2013
Цоо эрүүл
2013 оны нэгдүгээр сар


Бид Христийн тухай ярьж байна

Цоо эрүүл

Би өрөөсөн гартай байж, ширээний бүтээлгээ хэрхэн сольж, хоолоо хэрхэн хийж, хүүхдүүдээ яаж хүмүүжүүлэх билээ?

Би 17 настай байхдаа автомашины осолд орж, өрөөсөн гаргүй болсон юм. Энэ явдал миний амьдралыг үүрд өөрчилсөн. Хүнд цаг үе, хүнд өдрүүд олон тохиолдсон ч цэвэршүүлэгчийн гал надад Цагаатгалын хүчийг ер бусын замаар гэрчлэх боломжийг олгосон билээ.

Одоо би эхнэр бас эх хүн болсон бөгөөд би энэ хоёр үүрэгтээ хоёуланд нь маш дуртай. Хүүхдүүдээ төрөхөөс өмнө би ер нь эх болж чадах болов уу хэмээн эргэлздэг байсан. Би өрөөсөн гартай байж, ширээний бүтээлгээ хэрхэн сольж, хоолоо хэрхэн хийж, хүүхдүүдээ яаж хүмүүжүүлэх билээ? Арван таван жилийн дараа би таван хүүхдийн эх болсон байв. Би нөхцөл байдалдаа сайн дасан зохицсон болохоор хүүхдүүд маань намайг бусад ээжүүдээс ямар ялгаатайг бараг анзаардаггүй байлаа. Өрөөсөн гаргүй болсон нь саад бэрхшээл байхаа больж, хайрын бэлэгдэл болсон юм. Хүүхдүүд уйлах юм уу шөнө унтахад тэднийг тэврэн саатуулахад өрөөсөн гар минь хэрэг болдог байлаа. Өрөөсөн гар минь олон зүйлд түшиг тулгуур болдог байсан болохоор би үүнийг эмгэнэлтэй зүйлийг сайн зүйл болгон хувиргах Аврагчийн чадварын нотолгоо гэж үздэг байлаа.

Миний өрөөсөн гар хүүхдүүдэд маань ийм их хэрэгтэй байгааг харахад надад хэчнээн сайхан санагддагийг үгээр дүрслэн хэлэх аргагүй юм. Эх болсон нь миний тахир дутуу болсон бие махбодын дутууг гүйцээж, Цагаатгал аль хэдийн намайг эдгээж эхэлснийг мэдэрсэн юм.

Эх хүний өдөр тутмын үүрэг заримдаа хэцүү байдаг л даа. Хүнд хэцүү үе нь Амилуулалтын үнэн бодит байдал хийгээд намайг эдгээх Аврагчийн хүч чадлын талаар тунгаан бодох шалтгааныг надад өгсөн юм. Тийнхүү судрууд дахь итгэлийг хөхүүлэн дэмжсэн эдгээлтийн жишээнүүд надад гүн гүнзгий утга агуулгатай болсон юм. Миний дуртай түүхүүдийн нэг бол Аврагч Америк тив дэх хүмүүс дээр айлчлан очиж, тэдний өвчтэй хүмүүсийг эдгээсэн түүх юм. Би өөрийгөө Аврагчийн эдгээсэн эдгээр хүмүүсийн хэн нэгэнтэй адилтган боддог. Энэхүү шастир Түүний хайрын урилгаар ийн эхэлдэг билээ:

“Та нарын дунд өвчтөнүүд байна уу? Тэднийг нааш авчрагтун. Доголон, эсвээс хараагүй, эсвээс хазгар, эсвээс тахир дутуу, … эсвээс ямар нэгэн байдалд зовж зүдэрсэн нэгэн байна уу? Тэднийг нааш авчрагтун мөн би тэднийг эдгээх болно, учир нь та нарыг өрөвдөх сэтгэл надад буй, зүрх сэтгэл минь нигүүлслээр дүүрэв. …

“… Учир нь та нарыг эдгээхэд итгэл тань хангалттайг би харж байна.

“… Түүнийг тийн ярихад, бүх цугласан олон, нэгэн зэрэг, өвчтэй мөн зовж зүдэрсэн, мөн доголон, хараагүй, хэлгүй, мөн ямар нэгэн байдлаар зовж зүдэрсэн тэд бүгдтэйгээ урагшлав; мөн тэрбээр тэднийг түүнд авчрагдахад нэг бүрчлэн эдгээв” (3 Нифай 17:7–9).

Миний хувьд энэ түүх бол судруудад дүрслэгдсэн хамгийн сэтгэл догдлом үйл явдал мөн. Миний нөхцөл байдал өөрчлөгдөж, би өрөөсөн гартай ч гэсэн эхийн үүрэг хариуцлагаа гүйцэтгэхдээ баяртай байдаг. Амилуулалт хийгээд цоо эрүүл болох үзэл санааг хамгийн ихээр хүсэн хүлээдэг хүмүүсийн нэг нь би мөн хэмээн нэгэн үе боддог байж билээ. Харин одоо бол би өрөөсөн гаргүйдээ зовдоггүй. Цагаатгал миний амьдралд одоо л үйлчилж байна гэж би улам бүр боддог болсон. Эдгээлтийн хүч зөвхөн Амилуулалт хэрэгжих үед нь эхэлнэ гэж бодох хэрэггүйг би ойлгосон. Шөнө болгон хүүхдүүдийн минь хэн нэг нь миний эрүүл гарт тэврүүлэн, зүүрмэглэхийг харсан үедээ би эрүүл саруул байгаагаа мэдэрдэг байлаа. Ийм бодол нь миний хувьд чухамдаа эдгээлтийн гайхамшиг болдог байлаа. Ийм үед би хэнээс ч дутахгүй эрүүл хүн шүү дээ гэсэн бодол намайг эзэмддэг байв.

Дээд талд: Роберт Кейсигийн гэрэл зураг