2014
Би үргэлж Түүнийг дурсан санадаг
2014 оны нэгдүгээр сар


Залуучуудын бат бөх байдлын төлөө

Би үргэлж Түүнийг дурсан санадаг

Зураг
Лари М.Гибсон

Хүндэтгэлийн өдрийг бид хэрхэн сахидаг нь Есүс Христийг үргэлж санах бидний гэрээний гадаад илрэл юм.

Зураг
bishop and deacon standing by the sacrament table

Зураг чимэглэлийг Бэн Совардс

Намайг 11-тэй байхад манай бишоп тойргийн цуглааны шинэ байранд намайг хүндэтгэлтэйгээр дагуулан орж, ариун ёслолын ширээний өмнө надтай хамт суусныг би санадаг. Тэр надад “Ларри, чи удахгүй Аароны санваарын диконы албанд томилогдох болно. Энэ нь ямар онцгой адислал болон үүрэг гэдгийг чи мэдэж байгаа биз дээ?” гэсэн юм. Тэр надад сүмийн гишүүд ариун ёслолын эрхэм нандин бэлгэдлүүдийг гүйцэтгэн, үйлчлэхэд Аврагчийн адилаар үйлдэх ариун үүрэг надад ноогдож байгаа талаар ярив. Би хүлээн авах санваарын дуудлагынхаа ач холбогдлыг сүрдэн биширч билээ.

Ариун ёслолын залбирлуудыг чээжилж, эдгээр нь хэрхэн миний амьдралын нэг хэсэг болох талаар бодохыг бишоп надаас хүссэн юм. Хэрэв Аврагчийг төлөөлөн, ариун ёслолыг бусдад түгээхийг надаас хүсвэл ариун ёслолын залбирлуудын бидний хүн нэг бүрээс хийхийг хүсдэг зүйлсийг би хийхийг хичээх ёстой гэж тэр хэлэв. Гэртээ эргэж ирсний дараа аав надад Сургаал ба Гэрээ (20:76–79) болон Мормоны Номоос ариун ёслолын залбирлуудыг олоход тусалсан юм (Moронай 4; 5). Би амьдралдаа анх удаа эдгээр залбирлуудыг анхааралтай уншлаа. Сүм дээр эдгээр залбирлуудыг хэлэхэд би анхааралтай сонсдог байв. Талх түгээж байхдаа би залбирлын үгсийг тунгаан боддог ч усны адислал дахь “тэд түүнийг үргэлж санан” гэсэн үгсийг сонсоод ариун ёслолын гэрээний утга учрыг бүрэн ойлгосон юм. “Би үргэлж Түүнийг санадаг бил үү? Үргэлж гэдэг чинь юу гэсэн үг вэ? Би Түүнийг хэрхэн үргэлж санаж чадах билээ?” гэж өөрөөсөө асуулаа. Би ариун ёслолын залбирлуудыг сонсох бүрдээ сүнслэгээр нөлөөлөгдөн, эдгээр асуултуудыг эргэцүүлэн боддог байв.

Хүндэтгэлийн өдрийг бид хэрхэн ариунаар сахих нь Есүс Христийг үргэлж санах Тэнгэрлэг Эцэгтэй хийсэн бидний гэрээний гадаад илрэл мөн. Хүндэтгэлийн өдөр нь долоо хоногийн бусад зургаан өдөр Түүнийг дурсан санахад суурь болдог.

Ням гараг бол амрах болон дурсан санах өдөр юм. Бид сүмийн цуглаануудад оролцож, хүч чадал, адислалууд болон алдаа дутагдлаа бодож, өршөөлийг эрэлхийлэн, ариун ёслолоос хүртэж, бидний төлөө Аврагч хэрхэн зовсныг тунгаан боддог. Бид Түүнийг шүтэн бишрэхэд саад болох аливаа зүйлсээс зайлсхийхийг хичээдэг, учир нь “энэ өдөр… чи өөр юу ч хийх ёсгүй” (С ба Г 59:13) хэмээн Их Эзэн хэлсэн билээ. Хүндэтгэлийн өдөр бидний оролцдог аливаа үйл ажиллагаа Христийг санах уур амьсгалд зохицсон байх ёстой. Хэрэв хүндэтгэлийн өдөр хийдэг аливаа зүйл маань Аврагчийг санах болон энэ өдөр Тэр хэрхэн үйлчилдэг байсантай адил үйлчлэхээс биднийг холдуулж байвал бид хийж байгаа зүйлээ эргэн харах хэрэгтэй. Хүндэтгэлийн өдөр бол зөвхөн “хөдөлмөрүүдээсээ амрах” төдийгүй бас “Бүхний Дээдэд чи бүхнээ зориулахаар чамд өгөгдсөн өдөр” (С ба Г 59:10) гэдгийг санагтун.

Их Эзэний өдрийн аль ч хэсгийн ариун байдлаас биднийг холдуулах аливаа шалтаг байхгүй тийм замаар бид амьдралаа төлөвлөх ёстой. Энэ бол Түүний ажил хэргийн өдөр бөгөөд бидний хувь хүн бүрийн болон гэр бүлийн амьдрал бүхэлдээ адислагдан, ариун туршлагуудаар шинэчлэгддэг өдөр юм. Энэ бол бидний хувьд сүнслэг байдлаа баяжуулах өдөр юм.

Амьдралдаа хүндэтгэлийн өдрийг үнэхээр ариун өдөр болгох зүйлсийг хийж занших төлөвлөгөө боловсруулж, мөрдөхийн төлөө яг одоо цаг гарга. Тэгээд төлөвлөгөөнийхөө дагуу ажилла.

Их Эзэн хүндэтгэлийн өдрийг зохих ёсоор эрхэмлэн сахидаг хүмүүст “эдгээр зүйлүүдийг та нар талархалтайгаар, баяр хөөртэй зүрх сэтгэл хийгээд хөгжил хөөртэй дүр төрхтэйгөөр хийхийн хэрээр … , дэлхийн бүрэн байдал та нарынх бөлгөө” (С ба Г 59:15–16) хэмээн гайхамшигтай амлалт өгснийг санагтун. Бид өөрсдийн болон гэр бүлийнхээ гишүүдийн амьдралд эдгээр адислалуудаас татгалзаж чадна гэж үү?

Хүндэтгэлийн өдрийг дээдлэн хүндэтгэхэд би итгэдэг. Хүндэтгэлийн өдрийг сахих нь амьд бөгөөд бид бүгдийг хайрладаг бидний Бурханы зарлиг юм гэдгийг би зоригтой боловч даруухнаар гэрчилж байна. Хэрэв бид хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих бурханлаг зарлигийг биелүүлж, үүгээр амьдрах юм бол Их Эзэн хариуд нь биднийг адислан, удирдаж, бидэнд тулгардаг асуудлуудыг шийдвэрлэхэд сүнслэгээр нөлөөлөх болно гэдгийг би гэрчилж байна.