2014
Ирээдүйн гэр бүлдээ бэлэг бэлтгэх нь
2014 оны нэгдүгээр сар


Ирээдүйн гэр бүлдээ бэлэг бэлтгэх нь

1980 оны 12-р сарын 16-нд Бригам Янгийн Их Сургууль дээр болсон онцгой цугларалт дээрх “Gifts of Love (Хайрын бэлэг)” хэлсэн үгээс авав. Англи хэл дээрх бүрэн эхийг speeches.byu.edu-аас үзнэ үү.

Зураг
Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

Энэ жил ирээдүйн гэр бүлдээ зориулан бэлэг—хамгийн агуу бэлгүүдийг бэлдэцгээе.

Зураг
A young man holding up a chain of paper dolls.

Гэрэл зураг чимэглэлийг Коди Бэлл

Би хамгийн сайхан бэлэг өгдөг хүн байхыг үргэлж мөрөөддөг. Би бэлгийг минь задалж үзээд зөвхөн бэлгэнд нь бус харин бэлэг өгч байгаад нь зүрх сэтгэл нь догдолж, баяр хөөрийн нулимс унаган, баясан инээж буй хүмүүсийг төсөөлөн боддог. Та нарт ч бас ийм мөрөөдөл байдаг биз ээ. Магадгүй та нарын ихэнх нь бэлэг өгөх талаар мэргэшсэн байж мэднэ.

Энэ жил илүү сайн бэлэг бэлэглэгч болох талаар хийж болох зарим зүйл энд байна. Үнэндээ, сурагчид та нарт зарим онцгой боломж байдаг. Та нар ирээдүйн гэр бүлдээ зориулан хадгалсан мөнгөн дээрээ бэлэг—бүр агуу бэлгүүдийг нэмж эхэлж болно. Би энэ тухай та бүхэнд яримаар байна.

Бичгийн ажлууд

Зураг
A pen lying on a handwritten letter.

Та нар өнөөдөр өрөөнөөсөө эхэлж болно. Дуусаагүй бичгийн ажлууд тавиурын чинь хаа нэгтээ байна уу? (Тийм бичгийн ажлууд өрөөнд чинь байгаа гэж би бодож байна.) Магадгүй бичиж дуусчихаад хаяхад бэлэн болсон ч байж болно. Үүгээр цааш яах билээ дээ? Яагаад гэдгийг би нэг удаа Рикс коллеж (одоогийн Айдахо дахь Бригам Янгийн Их Сургууль) дээр шашны хичээл зааж байхдаа мэдсэн юм. Би Сургаал ба Гэрээний 25-р хэсгээс зааж байлаа. Энэ хэсэгт Эмма Смитэд цаг хугацаагаа “бичих хийгээд ихийг сурахад” (8-р шүлэг) зориулах ёстой гэж хэлсэн байдаг. Намайг ангийнхнаас бичгийн чадвараа хөгжүүлэхийг чухалчлан хүсэх үед ар талаас гурав дахь эгнээний орчим цайвар шаргал үстэй нэг охин хөмсөг зангидан сууж байв. Тэр гараа өргөж, “Энэ чинь миний хувьд чухал биш юм байна. Би зөвхөн хүүхдүүддээ л захиа бичих болохоор тэр юм” гэхэд ангийнхан нь нир хийтэл инээлдэв. Би хараад л тэрээр эх хүн болж, олон хүүхдээр тойруулчихсан сууж байх нь, бүр бичсэн захиа нь хүртэл нүдэнд харагдах шиг болов. Найруулан бичих чадвар түүнд чухал биш байж болох юм.

Тэгтэл ар талд сууж байсан залуу эрэгтэй бослоо. Тэр хичээлийн жилийн туршид бага ярьдаг байсан бөгөөд өмнө нь ч гэсэн ярьдаггүй байсан гэдэгт би итгэж байна. Тэр бусад оюутнуудаас арай ахмад атлаа бүрэг ичимхий ажээ. Үг хэлж болох эсэхийг тэр асуув. Тэр Вьетнамд цэрэг байснаа намуухан дуугаар хэллээ. Ямар ч үйл явдалгүй, жирийн нэг өдөр гэж түүнд бодогдсон тэр өдөр тэрээр буугаа орхиод шуудангаар цэргүүдэд ирсэн захидлуудыг авчирч өгдөг бэхлэлт бүхий байр руу алхжээ. Тэрээр захиагаа авч байтал цэргийн бүрээ дуугарч, хүмүүс хашгиралдан, давшин ирж буй дайсны өөдөөс винтов, мина харвагчаар галлах нь сонсогджээ. Тэр буугаа авах гэж буцахдаа гараа зэвсэг болгон ашиглаж байсан байна. Тэр амьд үлдсэн эрчүүдийн хамт дайсныг хөөжээ. Тэгээд тэр амьд үлдсэн болон алагдсан хүмүүсийн дунд суугаад захидлаа задлав. Захидал ээжээс нь ирсэн байв. Хэрэв хүү нь үнэнч шударга байх юм бол гэртээ эсэн мэнд эргэж ирэх болно гэдгийг өөрт нь итгүүлсэн сүнслэг үйл явдал тохиолдсон тухай ээж нь бичжээ. Ангид уг залуу намуухнаар “Тэр захидал надад судар минь болсон юм. Би түүнийг хадгалсаар байдаг” гэж хэлээд суулаа.

Чи хэзээ нэгэн цагт хүүхэдтэй, магадгүй хүүтэй болно. Чи түүний нүүрийг харж чадах болов уу? Чи түүнийг хаа нэгтээ, хэзээ нэгэн цагт, үхлийн аюул тулгарсан үед нь харж чадах уу? Чи түүний зүрх сэтгэл дэх айдсыг мэдэрч чадна гэж үү? Энэ нь чамд нөлөөлөх үү? Чи өгөөмрөөр ямар нэг зүйл өгөхийг хүсч байна уу? Зүрх сэтгэл тань хэн нэгэнд илгээхийг хүссэн тийм захидал бичихэд ямар золиослол шаардагдах билээ дээ? Өнөөдрөөс дадлага хийж эхэл. Өрөөндөө буцаж ороод захидлаа бичин, уншиж үзээд дахин дахин бич. Хэрэв та тэр хүүг төсөөлөн бодож, зүрх сэтгэлийг нь мэдрэн, нэгэн өдөр түүнд хэрэг болох захидлын тухай бодох юм бол энэ нь золиослол биш юм шиг санагдах болно.

Математикийн бодлого бодсон нь

Зураг
Chalk board with chalk and eraser

Та нарын заримд нь хичээлийн дэвтэр байхгүй байж магад. Энэ нь математикийн бодлоготой дасгалын ном байж болно. Та нарын ирээдүйн амьдралын нэгэн өдрийн тухай би яримаар байна. Та “би сургуульд үнэнээсээ дургүй” гэж хэлэх өсвөр насны хүү эсвэл охинтой болно. Та түүнийг анхааралтай сонссоны дараа дургүй зүйл нь сургууль биш, тэр тусмаа математик ч биш, харин түүний бүтэлгүйтсэн талаарх мэдрэмж болохыг нь мэдэх болно.

Та тэр мэдрэмжийг нь ойлгодог болж, сэтгэл чинь догдлон, түүнд өгөөмрөөр өгөхийг хүсэх болно. Тиймээс та бодлогын өгүүлбэрийг гаргаад “Бодлогуудаас нэгийг нь хоёулаа хамт харъя” гэж хэлнэ. Бодлого бодохдоо завиар урсгал уруудан хоёр цаг сэлж, эргээд урсгал сөрөн таван цаг сэлсний дараа урсгал хэр зэрэг хурдан бас завь хэр зэрэг хол явсан бэ? гэсэн адармаатай асуултыг хараад та гайхширах болно. “Тэгээд ээж нь ч бас математикийн бодлого бодож чаддаггүй байсныг хүүхдүүд маань хараад уруу царайлахаа болих байх” хэмээн та бодож болох юм. Би та нарт зөвлөмөөр байна: Энэ нь тэдний хувьд тааруухан бэлэг байх болно.

Үүнээс илүү дээр бэлэг байгаа, гэхдээ энэ нь хүч чармайлт шаардах болно. Аав минь хүүхэд байхдаа завьтай болон өөр олон толгой гашилгасан бодлого бодож байсан. Тэр нь химийн шинжлэх ухаанд өөрчлөлт шинэчлэлт хийх эрдэмтэн болоход нь түүнд хэрэгтэй байсан зүйл нь байв. Гэхдээ аав минь намайг ч бас өөрчилсөн юм. Манай гэр бүлийн өрөө зарим айлынх шиг тансаг байгаагүй. Энэ нь нэг загварын тавилга—сандлууд болон ханын чимэглэл, ногоон самбар бүхий өрөө байлаа. Би та нарын хүү эсвэл охины хүрэх насанд хүрээд байсан юм. Би математикийн тэр бодлогуудыг бодож чадах эсэх нь тийм ч гайхах юм биш байлаа. Би бодлогуудыг бодож чаддаггүй ч үүндээ сэтгэл гонсойдоггүй байв. Энэ нь үнэн учраас манай зарим багш нар ч сэтгэл хангалуун байсан билээ.

Харин аав үүнд сэтгэл хангалуун байсангүй. Аав намайг бодлогуудыг бодож чадна гэж боджээ. Тиймээс бид хоёр самбарын өмнө ээлжлэн гардаг байв. Аав надад зориулж, ямар бэлэг боож, өгч байсныг би санахгүй байна. Харин би самбар болон аавынхаа намуухан дууг л санаж байна. Аавын заасан зүйл нь хэрэгтэй байсан зүйлийг минь мэдэх болон надад анхаарал тавихаас илүү тийм чухал зүйл байсан юм. Энэ нь аавд тэр үед маш үнэтэй байсан цаг заваа надад зориулахад бэлэн байхаас ч илүү зүйл байв.Одоо өөрт чинь байгаа боломж түүнд өмнө нь байсан учраас тэр цаг заваа надад зориулж байгаа юм. Тэр үед аав маань цаг заваа зориулсан учраас аав бид хоёр самбарын урд зогсож, аав надад тусалж чадаж байсан юм шүү дээ.

Тэр надад үүнийг өгсөн учраас л би хүүтэй болж, түүнтэйгээ нэг жил хамт суух боломж надад олдсон юм. Бид хоёр миний бодож байсан бодлогуудыг бодож, нөгөө завиа дээш доош нь хөвүүлж байлаа. Багш нь түүний дүнгийн хуудсан дээр “их сайжирсан” гэж бичжээ. Харин хамгийн их сайжирсан зүйл нь юу вэ гэвэл тэр сайн хөвгүүний өөрийнхөө тухай бодох бодол нь гэж л би хэлмээр байна. Стюарт амжилтаараа бардамнаж, гэр бүлийнхээ удам дамжсан үнэт өвийн залгамжлагч байх боломжоо хагас дутуу биелүүлсэн бол би Христийн мэндэлсний баярын сүлд модны доор юу ч тавихгүй.

Урлаг ба хөгжимд суралцахуй

Зураг
Preparing Gifts for Your Future Family, Jan. 2014 New Era

Урлагийн (эсвэл хөгжмийн?) оюутнууд инээмсэглэж магадгүй. “Миний дуусаагүй даалгавруудад нуугдсан бэлэг байгаа гэдэгт тэр намайг итгүүлж чадах нь юу л бол хэмээн тэд бодож байгаа байх.” Би итгүүлэх гээд оролдоод үзье. Өнгөрсөн долоо хоногт би нэг залуу эрэгтэйн хүндэтгэлийн үйл ажиллагаанд очлоо. Бидэнд дэлгэцэн дээр зургууд үзүүлэв. Гэрэл унтрахад би хоёр хүний дууг танилаа. Нэг нь тайзны ард дуулах нэрд гарсан дуучин, нөгөө нь залуу эрэгтэйн аав, үзүүлбэрийг хөтлөгч байв.

Аав нь зургуудыг бэлтгэн, хэлэх үгсээ бичиж, хөгжим ба үгсийн чанга сул болон үргэлжлэх хугацааг яв цав тохируулахад олон цагийг зориулсан нь гарцаагүй. Та хэзээ нэгэн цагт ийм үйл явдлаар хүндэтгэл үзүүлэх хүүтэй болно. Тэрхүү үйл явдлыг бүх садан төрлүүд, авга, нагац нар чинь үзэх болно. Та хүүдээ тэр ямар хүн болсныг мөн ямар хүн болж чадахыг нь хэлэхийг бүх зүрх сэтгэлээсээ хүсэх болно. Та тэр үед энэхүү бэлгийг өгч чадах эсэх нь одоо та түүний зүрх сэтгэлийг мэдэрч, түүгээр нөлөөлөгдөх мөн өөртөө хэрэгтэй бүтээлч ур чадварыг эзэмшиж, хөгжүүлж чадах эсэхээс тань чухам шалтгаалах болно. Энэ нь одоо өөрийн тань мөрөөдөж чадахаас илүү чухал юм гэдгийг би та нарт амлаж байна.

Одоо наманчил

Зураг
A young man waiting to talk to his Bishop.

Та нарын заримд өгөхийг хүсч болох өөр нэг бэлэг байгаа бөгөөд үүнийг эртнээс бэлтгэх хэрэгтэй. Тэрхүү бэлгийг би бишоп байхдаа бэлтгэж эхэлсэн юм. Ширээний нөгөө талд нэг залуу эрэгтэй миний өөдөөс харан сууж байлаа. Тэр гаргасан алдаануудынхаа тухай ярьсан юм. Тэр хэзээ нэгэн цагт хүүхдүүдтэй болж, тэдэнтэйгээ үүрд лацдан холбогдон мөн санваараа ашигладаг эцэг болохыг маш их хүсдэг тухайгаа яриад наманчлалын төлөөс болон сэтгэл санааны шаналал үнэхээрийн их байдгийг би мэднэ гэлээ. Тэгээд тэр: “Бишоп оо, би алдаагаа засна аа. Үүнд шаардлагатай юуг ч гэсэн би хийх болно. Би алдаагаа засна” гэж хэлснийг нь би мартахгүй. Тэр гуниг зовлонг мэдэрч байсан. Мөн түүнд Христэд итгэх итгэл байв. Гэхдээ энэ нь түүнээс олон сарын туршид сэтгэлийн зовлон бүхий хичээл зүтгэлийг шаардсан билээ.

Зөв шударга санваартнуудын тэргүүлдэг гэр бүлүүд хаа нэгтээ бий. Тэд энэ дэлхийд мөнхийн найдвартай бөгөөд амар амгалан байдаг. Тэрээр гэр бүлдээ бүх төрлийн гэрэл гэгээтэй бэлгүүдийг өгөх байх. Харин олон жилийн тэртээ миний өрөөнд надтай ярилцаж байхдаа бэлтгэж эхэлсэн тэр наманчлалын бэлэг агуу бэлэг байсан бөгөөд тэрээр түүнийг өгөхөө хэзээ ч болиогүй юм. Тэгээд тэрээр хүүхдүүдтэй болох нь зөвхөн мөрөөдөл биш харин хэрэгцээ гэдгийг мэдэрч, эртнээс эхлэн өгөөмрөөр өгч эхэлсэн ажээ. Тэрээр өөрийн бардамнал, залхуурал болон таагүй мэдрэмжүүдийг золиосолсон юм. Одоо бодоход энэ нь золиослол биш мэт санагддаг.

Бүр өмнө нь, өөр нэг хүн түүнд бас үүнийг өгч байсан учраас л тэр энэхүү бэлгийг өгч чадсан юм. Бурхан Эцэг бидэнд Хүүгээ өгсөн бол, Есүс Христ бидэнд бүх бэлгүүдээс хамгийн агуу нь болох Цагаатгалыг өгсөн билээ. Аврагч бид бүгдэд болон дэлхий дээр амьдарч байсан бөгөөд амьдрах хүн бүр дээр ирэх гай зовлон ба нүглийн бүх уй гашууг биеэрээ туулсан билээ (Еврей 4:14–16-г үзнэ үү).

Есүс бид бүгдэд энэхүү бэлгийг үнэгүй бөгөөд дуртайяа өгснийг би та бүхэнд гэрчилж байна. Хэмжээлшгүй золиослолоор өгөгдсөн энэхүү бэлгийг та нар хүлээн авснаар энэ нь өгч буй түүнд мөн баяр баясал авчирдаг юм гэдгийг би та бүхэнд гэрчилж байна (Лук 15:7-г үзнэ үү).

“Үнэгүйгээр авснаа үнэгүйгээр өг” (Maтай 10:8). Бид үнэгүйгээр өгдөг байхын төлөө би залбирч байна. Бидэнд бусдын санаа бодлоос сүнсийг мэдэрч, шахалт шаардлагагүйгээр эсвэл ашиг олох бодолгүйгээр өгдөг байхын төлөө болон бидний хийсэн золиослол өөр хэн нэгний зүрх сэтгэлд баяр баяслыг авчирч, бидэнд үнэ цэнэтэй байхын төлөө би залбирч байна.

ISTOCKPHOTO/THINKSTOCK БОЛОН ВЭЛДЭН С.АНДЭРСЭНИЙ АВСАН ГЭРЭЛ ЗУРАГ