2011
Ерөнхий чуулган—Энгийн адислал гэж байдаггүй
Бич 2011


Тэргүүн Зөвлөлийн Захиас бичиг, 2010 оны ЕСДүгээр сар

Ерөнхий чуулган—Энгийн адислал гэж байдаггүй

Сүмийн нэгэн итгэлтэй гишүүн манай сүмийн гишүүн бус хөрштэйгөө ярилцаж байжээ. Ярианы сэдэв ерөнхий чуулганы тухай эргэхэд хөрш нь түүнээс “Та нар чинь бошиглогч, төлөөлөгчидтэй гэж ярьдаг бил үү? Бас тэд жилд хоёр удаа дэлхий дахины чуулганаараа Бурханы үгсийг илчилдэг гэл үү?” гэж асуухад нь,

“Яг үнэн” гэж сүмийн гишүүн итгэлтэйгээр хариулжээ.

Хөрш хэсэг зуур энэ тухай бодолхийлэв. Түүний сонирхлыг энэ сэдэв ихэд татсан бололтой, “Өнгөрсөн ерөнхий чуулган дээр тэд юу гэж ярьсан бэ?” гэж асуув.

Яг энэ үед Сүмийн сайн гишүүн маань сайн мэдээг хуваалцахаар сэтгэл догдлон байснаа тэвдэн сандарсан гэнэ. Тэр хэчнээн ч мэрийгээд нэг ч хэлсэн үгийг санаж чадсангүй.

Найз нь түүний балмагдсаныг хараад “энэ үед Бурхан хүмүүст хандан ярьдаг гэж хэлчихээд Тэр юу гэж хэлснийг нь санахгүй байгаа юм биш биз дээ?” гэжээ.

Тэр ах үүнийг сонсоод дарууссан ажээ. Ерөнхий чуулган дээр Их Эзэний үйлчлэгчдийн хэлсэн үгсийг илүү сайн санах амлалтыг тэр өөртөө өгөв.

Ерөнхий чуулганы захиас бүрийг санана гэдэг хүндрэлтэйг бид бүгд мэднэ. Бүгдийг санахгүй байсан ч ичиж зовох хэрэггүй гэдгийг би итгэлтэйгээр хэлж байна. Гэвч ерөнхий чуулган бүрд ялангуяа бидний хувийн амьдралын нөхцөл байдалд зориулан тэнгэрээс өгөгдсөн ямар нэгэн бэлэг мөн адислал болох захиасууд байдаг.

Ерөнхий чуулганд бэлтгэх, бидэнд хандан Их Эзэний үйлчлэгчдийн хэлсэн үгсийг илүү сайн хүлээн авч, санах болон хэрэгжүүлэх гурван үндсэн санааг би та нарт хэлье.

1. Сүмийн гишүүд ерөнхий чуулган дээр хэлсэн сүнслэг үгсийг сонсож, судлахад хувийн илчлэлт хүлээн авах онцгой боломжтой юм.

Ерөнхий чуулганд бэлтгэхдээ өөртөө тулгарсан асуултуудын хариуг авах тухай тунгаан бодохыг би уриалж байна. Жишээлбэл, магадгүй та нар тулгарсан саад бэрхшээлүүдтэйгээ холбоотой Их Эзэний заавар, зөвлөгөөг хүсч болох юм.

Та нарын онцгой залбирлуудын хариулт тодорхой нэг хэлсэн үг эсвэл нэг өгүүлбэрээс ч шууд ирж болно. Бусад үед хариултууд ямар ч хамааралгүй мэт санагдах үг, өгүүлбэр эсвэл дуунаас ирж болно. Амьдрал дахь адислалуудынхаа төлөө талархлаар дүүрэн зүрх сэтгэл, зөвлөгөө өгсөн үгсийг сонсож, дагах чин сэтгэлийн хүсэл эрмэлзэл нь хувийн илчлэлтийг авах арга замд бэлтгэх болно.

2. Аль нэг захиасыг мэддэг юм шиг санаж, тоомсорлолгүй бүү орхи.

Бошиглогчид үргэлж давталтаар заадаг. Энэ бол сурч мэдэхүйн хууль юм. Та нар давталтыг ерөнхий чуулганы сэдвүүд болон сургаалуудаас сонсож болно. Энэ бол бүтээлч хандлага буюу сэтгэн бодох чадвар дутсан хэрэг биш гэдгийг би та бүхэнд батлан хэлж байна. Бусад зүйлсийг эхлэхийн өмнө бидний ойлгосон байвал зохих зарим зүйлс мөн үүн дээрээ тулгуурлан ажиллавал зохих мөнхийн ач холбогдолтой тулгуур зарчмуудыг Их Эзэн бидэнд зааж, бидний оюун ухаанд суулгадаг учраас бид адил төстэй асуудлуудын талаарх захиасуудыг дахин давтан сонсдог билээ. Ухаалаг барилгачин ханыг өрж, дээврийг тавихаас өмнө эхлээд суурийг нь тавьдаг шүү дээ.

3. Ерөнхий чуулган дээр хэлсэн үгс ирэх саруудын турш бидний замыг заах луужин байх ёстой.

Хэрэв бид Сүнсний өдөөлтийг сонсож, дагах юм бол энэ нь бидний өмнө байгаа үл мэдэгдэх саад бэрхшээлтэй уулс болон хөндий дундуур биднийг хөтөлж, Лиахона мэт үйлчлэх болно (1 Нифай 16-г үз).

Дэлхийн үүслээс эхлэн Бурхан хүмүүст тэдний эрин үеүдэд тэнгэрийн тааллыг ярих бошиглогчдыг дууддаг байсан. Бидэнд зориулсан Их Эзэний захиасыг сонсон, дагах нь бидний үүрэг хариуцлага мөн.

Бидний нигүүлсэнгүй, хайрт Тэнгэрлэг Эцэг хүүхдүүдээ орхиж байгаагүй мөн хэзээ ч орхихгүй. Өнгөрсөн үеийн адилаар өнөөдөр ч Тэрээр төлөөлөгчид болон бошиглогчдыг томилоод байна. Тэрбээр тэдэнд Өөрийн үгийг илчилсээр байна.

Бидний хүн нэг бүрд зориулсан Бурханы захиасыг ерөнхий чуулганаар сонсох боломжтой байх нь ямар гайхамшигтай онцгой боломж билээ! Түүний сонгогдсон үйлчлэгчдээр дамжуулан өгөгдөж буй агуу адислал болсон бурханлаг удирдамжийн төлөө сайн бэлтгэцгээе.

Энэ бол ер бусын адислал юм.

Энэ захиасаас заах нь

  • Захиасыг хамтдаа унш. Гэр бүлийн гишүүдээ ерөнхий чуулганаас сонсох зүйлсээ сайн ойлгоход нь урамшуулан дэмж.

  • Бага насны хүүхдүүдэд Ерөнхийлөгч Угдорфын өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэхэд нь туслахын тулд Ерөнхий Эрх мэдэлтнүүдийн зургийг үзүүл (Лиахона-гийн чуулганы дугаарт байгаа). Тэргүүн Зөвлөл болон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгынхан ерөнхий чуулган дээр үг хэлнэ гэдгийг тэдэнд ойлгуул. Хүүхдүүдийг чуулганыг сонсож, сурч мэдсэн зүйлээ санахад нь туслахын тулд зураг зурахыг урамшуулан дэмж. Эцэг эхчүүд conferencegames.lds.org –гаар орж, хүүхдэд зориулсан чуулганы үйл ажиллагаануудыг үзэж болно.

Баруун талд: Лесс Нилссоны авсан гэрэл зураг