Ерөнхий чуулган: Итгэл ба гэрчлэлийг хүчирхэгжүүлэх нь

Ахлагч Робэрт Д.Хэйлс

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын


Робэрт Д.Хэйлс
Тийм ээ, Ерөнхий чуулган бидэнд хичнээн хэрэгтэй билээ! Чуулганаар дамжуулан бидний итгэл бэхжиж, гэрчлэл маань гүнзгийрдэг.

Ерөнхийлөгч Монсон, Христийн адил үйлчилж, үлгэр жишээ үзүүлдэгт болон заадаг зүйлсэд тань баярлалаа. Бас бид бүгдэд номлогч байх үүрэг өгсөнд баярлалаа. Бид таны төлөө үргэлжүүлэн залбирах болно.

Аврагч Есүс Христ энэ эрин зууны гэгээнтнүүдийн цугларалтыг “миний ерөнхий чуулган”1 хэмээн хэлсэн.

Энэ дэлхийн хаана ч байсан, ямар ч аргаар энэхүү чуулганыг сонсож, үзэж байх нь ялгаагүй, бид Түүний чуулганд цугларсан гэдгийг би гэрчилж байна. Мөн түүнчлэн “миний өөрийн дуу хоолой байна уу, эсвэл миний үйлчлэгчдийн дуу хоолой байна уу, энэ нь яг адил”2 гэж хэлсний дагуу бид Түүний дуу хоолойг сонсох болно хэмээн би гэрчилж байна.

Чуулган нь үргэлж Есүс Христийн үнэн сүмийн нэг хэсэг байсаар ирсэн. Адам өөрийн үр удмыг цуглуулж, ирэх зүйлсийн талаар бошиглосон. Израилын хүүхдүүдийг Мосе цуглуулж, тэдэнд хүлээн авсан зарлигуудаа заасан. Аврагч Ариун Газар болон Америк тивд цугларсан олон хүнд зааж байсан. Петр итгэгч хүмүүсийг Иерусалимд цуглуулсан. Хожмын үеийн хамгийн анхны ерөнхий чуулган нь сүм зохион байгуулагдсанаас хойш хоёрхон сарын дараа зохион байгуулагдсан бөгөөд эдүгээг хүртэл үргэлжилсээр байна.

Эдгээр бүх чуулгануудыг үргэлж Аврагчийн удирдлага болон Ариун Сүнсний чиглүүлгийн дор хөтлөн явуулдаг.3 Бидэнд тодорхой нэг сэдэв даалгаж өгдөггүй. Бид олон долоо хоног, сарыг заримдаа нойргүй хонон байж, Их Эзэнээс хариулт хүлээдэг. Бид мацаг барьж, залбирч, судраас судалж, тунгаан бодсоны эцэст биднийг хуваалцаасай гэж хүсэж буй Түүний захиасыг мэдэж авдаг.

Зарим хүмүүс “Илэрхийлэлт нь яагаад амархан бас хурдан ирж болдоггүй юм бэ?” гэж асууж болох юм. Их Эзэн Оливер Каудерид “чи үүнийг оюундаа тунгаан бодох ёстой; дараа нь энэ нь зөв үү гэдгийг чи надаас асуух ёстой”4 хэмээн заасан. Чуулганы эдгээр захиасууд нь бидэнд залбирч бэлтгэсний дараа Ариун Сүнсээр дамжин ирдэг.

Энэхүү зарчим нь тойрог, гадасны мөн ерөнхий чуулганд оролцохоор бэлтгэж байгаа Сүмийн бүх гишүүдэд хамаатай. Бид Тэнгэрлэг Эцэгээс юу хүсэж, бидэнд юу хэрэгтэй байгаагаа оюундаа тунгааж, Түүний заасан зүйлсийг ойлгож хэрэгжүүлэхийн төлөө залбирдаг билээ. Чуулганы цаг болоход бид “илүү сайн зорилгын төлөө дэлхийн зүйлүүдийг хойш тавьж” бусад зүйлсээ золиосолдог.5 Тийнхүү Бэнжамин хааны хүмүүсийн адил Их Эзэний үгсийг сонсохын тулд бид гэр бүлээрээ цуглардаг.6

Хүүхдүүд, өсвөр үеийнхэн чуулганд оролцох дуртай байдаг. Хэрвээ бид чуулган нь тэдний оюуны болон сүнслэг байдлын хүлээн авах чадавхаас дээгүүр зүйл гэж үздэг бол үнэхээр алдаж байна. Та нар сонсох юм бол Ариун Сүнс та нарын дотор өсөн нэмэгдэж буйг мэдрэх болно гэдгийг би сүмийн залуу гишүүдэд амлаж байна. Их Эзэн та нарыг амьдралаа хэрхэн авч яваасай гэж хүсэж байгаагаа та нарт хэлэх болно.

Их Эзэний зөвхөн бидэнд зориулсан үгсийг бид чуулганаас хүлээн авч чадна. Нэг гишүүн хэлэхдээ “Би таны үгсийг сонсоод маш их гайхсан шүү. ... Таны үгс Их Эзэнээс манай гэр бүлд зориулсан хувийн илчлэлт байсан. Ариун Сүнс надад шууд хандан ярьж байсан тэр хэдэн минутаас бусдаар амьдралдаа тийм хүчирхэг Сүнсний илэрхийлэлтийг хүлээн авч байгаагүй” гэсэн юм.

Өөр нэг гишүүн хэлэхдээ “Надад зориулсан үгс өгөгдөж байна гэж би урьд өмнө хэзээ ч ингэж хүчтэйгээр мэдэрч байгаагүй” гэжээ.

Энэ бүхэн боломжтой юм, учир нь Их Эзэний үгсийг Ариун Сүнс бидний ойлгож чадах арга замаар бидний зүрх сэтгэлд хүргэдэг.7 Би чуулганы үеэр тэмдэглэл хөтлөхдөө үг хэлэгчийн юу хэлж буйг үргэлж бичих бус харин Сүнснээс надад өгөгдөж буй хувийн заавруудыг бичиж авдаг.

Хэлэгдэж буй зүйлс нь бидний сонсож, мэдэрч байгаа зүйлтэй адил чухал байдаггүй .8 Тийм учраас бид Сүнсний намуун, зөөлөн дуу хоолой сонсогдож, мэдрэгдэж, ойлгогдож болох нөхцөл байдалд чуулганыг үзэж, сонсохыг эрмэлздэг билээ.

Тийм ээ, Ерөнхий чуулган бидэнд хичнээн хэрэгтэй билээ! Чуулганаар дамжуулан бидний итгэл бэхжиж, гэрчлэл маань гүнзгийрдэг. Бид хөрвөгдсөн үедээ эдгээр эцсийн өдрүүдийн галт сумнуудын эсрэг зогсоход нь бие биенээ хүчирхэгжүүлж чадна.9

Анхдагч гэгээнтнүүдийн үзсэн шиг аймшигтай буруу ойлголт, хавчлагыг Сүм сүүлийн жилүүдэд үзээгүй юм. Гэхдээ үргэлж ийм байхгүй билээ. Урьд өмнө үзэгдэж байгаагүй хурднаар мөн илүү хол зайгаар дэлхий Их Эзэнээс холдож байна. Дайсан хүч, нөлөөгөө энэ дэлхий дээр чөлөөтэй хэрэгжүүлж байна. Бид урьдчилан сэрэмжлүүлэгдэж, хамгаалагдахын тулд бошиглогчдын үгсийг үзэж, сонсож, уншиж, судалж, бусадтайгаа хуваалцдаг билээ. Жишээ нь: Өнөөдөр гэр бүлүүдэд тохиож буй саад бэрхшээл тохиолдохоос олон жилийн өмнө “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” өгөгдсөн. Бидэнд хамгийн их хэрэгтэй болохоос өмнө “Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл” нь өгөгдсөн юм.

Бошиглогчид болон үг хэлж буй хүмүүс чуулган дээр тухайн сэдвээр бидэнд хандан үг хэлж буй бүх шалтгаануудыг бид мэдэхгүй байж болох ч Их Эзэн мэдэж байгаа. Ерөнхийлөгч Харолд Б.Лий: “Энэ сүмийн гишүүдийн хувьд бидэнд байгаа ганц хамгаалалт нь ... Их Эзэний бошиглогчдоороо дамжуулан хэлэх үгс болон зарлигуудыг сонсож сахих явдал юм. Зарим зүйлс нь итгэл, тэвчээрийг шаардах болно. Танд Сүмийн ерөнхий эрх мэдэлтнүүдийн хэлж буй зүйлс таалагдахгүй байж болох юм. Энэ нь таны [хувийн] үзэл бодолтой зөрчилдөж болно. Мөн таны нийгмийн үзэл бодолтой зөрчилдөж, найз нөхөдтэйгөө хамтдаа цагийг өнгөрүүлэхэд тань саад болж болох юм. Гэхдээ эдгээр зүйлсийг Их Эзэний амнаас гарч буй үг хэмээн тэвчээртэй, итгэлтэй сонсох аваас ‘тамын үүд та нарыг дийлэх нь үгүй; ... Их Эзэн Бурхан чиний өмнөөс харанхуйн хүчийг зайлуулж, чиний сайн сайхан, өөрийн нэрийн алдар суугийн төлөө тэнгэрийг сэгсрэх болно’ (С ба Г 21:6)” хэмээн заажээ.10

Бошиглогч Лий өнөөдөр бидэнд юу тулгарахыг яаж мэдсэн хэрэг вэ? Тэр бошиглогч, үзмэрч, илчлэгч байсан учраас мэдэж байсан юм. Хэрвээ бид яг энэ чуулганаар үг хэлэх тэдгээр хүмүүсийг болон бошиглогчдыг одоо сонсож мөн дагах аваас бид хүчирхэгжиж, хамгаалагдах болно.

Ерөнхий чуулганы хамгийн агуу адислалууд тухайн чуулган дууссаны дараа бидэнд ирдэг. Судруудад тогтмол дурдагддаг: Бид Их Эзэний үгсийг сонсохын тулд цугларч, тэдгээрийн дагуу амьдрахын тулд гэр гэртээ буцдаг гэсэн загварыг санагтун.

Хаан Бенжамин хүмүүстээ заасныхаа дараа “тэрээр олон ардыг тарааж мөн тэд, хүн бүр, өөр өөрийн гэр бүлд, гэртээ буцацгаав.”11 Хаан Лимхай мөн үүнтэй адил үйлддэг байсан.12 Аврагч Баунтифул дахь ариун сүмд байсан хүмүүст зааж сургасны дараа тэдэнд хандан, “Та нар гэр гэртээ харьцгаа, мөн миний хэлсэн зүйлсийг эргэцүүлж мөн, та нар ойлгож, мөн би та нарт дахин ирэх маргаашийн төлөө оюун санаагаа бэлтгэж болохын тулд миний нэрээр Эцэгээс асуу”13 хэмээн хэлсэн.

Бид заалгасан зүйлсээ ойлгохын тулд тунгааж, залбирч мөн Аврагчийн тааллыг хэрэгжүүлэхээр зорих үедээ Түүний урилгыг хүлээн зөвшөөрдөг. Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын: Надад амьдралдаа төгөлдөржүүлж болох маш олон зүйл байгаа ба ... энэ ерөнхий чуулганаас гэртээ хариад тэдгээрийг хэрэгжүүлэхээр шийдсэн. Би оюун санаандаа тэдгээр зүйлсийн жагсаалтыг гаргасан бөгөөд чуулган дуусангуут л ажилдаа орох болно” хэмээн хэлснийг санаарай.14 Саяхан ерөнхийлөгч Монсон: “Би та бүхнийг чуулганы үгсийг уншиж ... тэдгээрт агуулагдаж буй захиасыг тунгааж байхыг уриалж байна. Эдгээр үгсийг гүн гүнзгийгээр судлах үедээ улам ихийг олж авч болдог гэдгийг би өөрийнхөө амьдралаас харсан билээ” хэмээн хэлсэн билээ.15

Түүнчлэн Тэнгэрлэг Эцэг биднээс хувиараа болон гэр бүлээрээ судар судлахаас гадна чуулганаас сурсан зүйлсээ тогтмол судалж хэрэгжүүлж байгаасай хэмээн хүсдэг. Их Эзэнд найдвараа тавьж, Түүний зөвлөгөөг итгэлтэйгээр сонсож хэрэгжүүлдэг тэд өөрсдийгөө болон гэр бүлээ олон удам дамжин адислах агуу хүч чадлыг олж авна гэдгийг би гэрчилж байна.

Тэнгэрлэг Эцэг арга замыг нь хангасан юм. Энэхүү чуулганаар сүмийн гишүүдийн 97 хувь нь эдгээр захиасуудыг өөрсдийн хэлээр сонсох боломжтой. Энэ чуулганыг 197 орны сая сая гишүүд 95 хэл дээр үзэх болно. Хоёр, гуравхан өдрийн дотор энэ захиасууд нь LDS.org дээр англи хэл дээр тавигдаж, нэг долоо хоногийн дотор 52 хэлээр үзэх боломжтой болж эхлэх болно. Бид ерөнхий чуулганаас хойш гурван долоо хоногийн дотор хэвлэсэн сэтгүүлийг хүлээж авдаг. Чуулган дээр хэлсэн үгсийг бидэнд шуудангаар ирэхийг олон сар хүлээх шаардлагагүй болсон. Бид компьютер, утас эсвэл бусад электрон хэрэгслээр бошиглогчдын заасан зүйлсийг уншиж, сонсож, үзэж, бусадтайгаа хуваалцаж чадна. Бид хэзээ ч, хаана ч мэдлэгээ нэмэгдүүлж, итгэл гэрчлэлээ хүчирхэгжүүлэн, гэр бүлээ хамгаалж, тэднийг аюулгүйгээр гэр рүүгээ удирдаж чадна.

Энэ чуулганы захиасуудыг өсвөр үеийнхний онлайн хөтөлбөрт түүнчлэн багтаах болно. Эцэг эхчүүд ээ, та нар LDS.org.-руу орж өсвөр үеийнхэнд зориулсан хичээлүүдийг үзэж болно. Хүүхдүүдээ юу суралцаж байгааг олж мэдээд үүнийгээ та нар өөрсдөө бие даан суралцах хичээлийн сэдэв болгохоос гадна гэр бүлийн ярилцлага, гэр бүлийн үдэш, зөвлөгөөн, мөн танай хүүхдүүд дор бүрнээ юу заалгах хэрэгтэй байгаа талаар хувийн ярилцлагынхаа нэг хэсэг болгоорой.

Би нийт гишүүдийг Сүмийн вэбсайт болон гар утсан дээрээ материалуудыг ашиглахыг уриалж байна. Тэдгээрийг байнга сайжруулж байдаг болохоор ашиглахад илүү амархан болж, амьдралд илүү хамаатай болж байдаг юм. Та нар LDS.org дээрээс сайн мэдээг судлах, гэр бүл, гэр орноо хүчирхэгжүүлж, дуудлагууддаа үйлчлэхэд туслах материалуудыг олох болно. Мөн тэндээс Ариун сүмийн ёслолууд нь шаардлагатай өвөг дээдсээ олох, сургаалыг хуваалцах зэрэг авралын ажилд оролцоход тань дэмжих материалуудыг олж болно. Эцэг эхчүүд хүүхдүүдээ баптисм хүртэх, санваар хүлээн авах, бүрэн цагийн номлолд үйлчлэх, ариун сүмд орох зэрэгт удирдан чиглүүлж чадна. Тэдгээр нь бидэнд ариун сүмийн ёслол болон гэрээнүүдийн нарийн бөгөөд шулуун замаар алхаж, мөнх амьдралын адислалуудыг хүртэхэд тусалж чадна.

Сүнслэг хамгаалалтыг авчирдаг Бурханы бүрэн хуяг дуулгыг өмсөх тухай заах гэж хуяг дуулгатай цэрэг зурж байсан аавынхаа тухай би өнгөрсөн 4-р сарын ерөнхий чуулганы санваарын хуралдаан дээр ярьсан билээ.

Чуулганы тэр хэсэг дууссаны дараа нэгэн аав гэр бүлдээ өөрийн юу сурснаа хуваалцжээ. Сүнслэгээр урамшуулагдсан хүү Жэйсон нь LDS.org руу орж уг үгсийг өөрөө сонсохыг хүсжээ. Хэдэн өдрийн дараа гэр бүлийн үдэш дээр ах дүү нартайгаа юу сурснаа хуваалцсан ажээ. Тэр хүү энэ байна.

Here he is.

Их Эзэнээр нөлөөлөгдсөн чуулганы энгийн үгсийг хүүхэд хүлээн авч, гэр бүлдээ өөрийн арга замаар хүчирхэгээр заажээ. Би түүний зөв шударга байдлын цээжний хуягт маш их дуртай. Би дайсны галт сумыг зогсоох итгэлийн бамбайд нь дуртай. Эдгээр бүх зүйлс нь чуулганы адислалууд юм.

Ах, эгч нар аа, би Их Эзэн Есүс Христ амьд бөгөөд энэ Сүмийн тэргүүнээр зогсдог гэсэн онцгой гэрчлэлээ хуваалцаж байна. Энэ бол Түүний чуулган. Энэхүү чуулганы захиасууд дахь Тэнгэрлэг Эцэгийнхээ дуу хоолойг сонсохын төлөө чин сэтгэлээсээ залбирах юм бол Тэрээр та нарт туслахаар мөн та бүхнийг хүчирхэгжүүлэхээр, Өөрийнхөө оршихуй дахь гэр рүү удирдахаар ярьсан гэдгийг та нар олж мэдэх болно гэдгийг Түүний нэрээр амлаж байна. Есүс Христийн нэрээр, амен.

Show References

  1.  

    1. С ба Г 124:88, нэмэлт хийгдсэн.

  2.  

    2. С ба Г 1:38.

  3.  

    3. С ба Г 46:2-ыг үзнэ үү.

  4.  

    4. С ба Г 9:8

  5.  

    5. С ба Г 25:10

  6.  

    6. Мозая 2:5-ыг үзнэ үү.

  7.  

    7. 2 Нифай 33:1-ийг үзнэ үү.

  8.  

    8. Спэнсэр В.Кимбалл, 1976 оны Tonga Area Conference бүсийн чуулган, чуулганы тойм, 27-г үзнэ үү.

  9.  

    9. Лук 22:31–32-ыг үзнэ үү.

  10.  

    10. Teachings of Presidents of the Church: Harold B. Lee (2000), 84–85.

  11.  

    11. Мозая 6:3.

  12.  

    12. Мозая 8:4-ийг үзнэ үү.

  13.  

    13. 3 Нифай 17:3.

  14.  

    14. Spencer W. Kimball, “Spoken from Their Hearts,” Ensign, 1975 оны 11 сар, 111.

  15.  

    15. Томас С.Монсон, “Биднийг дахин уулзтал Бурхан та нартай хамт байх болтугай,” Ensign эсвэл Лиахона, 2012 оны 11 сар, 110.