2014
Өсвөр үеийнхний дуу хоолой
2014 оны нэгдүгээр сар


Өсвөр үеийнхний дуу хоолой: Гэр бүлийн түүхийн адислалууд

Саяхан АНУ-ын Нью-Йорк хотын өсвөр үеийнхнийг гадасны ерөнхийлөгчийн зөвлөл нь өсвөр үеийнхний тусгай чуулганы хэсэг болгон ариун сүмд авч очих гэр бүлийн нэр олоход урьжээ. Тэдний зүрх сэтгэл эцгүүд рүүгээ эргэж байгааг мэдэрснээр тэд агуу адислалуудыг олж нээжээ (Maлахи 4:5–6-г үзнэ үү).

Гэр бүлийн нэрсээ ариун сүмд аваачих нь

  • “Би өмнө нь гэр бүлийн түүх бол зүгээр л нэг хийх ёстой зүйл гэж боддог байсан бол одоо энэ нь олон жилийн туршид хүлээж байгаа бодит хүмүүс юм гэдгийг ойлгодог болсон. Би гэр бүлийнхнийхээ нэрсийг ариун сүмд аваачихад ариун сүмийн минь туршлага арай л өөр мэт санагддаг. Ганцхан нэр олоход л шаргуу ажил, цаг хугацаа мөн олон залбирал шаардагддаг учраас тэгж санагддаг байх. Гэвч ганцхан нэр гэдэг бол Тэнгэр дэх Эцэгтэйгээ хамт байх хэрэгтэй нэг хүн юм.” —Ханна A., нас 13

  • “Чи нэг хүн олсон бол тэр хүнтэй сүнсний ертөнцөд холбоотой боллоо гэсэн үг. Өөрийнхөө олсон нэрсийг ариун сүмд аваачих нь энэхүү холбоог бэхжүүлэх нэг арга зам мөн. Энэ нь мөнхийн гэр бүлээ ойлгоход тань тусална.” —Спэнсэр С., нас 15

  • “Гэр бүлийнхээ нэрсийг ариун сүмд аваачих нь эдгээр хүмүүс яг хэн байсныг ойлгоход тань тусална. Тэд бол зүгээр нэг цаасан дээрх нэрс биш; тэд бол өөрийн тань түүхийн нэг хэсэг болох бодит хүмүүс—таны ах эгч нар юм.” —Лилли Н., нас 16

Адислалууд хүлээн авах нь

  • “Би амьдралдаа өөрчлөлт гарч байгааг ажигласан. Энэ бол ивээлтэй, дулаахан мэдрэмж юм.” —Ноа Р., нас 13

  • “Чи өөрийгөө энэхүү агуу ажлын нэг хэсэг болсноо зүрх сэтгэлдээ мэдэрч чадна. Ариун сүмийн адислалуудыг хүлээн авах боломжийг гэр бүлдээ олгох нь юутай ч зүйрлэшгүй гайхалтай мэдрэмж юм.” —Кориннэ К., нас 17

  • “Гэр бүлийн түүхээ хийж эхэлснээс хойш би илүү их тайтгарал болон амар амгаланг мэдэрдэг болсон. Гэр бүлийнхнийхээ нэрсийг ариун сүмд аваачих нь надад агуу баяр баяслыг авчирдаг.” —Tайлэр M., нас 16

  • “Гэр бүлийн түүхийн ажил нь Аврагч, Тэнгэрлэг Эцэг болон өвөг дээдсээ хайрлах миний хайрыг нэмэгдүүлсэн. Энэ нь үндсэн гэр бүлтэйгээ улам ойр дотно болж, сайн мэдээний тухай гэрчлэлээ нэмэгдүүлэхэд надад тусалсан.” —Aлександра Х., нас 14

  • “Би илүү их аз жаргалтай байгаа.” —Росс С., нас 12

  • “Би нэр олох бүрдээ тэр хүн зөвхөн намайг л хүлээж байсан юм шиг амар тайван болон сэтгэл догдлолыг мэдэрдэг.” —Рианнон Б., нас 15

  • “Би хаанаас ирснээ болон итгэл минь хүчирхэгжиж байгаа гэдгээ мэднэ.” —Элиза Л., нас 13

  • “Миний гэртээ үймүүлдэг минь багассан.” —Гэриг Л., нас 12

  • “Би гэр бүлүүдийн ач холбогдлыг улам илүү ойлгодог болсон. Иймээс би энэ дэлхий дээр гэр бүлтэйгээ улам ойр байхыг хүсч байна.” —Эмма Л., нас 15

  • “Бидэнд зориулсан Бурханы төлөвлөгөөг илүү сайн ойлгох нь надад тусалдаг. Би ёслолуудыг сайн ойлгодог учраас Тэнгэрлэг Эцэг болон сайн мэдээнд илүү ойр байгаагаа мэдэрдэг.” —Ноа К., нас 14