж олохын тулд бид чадах бүхнээ хийх ёстой болохыг заасан (Матай 18:11–14; Лук 15:3–7-г үзнэ үү). Ерөнхийлөгч Томас С.Монсон өөрсдийн анд эрчүүд болон эмэгтэйчүүдийг аврах талаар мартагдашгүй жишээ болон сургаалууд дахь зөвлөгөөндөө энэхүү хүчирхэг мэдэгдлийг өгсөн юм.4

Бусдыг аврах болон үйлчлэх хичээл зүтгэлдээ, бид Аврагчийн агуу үлгэр жишээ болон “Чи хөршөө өөрийн адил хайрла” (Матай 22:39) гэсэн хайрын тухай нигүүлсэнгүй сургаалуудыг дагадаг билээ. Тэр ч бүү хэл, Тэрбээр дайснуудаа хайрла хэмээн бидэнд зарлиг болгосон (Лук 6:27–28 -ыг үзнэ үү). Мөн Тэрбээр мөнх бус тохинууллынхаа төгсгөлд заасан агуу сургаалууддаа ингэж хэлсэн юм:

“Би та нарт бие биеэ хайрлагтун, Би та нарыг яаж хайрласны адил та нар бие биеэ хайрлагтун” гэсэн шинэ тушаал өгч байна.

“Хэрэв та нар бие биеэ хайрлах юм бол үүгээр чинь бүх хүн та нарыг Миний шавь нар мөн гэдгийг мэдэх болно” (Иохан 13:34–35).

Бид бие биеэ хайрлахын зэрэгцээ, биднийг буруутгах тэдгээрийг мөн уучлах хэрэгтэй гэж Есүс заасан (Матай 18:21–35; Maрк 11:25–26; Лук 6:37)-г үзнэ үү). Энэхүү хүнд зарлигийг сахихад олон бэрхшээл байдаг ч, бусдын бидэнд учруулсан ноцтой хохирлыг ч гэсэн хайраар уучилсан Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүнслэг нөлөө бүхий олон жишээг бид мэддэг билээ. Жишээ нь: Эхнэр, хоёр хүүхдийнх нь аминд хүрсэн согтуу жолоочийг уучлахад Крис Виллямсийг түүний Есүс Христэд итгэх итгэл нь хөтөлсөн юм. Тэрхүү эмгэнэлт, уй гашууд автам ослоос хоёрхон өдрийн дараа тэр үед бидний бишопуудын нэгд үйлчилж байсан энэхүү өршөөнгүй хүн хэлэхдээ “Христийн шавийн хувьд надад үүнээс өөр сонголт байгаагүй” 5 гэжээ.

Мөн ихэнх Христэд итгэгчид Есүсийн зааснаар ядуус болон тусламж хэрэгтэй хүмүүст өглөгийн гараа сунгадаг (Матай 25:31–46; Maрк 14:7-г үзнэ үү). Аврагчийн энэ сургаалыг дагахдаа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм болон гишүүд маш сайн байдаг билээ. Манай гишүүд энэрлийн байгууллагуудад өгөөмөр хандив өгч, ядуус болон тусламж хэрэгтэй тэдэнд хувийн үйлчлэл болон бусад бэлгүүдийг өгдөг. Түүнээс гадна манай гишүүд сар бүр хоёр хоолоор мацаг барьж, доод тал нь энэ хоёр хоолныхоо үнийг мацгийн өргөл болгон өгдөг ба бишопууд болон салбарын ерөнхийлөгчид үүгээр бидний тусламж хэрэгтэй гишүүдэд тусалдаг билээ. Бид өлсөж байгаа хүмүүст туслахын тулд мацаг барих нь энэрлийн үйлдэл бөгөөд энэхүү үйлдлийг цэвэр ариун санаа бодлоор хийх нь биднийг сүнслэг байдлын хувьд хүчирхэгжүүлдэг.

Манай Сүмээс дэлхий даяар хэрэгжүүлж буй хүмүүнлэгийн тусламжийг нийтээрээ мэддэг билээ. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм гишүүдийнхээ өгөөмрөөр хандивласан мөнгөн хуримтлалыг ашиглан, дэлхий даяарх насанд хүрэгчид болон хүүхдүүдийн зовлонг нимгэлэхэд туслахаар хоол хүнс, хувцас хунар, эн тэргүүний хэрэгцээт бусад зүйлсийг илгээдэг. Сүүлийн арван жилд нийт дүнгээрээ хэдэн зуун сая долларт хүрсэн хүмүүнлэгийн тусламжийг шашин шүтлэг, арьс өнгө, яс үндэс харгалзахгүйгээр хүмүүст үзүүлээд байна.

Бид 2011 онд Японд болсон газар хөдлөлт, цунамид нэрвэгдэгсдэд өргөн хүрээтэй тусламжийн үйл ажиллагаагаар 13 сая доллар бэлнээр олгож, тусламжийн бусад эд зүйлсийг хүргүүлсэн. Түүнээс гадна Сүмийн ивээн тэтгэсэн 31,000 гаруй сайн дурынхан 608,000 гаруй цагийн үйлчлэл үзүүлсэн байна. Нэгдсэн Улсын дорнод нутгуудад болсон Сэнди далайн хар салхинд нэрвэгдэгсдэд их хэмжээний эд зүйлсээр тусламж үзүүлснээс гадна Сүмийн 28,000 орчим гишүүд цэвэрлэгээний үйлчлэлд бараг 300,000 цаг зарцуулжээ. Бид өнгөрсөн жил тусламжийн өөр олон хөтөлбөрт оролцсоны нэг нь Африкийн Чад улс дахь дүрвэгсдэд 136,000 гаруй кг гутал, хувцас олголоо. Бид сүүлчийн хорин тавин жилд 179 орны бараг 30 сая орчим хүнд тусламж үзүүлсэн байна. 6 Үнэхээр “Мормончууд” гэгддэг хүмүүс бол ядуус болон тусламж хэрэгтэй тэдэнд хэрхэн өгөхөө мэддэг хүмүүс билээ.

Библи дэх сүүлчийн сургаалаараа бидний Аврагч дагалдагчдадаа Өөрийнх нь сургаалыг үндэстэн бүрт, бас бүтээл болгонд хүргэх үүргийг өгсөн билээ. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм Сэргээлт эхэлснээс хойш энэ сургаалыг дагахыг хичээн чармайж ирсэн юм. Хэдийгээр ядуу зүдүү болон шинэхэн сүм байхдаа ч, хэдхэн мянган гишүүнтэй байсан үедээ ч, манай Сүмийн анхны удирдагчид, номлогчдыг далайн чанадад, дорнод ба өрнөд рүү илгээж байсан билээ. Манай номлолын онцгой хөтөлбөр өнөөдөр 60,000 гаруй бүрэн цагийн номлогч, бүрэн бус цагаар үйлчилдэг бүр илүү олон мянган номлогчтой болтлоо ийнхүү өргөжих хүртэл бид Христийн захиасыг заасаар ирсэн билээ. Манай номлогчид өнөөдөр дэлхий даяар 150 гаруй улс орон, нутаг дэвсгэрт үйлчилж байна.

Есүс Уулан дээрх агуу номлолынхоо эцэст “Тэнгэрлэг Эцэг тань төгс байдаг шиг та нар мөн төгс бай” (Матай 5:48) хэмээн хэлжээ. Энэ сургаалын болон Аврагчийг дагах бидний зорилго нь Аврагчийн нэрлэснээр “Миний Эцэг ба та нарын Эцэг; мөн … Миний Бурхан ба та нарын Бурхан” (Иохан 20:17) хэмээгдэх Тэнгэрлэг Эцэгтээ очих явдал мөн.

Эдгээр сургаалууд бол Өөрийн хүүхдүүдийн авралын төлөөх Бурхан Эцэгийн төлөвлөгөөний нэг хэсэг гэдгийг бид сэргээгдсэн сайн мэдээний нэгэн хосгүй чухал зүйл болох орчин үеийн илчлэлтээс мэддэг билээ. Уг төлөвлөгөөний дагуу бид тэнгэрлэг эцэг эхийнхээ өв залгамжлагчид юм. Төлөөлөгч Паул; “Биднийг Бурханы хүүхдүүд ... Хэрэв бид хүүхдүүд нь юм бол, өв залгамжлагчид нь бас мөн. ... бид Христтэй хамт Бурханы өв залгамжлагчид ...” (Ром 8:16–17) хэмээн хэлсэн билээ. Энэ нь Шинэ Гэрээнд хэлсэнчлэн бид бол “мөнхийн амьдралын ... өв залгамжлагчид” ( Т ит 3:7) бөгөөд хэрэв бид Эцэгт очих юм бол “бүх зүйлийг” (Илчлэлт 21:7) өөрөөр хэлбэл Түүнд байдаг бүхнийг өвлөн авах болно гэсэн үг бөгөөд үүнийг бидний мөнх бус оюун ухаан арай гэж ойлгохуйц хэцүү зүйл юм. Гэвч бид “Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй” (Иохан 14:6) хэмээн заасан бидний Аврагч Есүс Христийг дагасан тохиолдолд л мөнх байдал дахь энэхүү эцсийн хувь тавиландаа хүрэх боломжтой гэдгийг ойлгож чадна. Бид энэ амьдралд болон ирэх дэлхийд Түүнийг дагаж, Түүнтэй илүү адилхан болохыг эрэлхийлэх ёстой. “Ирээд, Намайг дага” дууллын сүүлчийн бадгуудад бид ийн дуулдаг билээ:

Бид Түүнийг дагах ёстойгоо
Зөвхөн энэ дэлхийд амьдрах үедээ
Мэдэх нь хангалттай гэж үү?
Үгүй, энэ нь мөнх амьдралд үргэлжилнэ. ...
Хэрэв бид “Ирээд, Намайг дага” гэсэн
Түүний үгсийг үүрд дуулгавартай дагавал,
Хаан сэнтий, хаант улсууд, эзэмшил
Агуу алдар суу, аз жаргал биднийх.”7

Бидний сургаал болон үлгэр жишээг нь дагахыг эрэлхийлдэг Аврагч Есүс Христийг би гэрчилж байна. Тэрбээр хүнд дарамт үүрсэн хүн бүхнийг Түүнд ирж, Түүнээс суралцан, Түүнийг дагаснаар бие сэтгэлдээ амралтыг олохыг урьдаг билээ (Матай 4:19; 11:28-ыг үзнэ үү). Түүний сэргээгдсэн Сүмийн бурханлаг зорилго хийгээд эрх мэдэл болон сургаалын үнэнийг би Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.

Эшлэлүүдийг үзүүлэх

  1.  

    1. “Come, Follow Me,” Hymns, no. 116.

  2.  

    2. Карэн Линн Дэвидсон, Our Latter-day Hymns: The Stories and the Messages (1988), 142–43, 419-ийг үзнэ үү.

  3.  

    3. “Lord, I Would Follow Thee,” Hymns, no. 220.

  4.  

    4. Жишээ нь, Хаиди С.Свинтон, To the Rescue: The Biography of Thomas S. Monson (2010), 149–61; Томас С.Монсон, “To the Rescue,” Ensign, 2001 оны 5-р сар, 48–50; Лиахона, 2001 оны 7-р сар, 57–60-ийг үзнэ үү.

  5.  

    5. Крис Виллиамс, Жэссика Хэнри, “Father Relies on Faith to Forgive Intoxicated Teen Driver,” Deseret News, 2012 оны 8-р сарын 1, deseretnews.com/article/865559847/Let-It-Go-Chris-Williams-shares-his-story-of-tragedy-and-forgiveness.html; мөн Крис Виллиамс, Let It Go: A True Story of Tragedy and Forgiveness (2012)-ийг үз.

  6.  

    6. “Emergency Response: Church Assists Worldwide,” Church News, 2013 оны 3-р сарын 9, 9; Welfare Services Emergency Response, “2012 Year in Review,” 8-ыг үзнэ үү.

  7.  

    7. Дуулал 116.