Адриан Очоа
Өнөө үе бол үнэний Эх сурвалжийг харж, бидний гэрчлэлүүд хүчтэй эсэхэд анхаарлаа хандуулах цаг үе юм.

Намайг найман настай байхад хоёр үеэлийн маань хамт биднийг гэр бүлийн маань 15 хоногийн хүнсийг бэлдүүлэхээр ойролцоо тосгон руу явуулсан юм. Одоо эргэн санахад авга, нагац нар болон эмээ маань бидэнд ямар их итгэдэг байсанд нь би гайхдаг. Бид гурвыг морьдоо унаад аян замд гарах үед өглөөний тэнгэр цэлмэг, нартай байлаа.

Тал хээрээр явж байтал, гэнэт мориноосоо бууж, шилэн бөмбөлгөөр тоглох гайхалтай санаа бидэнд төрөв. Тэгээд бид нэлээн удаан тоглосон. Бид тоглоомондоо хэт улайрсан учир хар үүл бүрхэн тэнгэр муухайрахыг огт анзаараагүй юм. Юу болох гэж буйг ойлгох тэрхэн үед бидэнд мориндоо мордох ч зав байсангүй. Ширүүн бороо орж, мөндөр биднийг нүүр нүдгүй нүдэж байсан учир бидний хийж чадах зүйл ердөө л эмээлээ аваад түүнийхээ доор хоргодох байлаа.

Морьдоо алдаж, бас норж даарсан бид аяллаа үргэлжлүүлэн, чадлынхаа хэрээр хурдан явахыг хичээж байв. Бид зорьсон газраа ирэхэд тосгоны өргөн гудамж үерт автаж, үерийн ус биднийг чиглэн, гол мэт урсаж харагдав. Бид нөмөрч байсан хучлагаа хаяад, тосгоны эргэн тойронд буй өргөстэй хашаа руу авирахаас өөр арга байсангүй. Цаг орой болсон байв. Бид ядарч, хамаг бие маань хөндүүрлэн, шалба норсон байсан бөгөөд тосгон руу ороод таарсан эхний айлаас хонуулахыг гуйлаа. Сайхан сэтгэлтэй залуу гэр бүл бидний хувцасыг хатаан, амтат буурцагтай ороомог өгч, нэгэн өрөөндөө бидэнд ор засч өгсөн юм. Удалгүй бид өрөөний шал бохир ч гэсэн тэгш гадаргуутай болохыг анзаарч бас нэгэн гайхалтай санаа төрлөө. Бид шалан дээр тойрог зураад унтах хүртлээ шилэн бөмбөлгөөрөө тоглосон юм.

Тэр үед бид бага байсан болохоор зөвхөн өөрсдийгөө л бодож байлаа. Биднийг гэртээ эргэн ирээсэй хэмээн цөхрөнгөө бартал хайж байсан хайртай хүмүүсийнхээ талаар огтхон ч бодоогүй юм. Хэрэв бид тэдний тухай бодож байсан бол шилэн бөмбөлгөөр тоглон өөрсдийн аяллыг хэзээ ч хойшлуулахгүй байх байсан. Мөн хэрэв бид илүү ухаалаг байсан бол хар үүл тэнгэр бүрхэхийг хараад ширүүн борооноос өмнө амжихаар хурдлан явах байсан биз ээ. Одоо би арай илүү туршлагатай учраас өөртөө “Дээшээ харахаа битгий март” гэж үргэлж сануулдаг билээ.

Бидэнд тохиолдсон энэ явдал надад цаг үеийн байдалдаа үргэлж анхаарлаа хандуулж байхыг заасан юм. “Хүмүүс өөрсдийгөө хайрлагчид, … эцэг эхдээ захирагдахгүй, үл талархагч, ариун бус, … гүжирдэгчид, биеэ хянадаггүй, … Бурханыг хайрлагчид байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагчид болох болно” (2 Тимот 3:2–4) хэмээн Паулын тодорхойлсноор шуургатай, аюултай цаг үед бид амьдарч байна.

Энэ цаг үеийн талаар ахлагч Даллин Х.Өүкс: “Бид биеийн болон оюун санааны бэлтгэлийн аль алиныг нь хийх хэрэгтэй... Юуны өмнө үл анзаарагдам болон илүү хүнд хэцүү зүйлсээс зайлсхийх бэлтгэл бол сүнслэг байдал юм” гэжээ (“Хоёр дахь ирэлтийн бэлтгэл,” Ensign эсвэл Лиахона,, 2004 оны 5-р сар, 9). Өөрөөр хэлбэл дээшээ харахад бүү хайхрамжгүй ханд.

Сүнслэг бэлтгэл чухал шаардлагатай байгаа энэ хэцүү цаг үед , би та бүхэнд өнөө үеийн нэгэн аюултай байдлын талаар сэрэмжлүүлэн хэлэхийг хүсч байна. Миний мэргэжил надад техник технологийн эрин үетэй хөл нийлүүлэн алхах боломжийг олгодог. Тиймээс би үүний үнэ цэнийг ялангуяа харилцаан дахь үнэ цэнийг ойлгодог. Хүний дамжуулж буй маш олон мэдээллүүд одоо бидний хурууны үзүүрт л байдаг болж. Гэвч интернет нь бусармаг хийгээд андуу ташаа мэдээллээр дүүрэн байдаг. Техник технологи нь үг хэлэх эрх чөлөөг нэмэгдүүлж байгаа ч маш олон хүн мэргэжлийн бус хүмүүсийн бичсэн зүйлсийг интернетээс уншдаг билээ. Энэ нь “Та нар тэднийг үр жимсээр нь таних болно” (Matthew 7:20() хэмээх мөнхийн зарчмыг бид хэзээ хэзээнээсээ илүүтэй санах ёстойг хэлж байна.

Ялангуяа, би та нарыг тэдгээр бусармаг дүрснүүдийг үзэхгүй байж мөн Христ болон бошиглогч Иосеф Смитийг худал хуурмагаар гүжирддэг тэдгээрт анхаарлаа хандуулахгүй байхыг сануулж байна.Энэ хоёр үйлдэл нь адил үр дүнд хүргэдэг бөгөөд бид Ариун Сүнс болон Түүний хамгаалж мөн дэмжих хүчийг алдан ингэснээр үргэлж хорон муу, аз жаргалгүй байдалд хүрдэг.

Хүндэт ах эгч нар минь ээ, хэрэв та нарт сайн мэдээний талаар өөрсдийн гэрчлэлд эргэлзэх ямар нэг зүйл тохиолдвол би та нарыг дээшээ хараасай хэмээн хүсч байна. Бүх мэргэн ухаан болон үнэний эх сурвалжийг олж харагтун! Бурханы үгээр өөрийн итгэл, гэрчлэлээ хүчирхэгжүүл! Худал хуурмаг холилдсон хагас үнэнүүдийг ашиглан, та нарын итгэлийг сулруулахаар хичээдэг хүмүүс дэлхийд дүүрэн байна. Иймч учраас та бүхэн Ариун Сүнстэй нөхөрлөхүйц байнга зохистой байх нь үнэхээр чухал билээ. Ариун Сүнсний нөхөрлөл бол зөвхөн тааламжит зүйл төдийгүй энэ нь таны сүнсний авралд зайлшгүй чухал юм. Хэрэв та нар Христийн үгийг нөөцөлж мөн Сүнсний өдөөлтүүдийг илүү анхааралтай сонсохгүй бол хуурагдах болно (Иосеф Смит-Матай1:37-г үзнэ үү). Бид эдгээр зүйлүүдийг хийх ёстой.

Төгс төгөлдөр Есүс Христ болон өөрийнхөө төгс бус гэдгийг хүлээн зөвшөөрсөн Иосеф Смит хоёр хоёул гэрчлэлийг нь хүлээн аваагүй худал гүжирдэгчдийн гарт амь үрэгдсэн билээ. Есүс Христ бол Бурханы Хүү бөгөөд Иосеф Смит жинхэнэ бошиглогч гэсэн тэдний гэрчлэл үнэн гэдгийг бид хэрхэн мэдэж болох вэ?

“Ийнхүү та нар тэднийг үр жимсээр нь танина”. Муу модноос сайн үр жимс ургана гэж үү? Байдаг эсэхийг нь ч мэддэггүй байсан тэрхүү аз жаргалын байдалд Гэтэлгэгч маань намайг авчран, миний нүглүүдийг өршөөж, намайг хувийн боолчлолуудаас чөлөөлснийг би мэднэ. Би Мормоны Номон дахь “Христийн нэрээр Бурхан, Мөнхийн Эцэгээс асуу, ... мөн хэрэв та нар Христэд итгэлтэйгээр, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуух аваас Тэрбээр үүний үнэнийг Ариун Сүнсний хүчээр та нарт мэдүүлэх болно” (Моронай 10:4) гэсэн энгийн амлалтыг хэрэгжүүлсэн учраас Иосеф Смитийг бошиглогч байсан гэдгийг мэддэг билээ. Энгийнээр хэлэхэд дээшээ харагтун.

Христийн Амилалт болон Түүний сэргээгдсэн сайн мэдээний үнэнд итгэхийн тулд бодит нотолгоо байх ёстой хэмээн шаарддаг хүмүүс байдаг. Хүмүүсийг итгүүлэхгүйн тулд хичээж байсан Корихорт хандан Алмагийн хэлсэн үгсийг би тэдгээр хүмүүст эш татан хэлэхийг хүсч байна. “Танд хангалттай тэмдгүүд байсан, та Бурханаа сорих гэж үү? Танд эдгээр бүх ах дүүсийн чинь, мөн түүнчлэн бүх ариун бошиглогчдын гэрчлэл байхад, надад тэмдэг үзүүл хэмээн хэлэх гэж үү? Судрууд таны өмнө дэлгээстэй байна” (Алма 30:44).

Та бид Аврагчийн гэтэлгэлийн хүчний нотолгоогоор амьдарч байна. Бид бошиглогч Иосеф Смитийн үйлчлэл болон гэрчлэлдээ хүчирхэг хэвээр үлдсэн эртний гэгээнтнүүдийн итгэлээр амьдарч байна. Дэлхий даяар Есүс Христийн Сүм хөгжин, Есүс Христийн цаг үед байсан шиг итгэхийн тулд харж эсвэл хүрч үзэхийг шаарддаггүй даруухан хүмүүсээр урьд өмнө байгаагүйгээр өргөжин тэлсээр байна.

Их Эзэн дахин хэзээ ирэхийг хэн ч мэдэхгүй. Гэвч маш аюултай цаг үед бид амьдарч байна. Өнөө үе бол үнэний Эх сурвалжийг харж, бидний гэрчлэлүүд хүчтэй эсэхэд анхаарлаа хандуулах цаг үе юм.

Одоо ярьж байсан түүхээ үргэлжлүүлье. Биднийг өглөө сэрэхэд тэнгэр цэлмэг, нартай сайхан байлаа. Төөрсөн гурван хөвгүүнийг хайж, нэгэн хүн хаалга тогшлоо. Тэрээр биднийг моринд мордуулж, бид ирсэн замаараа гэртээ харихаар буцсан юм. Харих замдаа харсан зүйлүүдээ би хэзээ ч мартахгүй. Олон хүн тэр шөнө биднийг хайсан бөгөөд тэдний трактор болон машинууд шаварт суусан байлаа. Тэд энд тэндээс бидний морьд болон эмээлийг олсон бөгөөд маргааш нь биднийг гэртээ ирэх үед би тэдний тайвшрал болон хайрыг мэдэрсэн юм. Биднийг тосгонд орж ирэхэд олон хүмүүс биднийг хүлээж байсан бөгөөд тэдний урд миний хайрт эмээ, авга, нагац нар маань байлаа. Тэд төөрсөн хүүхдүүдээ олсондоо маш их баярлан биднийг тэврэн, уйлж байсан юм. Энэ нь хайрт Тэнгэрлэг Эцэг маань биднийг нэг бүрчлэн мэддэг гэдгийг надад үргэлж сануулдаг гайхалтай сануулга бөгөөд Тэр биднийг гэртээ эргэн ирэхийг санаа зовнин хүлээдэг билээ.

Тийм ээ, бидний эргэн тойронд хүчтэй шуурга шуурах шинж байна. Дээшээ харж, өөрсдийгөө бэлтгэцгээе! Хүчирхэг гэрчлэлтэй байвал бид аюулгүй байж чадна. Өдөр бүр өөрсдийн гэрчлэлүүдийг арчлан, хүчирхэгжицгээе.

Хайрт Тэнгэрлэг Эцэг маань Өөрийн хүүхдүүд болох биднийг гараа сунган хүлээж буй учир бид гэр бүлээрээ мөнхөд хамт амьдарч чадна гэдгийг би мэднэ. Бидний Аврагч Есүс Христ амьдыг би мэднэ. Петрийн адилаар, үүнийг мах цус нь биш харин тэнгэр дэх Миний Эцэг илчилсэн юм (Матай 16:15–19-г үзнэ үү). Есүс Христийн ариун нэрээр, амен.