Хүлцэнгүй даруу мөн зүрх сэтгэлдээ номхон байгтун

Ахлагч Үлиссэс Соарэс

Далын ерөнхийлөгчийн зөвлөлийн


Үлиссэс Соарэс
Хүлцэнгүй байх гэдэг нь сул дорой байхыг хэлдэггүй харин эелдэг байж, сайхан сэтгэл гаргах гэсэн утгатай.

Бошиглогч Мормон: Хүн “хүлцэнгүй даруу, мөн зүрх сэтгэлдээ номхон байхгүй аваас, түүнд итгэл хийгээд найдвар байх аргагүй”1; “итгэл хийгээд найдвар нь хоосон, учир нь хүлцэнгүй даруу мөн зүрх сэтгэлдээ номхон байхаас бусдаар, хэн ч Бурханы өмнө хүлээн зөвшөөрөгдөхүйц байхгүй”2 хэмээн заажээ.

Хүлцэнгүй байдал бол “Бурханаас эмээдэг, зөв шударга, даруу, үг хүлээн авдаг, зовлон даадаг”3 хүмүүсийн шинж юм. Ийм хүмүүс Есүс Христийг дагах хүсэлтэй байх ба тэдний зан байдал нь тайван, номхон дөлгөөн байдаг.

Төлөөлөгч Паул хүлцэнгүй байдал нь Сүнсний үр жимс4 гэдгийг заасан байдаг. Тиймээс хэрэв бид “Сүнс дотор амьд явбал”5 уг чанарыг амархан олж болох юм. Бид Сүнс дотор амьд явахын тулд Их Эзэний өмнө зөв шударгаар амьдардгаа харуулах ёстой.

Бид Христийн нэрийг өөрсөд дээрээ авснаар Түүний зан чанаруудыг дууриаж, өдөр бүр Түүн шиг болж өөрчлөгдөхийг хичээх хэрэгтэй болдог. Аврагч шавь нартаа заахдаа “тиймээс Тэнгэрлэг Эцэг тань төгс байдаг шиг та нар мөн төгс бай”6 гэсэн байдаг. Хэрэв бид “Христэд ирж, … бүх бурханлаг бусаас [өөрсдөө] татгалзаж, … Бурханыг хайрлах” аваас Христ дотор төгс байж болох тэрхүү өдөр Аврагчийн ач ивээлээр дамжин ирэх юм.7

“Христийнхтэй адил зан чанарууд нь Бурханаас ирдэг бэлгүүд юм. Бид сонгох эрхээ зөвөөр ашигласан үед [эдгээр зан чанарууд] бидэнд төлөвшин хөгждөг. [Бид] Бурханы тааллыг хүртэх хүсэлтэйгээр сул дорой байдлаа ухамсарлаж, өсч хөгжих чин хүсэлтэй байх [хэрэгтэй.]”8

Бид Христтэй илүү адилхан болоход хүлцэнгүй байдал нэн чухал байдаг. Хүлцэнгүй байдалгүйгээр бид бусад чухал шинж чанаруудыг хөгжүүлэх боломжгүй. Хүлцэнгүй байх гэдэг нь сул дорой байхыг хэлдэггүй, харин эелдэг байж, сайхан сэтгэл гарган, өөрийн хүчтэй тал, тайван дөлгөөн байдал, өөртөө хүндэтгэлтэй хандах хийгээд өөрийгөө хянах чадвараа харуулахыг хэлдэг.

Хүлцэнгүй байдал бол Аврагчийн амьдрал дахь хамгийн түгээмэл зан чанаруудын нэг байсан юм. Тэрээр шавь нартаа “Надаас суралц. Учир нь Би зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу билээ”9 хэмээн Өөрийн үгээр заасан байдаг.

Бидний зүрхэнд хүлцэнгүй байдлын үрийг суулгаж өгсөн байдаг. Тэр үрийг нүд ирмэхийн зуур өсгөж ургуулах нь боломжгүй бөгөөд цаг хугацаа шаарддагийг ойлгох хэрэгтэй. Христ биднээс “өдөр бүр загалмайгаа үүр”10 гэж хүссэн нь энэхүү үйл явц бидний байнгын хүсэл, анхаарлын төв байх ёстой гэдгийг заасан юм.

Манай эрин үеийн тав дахь бошиглогч Лорэнзо Снөү “Төгс байхыг хичээж, … өдөр бүр өсч хөгжиж, өнгөрсөн долоо хоногт хийсэн зүйлсээ эргэн харж, энэ долоо хоногт илүү сайн байх; өчигдөр хийсэн зүйлсээ өнөөдөр илүү сайн хийх нь бидний үүрэг юм”11 гэж заасан. Тэгэхээр хүлцэнгүй даруу болох эхний алхам нь өдөр өдрөөр өсч хөгжих явдал юм. Бид ийнхүү урагшлахдаа өдөр бүр өмнөхөөсөө илүү сайн байхыг хичээх хэрэгтэй.

Ерөнхийлөгч Снөү цааш нь

“Бидэнд гэнэн томоогүй, сул дорой чанарууд байдаг. Тэдгээрээс бид аль болох хурдан салж, хүүхдүүдээ Бурханы өмнө цаг ямагт зөв зохистой байхад сургахын тулд уг мэдрэмжийг тэдний зүрх сэтгэлд суулгаж өгөх ёстой.

“Хэрэв нөхөр нь эхнэртэйгээ маргалдахгүй эсвэл хэн нэгэнд эелдэг бус хандахгүй эсвэл Бурханы Сүнсийг гомдоолгүй нэг өдрийг өнгөрөөж чадвал тэр хүн тэр өдөртөө төгс байсан гэсэн үг. Тэгээд маргааш нь яг л адилхан төгс байхыг хичээх хэрэгтэй. Гэхдээ хоёр дахь өдөр нь төгс байж чадаагүй бол гурав дахь өдрөө төгс байж чадахгүй гэсэн үг биш шүү дээ”12 гэж заажээ.

Их Эзэн бидний үнэнч хичээнгүй байдлыг хараад төгс бус, сул дорой байдлын улмаас олж авч чаддаггүй зүйлсийг маань бидэнд өгөх болно.

Хүлцэнгүй даруу болох бас нэгэн чухал алхам бол уураа барьж сурах явдал юм. Бидний хүн бүрд төрөлх шинж чанар оршдог учраас, бид дарамтаар дүүрэн дэлхийд амьдарч байгаа учраас уураа барих нь амьдралын шалгууруудын нэг нь болж болно. Одоо бүгдээрээ хэдэн хором төсөөлөн бодоцгооё. Хэн нэгэн таны үгэнд орохгүй байвал яах вэ? Тухайн асуудлыг зөвөөр шийднэ гэж таны баттай мэдэж байгаа саналтай хүмүүс санал нийлэхгүй бол яах вэ? Хэн нэгэн таныг гомдоож, таны хичээл зүтгэлийг шүүмжилсэн бол эсвэл зүгээр л сэтгэл санаа тавгүй байгаагаасаа болоод тантай зүй бусаар харьцвал та яах вэ? Бид дээрх тохиолдлууд болон бусад хэцүү нөхцөлд уураа барьж, санаа бодлоо зөөлөн, тэвчээртэйгээр илэрхийлж сурах ёстой. Энэ нь бидний гэр орон, мөнхийн ханьтайгаа харьцах харилцаанд хамгийн чухал зүйл юм. Би хайрт эхнэртэйгээ гэрлээд 31 жил болж байна. Бид амьдралын сэтгэл түгшээсэн шалгууруудтай тулгарахад эхнэр маань надад биеэ барихыг эвтэйхэн сануулдаг.

Тимотод бичсэн хоёр дахь захидалдаа төлөөлөгч Паул

“Эзэний боол тэмцэл мөргөлдөөнд оролцох ёсгүй. Харин бүх хүнд эелдэг зөөлөн ханд. Заах чадвартай, буруудахад тэвчээртэй байж,

“зөрөлдөгсдийг төлөв байдал дотор засаж бай. Хэрэв магадгүй Бурхан тэдэнд үнэний мэдлэгт хүргэх гэмшлийг соёрхвол

“тэд ухаан орж, чөлөөлөгдөх буй”13 хэмээн захисан байдаг.

Бид сэтгэл хөдлөлөө удирдаж, зөрчилдөөнөөс зайлсхийж, тайван байснаар хүлцэнгүй даруу байдлын бэлгийг олж авахуйц болж эхэлнэ. Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг “Бид итгэлтэйгээр уур уцаараа барьж, бардамналаа хаях юм бол Ариун Сүнс бидэнд гэрчилж, ариун нандин амлалтууд болон гэрээнүүд баттай болдог”14 гэж хэлсэн байдаг.

Хүлцэнгүй байдлыг олж авах бас нэг алхам бол даруусах явдал юм. Их Эзэн бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Томас Б.Маршд “Чи даруу бай; тэгвэл чиний Бурхан Их Эзэн чамайг гараас чинь хөтөлж мөн залбирлуудад чинь чамд хариу өгөх болно”15 хэмээн заажээ.

Ах эгч нар аа, зөвхөн даруу хүмүүс л залбиралд нь өгсөн Их Эзэний хариултыг таньж ойлгох боломжтой байдаг гэдэгт би итгэдэг. Даруу хүмүүс үг хүлээн авдаг. Тэд өөрсдөө Бурханаас хэр зэрэг хамааралтайгаа мэддэг бөгөөд Түүний тааллыг дагах хүсэлтэй байдаг. Даруу хүмүүс хүлцэнгүй байдаг бөгөөд бусдыг мөн адил хүлцэнгүй байхад нь туслах чадвартай. Бурхан эдгээр хүмүүсийг гараас нь хөтлөх болно гэж тэдэнд амласан юм. Бид амьдралдаа Их Эзэний гараас хөтлөөд алхаж байгаа цагт буруу зам болон уйтгар гунигаас хол байх болно гэдэгт би үнэхээр итгэдэг.

Хүлцэнгүй байдлын талаар миний мэдэх орчин үеийн хамгийн сайхан жишээнүүдийн нэг нь Мозэс Малангү ах юм. Тэрээр 1964 онд Мормоны Номыг хүлээн авснаар түүний хөрвөлт эхэлсэн байна. Энэ ном үнэхээр салахын аргагүй байсан ажээ. Гэсэн ч Малангү ах 70 -аад оны эхэн үед л анх удаа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм гэсэн хаягийг Өмнөд Африкийн Иоханнесбург хотын гудамжаар явж байгаад олж харсан гэнэ. Тэрээр сүмийн талаар илүү ихийг мэдэх оргилуун хүсэлтэйгээр тэр барилга руу оржээ. Тухайн үед улсынх нь хуулийн дагуу сүмийн цуглаанд оролцох, баптисм хүртэхийг хориглодог байсныг Малангү ахад эелдгээр хэлсэн ажээ.

Тэрээр энэхүү шийдвэрийг хүлцэнгүй, даруу байдлаар мөн гомдолгүйгээр хүлээн авч, харин ч сүмийн талаар илүү ихийг мэдэх чин хүсэлтэй хэвээрээ үлдсэн байна. Малангү ах сүмийн хичээлүүдийг сонсохын тулд ням гарагийн цуглааны үеэр байрны цонхнуудын нэгийг нь онгорхой орхиж болох эсэхийг сүмийн удирдагчдаас асуужээ. Малангү ах үүнээс хойш хэдэн жилийн турш гэр бүл, найз нөхдийн хамт “цонхоор явагддаг” сүмийн цуглаанд тогтмол очдог болов. 1980 оны нэг өдөр тэд сүмд очиж, баптисм хүртэж болно гэсэн мэдээ сонсох нь тэр. Малангү ах хэчнээн их баярласан бол оо?

Хожим нь сүм Совэто хотод салбар нээсэн байна. Энэхүү өсөлт нь зөвхөн хүнд нөхцөлд олон жилийн турш итгэлтэй хэвээр үлдсэн Малангү ах шиг хүмүүсийн шийдэмгий зан, зориг, итгэлтэй байдлын ачаар л тохиосон юм.

Намайг Совэто гадсанд очиход Малангү ахтай зэрэг сүмд элссэн нэг найз нь энэ түүхийг надад ярьж өгсөн юм. Бид яриагаа өндөрлөхөд тэр намайг тэвэрсэн. Ах, эгч нар аа, энэ нь яг л Аврагчийн хайрын мутраар тэврүүлсэн юм шиг санагдаж байсан. Тэр ах үнэхээр хүлцэнгүй даруу хүн гэдэг нь илт харагдаж байлаа. Үнэн сайн мэдээ түүний болон бусад олон хүмүүсийн амьдралыг адисалж байгаад ерөнхийлөгч Томас С.Монсонд туйлын их баярлан талархаж явдгаа дамжуулж өгөхийг тэр ах надаас чин сэтгэлээсээ, ихэд талархалтайгаар хүссэн юм. Малангү ах болон түүний найзын хүлцэнгүй байдлын жишээ олон хүмүүсийн амьдралд, ялангуяа миний амьдралд сайнаар нөлөөлсөн юм.

Ах, эгч нар аа, Аврагч Есүс Христ бол хүлцэнгүй байдлын төгс үлгэр жишээ гэдэгт би итгэдэг. Тэрбээр мөнх бус амьдралынхаа сүүлчийн мөчүүдэд шударга бусаар гүжирдүүлж, буруутгагдаж, өвдөлтөө тэвчин Голгота руу явахдаа загалмайгаа үүрч, дайснуудаараа тохуурхагдаж, хараалгаж, гайхамшгуудыг нь гэрчилж байсан хүмүүсээр орхигдож, эцэст нь загалмай дээр цовдлогдсон билээ.

Их Эзэн бие махбодын хамгийн хүчтэй өвдөлт, зовлон шаналлын дараа ч хүлцэнгүй, даруу байдлын дээдээр Эцэгтээ хандан: “Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна”16 гэж хэлсэн юм. Бидэнд сүнслэг чанараа өөрчилж, Өөр шиг нь хүлцэнгүй болох боломжийг олгохын тулд Христ биеийн болон сүнслэг байдлын зовлонгийн туйлыг үзсэн билээ.

Есүс Христ бол бидний Аврагч гэдгийг би гэрчилж байна. Тэр бидэнд хайртай учраас өөрчлөгдөх нь боломжтой гэдгийг би та бүхэнд гэрчилж байна. Сул дорой байдлаа орхих нь боломжтой зүйл. Хилэнцэт нөлөөг эсэргүүцэж, уураа барин, хүлцэнгүй болж, Аврагчийнхаа зан чанаруудыг хөгжүүлэх нь боломжтой юм. Тэрбээр бидэнд замыг нь зааж өгсөн билээ. Тэр бидэнд төгс үлгэр жишээ үзүүлж, бидний хүн нэг бүрийг Өөр шигээ болохыг зарлигласан юм. Бидэнд өгсөн Христийн урилга бол Түүнийг дагах, үлгэр жишээг нь дагаж, Түүн шиг болох явдал мөн. Би эдгээр үнэнүүдийг Есүс Христийн ариун нэрээр гэрчилж байна, амен.

Show References

  1.  

    1. Моронай 7:43.

  2.  

    2. Моронай 7:44.

  3.  

    3. Судруудын удирдамж “Хүлцэнгүй, Хүлцэнгүй байдал,” scriptures.lds.org.

  4.  

    4. Галат 5:22–23-ыг үзнэ үү.

  5.  

    5. Галат 5:25.

  6.  

    6. Матай 5:48.

  7.  

    7. Моронай 10:32.

  8.  

    8. Миний Сайн Мэдээг Номло: Номлогчийн Үйлчлэлд Зориулсан Удирдамж (2004), 132.

  9.  

    9. Матай 11:29.

  10.  

    10. Лук 9:23.

  11.  

    11. Lorenzo Snow, in Conference Report, Apr. 1898, 13.

  12.  

    12. Teachings of Presidents of the Church: Lorenzo Snow (2012), 100–101.

  13.  

    13. 2 Тимот 2:24–26.

  14.  

    14. Хэнри Б.Айринг “Гэрээнд орсон гэр бүлүүд,” Ensign эсвэл Лиахона, 2012 оны дөрөвдүгээр сарын Ерөнхий чуулган, 69.

  15.  

    15. Сургаал ба Гэрээ 112:10.

  16.  

    16. Лук 23:34.