2014
Мод тарих хамгийн тохиромжтой цаг
2014 оны нэгдүгээр сар


Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг

Мод тарих хамгийн тохиромжтой цаг

Зураг
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

Эртний Ромд Жанус хэмээх эхлэлийн бурхан байлаа. Түүнийг ихэвчлэн нэг нүүрээрээ өнгөрсөн рүү, нөгөө нүүрээрээ ирээдүй рүү харж буй— хоёр нүүртэйгээр дүрсэлдэг байжээ. Зарим хэлэнд Жанварь буюу нэгдүгээр сарыг түүний нэрээр нэрлэдэг. Учир нь жилийн эхлэл нь сайтар төлөвлөн, тунгаан бодох цаг юм.

Олон мянган жилийн дараа ч дэлхий дээрх олон улс орон шинэ оныхоо хувийн хөгжлийн зорилгоо тавих энэхүү уламжлалаа үргэлжлүүлсээр байна. Мэдээж хэрэг, зорилго тавих нь амархан ч тэдгээрийг биелүүлэх нь харин өөр зүйл билээ.

Шинэ оны хувийн хөгжлийн зорилгын урт жагсаалтыг хийсэн нэг хүн өсөлт хөгжлийнхөө талаар сэтгэл ихэд хангалуун байсан ажээ. Тэрээр дотроо “Одоогоор би хоолны дэглэмээ чанд сахиж, уурлаж уцаарлаагүй мөн төсвөө баримтлан, хөршийнхөө нохойны талаар нэг ч удаа гомдоллоогүй байгаа. Гэхдээ өнөөдөр чинь нэгдүгээр сарын 2. Сэрүүлэг дуугарч байна, босох цаг ч болж. Гайхамшиг тохиовол л би бүх зорилгуудаа үргэлжлүүлэн дагах байх даа” гэж боджээ.

Дахин эхлэх нь

Сайн эхлэлийн талаар гайхалтай найдвар төрүүлсэн зүйл байдаг. Бид бүгдээрээ алдаа мадаггүйгээр цоо шинээр дахин эхлэхийг нэг бус удаа хүсч байсан гэж би боддог.

Би хатуу диск нь хоосон, шинэ компьютер авах тун дуртай. Ийм компьютер хэсэг хугацаанд үнэхээр сайн ажилладаг. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам шинэ программууд нэмж суулгасаар байгаад (заримыг нь зориудаар, заримыг нь тохиолдлоор) эцэстээ компьютер гацаж эхлэн, үйлдлүүд нь эхэндээ маш хурдан байснаа удааширдаг. Заримдаа бүр ажиллахаа болино. Шаардлагатай бус мэдээ баримтууд болон ашиггүй үйлдлүүдээр хатуу дискийн ачаалал нь хэтэрсэн учир компьютерийг асаах гэж бөөн юм болдог байлаа. Компьютерийг форматлаад үйлдлийн систем дахин суулгаж, шинээр эхлүүлэх нь цорын ганц зөв арга болох үе байдаг байв.

Үүнтэй адил хүмүүс айдас, эргэлзээ болон гэм буруугийн ачаа дарамтаар дүүрч болно. Бидний гаргасан алдаа (санаатай, санамсаргүй аль аль нь) бидэнд ачаа дарамт болж, санаагаар унан, гутрахад хүргэж, хийх ёстой зүйлээ хийхэд ч хэцүү санагдаж байж болно.

Нүгэл үйлдсэнээс болж, хүний зүрх сэтгэлд хуримтлагддаг ачаа дарамтаасаа дотоод хатуу дискээ цэвэрлэх боломжийг олгодог, наманчлал хэмээн нэрлэгддэг, форматлах гайхамшигтай үйл явц байдаг. Сайн мэдээ нь Есүс Христийн гайхамшигтай мөн нигүүлсэнгүй Цагаатгалаар дамжуулан нүглийн гэм буруугаас бие сэтгэлээ ариусган, дахин шинэчилж, улмаар хүүхэд мэт цагаан цайлган, цэвэр ариун болох арга замыг бидэнд үзүүлдэг билээ.

Гэвч зарим нэг зүйлс нь шинээр эхлүүлэхэд бэрхшээлтэй болгож, хэрэггүй бодлууд хийгээд үйлдлүүдийг бий болгон, биднийг удаашруулан, хойш татаж байдаг.

Өөрийн чадах хамгийн сайнаараа байх нь

Зорилго тавих нь туйлын чухал. Тэнгэрлэг Эцэгт маань зорилго байдгийг бид мэднэ, учир нь Тэр бидэнд Түүний ажил болоод алдар суу нь “Үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах” (Moсе 1:39) явдал гэж хэлсэн билээ.

Бидний хувийн зорилго бол өөрсдийн чадах хамгийн сайнаараа байх нь юм. Гэвч хувийн хөгжлийн зорилгоо тавьж, хэрэгжүүлэх бидний хичээл зүтгэлийг тасалдуулдаг зүйлсийн нэг бол хойшлуулах явдал байдаг. Бид заримдаа шинэ оны эхний өдөр эсвэл зуны эхэнд, бишоп юм уу Халамжийн Нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр дуудагдсан үедээ эсвэл хүүхдүүдээ сургуульд орсны дараа болон тэтгэвэрт гарсныхаа дараа гэх зэргээр зөв цагийг хүлээн, шинээр эхлэхээ хойшлуулдаг.

Зөв зорилгодоо ахиц дэвшил гаргахад танд урилга хэрэггүй. Та байвал зохих тийм хүн болохдоо зөвшөөрөл авахаар хүлээх хэрэггүй. Та сүмд үйлчлэхээр уригдахыг хүлээх хэрэггүй.

Бид заримдаа сонгогдохыг хүлээсээр байгаад амьдралынхаа олон жилийг алдаж болно (С ба Г 121:34–36-г үзнэ үү). Гэвч энэ нь хуурамч таамаглал юм. Та аль хэдийн сонгогдсон!

Миний амьдралд хувийн болон санаа зовоосон бусад асуудлууд эсвэл уйтгар гунигийнхаа улмаас олон шөнийг нойргүй өнгөрүүлсэн тийм үеүд бий. Гэхдээ шөнө ямар ч харанхуй байсан, өглөө нь нар манддаг гэсэн бодол надад ямагт урам хайрладаг байлаа.

Шинэ өдөр бүрийг угтаж, шинээр үүр гийдэг нь зөвхөн дэлхийн төлөө төдийгүй бас бидний төлөө юм. Тийнхүү шинэ өдөр ирэхэд шинэ эхлэл—дахин эхлэх боломж ирдэг.

Харин бид бүтэлгүйтвэл яах вэ?

Зарим үед биднийг хойш чангаадаг зүйл байдаг нь айдас юм. Бид амжилтад хүрэхгүй, биднийг шоолох болно, амжилт нь биднийг өөрчилнө эсвэл энэ нь бидний хайртай хүмүүсийг өөрчилнө хэмээн бид айдаг байж магадгүй.

Иймээс бид хүлээзнэдэг. Нэг бол бууж өгдөг.

Богино хугацаагаар ч болов бүтэлгүйтэж, амжилт олохгүй байх нь—байх л зүйл гэдгийг бид зорилго тавихдаа санаж байх хэрэгтэй юм. Харин бид үүнийг ойлгосноор яг одоо төгс байна гэсэн дарамтаас ангижрах учраас хүч чадалтай болж чадна. Эхлэлээсээ бид хэзээ нэгэн өдөр бүтэлгүйтэж болно. Үүнийг урьдаас мэдэж байх нь бүтэлгүйтсэнээс болж цочирдох мөн урам хугарахаас маш сайн сэргийлдэг.

Биднийг энэ замаар зорилгодоо хүрэх үед бүтэлгүйтэл бидэнд саад учруулж чадахгүй. Бид туйлын зорилгоо биелүүлж, хүссэн түвшиндээ хүрэх гээд бүтэлгүйтсэн ч уг зорилго руу хөтлөх замд ахиц дэвшил гаргасан байх болно гэдгийг санагтун.

Энэ бол маш чухал зүйл юм.

Бид барианы шугам дээрээ бүтэлгүйтэж мэдэх ч аянаа цааш үргэлжлүүлэх нь биднийг урьд нь байснаасаа илүү хүч чадалтай болгодог.

Эхлэх хамгийн сайн цаг бол яг одоо

Хуучны нэгэн зүйр үгэнд: “Мод тарих хамгийн тохиромжтой цаг нь 20 жилийн өмнө байсан. Хоёр дахь хамгийн тохиромжтой цаг нь яг одоо юм” гэсэн байдаг.

Одоо гэдэг үгийн тухайд гайхамшигтай бөгөөд найдвар төрүүлэх нэг зүйл бий. Хэрэв бид яг одоо шийдэхээр сонгоход энэ мөчид л урагш ахиж чаддаг гэвэл хүч чадал өгөгч ямар нэг зүйл байж таарна.

Бид энэ үеэс хойш 20 жилийн дараа төдийгүй мөн үүрд мөнхөд ямар хүн болохыг хүсдэг шигээ тийм хүн болохоор эхлэх хамгийн сайн цаг нь одоо юм.

Энэхүү захиасаас заах нь

Зорилгодоо хүрэх гээд бүтэлгүйтэх үед “бид хүч чадлаар дүүрдэг. … Бид барианы шугам дээрээ бүтэлгүйтсэн ч аянаа цааш үргэлжлүүлэх нь биднийг урьд нь байснаасаа илүү хүч чадалтай болгодог” гэж ерөнхийлөгч Угдорф тайлбарласан билээ.Сургууль төгсөх, шагнал хүлээн авах зэрэг үр дүнгээс илүү, үйл явцаас нь юу сурч мэдсэнээ хуваалцахыг гэр бүлийн гишүүдээс хүс.

iStockphoto/Thinkstock-ийн гэрэл зураг