Та одоо босч чадна аа!

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх,


Дийтр Ф.Угдорф
Бид унаад дахин өндийн, цааш үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа л бол … унаснаасаа ямар нэг зүйлийг сурч, илүү сайн, илүү аз жаргалтай болж чадна.

Би багадаа уначихаад маш түргэн босдог хүүхэд байж билээ. Гэвч он жилүүд улиран одохын хэрээр эдүгээ би унасныхаа дараа түргэн босч нэгэнт чаддаггүй болжээ.

Би саяхан 12 настай зээ хүүтэйгээ хамт цанаар гулгахаар явсан юм. Бид хоёр хөгжилтэй бөгөөд тун сайхан гулгаж байтал би мөстэй хэсэг газар дээгүүр гарахдаа цанаа тар няр хийлгэн, огцом хэвгий дээр пидхийтэл унах нь тэр.

Тэгээд би босох гэж байдгаараа хичээсэн ч босч чадсангүй. Би уначихаад босч чадахгүй байв.

Би огт гэмтээгүй, зүгээр байлаа. Харин нэр хүндэд минь л жаахан эвгүй юм болсон гэх үү дээ. Бусад цаначдад танигдмааргүй байсан болохоор би хамгаалалтын малгай өмсөж, нүдний шил зүүсэн байв. Тэд намайг босч чадахгүй сууж байтал уран хөдөлгөөн хийж, цанаар гулгах үедээ “Сайн байна уу, Угдорф ах аа!” гэж хөгжилтэйгөөр хашгирах байх хэмээн би дотроо төсөөлөн бодож билээ.

Зээ хүүгээ хүрч ирэхэд надад яаж туслах бол хэмээн би бодож суулаа. Юу болсон тухайгаа ярихад тэр намайг яагаад босч чадахгүй байгаагаа тайлбарлахыг огт сонирхсонгүй, харин миний өөдөөс харснаа надад бүр тулж ирээд гараас минь татаж, их л итгэлтэй дуугаар “Өвөө, та яг одоо босч чадна аа!” гэв.

Би ч тэр дороо босч, зогслоо.

Болсон явдалд би итгэж өгөхгүй хэвээрээ л байна. 12-той зээ хүү минь хүрч ирээд “Та босч чадна аа!” гэж хэлсний ачаар л хормын өмнөхөн боломжгүй мэт санагдаж байсан зүйл боломжтой болсонд тэр билээ. Энэ нь надад өөртөө итгэх илүү их итгэл, урам зориг, хүч чадлыг өгсөн юм.

Ах нар аа, бүтэлгүйтсэний дараа хөл дээрээ босч, цаашаа явах нь нь бидний чадвараас ахадсан юм шиг санагдах үе амьдралд тохиолдож болно. Цасаар хучигдсан огцом хэвгий дээр тэр өдөр би нэг л зүйлийг ойлгосон юм. Өндийж чадахгүй юм шиг санагдлаа ч гэсэн бид найдвараа орхиж болохгүй. Харин бидний өөдөөс эгцлэн харж, гараас минь бариад “Та одоо босч чадна аа!” гэж хэлэх хэн нэгэн заримдаа бидэнд хэрэгтэй болдог.

Хатуужлын талаарх буруу ойлголт

Эмэгтэйчүүд өөрсдийгөө хангалтгүй гэж үзэх эсвэл урам хугарах нь эрэгтэйчүүдээс илүү их байдаг бөгөөд эдгээр мэдрэмжүүд тэдэнд биднээс илүү их нөлөөлдөг хэмээн бид боддог байж болох юм. Би үүнийг зөв гэж боддоггүй. Эрэгтэйчүүд гэм буруугаа болон бүтэлгүйтлээ мэдэрч, санаагаар унадаг. Ийм мэдрэмж бидний санааг зовоодоггүй мэт дүр эсгэж болох ч үнэн хэрэг дээрээ тийм байдаггүй. Бид бүтэлгүйтэл болон чадваргүй байдалдаа дарагдан, сэтгэл санааны дарамтад орж, дахин хөл дээрээ хэзээ ч босч чадахгүй юм шиг бодож эхэлдэг. Бид бүтэлгүйтсэнээсээ болж бүтэлгүйтлийг бидний хувь тавилан юм шиг бодож ч мэднэ. “Завь урсгал сөрөн сэлэхэд урсгал түүнийг буцааж, өмнө байсан газарт нь аваачдаг”1 хэмээн нэгэн зохиолч бичсэнтэй энэ нь адил юм.

Өндөр чадавхтай, ач ивээлээр дүүрэн эрчүүд нэг юм уу хоёр удаа бүтэлгүйтчихээд л Бурханы хаант улсыг байгуулах адармаатай ажилд оролцохоо болихыг би харсан. Ихийг бүтээх чадавхтай эдгээр эрчүүд онцгой сайн санваартнууд ба Бурханы үйлчлэгчид болж чадах байсан. Гэвч тэд бүдэрч, урам нь хугарсан учраас санваарын үүргүүдээсээ шантарч, бусад үнэ цэнэ тааруухан зүйлсээр хөөцөлдөж эхэлдэг.

Тэд ийнхүү хийж чадах зүйлийнхээ зөвхөн багаханыг нь л амжуулаад төрөлхийн чадавхаа хэзээ ч бүрэн ашиглаж чаддаггүй. Ийм хүмүүс бол “хийж чадах юмаа хийлгүйгээр хорвоог орхидог азгүйчүүд юм”2 хэмээн сайхь зохиолч харамсан өгүүлсэн байдаг.

Хэн ч бүтэлгүйтэхэд дуртай байдаггүй. Тэр тусмаа бидний бүтэлгүйтлийг бусад хүмүүс, ялангуяа хайртай хүмүүс маань харахад бид бүр ч дургүй байдаг. Бид бүгд бусдаар хүндлүүлж, тэдний хайрыг хүлээхийг хүсдэг шүү дээ. Бид аваргууд байхыг хүсдэг. Гэвч мөнх бус хүмүүс бид хичээл зүтгэл, сахилга батгүйгээр эсвээс алдаа гаргахгүйгээр аваргууд болж чадахгүй.

Ах нар аа, бид дахин дахин бүдрэх биш харин бүдэрч унасныхаа дараа хөл дээрээ дахин өндийж ирээд тоосоо гүвэн, урагш тэмүүлэх хувь тавилантай юм.

Бурханы хүслийн дагуух гашуудал

Мөнх бус амьдрал бол сорилт гэдгийг бид мэднэ. Гэвч Тэнгэрлэг Эцэг биднийг төгс хайраар хайрладаг учраас хариултыг олох арга замыг бидэнд үзүүлдэг билээ. Тэрбээр үл мэдэх газраар аялах болон хүсэн хүлээгээгүй хүнд сорилтуудтай тулгарах боломж бүхий газрын зургаар бидний хүн нэг бүрийг хангасан юм. Энэхүү газрын зургийн нэг хэсэг бол бошиглогчдын үгс юм.

Биднийг замаасаа хазайж, унах буюу Тэнгэрлэг Эцэгийн заасан замаас гажих үед зөв зам руугаа хэрхэн өндийж, аяллаа үргэлжлүүлэхийг минь бошиглогчдын үгс бидэнд хэлж өгдөг билээ.

Олон зууны туршид бошиглогчдын заасаар ирсэн бүх зарчмуудаас дахин давтан, онцгойлон авч үзсээр ирсэн нэг зарчим бол хүн төрөлхтөн наманчилж, амьдралын замналаа өөрчлөн, жинхэнэ шавийн замд буцан орж болно гэсэн найдвар төрүүлэм бөгөөд урам хайрлагч захиас юм.

Энэ нь бид сул дорой байдал, алдаа дутагдал эсвээс нүгэлдээ амарлингуй хандаж болно гэсэн үг биш юм. Харин наманчлал руу хөтөлдөг нүглийн төлөөх харуусал, цөхрөл рүү хөтөлдөг харууслын хооронд чухал ялгаа бий.

Бурханы хүслийн дагуух харуусал нь … гэмшлийг бий болгон авралд хүргэдэг аж. Харин ертөнцийн харуусал нь үхлийг бий болгодог”3 хэмээн төлөөлөгч Паул сургажээ. Бурханлаг хүслийн дагуух харуусал нь Есүс Христийн цагаатгалаар дамжуулан өөрчлөлт ба найдварт сүнслэгээр нөлөөлдөг. Ертөнцийн харуусал нь биднийг доройтуулан, найдварыг үгүй болгож, уруу таталтуудад тавьж өгдөг.

Бурханы хүслийн дагуух харуусал нь хөрвөлт4 хийгээд зүрх сэтгэлийн өөрчлөлт рүү хөтөлдөг.5 Энэ нь биднийг нүглийг үзэн ядаж, сайн сайхан зүйлийг хайрлахад хүргэдэг.6 Энэ нь биднийг уналтаасаа босож, Христийн хайрын гэрлээр амьдрахад урам зориг өгдөг. Жинхэнэ наманчлал бол зовлон шаналал биш харин өөрчлөлтөд хүргэдэг үйл явц юм. Тийм ээ, чин сэтгэлийн харуусал болон дуулгаваргүй байдлын төлөөх гэмшил нь ихэвчлэн сэтгэл өвтгөм хэцүү байдаг бөгөөд наманчлалын ариусгах үйл явцын маш чухал алхмууд мөн. Харин гэм буруу нь өөрийгөө үзэн ядахад хүргэдэг эсвэл дахин өндийж ирэхэд саад болдог. Энэ нь бидний наманчлалд түлхэц үзүүлдэггүй харин үүнд саад тотгор учруулдаг.

Ах нар аа, үүнээс илүү сайн зам бий. Бүгдээрээ босоцгоож, Бурханы эрчүүд болцгооё. Бидний төлөө үхлийн харанхуй хөндийг туулан алхсан аварга болох Аврагч бидэнд бий. Тэрбээр бидний нүглийн төлөөсийг амиараа төлсөн билээ. Өөрийгөө тахилын ширээн дээр сайн дураараа өргөл болгон тавьж, бидний нүглийн төлөөсийг “эцсийн кодрантаа”7 шавхан төлсөн, өө сэвгүй Хурга, Есүс Христийн хайраас илүү агуу хайр хэнд ч хэзээ ч байгаагүй юм. Тэрбээр бидний зовлонг Өөртөө авсан юм. Тэрбээр бидний ачааг мөн бидний гэм бурууг мөрөндөө үүрсэн билээ. Хайрт найз нар минь ээ, бид Түүнд ирж, Түүний нэрийг өөрсөд дээрээ авч, шавийн замаар зоригтойгоор замнахаар шийдвэл бидэнд Цагаатгалаар дамжуулан зөвхөн аз жаргал ба “энэ дэлхийд амар амгалан” төдийгүй бас “ирэх дэлхийд мөнх амьдрал” амлагдсан юм.”8

Бид алдаа гарган, нүгэл үйлдэж унасан үедээ жинхэнэ наманчлал гэж юу болохыг боддог байцгаая. Энэ нь бидний зүрх сэтгэл, бодол санааг Бурхан руу эргүүлж, нүглээ орхино гэсэн үг юм. Жинхэнэ зүрх сэтгэлийн наманчлал нь “бид яг одоо үүнийг хийж чадна” гэсэн тэнгэрлэг баталгааг бий болгодог билээ.

Та хэн бэ?

Бидний өсөлт хөгжилтөд саад учруулдаг дайсны аргуудын нэг нь бид чухам хэн бэ? бид юуг хүсдэг вэ? гэдэгт биднийг төөрөгдүүлдэг явдал мөн.

Бид хүүхдүүдтэйгээ цагийг хамт өнгөрүүлэхийг хүсдэг ч бас эр хүний хувьд сонирхдог олон зүйлд идэвхтэй оролцохыг хүсдэг. Бид жингээ хасахыг хүсдэг ч дуртай хоолоо амтархан идэхийг ч бас хүсдэг. Бид Христтэй адилхан болохыг хүсдэг ч бас замын хөдөлгөөнд оролцохдоо дайрчих шахаад өнгөрдөг нэгний хийсэн зүйлд нь дургүйцэж, бухимдаж буйгаа илэрхийлэхийг мөн хүсдэг.

Сатаны зорилго бол биднийг жинхэнэ аз жаргал, баяр баясгалан болох мөнхийн тэнгэрлэг үнэ цэнэ бүхий үнэлж баршгүй сувдуудаа нүд хууран, гоёж чимсэн өчүүхэн үнэ цэнэтэй эрээн мяраан зүйлээр солиход уруу татах явдал мөн.

Бүтэлгүйтлийнхээ дараа босох бидний зоригийг мохоохын тулд дайсны хэрэглэдэг өөр нэг арга нь зарлигууд бол бидэнд хүчээр тулгасан зүйлс хэмээн бодоход хүргэх явдал юм. Анхнаасаа өөрийнх нь санаа бодол биш байсан ямар нэг зүйлийг эсэргүүцдэг нь хүмүүний төрөлхийн мөн чанар гэж би боддог.

Хэрэв эрүүл хоол хүнс, биеийн тамирын дасгал нь зөвхөн өрхийн эмч л биднээс хүсдэг зүйл гэж үзэх юм бол бид алийг нь ч хийхгүй байж мэднэ. Харин бид өөрсдийгөө хэн билээ, бид ямар хүмүүс болохыг хүсэж байгаа билээ гэдэг дээр эдгээр сонголтуудыг харвал бид зөв зам дээр байж, амжилт олох илүү боломжтой байх болно.

Хэрэв бид гэрийн багшлалтыг зөвхөн гадасны ерөнхийлөгчийн зорилго гэж үзвэл энэ ажлын үнэ цэнийг бууруулж байгаа хэрэг. Харин бид үүнийг өөрсдийн зорилго болгож, Христтэй илүү адилхан болохын тулд мөн бусдад үйлчлэхийн тулд бидний хийхийг хүсдэг зүйл юм гэж үзэх юм бол бид зөвхөн үүргээ биелүүлээд зогсохгүй, өөрсдийн болон айлчилж очдог гэр бүлүүдийг адислах арга зам болгон энэ ажлыг хийх болно.

Бид найз нөхдөөрөө эсвэл гэр бүлийнхнээрээ хангалттай олон удаа туслуулдаг хүмүүс. Хэрэв бид эргэн тойрноо болон энэрэнгүй сэтгэл гаргах учир шалтгааныг гярхай ажиглах юм бол бусдад хөл дээрээ өндийж, чадавхиа дайчлан үргэлжлүүлэхэд нь туслах тал дээр Их Эзэний бидний өмнө тавих боломжуудыг ухаарч мэдэх болно. “Та нар юу ч хийсэн, хүмүүсийн төлөө бус Эзэний төлөө мэт чин сэтгэлээсээ хийгтүн”9 хэмээн судруудад зөвлөсөн байдаг.

Бид зарчимч бөгөөд зөв шударга амьдралаар амьдарч, үүрд мөнхөд очихыг хүсдэг тэрхүү газарт анхаарлаа төвлөрүүлэх нь сүнсний хүч чадлын агуу эх сурвалж юм. Хэрэв бид энэхүү тэнгэрлэг хувь тавилангаа гагцхүү итгэлийн мэлмийгээр харж чадах юм бол зөв зам дээр үлдэхэд бидэнд туслах болно.

Хэрэв бид өдөр тутмын амжилт болон бүтэлгүйтэл дээрээ анхаарлаа төвлөрүүлээд байвал замаа алдан, төөрч, бүр унаж мэднэ. Харин бид илүү өндөр зорилгууд дээр анхаарлаа төвлөрүүлбэл энэ нь биднийг илүү сайн хөвгүүд, илүү сайн ах нар мөн илүү эелдэг эцгүүд болон илүү их хайрладаг нөхрүүд байхад туслах болно.

Зүрх сэтгэл нь бурханлаг зорилгууд дээр тулгуурладаг хүмүүс хүртэл заримдаа бүдэрч мэдэх ч бүдэрсэн чигээрээ үлдэхгүй. Тэд Бурханы амлалтуудад итгэн, найддаг билээ. Тэд шударга Бурханд найдах өөдрөг найдвар болон агуу ирээдүйгээ сүнслэгээр хардгийнхаа ачаар дахин босч ирэх болно. Тэд дахин босч чадна гэдгээ мэддэг.

Та босч чадна аа.

Настай болон залуу хүн болгонд унаж байсан хувийн туршлага байгаа. Уналт бол мөнх бус хүмүүн бидэнд байдаг ердийн зүйл юм. Гэвч бид унаад дахин өндийж, Бурханаас бидэнд өгсөн сүнслэг зорилгууддаа хүрэх замаар цааш үргэлжлүүлбэл унаснаасаа ямар нэг зүйлийг сурсны үр дүнд өмнөхөөсөө илүү сайн, илүү аз жаргалтай болж чадна.

Хайрт ах нар минь, хайрт найзууд минь, цааш үргэлжлүүлж чадахгүй нь гэж бодох үе та бүхэнд тохиолдоно. Аврагч болон Түүний хайранд итгэгтүн. Та бүхэн Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл, сэргээгдсэн сайн мэдээний хүч болон түүнд тавих найдварын ачаар зоригтой байж, үргэлжлүүлэх боломжтой байх болно.

Ах нар аа, бид та нарт хайртай. Бид та нарын төлөө залбирдаг. Та нар Ерөнхийлөгч Монсоны та бүхний төлөөх залбирлыг сонсох боломжтой ч болоосой. Та залуу эцэг байна уу, өндөр настай санваар атгагч байна уу эсвэл шинэхэн томилогдсон дикон байна уу ялгаагүй бид та нарын төлөө санаа тавьдаг. Их Эзэн бас та нарын төлөө санаа тавьдаг!

Та нарын зам заримдаа хэцүү байж болно гэдгийг бид мэднэ. Гэвч та нар босч, бидний Гэтэлгэгч бөгөөд Аврагчийн зам мөрийг дагавал нэгэн өдөр эргэж хараад Цагаатгалд болон өөрсдийг тань өргөн дэмжиж, хүч чадлыг та нарт өгдөг үүний хүчинд итгэхээр сонгосондоо мөнхийн баяр талархлаар дүүрэн байх болно гэсэн амлалтыг би та нарт Их Эзэний нэрээр өгч байна.

Хайрт найзууд аа, хайрт ах нар минь ээ, та нар хэчнээн удаа халтирсан эсвэл унасан ч бай “Босоцгоо! Та нарын хувь тавилан үнэхээр гайхамшигтай шүү! Босоод Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний гэрэлд тэргүүнээ өргөн алхацгаа! Та нар өөрсдийнхөө боддогоос ч илүү хүчирхэг хүмүүс. Та нар өөрсдийнхөө төсөөлдгөөс ч илүү чадварлаг хүмүүс шүү дээ. Та нар одоо босч чадна! Энэ бүх зүйлийг би бидний Эзэн, Гэтэлгэгч, Есүс Христийн ариун нэрээр гэрчилж байна, амен.

Эшлэлүүдийг үзүүлэх

  1.  

    1. Ф.Скот Фицжэралд, The Great Gatsby (1925), 180.

  2.  

    2. “The Voiceless,” The Complete Poetical Works of Oliver Wendell Holmes (1908), 99.

  3.  

    3. 2 Коринт 7:10; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн.

  4.  

    4. Үйлс 3:19-ийг үзнэ үү.

  5.  

    5. Eзекиел 36:26; 2 Коринт 5:17; Moзая 3:19-ийг үзнэ үү.

  6.  

    6. Moзая 5:2-ыг үзнэ үү.

  7.  

    7. Maтай 5:26.

  8.  

    8. Сургаал ба Гэрээ 59:23.

  9.  

    9. Коллосай 3:23.