Санваар дахь хүч

Ахлагч Нийл Л.Андэрсэн

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын


Нийл Л.Андэрсэн
Эрэгтэй хүн хөшгийг нээж, өрөөнд нарны дулаан гэрлийг оруулж болох ч тэрээр нарыг эсвэл гэрлийг эсвэл үүний гаргадаг дулаан илчийг эзэмшдэггүй юм.

Санваарын адислалууд нь бүгдэд зориулагдсан билээ.

Хүүхдүүд ариун ёслол дээр “Хайр энд яригддаг (Love Is Spoken Here)” хэмээх Хүүхдийн хэсгийн дууг баяртайгаар дуулахад хүн бүр сайшаан инээмсэглэж байлаа. Таван хүүхдээ өсгөж буй нэгэн хүчирхэг ээж “Миний гэр бол санваарын хүч чадлаар үргэлж адислагддаг газар”1 хэмээх хоёрдугаар бадгийг анхааралтай сонсож байв. Тэрээр “Миний хүүхдүүд хэзээ ч ийм гэр бүлд амьдарч үзээгүй”2 хэмээн гуниглан бодлоо.

Амьдарч байгаа нөхцөл байдлаасаа үл хамааран бид санваарын хүч чадлаар цаг үргэлж адислагдан амьдарч чадна гэсэн захиасыг би энэ итгэлтэй эмэгтэй болон бүх хүмүүст хүргэхийг хүсэж байна.

Бид заримдаа санваарын хүчийг сүм дэх эрэгтэйчүүдтэй холбон өрөөсгөл авч үздэг. Санваар нь бүх эрэгтэй, эмэгтэй хүмүүс, хүүхдүүдийн адислал болон авралын төлөө өгөгдсөн Бурханы хүч ба эрх мэдэл юм.

Эрэгтэй хүн хөшгийг нээж, өрөөнд нарны дулаан гэрлийг оруулж болох ч тэрээр нарыг эсвэл гэрлийг эсвэл үүний гаргадаг дулаан илчийг эзэмшдэггүй юм. Санваарын адислалууд нь энэ бэлгийг бусадтай хуваалцах ёстой хүнээс илүү агуу юм.

Энэ амьдрал болон ирэх амьдралд санваарын адислалууд, хүч, ба амлалтуудыг хүлээж авах нь мөнх бус амьдралын хамгийн агуу боломж мөн үүрэг хариуцлагуудын нэг билээ. Биднийг зөв зохистой байх үед санваарын ёслолууд нь дэлхий дээрх бидний амьдралыг баяжуулан мөн ирэх дэлхийн сүр жавхлант амлалтуудад биднийг бэлтгэдэг. Их Эзэн, “үүний ёслолуудад бурханлиг чанарын хүч илэрхийлэгддэг”3 хэмээн хэлсэн байдаг.

Баптисм хүртэн, Ариун Сүнсийг хүлээн авч, бас ариун ёслолоос тогтмол хүртдэг зөв зохистой хүн бүрд Бурханаас онцгой адислалууд ирдэг билээ. Ариун сүм нь мөнх амьдралын амлалттай хамт гүн гүнзгий ойлголтууд мөн хүчийг авчирдаг.4

Бүх ёслолууд нь биднийг Есүс Христэд итгэх итгэлээ нэмэгдүүлэн мөн Бурхантай гэрээнүүд хийж, тэдгээрийг сахихад урьдаг билээ. Бид эдгээр ариун нандин гэрээнүүдийг сахиснаар санваарын хүч болон адислалуудыг хүлээн авдаг.

Бид санваарын энэ хүчийг өөрсдийн амьдрал болон гэрээгээ сахидаг, сүмийн бусад гишүүдийн амьдралаас олж хардаггүй гэж үү? Уучлагдсан, цэвэр ариун болсон мэдрэмжтэйгээр баптисмын уснаас гарч ирж байгаа шинэ хөрвөгчийг хараад бид энэхүү хүчийг мэдэрдэг. Бид, өөрсдийн хүүхдүүд мөн өсвөр үеийнхэн маань Ариун Сүнсний шивнээ болон түүний удирдамжийг илүү мэдэрдэг болж байгааг хардаг. Бид Ариун Сүмийн ёслолууд нь дэлхийн өнцөг булан бүрд байгаа зөв шударга эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд хүч чадал мөн гэрлийн эх сурвалж нь болж байгааг хардаг билээ.

Өнгөрсөн сард би, төрөөд долоохон хоногийн дараа нас барсан бяцхан хүүгийн эцэг, эх хоёр Ариун Сүмийн холболтын амлалтуудаас асар их хүч чадал, тайтгарал хүлээн авахыг харсан юм. Санваарын ёслолуудаар дамжуулан энэ залуу хос болон бид бүгд тайтгарал, хүч чадал, хамгаалалт, амар тайван ба мөнхийн амлалтуудыг хүлээн авдаг билээ.5

Санваарын талаар бид юу мэддэг вэ

“Хэрэв санваарын хүч болон адислалууд хүн бүхэнд боломжтой юм бол ёслолууд яагаад эрэгтэйчүүдээр дамжуулан гүйцэтгэгддэг юм бол?” хэмээн зарим хүмүүс асууж болох юм.

Тэнгэр элч Нифайгаас “Бурханы хүлцлийг мэдэх үү та?” гэж асуухад Нифай шударгаар “Тэрбээр хүүхдүүддээ хайртайг нь мэднэ би; тийм боловч, бүх зүйлүүдийн утгыг мэдэх нь үгүй би”6 хэмээн хариулсан байдаг.

Санваарын талаар ярихад бидний мэдэх олон зүйл байдаг.

Бүгд адилхан

Бурхан Өөрийн бүх хүүхдүүддээ хайртай ба тэр хэнийг ч ялгаварладаггүй гэдгийг бид мэддэг. “Тэрээр түүнд ирэх хэнээс боловч үл татгалздаг; … эрэгтэй [эсвэл] эмэгтэй; ... мөн Бурханд бүгд адил.”7

Өөрийн охид, хөвгүүдээ хайрладаг Бурханы хайр “адилхан” гэдгийг бид баттай мэддэг шиг Тэрээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг яг адилхан бүтээгээгүй гэдгийг бид бас мэддэг. Хүйс нь мөнх бус болон мөнх амьдралд бидний хэн байх мөн зорилгуудын маань салшгүй чухал хэсэг гэдгийг бид мэддэг билээ. Аль алинд нь ариун нандин үүрэг хариуцлагууд өгөгддөг.8

Эхлэлээс

Бид Их Эзэн эхлэлээс Түүний санваар хэрхэн ажиллах ёстойг төлөвлөсөн гэдгийг мэддэг. “Санваар эхлээд Адамд өгөгдсөн юм.”9 Ноа, Абрахам, болон Мосе бүгд санваарын ёслолуудыг гүйцэтгэдэг байсан. Есүс Христ бол агуу дээд санваартан байсан бөгөөд байгаа билээ. Тэрээр Төлөөлөгчдийг дуудсан бөгөөд “Та нар намайг сонгоогүй, харин би та нарыг сонгосон”10 хэмээн хэлжээ. Энэ үед тэнгэрлэг элчүүд илгээгдсэн. Иохан Баптист, Петр, Иаков, Иохан нар бошиглогч Иосеф Смитээр дамжуулан санваарыг дэлхий дээр сэргээсэн билээ.11 Энэ бол Тэнгэр дэх Эцэгийн, Өөрийн санваарыг зохион байгуулдаг тэрхүү арга зам нь юм.12

Бурханы олон бэлгүүд

Ариун санваарын хүч нь итгэл, Ариун Сүнс ба сүнслэг бэлгүүдээс тусдаа ажилладаггүй гэдгийг бид мэддэг. Судрууд дээр “Бурханы бэлгүүдийг та нар үгүйсгэхгүй байхыг би та нарт ухуулж байна, учир нь тэдгээр нь олон. … Мөн уг бэлгүүд хүртээгдэх өөр өөр замууд буй; гэвч хаана ч мөн юунд ч үйлдэгч нэг л Бурхан байдаг”13 хэмээн анхааруулсан байдаг.

Зөв зохистой байдал

Санваарын ёслолуудыг гүйцэтгэх болон хүлээн авахад зөв зохистой байдал хамгийн чухал гэдгийг бид мэддэг. Халамжийн Нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Линда К.Бөртон эгч “Санваарын хүчийг амьдралдаа урихад зөв шударга байдал маш чухал юм”14 хэмээн хэлсэн байдаг.

Жишээлбэл, дэлхий даяар тархаж буй тахал болох порнографын талаар бодоод үз. Их Эзэний зөв зохистой байдлын жишиг нь санваарын ёслолууд гүйцэтгэж байгаа хүмүүст порнограф үзэхийг огт зөвшөөрдөггүй. Аврагч:

“Нууц жигшүүрт хэргүүдээ, … наманчлагтун”15

“Нүд бол биеийн дэнлүү мөн. … Харин нүд чинь муу бол бүтэн бие чинь харанхуйгаар дүүрэн байх болно.”16

“Эмэгтэй хүнийг тачаадан харах хүн бүр зүрхэндээ түүнтэй хэдийнээ завхайрсан хэрэг юм”17 хэмээн хэлсэн байдаг.

Ахлагч Дэвид А.Бэднарын хэлснээр зохисгүйгээр ариун ёслолыг адислах, түгээх эсвэл санваарын бусад ёслолуудад оролцох мөн өвчтөнийг адислах нь Бурханы нэрийг хоосноор авч буй хэрэг юм.18 Зохисгүй санваартан ёслолуудыг гүйцэтгэхээс татгалзаж мөн эхний алхам болгон наманчилж, дахин зарлигуудын дагуу амьдарч мөн залбиран бишопдоо хандах ёстой.

Даруу байдал

Бидний мэддэг өөр нэг зүйл бол хүүхдүүдээ нэгдмэл байдлаар удирддаг, зөв шударга эцэг, эхтэй гэр бүлүүдэд санваарын адислалууд элбэгээр ирдэг явдал билээ. Өөр өөр нөхцөл байдалд амьдарч байгаа хүмүүст ч Бурхан эдгээр адислалуудыг адилхан өгдөг гэдгийг бид бас мэддэг билээ.19

Гэр бүлийнхээ сүнслэг болон материаллаг хэрэгцээг хангах үүрэг хариуцлагыг нуруундаа үүрч яваа нэгэн эх хүүхдүүдийнхээ нэгийг нь адислуулахын тулд гэрийн багш нараа дуудах нь өөрөөс нь даруу байдлыг шаарддаг хэмээн тайлбарласан юм. Тэрээр энэ нь хүүхдийг нь адислахаар бэлтгэж байгаа гэрийн багш нараас шаардагддаг даруу байдлаас илүү биш юм хэмээн гярхайгаар тайлбарлажээ.20

Санваарын түлхүүрүүд

Тэргүүн Зөвлөл болон Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын гишүүдийн атгадаг санваарын түлхүүрүүд газар дэлхий дээр Их Эзэний ажлыг удирддаг гэдгийг бид мэддэг. Гадасны ерөнхийлөгчдөд болон бишопуудад дуудлагынх нь үүрэг хариуцлагад зориулсан тусгай түлхүүрүүд өгөгддөг билээ. Тэд зааж мөн үйлчлэхийн тулд өөрсдөд нь олгогдсон эрх мэдлийг хэрэгжүүлэхээр дэмжигдэж мөн онцгойлон адислагдсан хүмүүсийг илчлэлтээр дууддаг.21

Бидэнд санваарын талаар мэддэг зүйлүүд их байдаг ч мөнх бус амьдралын туршлага нь бидэнд Бурханы ажлуудын талаар бүрэн ойлголтыг үргэлж өгдөггүй. Гэвч, “Учир нь Миний бодол санаанууд бол та нарын бодол санаа биш. Миний зам нь та нарын замаас өөр”22 хэмээсэн Түүний намуухан сануулга нь бид мөнхийн холч хараатай байснаар хэзээ нэгэн цагт “аливаа зүйлийг байгаагаар нь”23 харж, Түүний төгс хайрыг илүү бүрэн дүүрнээр ойлгох болно гэдгийг бидэнд баталж өгдөг билээ.

Бид бүгд хүсэлтэйгээр үйлчилдэг. Заримдаа бид дуудлагадаа дарагддаггүй бөгөөд харин ч илүү ихийг хийхийг асуугаасай гэж хүсдэг. Дуудлагаасаа чөлөөлөгдөх цаг нь болоход бид талархалтай байдаг. Бид хүлээн авах дуудлагуудаа өөрсдөө шийддэггүй.24 Би гэрлээд удаагүй байх үедээ энэхүү зүйлийг мэдэж авсан юм. Залуу хос байхдаа миний эхнэр Кэти бид хоёр Флоридад амьдардаг байлаа. Нэгэн ням гарагт гадасны ерөнхийлөгчийн зөвлөх өглөөний семинарын багшаар эхнэр Кэтийг маань дуудах мэдрэмж төрсөн тухайгаа надад тайлбарласан юм.

“Бид яаж үүнийг хийх юм бэ?” гэж би асуулаа. Би цааш нь “Хүүхдүүд маань бага, семинар өглөөний 5:00 цагт эхэлдэг. Дээрээс нь би тойргийн Залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгч” гэж хэллээ.

Тэр зөвлөх инээмсэглэн, “Зүгээр ээ. Андэрсэн ах аа. Бид эхнэрийг тань дуудаад, таныг чөлөөлнө” гэж хэлсэн юм.

Тэгээд түүний хэлсний дагуу болсон билээ.

Эмэгтэйчүүдийн хувь нэмэр

Эмэгтэйчүүдийн санал, бодлыг чин сэтгэлээсээ асууж, сонсох нь амьдрал, гэрлэлт мөн Бурханы хаант улсыг байгуулахад амин чухал зүйл юм.

Хорин жилийн өмнөх ерөнхий чуулган дээр Ахлагч М.Рассэл Баллард Халамжийн Нийгэмлэгийн Ерөнхий ерөнхийлөгчтэй ярилцсан зүйлийнхээ талаар хуваалцсан юм. Энэ ярилцлагын үеэр номлолд үйлчлэхээр бэлтгэж буй өсвөр үеийнхний зөв зохистой байдлыг хүчирхэгжүүлэх асуудлыг хэлэлцэж байжээ. Элайн Жак эгч инээмсэглэн, “Ахлагч Баллард аа, сүмийн эмэгтэйчүүдээс асуувал тэд сайн зөвлөгөө өгөх байх. Учир нь бид тэдний ээжүүд шүү дээ!”25 гэж хэлжээ.

Ерөнхийлөгч Томас С.Монсоны амьдрал эмэгтэйчүүдийн саналыг асууж мөн тэдэнд хариулсан тухай түүхүүдээр дүүрэн байдаг. Түүнд хамгийн их нөлөө үзүүлсэн эмэгтэй бол Францис Монсон юм. Бид түүнийг маш их санаж байна. Ерөнхийлөгч Монсон өнгөрсөн пүрэв гарагт ерөнхий эрх мэдэлтнүүдэд бишопоор үйлчилж байхдаа тойргийнхоо 84 бэлэвсэн эмэгтэйгээс ямар их зүйл сурснаа сануулан хэлсэн юм. Тэд түүний бишопын үйлчлэл болон бүхий л амьдралд нь агуу нөлөө үзүүлсэн юм.

Ерөнхийлөгч Монсон номлолын үйлчлэлийн насыг өөрчлөх талаар залбирч, шийдвэр гаргахаасаа өмнө Халамжийн Нийгэмлэг, Залуу эмэгтэйчүүд, Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлүүдтэй олон удаа зөвлөлдсөнийг нь гайхах зүйлгүй юм.

Бишопууд аа, та нар Ерөнхийлөгч Монсоны жишээг дагаснаар та бүхний хийж буй ариун нандин ажлыг адисалж байгаа Их Эзэний чиглүүлэгч мутрыг илүү ихээр мэдрэх болно.

Бид Бразилд хэдэн жил амьдарсан юм. Тэнд очоод удаагүй байхдаа би Далын гишүүнээр үйлчилж байсан Аделсон Пареллат болон манай гадасны ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчилж байсан түүний дүү Адилсонтой танилцсан юм. Дараа нь би Флорианополист гадасны ерөнхийлөгчөөр үйлчилж байсан тэдний дүү Адалтон болон бишопоор үйлчилж байсан бас нэг дүү нь болох Аделмотой танилцсан юм. Эдгээр ах нарын итгэл надад гүн сэтгэгдэл төрүүлсэн ба би тэдний эцэг, эхийн талаар асууж билээ.

Тэдний гэр бүл 42 жилийн өмнө Бразилын Сантост баптисм хүртсэн байна. Адилсон Парелла “Аав маань эхэндээ сүмд орсондоо маш их баяртай байлаа. Гэвч тэр удалгүй идэвх султай болж, ээжид маань сүмд явахгүй байхыг зөвлөсөн” гэж ярьсан юм.

Ээж нь хөршүүддээ хувцас оёж өгч, хүүхдүүдийнхээ сүм рүү явах автобусны зардлыг олдог байсан гэж Адилсон надад хэлсэн юм. Дөрвөн бяцхан хөвгүүн хоёр километр гаруй зайтай өөр тосгон руу алхаж, тэндээсээ автобусаар 45 минут яваад дараа нь дахин 20 минут алхаж, сүмийн байранд ирдэг байжээ.

Хэдийгээр Парелла эгч хүүхдүүдтэйгээ хамт сүм рүү явах боломжгүй байсан ч тэрээр хөвгүүд, охидтойгоо хамт судраас уншиж, тэдэнд сайн мэдээг зааж мөн тэдэнтэй хамт залбирдаг байжээ. Тэдний даруухан гэр санваарын хүчний баялаг адислалуудаар дүүрэн байдаг байлаа. Бяцхан хөвгүүд нь том болж номлолд үйлчлэн, боловсрол эзэмшиж мөн Ариун Сүмд гэрлэсэн байна. Тэдний гэр санваарын адислалаар дүүрэн байлаа.

Олон жилийн дараа ганц бие Вани Дэ Паула Парелла эгч хувийн хишгээ хүртэхээр ариун сүмд орсон ба үүнээс хойш Бразилд гурван удаа номлолд үйлчилжээ. Одоо тэрээр 84 настай бөгөөд түүний итгэл, үр удмыг нь үргэлжлүүлэн адисалсаар байна.

Гэрчлэл болон амлалт

Бурханы ариун санваарын хүч Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд байдаг. Та нар санваарын ёслолуудад зохистойгоор оролцох үед Их Эзэн та нарт агуу хүч чадал, амар амгалан болон мөнх амьдралын найдварыг өгөх болно гэдгийг би гэрчилж байна. Та нар амьдарч байгаа нөхцөл байдлаасаа үл хамааран “санваарын хүч чадлаар адислагдах болно”. Мөн та нарын ойр дотны хүмүүс эдгээр адислалуудыг илүү ихээр хүсэх болно.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс бид Бурханы хөвгүүд ,охидын хувьд хамтдаа урагшилдаг. Энэ бол бидний боломж, үүрэг хариуцлага мөн адислал билээ. Энэ бол Бурханы хаант улс болон Аврагчийн ирэлтэд зориулан бэлтгэх бидний хувь тавилан юм. Есүс Христийн нэрээр, амен.

Show References

  1.  

    1. “Love Is Spoken Here,” Children's Songbook, 190–91.

  2.  

    2. 2013 оны 8-р сарын 5 нд хүлээн авсан хувийн имэйл.

  3.  

    3. Сургаал ба Гэрээ 84:20

  4.  

    4. Сургаал ба Гэрээ 138:37, 51-ийг үзнэ үү.

  5.  

    5. Сургаал ба Гэрээ 84:35; 109:22-ыг үзнэ үү.

  6.  

    6. 1 Нифай 11:16- 17

  7.  

    7. 2 Нифай 26:33.

  8.  

    8. “Гэр Бүл: Дэлхий Дахинаа Өргөх Тунхаг,” Ensign эсвэл Лиахона,2010 оны 11-р сар, 129

  9.  

    9. Сүмийн Ерөнхийлөгчдийн сургаалууд: Иосеф Смит (2007), 104, Сургаал ба Гэрээ 84:16; 107:40–53; 128:18, 21; Рассэл М.Нэлсон, “Lessons from Eve,” Ensign,, 1987 оны 11-р сар, 86–89-ийг үзнэ үү.

  10.  

    10. Иохан 15:16

  11.  

    11. Иосеф Смит – Түүх 1:72; мөн Сургаал ба Гэрээ 13; 27.-г үзнэ үү.

  12.  

    12. 2013 оны 8-р сарын 20-нд БЯИС-ийн оюутны байран дахь боловсролын долоо хоног онцгой цугларалт дээр М. Рассэл Баллард, “Let Us Think Straight,” хэлсэн үгийг үзнэ үү. speeches.byu.edu. Ахлагч Баллард: “Санваарын албанд яагаад эмэгтэй хүмүүс биш эрэгтэй хүмүүс томилогддог вэ? Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли “Түүний сүмд санваарыг эрэгтэйчүүд атгах ёстой гэдгийг хүн биш Их Эзэн тогтоосон” мөн “Бурханы Сүм болон хаант улс болох энэ агуу хийгээд гайхамшигтай байгууллагыг бүрэн болгох чадвараар” Их Эзэн эмэгтэйчүүдийг адисалсан хэмээн тайлбарласан (“Women of the Church,” Ensign, 1996 оны 11-р сар, 70) Бүх зүйл хэлэгдэж, хийгдсэний дараа Их Эзэн яагаад энэ маягаар Өөрийн Сүмийг зохион байгуулснаа илчлээгүй байна.”

  13.  

    13. Моронай 10:8

  14.  

    14. Линда К.Бөртон, “Priesthood: A Sacred Trust to Be Used for the Benefit of Men, Women, and Children” (Бригам Янгийн Их Сургуулийн Эмэгтэйчүүдийн чуулган дээр хэлсэн үгс, 2013 оны 5-р сарын 3) http://ce.byu.edu/cw/womensconference/pdf/archive/2013/lindaBurtonTalk.pdf.

  15.  

    15. 3 Нифай 30:2.

  16.  

    16 Матай 6:22–23.

  17.  

    17. Матай 5:28; мөн Алма 39:9-ийг үзнэ үү. Ерөнхийлөгч Томас С.Монсон: “Ялангуяа порнограф бүр ч аюултай, донтуулдаг зүйл юм. Порнографыг шохоорхон сонирхох нь хүчтэй зуршил болж улмаар бүр илүү бохир материалууд болон бэлгийн харилцааны нүгэл рүү хөтөлдөг. Порнографаас бүх хүч чадлаараа зайлсхий” (“Бэлтгэснээр адислалууд ирдэг,” Ensign or Лиахона2010 оны 5-р сар, 65).“Ёсон бус хийгээд буруу зорилгоор, үүний дунд порнографыг үзэх нь түгээмэл болж, үүний тул интернетийг ашиглаж байгаа хүмүүсийн тоо санааг минь зовоож байна. Ах эгч нар аа, ийм зүйлд оролцох нь сүнсийг тань хөнөөх болно. Хүчтэй бай. Цэвэр бай. Ийм ёс суртахуунгүй, сүйтгэгч зүйлээс бүх чадлаараа зайлсхий! Би энэ сэрэмжлүүлгийг газар бүрийн хүн бүрт хэлж байна” (“Биднийг Дахин Уулзтал,” Ensignэсвэл Лиахона, 2009 оны 5-р сар, 113).“Порнографын бүх төрлүүдээс зайлсхий. Энэ нь сүнсэнд илүү мэдрэмтгий бус болгож, ухамсрыг бохирдуулах болно. Сургаал ба Гэрээнд, ”Мөн сэнхэрдэггүй тэр нь Бурханаас бус, мөн харанхуй болой” хэмээн хэлсэн байдаг. [Сургаал ба Гэрээ 50:23]” (“Итгэлдээ үнэнч байх нь,” Ensign эсвэл Лиахона 2006 оны 5-р сар, 18–19).

  18.  

    18. Дэвид А.Бэднар, Act in Doctrine (2012), 53-ыг үзнэ үү.

  19.  

    19. Даллин Х.Өүкс, “Priesthood Authority in the Family and the Church,” Ensign эсвэл Лиахона, 2005 оны 11-р сар, 24–27-г үзнэ үү.

  20.  

    20. Хувийн имэйл 2013 оны 8-р сарын 5 ; Иаков 5:14-ийг үзнэ үү.

  21.  

    21. Еврей 5:4-ийг үзнэ үү.

  22.  

    22. Исаиа 55:8.

  23.  

    23. Иаков 4:13.

  24.  

    24. Сургаал ба Гэрээ 81:4; мөн 5-р шүлгийг үзнэ үү. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли: “Та нарын үүрэг миний үүрэг хариуцлагатай адил нухацтай зүйл юм. Энэ сүмд ямар ч дуудлага жижиг эсвэл өчүүхэн үр дагавартай байдаггүй гэж хэлсэн байдаг. (“This Is the Work of the Master,” Ensign,, 1995 оны 5-р сар, 71).

  25.  

    25. М.Рассэл Баллард, “Strength in Counsel,” Ensign,, 1993 оны 11-р сар, 76