Бурханы гэрлийн найдвар

Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф


Дийтр Ф.Угдорф
Бид Бурханыг хайрлах хайраа нэмэгдүүлэхийг эрэлхийлж, хөршөө хайрлахыг хичээснээр сайн мэдээний гэрэл биднийг хүрээлж, өргөн дэмжих болно.

Гэгээрэлд хүрэх зам

Би өрөөндөө Гэгээрэлд хүрэх зам нэртэй нэгэн зургийг нандигнан хадгалдаг. Үүнийг Дани улсын Копенгаген хотын анхны гадасны ерөнхийлөгч байсан, уран зураач Жон Бэнтин гэгч найз маань зурсан билээ.

Уг зурагт харанхуй өрөөний нээлттэй хаалганаас гэрэл цацарч буйг дүрсэлсэн байдаг. Тэрхүү гэрэл өрөөг бүхэлд нь гэрэлтүүлэлгүй зөвхөн хаалганы чанх урд хэсгийг гэрэлтүүлж байгаа нь надад их сонирхолтой санагддаг юм.

Уг зурганд үзүүлсэн харанхуй хийгээд гэрэл нь зүйрлэл мэт санагддаг. Мөнх бус бие махбодыг өвлөн авсан учир зарим үед харанхуйгаар хүрээлэгдсэн мэт мэдрэгдэх нь бидний нөхцөл байдлын нэгээхэн хэсэг юм. Бид хайртай хэн нэгнээ алдсан байж болно; хэн нэгний хүүхэд нь буруу замаар замнасан байж ч магадгүй;мөн бид хүнд өвчний онош тогтоолгосон байж болно; бид ажил эрхлэлттэй холбоотой бэрхшээлүүдтэй тулгарч,эргэлзээ айдаст автагдсан байж болно; эсвэл бид ганцаардаж, биднийг хайрлахгүй байгаа мэт санагддаг ч байж болно.

Бид өнөөгийн нөхцөл байдлаасаа болж,төөрч алдагдсан мэт мэдэрч болох хэдий ч Бурхан Өөрийн гэрлийн найдварыг өгч, Тэрээр бидний өмнөх замыг гэрэлтүүлж, харанхуйгаас гарах замыг заахаар амладаг.

Харанхуйгаар дүүрсэн өрөө

Би харанхуйд автсан өрөөнд өссөн нэгэн бүсгүйн талаар ярихыг хүсэж байна. Түүнийг би Жэйн гэж нэрлэе.

Жэйн гурван настай байх үеэсээ эхлэн байн байн зодуулж, үл хайхрагдан, зовж өсчээ. Түүнийг айлган сүрдүүлж, шоолж доромжилдог байв. Өглөө бүр сэрэхдээ дараагийн өдөр хүртэл амьд байх эсэхээ тэр үл мэдэн босно. Хамгаалах ёстой тэдгээр хүмүүс нь түүнийг зовоож, шаналган тэрхүү догшин ширүүн харьцаагаа үргэлжлүүлдэг байж.

Жэйн өөрийгөө хамгаалах ямар нэгэн зүйлийг мэдрэхээ ч болив. Түүнд авралын найдвар байгаагүй учраас түүний амьдралд тохиолдож буй хахир хэцүү зүйлсийн эсрэг өөрийгөө хатууруулж эхэлсэн байна. Түүний амьдарч буй ертөнцөд нь гэрэл гэгээ байгаагүйгээс харанхуйг хүлээн зөвшөөрч амьдардаг болов. Зогсолтгүй үргэлжлэх байнгын ёс бус байдлаас болж тэр хэзээ ч үхэж магадгүй гэдэгтэйгээ эвлэрчээ.

Хожим нь Жэйн 18 настай байх үедээ Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн сүмийг олж мэдсэн байна. Сэргээгдсэн сайн мэдээний баяр баясгалан, найдвар нь түүний зүрх сэтгэлд шингэснээр тэрээр баптисм хүртэх урилгыг хүлээн зөвшөөрсөн аж. Жэйний амьдрал анх удаа ийн гэрэл гэгээтэй болсон ба түүний өмнө гэрэлт харгуй байгааг олж харжээ. Амьдарч байсан харанхуйн ертөнцөө орхиж, түүнийг зовоогч тэднээс хол орших сургуульд сурахаар шийдэв. Харанхуй мөн ёс бус амьдралаас салж эрх чөлөөтэй болон , Аврагчийн илгээх амар амгалан болон гайхамшигт эдгэрлийг мэдрэх болжээ.

Жэйнийг зовоон тарчлааж байсан хүн нас барж,олон жил өнгөрсөн ч тэрээр өсвөр үеийнхээ аймшигт дурсамжуудаас болж шаналдаг байв. Сургаалаас олж авсан гайхамшигтай гэрлийг нь асар их гуниг, уур хилэн устгахаар заналхийлж байлаа. Энэ их харанхуйг үргэлжлүүлэн оршихыг зөвшөөрөх аваас түүнийг тарчлал зовлон ялах болно гэдгийг тэр ойлгож байв.

Жэйн зөвлөгөө болон эрүүл мэндийн тусламжийг эрэлхийлснээр харанхуйг оршдог гэдгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд үүнд анхаарлаа цаг үргэлж хандуулахгүй байх нь эдгэрэлд хүрэх хамгийн сайн арга болохыг ухаарч эхэлжээ. Учир нь гэрэл ч бас оршдог ба үүнд төвлөрч амьдрахыг тэрээр сонгосон юм.

Туулж өнгөрүүлсэн харанхуй амьдрал нь түүнийг өшөө авагч, хорон санаатай, хүчирхийлэгч нэгэн болгоход амархан байлаа. Гэвч тэр тийм болсонгүй. Жэйн харанхуйг дэмжин дэлгэрүүлэгч уур хилэн, өшөө хорсол, үл хүндэтгэсэн байдлын уруу таталтыг эсэргүүцэж чадсан. Үүний зэрэгцээ тэрээр Бурханы тусламжтайгаар эдгэрч чадна гэсэн найдвараас зууран барьсан билээ. Тэрээр гэрлийг бусдад түгээхээр шийдэж, амьдралаа бусдад туслахад зориулахаар сонгосон байна. Энэхүү шийдвэр нь түүнд өнгөрснийг ардаа орхиж алдар суут, гэрэлт ирээдүй рүү алхах боломжийг олгосон юм.

Жэйн сургуулийн багш болсон ба өнөөдөр,олон жилийн дараа ч тэрээр олон зуун хүүхдийг хайрлан,тэднийг үнэ цэнэтэй, чухал хүн гэдгээ ойлгоход нь тусалж, амьдралд нь нөлөөлжээ. Тэрээр сул дорой, аливаа гэмт үйлийн хохирогч мөн урам хугарч шантарсан тэдний эцэж цуцашгүй хамгаалагч болж чадсан юм. Тэр өөрийнхөө эргэн тойронд буй хүн бүрийг босгож, хүчирхэгжүүлж, урам зориг өгдөг ажээ.

Жэйн харанхуйгаас зугтаж,илүү гэрэл гэгээ бүхий найдвар руу тэмүүлэх нь эдгэрлийг авчирдгийг суралцсан билээ. Итгэл, найдвар, энэрлийг өөрийн амьдралд хэрэгжүүлж чадсанаараа тэр зөвхөн амьдралаа өөрчлөөд зогсохгүй их олон хүний амьдралыг үүрд мөнхөд адисалж чадсан.

Гэрэл гэрэлтэй нэгдэн нийлдэг

Та бүхний зарим нь эргэн тойрондоо буй харанхуйг өсөн нэмэгдэж, та нарт хэрхэн нөлөөлж буйг мэдэрдэг байж болох юм. Санаа зовнил, айдас, эргэлзээ та нарт ачаа дарамт учруулдаг байж болно. Танд болон бидэнд Бурханы гэрэл бол бодит юм гэсэн гайхамшигт хийгээд тодорхой үнэнийг би давтан хэлж байна. Энэ нь бүх хүнд боломжтой билээ! Энэ нь бүх зүйлд амьдралыг өгдөг.1 Үүнд хамгийн гүн шархыг ч илааршуулах хүч буй. Энэ нь бидний бодгалийн ганцаардал болон өвчин шаналалд эдгээгч болж чадна. Түүнчлэн цөхөрсөн үед бидэнд илүү гэрэл гэгээтэй найдварын үрийг суулган өгч, хамгийн хүнд хэцүү мөчүүдэд ч биднийг гэрэлтүүлэх болно. Бидний өмнө буй замыг гэрэлтүүлж, хамгийн харанхуй шөнөөр ч шинэхэн үүрийн гэгээ рүү удирдаж чадна.

Энэ бол “дэлхийд ирдэг хүн болгонд гэрлийг” өгдөг “Есүс Христийн Сүнс” билээ.2

Гэсэн хэдий ч сүнслэг байдлын гэрэл нь харанхуйд суун,хэн нэгнийг гэрэл асаахыг хүлээх тэдэнд ирэх нь ховор. Энэ нь Христийн Гэрэл рүү бидний нүдийг нээх тэрхүү итгэлээр үйлдэхийг шаарддаг. Сүнслэг нүдийг маханбодын нүдээр ялган таних нь боломжгүй зүйл юм. Есүс Христ, “Би бол харанхуйд гялалзагч гэрэл бөгөөд харанхуй нь үүнийг ойлгох нь үгүй”3 хэмээн заажээ. Учир нь: “төрөлх хүн Бурханы Сүнсний зүйлсийг хүлээж авдаггүй. Учир нь тийм хүнд эдгээр нь мунхаг явдал бөгөөд эдгээрийг ойлгож чадахгүй. Яагаад гэвэл эдгээр нь сүнслэгээр үзэгддэг.”4

Тиймээс бид хэрхэн Бурханы гэрлийн найдвар руу өөрсдийн нүдийг нээх вэ?

Нэгдүгээрт, одоо хаана байгаагаасаа эхэл

Тэнгэрлэг Эцэгийнхээ адислалууд болон бэлгүүдийг мэдрэхийн тулд бид заавал төгс байх албагүйг мэдэх нь үнэхээр гайхалтай биш гэж үү? Бид Бурханы адислалуудыг авахын тулд төгс болох хүртлээ хүлээх шаардлагагүй билээ. Үнэн хэрэгтээ, гэрлийн зүг бид хамгийн анхны алхмаа хийх үеэс эхлэн тэнгэр нээгдэж, адислалууд нь бидэн дээр бууж ирдэг.

Эхлэхэд хамгийн тохиромжтой газар нь таны яг одоо хаана байгаа тэр газар юм. Та хэчнээн өөрийгөө тохирохгүй эсвэл бусдаас хоцорсон гэж мэдэрдэг байх нь хамаагүй. Тэнгэрлэг Эцэгийг эрэлхийлэх тэр мөчид Түүний гэрлийн найдвар бодгалийг тань сэрээж, амьдруулж, хүчирхэгжүүлж эхэлнэ.5 Харанхуй нэг дор бүгд сарнихгүй байж болох ч шөнийн дараа үргэлж үүр цайдаг шиг гэрэл ирэх болно.

Хоёрдугаарт, зүрх сэтгэлээ Их Эзэнд хандуул

Өөрийн бодгалийг залбиралд өргөж Тэнгэрлэг Эцэгтээ юу мэдэрч байгаагаа илэрхийл. Өөрийн алдаа дутагдлаа хүлээн зөвшөөр. Зүрх сэтгэлээ уудалж, талархлаа илэрхийл. Тулгарч буй асуудал бэрхшээлээ Түүнд мэдүүл. Христийн нэрээр хүч чадал, дэмжлэгийн төлөө Түүнээс гуй. Түүний хоолойг сонсож болохын тулд та нарын чих нээгдэхийн төлөө гуй. Түүний гэрлийг харж болохын тулд та нарын нүд нээгдэхийн төлөө гуй.

Гуравдугаарт, гэрэлд алх

Тэнгэрлэг Эцэг та нарыг алдаа гаргана гэдгийг мэддэг. Тэрээр та нарыг бүдрэнэ гэдгийг бүр олон удаа бүдрэнэ гэдгийг мэддэг. Энэ нь Түүнийг гунигтай болгодог ч Тэрээр та нарт хайртай. Тэрээр та нарын найдварыг устгаж, өсөлт сайжралтыг тань зогсоохыг хүсдэггүй. Харин Тэрээр та нарыг өндийн босож,хэн болох ёстой тийм хүнээ болоосой хэмээн хүсдэг.

Энэхүү зорилгын төлөө бидний аян замд тээглэх чулуу болох саад тотгорыг аюул осолгүйгээр өнгөрүүлж, бидний замыг гэрэлтүүлэхээр Тэрээр Өөрийн Хүүг энэ дэлхий рүү илгээсэн. Тэрээр бидэнд шавь хүний замналыг заах Өөрийн сайн мэдээг өгсөн. Уг сайн мэдээ нь Түүний Хайртай Хүү, бидний Аврагчийн мөрийг дагаж гэрэлд алхахын тулд бидний мэдэх ёстой, хийх ёстой, байх ёстой зүйлсийг бидэнд заадаг.

Гэрэл харанхуйг ялан дийлдэг.

Тийм ээ, бид бүгд алдаа гаргадаг.

Тийм ээ, бид бүгд бүдэрдэг.

Гэвч бид Бурханыг хайрлах хайраа өсгөхийг эрэлхийлж, хөршөө хайрлахыг хичээснээр сайн мэдээний гэрэл биднийг хүрээлж, өргөн дэмждэг. Харанхуй нь гэрэлтэй газар оршихгүй учраас замхран үгүй болно. Бид Бурханд ойртох тусам Тэрээр бидэнд ойртох болно.6 Өдөр өдрөөр Бурханы гэрлийн найдвар бидний дотор “төгс өдрийг хүртэл улам улам хурц болон өсдөг.”7

Харанхуйд алхаж байна хэмээн мэдэрч буй та бүхнийг хүн төрөлхтөнд бидний Аврагчийн өгсөн энэхүү тодорхой амлалтанд найдахыг урьж байна: “Би бол ертөнцийн гэрэл мөн. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно.”8

Африк дахь гэрэл

Хэдэн жилийн өмнө эхнэр Харриет бид хоёрт энэхүү амлалт биелсэн дурсамжтай нэгэн явдал тохиолдсон юм. Бид сүм өсөн хөгжиж буй, Хожмын Үеийн Гэгээнтнүүд нь бахдам сайхан, дэлхийн нэгэн үзэсгэлэнтэй хэсэг болох Баруун Африкт очсон. Гэхдээ Баруун Африкт олон төрлийн сорилт бэрхшээлүүд байдаг. Ялангуяа тэндхийн ядуурлыг харахад надад үнэхээр хэцүү байсан юм Хотуудад ажилгүйдлийн түвшин өндөр, гэр бүлүүд өөрсдийн хэрэгцээ, аюулгүй байдлаа хангахын тулд ихээхэн зовдог нь илт байлаа Сүмийн олон гайхалтай гишүүн ийм ядуу зүдүү нөхцөл байдалд байгааг мэдэх нь зүрхийг минь шимшрүүлж байв. Гэхдээ өөрсдийн хүнд ачаа дарамтыг хөнгөлөхийн тулд гишүүд нэг нэгэндээ тусалдаг болохыг би бас олж мэдсэн.

Нэг томоохон хотын хажууд орших цуглааны байранд бид хүрэлцэн ирсэн бөгөөд харанхуй нөмөрсөн бус,харин өөрсдөөсөө гэрэл цацруулсан баяр баясгалантай хүмүүстэй уулзсан юм. Сайн мэдээний төлөөх тэдний баяр баясал нь бидэнд хүртэл нөлөөлж, сүнсийг маань өргөсөн билээ. Тэдний илэрхийлсэн хайр биднийг даруусгасан. Чин сэтгэлээсээ инээмсэглэх тэднийг хараад бид хүртэл инээмсэглэж байлаа.

Би энэ гараг дээр тэднээс илүү аз жаргалтай хүмүүс байгаа эсэхэд гайхаж байсан үе бий. Хэдийгээр эдгээр гайхамшигтай гэгээнтнүүд маань зовлон бэрхшээл, сорилтоор хүрээлэгдсэн ч тэд гэрлээр дүүрэн хүмүүс байсан!

Цуглаан эхэлж,би ярьж эхлэв. Гэвч удалгүй цахилгаан тасарч,түнэр харанхуй биднийг бүрхэв.

Хэсэг хугацаанд би цуглаан дээр хэнийг ч олж харж чадахгүй байлаа. Гэхдээ би гэгээнтнүүдийн бахдам сайхан инээмсэглэлийг харж мөн мэдэрч чадсан юм. Тийм гайхалтай хүмүүстэй хамт байхад хэчнээн сайхан байсан билээ!

Ариун ёслолын танхимд харанхуй хэвээр байсан тул цахилгаан ирэхийг хүлээнгээ би эхнэрийнхээ хажууд сууж байв. Биднийг тийн хүлээх зуур нэгэн гайхамшигтай үйл явдал болсон.

Хэдэн хүн сэргээлтийн дууллаас дуулж эхлэх нь сонсогдов. Олон хүн нэмэгдэн дуулж эхэлсэн бөгөөд бүр олон боллоо. Тун удалгүй ариун ёслолын танхимыг баяр хөөртэй дуулал дүүргэж эхлэв.

Тэдгээр сүмийн гишүүдэд сүмийн дууны ном шаардлагагүй байсан бөгөөд тэд дууллын үг бүрийг мэдэж байлаа. Нэг дууллаас нөгөө дууллыг эрч хүч болон сүнсээр дүүрэн дуулж байсан нь миний сэтгэл зүрхэнд шингэсэн билээ.

Яваандаа цахилгаан ирж танхимыг гэрэлтүүлэв. Харриет бид хоёр бие бие рүүгээ харахад бидний хацрыг даган нулимс урссан байв.

Түнэр харанхуйн дунд гайхамшигтай гэгээнтнүүд сүмийн барилгыг төдийгүй бидний зүрхийг гэрлээр дүүргэсэн юм.

Энэ нь Харриет бид хоёрын хувьд хэзээ ч мартагдахааргүй гүн гүнзгий сүнслэг туршлага болсон.

Гэрэлд ирэгтүн

Тийм ээ, үе үе бидний амьдралд харанхуй нөлөөлж эсвэл бүрхсэн мэт санагддаг. Заримдаа биднийг хүрээлэх тэрхүү харанхуй шөнө төгсөшгүй мэт, шантармаар, айдсаар дүүрэн байдаг.

Та нарын туулж буй гуниг зовлон, ганцаардал, санаа зовнилын төлөө миний зүрх сэтгэл шимширдэг.

Гэсэн хэдий ч бидний амьд найдвар Есүс Христ байдгийг би гэрчилж байна. Тэрээр гэгээрэлд хүргэх үнэн, цэвэр ариун, хүчирхэг зам юм.

Христтэй үед харанхуй биднийг ялж чадахгүй гэдгийг би гэрчилж байна. Христийн гэрлийн өмнө харанхуйд ямар ч ялалт гэж үгүй билээ.

Амьд Бурханы Хүүгийн хурц гэрлийн өмнө харанхуй нь оршихгүй гэдгийг би гэрчилж байна!

Би та бүхнийг Түүнд зүрх сэтгэлээ нээгээсэй хэмээн урьж байна. Түүнийг залбирлаар болон судраас суралцаж эрэлхийл. Түүний сүм болох Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд ир. Түүнээс болон Түүний сайн мэдээнээс суралц, идэвхтэй оролц, бие биедээ тусал мөн Бурхандаа баяртайгаар үйлчлэгтүн.

Ах эгч нар аа! Тас харанхуй шөнийн дараа ч гэсэн дэлхийн Аврагч та бүхний дотроос аажмаар, таатай, тодоор лавтайяа гэрэлтэх тэрхүү үүрийн гэгээ рүү хөтөлнө.

Бурханы гэрлийн найдвар руу алхах үед “[Түүний] дотор харанхуй огт байхгүй гэдэг”9 хайрт Тэнгэрлэг Эцэгийнхээ нигүүлсэл, хайр, сайн сайхныг олж харах болно. Эдгээр зүйлсийг Есүс Христийн ариун нэрээр гэрчилж байна. Амен