Хөрвөгдөцгөө, та нар минь

Бонни Л.Оскарсон

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч


Бонни Л.Оскарсон
Үнэн гэдгийг нь мэддэг сургаал дээр үндэслэн үйлдэх үйлдлээ өдрөөс өдөрт, сараас сард үргэлжлүүлж, зарлигуудыг сахих аваас жинхэнэ хөрвөлт тохиох болно. 

Ах эгч нар аа, миний хүндэлдэг баатруудаас ихэнх нь зогсож байсан энэ индэр дээр зогсох энэхэн агшинд даруусах сайхан мэдрэмж надад төрж байна. Би зүрх сэтгэлдээ байгаа бодлуудаасаа та нартай хуваалцахыг ялангуяа өсвөр үеийнхэнд хандан ярихыг хүсч байна.

Бошиглогч бөгөөд агуу дайчин эр Иошуа бол Хуучин Гэрээний агуу баатруудын нэг билээ. Тэрээр “… хэнд үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрсөддөө сонго; … Харин би болон манай гэрийнхэн, бид Эзэнд үйлчилнэ”1 хэмээх энэхүү урилгыг өөрийн удирдсан Израилын хүүхдүүдэд өгчээ. Иошуагийн энэхүү тунхаглал сайн мэдээнд үнэхээр хөрвөгдсөнийг нь харуулдаг. Иошуагийн хувьд мөн бид бүгдийн хувьд, сайн мэдээний зарчмуудад хөрвөгдөх үйл явц нь сайн мэдээний зарчмуудын дагуу зөв шударгаар амьдарч, Их Эзэнтэй хийсэн гэрээнүүддээ үнэнч байснаар хэрэгждэг билээ.

Би гэр бүлийнхээ түүхээс буюу өөрийн баатрууд хэмээн хүндэлдэг хүмүүсийнхээ нэгнийх нь хөрвөлтийн түүхээс хуваалцахыг хүсч байна. Түүний нэрийг Агнес Хогган гэдэг байсан бөгөөд тэр эмэгтэй нөхрийнхөө хамт 1861 онд Шотландад байхдаа сүмд элсжээ. Тэд эх орондоо ихэд гадуурхагдан, хавчигдаж байсан учраас хүүхдүүдтэйгээ Америк руу цагаачилсан ажээ. Агнес хэдэн жилийн дараа бэлэвсэрч; найман хүүхдээ мөр бүтэн, гэдэс цатгалан явуулахын тулд шаргуу ажилладаг байлаа. 12 настай охин Изабэлд нь сүмийн гишүүн бус нэгэн баян гэр бүлд үйлчлэгчээр ажиллах завшаан олджээ.

Изабэл тэдний том байшинд амьдарч, жаахан хүүхдүүдийг нь харж өгч, тусалдаг байлаа. Хөдөлмөрийнх нь хөлсөнд багахан мөнгийг долоо хоног бүр ээжид нь төлдөг байв. Тэд удалгүй Изабэлийг гэр бүлийнхээ гишүүний нэгэн адил үздэг болж, бүжгийн хичээлд явуулан, гоё хувцас өмсүүлж, жүжиг үзэх гэх мэт олон үйл ажиллагаанд оролцуулдаг болсон ажээ. Энэхүү онцгой боломж дөрвөн жил үргэлжилсний эцэст Изабэлийн ажиллаж байсан гэр бүл өөр муж руу ажлын шаардлагаар шилжих болсон байна. Тэр гэр бүл Изабэлд ихэд хайртай болсон учраас Агнес дээр хүрч ирэн, охиноо албан ёсоор үрчлүүлээч хэмээн гуйжээ. Тэд Изабэлийг сайн боловсролтой болгож, сайн хүнтэй гэрлүүлэн, түүнийг хүүхдүүдтэйгээ хамт хөрөнгийнхөө өв залгамжлагч болгоно гэж амлав. Түүнчлэн тэд Агнест ч цаашид мөнгө төлсөөр байх болно гэдгээ бас хэлжээ.

Тарчиг хомсхон амьдралтай эх хүн, бэлэвсэн эмэгтэй ийнхүү хүнд шийдвэр гаргах хэрэгтэй болоход тэрээр хормын төдийд ч эргэлзээгүй юм. Олон жилийн дараа эмэг эхийнхээ тухай зээ охиных нь бичсэн үгсийг та бүхэн сонс доо: “Тэр эх хүний хувьд хайртай учраас л үгүй хэмээн хэлж чадах байсан ч түүнд үүнээс өөр, илүү чухал шалтгаан байсан юм. Алс холын Шотландаас сайн мэдээний төлөө саад бэрхшээл, зовлон зүдгүүрийг туулан ирж, алс холоос олж авах гэж зорин ирсэн чухам тэр л зүйлийг нь охин нь алдахыг тэрээр зөвшөөрөөгүй юм.”2 Баян гэр бүл янз бүрийн шалтгаан тоочсон ч Изабэл уйлан, өөрийг нь явуулаач гэж гуйсан ч Агнес шийдвэрээсээ буцсангүй. 16 настай Изабэл тэр үед амьдрал минь ингээд сүйрдэг байжээ хэмээн бодсон болов уу гэж та нар төсөөлж болох юм.

Изабэл Хогган миний элэнц эмээ бөгөөд би ээжийнх нь зүрх сэтгэл дэх хүчтэй гэрчлэл, агуу итгэл үнэмшлийнх нь төлөө, охиныхоо сүмийн гишүүнчлэлийг дэлхийн сайхан амлалтуудаар солиогүйнх нь төлөө түүнд туйлын их баярлан, талархаж явдаг билээ. Өнөөдөр түүний үр удмын хэдэн зуун хүн сүмийн гишүүнчлэлийн адислалыг эдэлдэг бөгөөд тэд Агнесын гүнзгий итгэл болоод сайн мэдээнд хөрвөснийх нь ашиг тусыг хүртэгсэд юм.

Залуу найз нар аа, бид хэцүү цаг үед амьдарч байгаа бөгөөд та нарын өдөр тутам, бүр цаг тутам гаргах ёстой болдог шийдвэрүүд мөнхийн үр дагавартай билээ. Өдөр тутмын амьдралдаа гаргаж байгаа шийдвэрүүд тань хожим өөрт тань юу тохиохыг тодорхойлдог. Хэрэв та нарт Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол дэлхий дээрх Бурханы хаант улс гэсэн гүн гүнзгий гэрчлэл хийгээд итгэл үнэмшлийн баталгаа байхгүй бол энэхүү баталгааг олж авах зүйлийг хийх цаг нь зөвхөн одоо юм. Тийм баталгааг олж авахад шаардагдах хичээл зүтгэлийг хойшлуулах нь та нарын бодгальд аюул авчрах болно.

Жинхэнэ хөрвөлт гэдэг нь сайн мэдээний зарчмуудын талаар зөвхөн мэдлэгтэй мөн гэрчлэлтэй байхаас ч илүү чухал юм. Сайн мэдээний дагуу амьдраагүй мөртлөө түүний талаар гэрчлэлтэй байж болдог. Үнэхээр хөрвөгдөнө гэдэг нь бид итгэдэг зүйлийнхээ дагуу үйлдэж мөн түүгээр дамжуулан “өөрсдөдөө, өөрөөр хэлбэл өөрсдийн зүрх сэтгэлд хүчирхэг өөрчлөлтийг үйлдэх”3 боломжийг олгох явдал юм. Итгэлдээ Үнэнч байх нь товхимлоос “Хөрвөлт нь үйл явдал биш харин үйл явц юм. Та нар Аврагчийг дагах зөв шударга идэвх чармайлтынхаа үр дүнд хөрвөгддөг”4 гэдгийг бид сурдаг. Энэ нь цаг хугацаа, хичээл зүтгэл, хөдөлмөр шаарддаг. Миний хуланц эмэг эх сайн мэдээний төлөө золиослол хийн, хүлцэн тэвчиж, үүний дагуу амьдарч байсан болохоор хүүхдүүдэд нь дэлхийн баялаг мөн ая тухтай амьдрал биш харин сайн мэдээ илүү чухал гэдгийг баттай мэдэж байсан юм. Тэр эмэгтэй сайн мэдээний зарчмуудын дагуу амьдарч, тэдгээрийн төлөө золиослол хийснээр хөрвөлт түүнд ирсэн юм.

Хэрэв бид ийм баталгааг олж авахыг хүсдэг бол энэхүү үйл явцыг туулах ёстой. Аврагч: “Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсч байвал тэр нь энэ сургаал Бурханаас ирсэн үү, эсвэл Би Өөрөөсөө ярьж байна уу гэдгийг мэднэ”5 гэж заасан билээ. Бид заримдаа үүнийг эсрэгээр нь хийх гээд байдаг. Жишээ нь: бид аравны нэгийн хуулиар амьдрахдаа баяртай байх болно, гэвч эхлээд энэ хууль үнэн гэдгийг мэдэх хэрэгтэй шүү дээ гэсэн хандлагатай байж болох юм. Бид аравны нэгийн өргөлийн хуудсыг бөглөхөөсөө өмнө аравны нэгийн хуулийн талаар гэрчлэлтэй болохын төлөө залбирч, Их Эзэн биднийг гэрчлэлээр адисална гэдэгт найдаж ч болох юм. Гэтэл хэрэг дээрээ ийм байдаггүй. Их Эзэн биднээс итгэлээ хөгжүүлэхийг л хүсдэг. Бид аравны нэгийн талаар гэрчлэлтэй болохын тулд аравны нэгээ л шударгаар байнга, бүрэн төлөх хэрэгтэй. Энэхүү загвар нь ариун явдлын хууль, даруу хувцаслах зарчим, мэргэн ухааны үг эсвэл мацгийн хууль гэхчилэн сайн мэдээний бүх зарчмуудад хамаатай юм.

Аль нэгэн зарчмын дагуу амьдрах нь уг зарчимд хөрвөгдөхөд бидэнд хэрхэн тусалдаг талаар нэгэн жишээг би хуваалцмаар байна. Би жараад оны үед ахлах сургуульдаа цорын ганц хожмын үеийн гэгээнтэн залуу эмэгтэй байлаа. Энэ үед уламжлалт зан суртахууныг эсэргүүцэж, мансууруулах бодис хэрэглэх болон хүн ер нь “хүссэн бүхнээ хийж болно” гэсэн сэтгэлгээ тархаад байв. Миний үе тэнгийнхнээс сайн хүмүүс олон байсан ч тэрхүү ёс суртахуунгүй, шинэ сэтгэлгээний давалгаанд тэд амархан автагдаж байлаа. Чухамдаа бол энэ нь ердөө л хуучны ёс суртахуунгүй явдал байсан юм. Эцэг эх болон сүмийн багш нар маань надад бие махбоддоо хүндэтгэлтэй хандаж, оюун ухаанаа цэвэр байлгахыг мөн хамгийн гол нь Их Эзэний зарлигуудад итгэх нь чухал гэдгийг заадаг байлаа. Согтууруулах ундаа байж болох газраас зайлсхийж, мансууруулах бодис болон тамхинаас хол байх шийдвэрийг би гаргасан юм. Олон тохиолдолд энэ нь би үдэшлэгт оролцохгүй, болзоонд явахгүй гэсэн үг байлаа. Мансууруулах бодис хэрэглэх нь залуу хүмүүсийн дунд илүү түгээмэл болж байсан бөгөөд хор уршгийнх нь талаар өнөө үед мэдэж байгаа шиг мэддэггүй байв. Миний үе тэнгийнхнээс олон нь оюун ухаанд саатал учруулах хорт бодист байнга хордож, улмаар ноцтой донтолтод автсан юм. Би гэртээ мэргэн ухааны үгийг заалгасандаа талархалтай байсан бөгөөд итгэлийнхээ дагуу уг сургаалаар амьдарснаар сайн мэдээний энэхүү зарчмын талаар бат бөх гэрчлэл олж авсан билээ. Сайн мэдээний үнэн зарчмыг дагаж амьдарснаар надад ирсэн тэрхүү сайхан мэдрэмж нь уг зарчим үнэн болохыг баталсан Ариун Сүнсний мэдрэмж байлаа. Энэ үед л жинхэнэ хөрвөлт явагдаж эхэлдэг.

Мормоны Номонд бошиглогч Моронай “Итгэл бол найдагдсан боловч үзэгдээгүй зүйлүүд гэдгийг би дэлхийд үзүүлнэ; иймийн тул та нар хараагүйн улмаас бүү арсалд, учир нь итгэлийн тань сорилтын дарааг хүртэл та нар гэрчийг хүлээн авахгүй”6 хэмээн заадаг. Таашаалыг үтэр түргэн хүртэхийг хүсдэг энэ дэлхий дээр бид заримдаа хичээл зүтгэл гаргаагүй мөртлөө шагнал авахыг хүсдэг гэм буруутай билээ. Сайн мэдээний дагуу амьдран, итгэлээ хэрэгжүүлснээрээ бид эхлээд үйлдэж, дараа нь бид үүний үнэний талаарх гэрчлэлийг хүлээн авах болно хэмээн Моронай бидэнд хэлсэн гэж би боддог. Үнэн гэдгийг нь мэддэг сургаал дээр үндэслэн үйлдэх үйлдлээ өдрөөс өдөрт, сараас сард үргэлжлүүлж, зарлигуудыг сахих аваас жинхэнэ хөрвөлт тохиох болно.

Өнөө үе бол сүмийн өсвөр үеийнхний хувьд агуу цаг үе юм. Та нар Ирээд, Намайг дага, хэмээх өсвөр үеийнхний хөтөлбөрт хамгийн эхэлж оролцож байгаа бөгөөд та нарыг Есүс Христийн сайн мэдээнд хөрвүүлэх гол зорилгуудын нэг нь уг хөтөлбөрт байдаг. Та нарын эцэг эх болон өсвөр үеийнхний удирдагчид хэчнээн ч хичээлээ гэсэн “та нар өөрсдийнхөө хөрвөлтөд өөрсдөө үндсэн үүрэг хариуцлага хүлээх ёстой гэдгээ санах хэрэгтэй. Хэн ч та нарын өмнөөс хөрвөгдөж чадахгүй мөн хэн ч та нарын хөрвөлтийг албадаж чадахгүй.”7 Бид хичээнгүйлэн залбирч, судраас суралцан, сүмдээ явж мөн ариун сүмийн ёслолуудад оролцохуйц зохистой байснаар хөрвөлт явагдаж эхэлдэг. Бид цэвэр байж, ариун журамтай амьдран, Ариун Сүнсний нөхөрлөлд баясах үед хөрвөлт тохиодог. Бид Есүс Христийн Цагаатгалыг ойлгон, Түүнийг бидний Аврагч, Гэтэлгэгч хэмээн хүлээн зөвшөөрч, өөрсдийнхөө амьдралд Цагаатгалыг нөлөөлөх боломж олгосноор хөрвөлт тохиодог.

Ариун сүмд гэрээнүүд байгуулах, номлолд үйлчлэх болон ирээдүйн гэр бүлээ төвхнүүлэхэд бэлтгэхэд өөрийн тань хувийн хөрвөлт туслах болно. Хөрвөгдөх явцдаа сурсан зүйлээ бусадтай хуваалцах хүсэлтэй болдог бөгөөд гэрчлэлээ бусдад сэнхрүүлэн ойлгуулж, эрч хүчтэйгээр хуваалцах итгэлтэй байдал хийгээд чадвар тань нэмэгдэх болно. Сайн мэдээг бусадтай хуваалцах энэхүү чин хүсэл, илэн далангүйгээр гэрчлэлээ хуваалцахдаа өөртөө итгэлтэй байх зэрэг нь жинхэнэ хөрвөлтийн үр дүн мөн. Аврагч Петрт хандан, “хөрвүүлэгдэх үедээ ах дүүсээ батжуул”8 хэмээн заасан байдаг.

Бошиглогч бөгөөд дайчин эр Иошуаг санаж байна уу? Тэр хөрвөгдсөн төдийгүй, амьдралынхаа эцсийг хүртэл Израилын хүүхдүүдийг Бурханд авчрахаар цуцалтгүй хөдөлмөрлөсөн юм. “Израил Иошуагийн амьдралын бүх өдрүүдэд … Эзэнд үйлчлэв”9 хэмээн бид Хуучин Гэрээнээс уншдаг. Цагаатгалын хүчээр үнэхээр хөрвөгдсөн нэгэн нь өөрийн бодгальд аврал авчирдаг бөгөөд ойр тойрон дахь хүмүүстээ хүчтэй нөлөөлдөг билээ.

Сайн мэдээний дагуу амьдарч мөн ариун газруудад зогсох нь дандаа амархан, тийм ч таатай байдаггүй, гэхдээ энэ нь илүү чухал гэдгийг би та нарт гэрчлэн хэлье! Их Эзэн Эмма Смитэд “энэ дэлхийн зүйлүүдийг хойш тавьж, мөн илүү сайн зүйлүүдийг эрэлхийлэх ёстой”10 хэмээн зөвлөсөн билээ. “Илүү сайн” дэлхий ямар агуу гайхамшигтай болохыг бид төсөөлж ч чаддаггүй хэмээн би боддог!

Биднийг хайрладаг Тэнгэрлэг Эцэг бидэнд бий бөгөөд сайн мэдээний дагуу амьдарч, хөрвөгдөх бидний хичээл зүтгэлд Тэрээр тусалж, биднийг адислах агуу хүсэлтэй байдаг хэмээн би гэрчилж байна. Бидний “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдрал”11 бол Түүний гол зорилго болон санаа тавьдаг зүйл нь юм хэмээн Тэрбээр маш тодорхойгоор илэрхийлсэн билээ. Тэрээр биднийг Өөрийнхөө дэргэд аваачихыг хүсдэг. Бид сайн мэдээний сургаалуудын дагуу үйлдэж, эдгээр сургаалуудыг өдөр бүр хэрэгжүүлэх аваас хөрвөгдөж, гэр бүлдээ болон дэлхий дээр олон сайн зүйлийг хийх арга хэрэгсэл болох болно гэдгийг би гэрчилж байна. Энэхүү зорилгод хүрэх өдөр тутмын хичээл зүтгэлдээ бид бүгдээрээ адислагдах болтугай хэмээн би Есүс Христийн нэрээр залбирч байна, амен.

Show References

  1.  

    1. Иошуа 24:15.

  2.  

    2. Fuschia Stringham, “Sketch of the Life of Isabelle Hunter Hoggan Stringham” (хэвлэгдээгүй хувийн түүх, 1934), 4.

  3.  

    3. Мозая 5:2.

  4.  

    4. Итгэлдээ үнэнч байх нь: Сайн мэдээний эшлэл (2004), 41.

  5.  

    5. Иохан 7:17.

  6.  

    6. Ифер 12:6.

  7.  

    7. Итгэлдээ үнэнч байх нь, 43.

  8.  

    8. Лук 22:32.

  9.  

    9. Иошуа 24:31.

  10.  

    10. Сургаал ба Гэрээ 25:10.

  11.  

    11. Мосе 1:39.